Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 812

 

 

 

 

 

 

 

2020      09          08                                      2020/ШЦТ/812

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч М.Гэрэлбадрах,

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Б-т холбогдох эрүүгийн 1709008660448 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 5 жил 6 cap 10 хоногийн хорих, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, одоо хорих 433 дугаар хаалттай ангид ял эдэлж байгаа, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ..../ Б.Б нь:

 

- 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Гэрэлт гудамжинд үйлчлүүлж байсан хохирогч Ж.Ариунбаярын Айфоне 7 Эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 25 /

 

"Дамно" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 29-30, 66-67 /

 

Хохирогч Ж.Ариунбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 02 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн гэрэлт гудамжинд Голомт банкны урд ширээн дээр Анука, Шижирсүрэн, Лхагвасүрэн найз нарын хамт суусан. Намайг ариун цэврийн өрөө рүү яваад ирэхэд миний гар утсыг хүн хулгайлсан гээд цагдаа ирсэн байсан. Ингээд гар утсыг хулгайлсан хүнийг цагдаа нар барьсан. Би ариун цэврийн өрөө орохдоо ширээн дээр гар утсаа үлдээчихсэн байсан. Тэгсэн чинь нэг танихгүй хүн миний гар утсыг ширээн дээрээс шүүрээд зугтаачихсан гэсэн. Би тухай гар утсыг АНУ-аас 2017 оны 02 дугаар сард 2,400,000 төгрөгөөр худалдаж авч байсан тул уг үнээрээ үнэлнэ. Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 27 /

 

Яллагдагч Б.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие 16 цагийн үед 2 найзтайгаа Вокзал дээр уулзаад 0.75гр  Монгол Стандарт архи 1 шил, 0.5гр Хараа нэртэй архинаас уучихаад 47 дугаар байрны подволд биллиард тоглосон. Ингээд би Гэрэлт гудамжинд нилээн удаан юм үзэж байгаад эргээд явахад ширээн дээр 3 эмэгтэй, 1 залуу хажуудаа гар утсаа тавьчихсан архи уугаад сууж байсан. Би тэр хэдийг нилээн ажиглаж байгаад 1 хүүхэн нь үлдэхээр нь очиж ширээн дээр байсан цагаан өнгийн гар утас болон цэнэглэгчийг аваад ТҮЦ эргээд явж байтал эргүүлийн цагдаа нар гарч ирээд намайг барьж авсан гэжээ. / хх 28 /

 

Шүүгдэгч Б.Б-ийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 56-57 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Архи уусан үедээ хулгай хийдэг. Одоо би хаалттай хорих ангид ял эдэлж байгаа. Хоригдож байх хугацаанд зөрчил гаргаагүй. Үлдэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Гэрэлт гудамжинд үйлчлүүлж байсан Ж.Ариунбаярын Айфоне 7 Эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд ...Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 25 /, …"Дамно" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 29-30, 66-67 /, ... Би ариун цэврийн өрөө орохдоо ширээн дээр гар утсаа үлдээчихсэн байхад нэг танихгүй хүн миний гар утсыг ширээн дээрээс шүүрээд зугтаачихсан гэсэн. Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Ариунбаярын мэдүүлэг / хх 27 /, ... Би Гэрэлт гудамжинд нилээн удаан юм үзэж байтал ширээн дээр 3 эмэгтэй, 1 залуу хажуудаа гар утсаа тавьчихсан архи уугаад сууж байсан. Би тэр хэдийг нилээн ажиглаж байгаад 1 хүүхэн нь үлдэхээр  нь очиж ширээн дээр байсан цагаан өнгийн гар утас болон цэнэглэгчийг аваад ТҮЦ эргээд явж байтал эргүүлийн цагдаа нар намайг барьж авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Б-ийн мэдүүлэг / хх 28 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гар утсыг буцаан өгсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байхад нь түүний өмнө нь үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялыг нэмж нэгтгэн, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ж.Ариунбаяр нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул / хх 27 / Б.Б-ийг төлөх төлбөргүйг дурьдаж, Б.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 91 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-ийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б- нь төлөх төлбөргүйг дурьдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-ийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Б.Б-ийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ