Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 271

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2017/00271

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00060/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 78 тоотод оршин суух, Олхонууд овгийн Базарын Одгэрэл /РД: ТЖ62120800, утас: 95656563/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Найрамдал 3 дугаар гудамж, 13 тоотод оршин суух, Боржигин овгийн Баатарбямбын Баттогтох /РД: ВИ66101011, утас: 9916 9971/-д холбогдох

650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Одгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Баттогтох нь зээлсэн мөнгөө удаа дараа шаардсан боловч олон шалтаг хэлж сүүлдээ өгч чадахгүй гээд гэрийнхээ хаягийг худлаа хэлж, утсаа ч авахгүй алга болсон учир шүүхэд хандаж хаягийг нь тогтоолгосон учир хохирол болох үндсэн мөнгө 240,000 төгрөг, хүү 410,000 төгрөг, нийт 650,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 онд Б.Баттогтох хүүхдийн бие муудсан гэж хэлээд надаас 240,000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед мөнгө авахдаа 1 сарын хугацаатай авсан гээд цаасан дээр бичиж өгсөн боловч миний бие тэр цаасыг нүүдэл, суудал хийж байхдаа хаячихсан байсан. Ингээд би мөнгөө авах гээд гэрт нь хэд хэдэн удаа очиж байсан. Намайг очиход эхнэр нь энэ талаар мэдэж байсан. Б.Баттогтох нь Өмнөговь аймаг руу ажлаар явсан гэж хэлсэн. Дараа дахин гэрт нь очиход уг хаягтаа амьдрахаа больчихсон байсан. Би хаягийг нь шүүхэд хандаж тодруулсан. Одоо би энэ хүнээс үндсэн мөнгө 240,000 төгрөг, 3 сарын хүү 78,000 төгрөг, нийт 318,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж хамт гаргуулж авмаар байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 318,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

            Хариуцагч Б.Баттогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас 650,000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс 240,000 төгрөг авсан нь үнэн боловч хүү тохироогүй. Иймд авсан 240,000 төгрөгөө хүлээн зөвшөөрч байна. Энэ 240,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлөх хүсэлтэй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Одгэрэл нь хариуцагч Б.Баттогтоход холбогдуулан 650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 318.000 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч Б.Баттогтох нь нэхэмжлэлийн шаардлагаас 240,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг болох 410,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Одгэрэл нь хариуцагч Б.Баттогтоход 240.000 төгрөгийг зээлсэн ба зээлдэгч 240.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Энэ нь талуудын хооронд зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Хариуцагч Б.Баттогтох нь шүүхэд гаргасан тайлбартаа “...240.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн...” гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Одгэрэл, хариуцагч Б.Баттогтох нарын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Баттогтох нь энэ их хугацаанд зээлсэн мөнгөө буцаан төлөөгүй тул дор хаяж 3 сарын хүү 78.000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл зохигч 240.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон бол тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар бичгийн хэлцэл байгуулж, талууд гарын үсэг зурсан тохиолдолд энэхүү тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзэх юм.

 

Гэтэл талуудын хооронд 240.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн тухай бичгээр байгуулсан гэрээ, хэлцэл байгуулагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Одгэрэл нь хариуцагч Б.Баттогтохоос хүү шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Одгэрэлийн тайлбараас үзвэл хариуцагч Б.Баттогтох нь зээлийг 2014 оны 03 дугаар сараас 1 сарын хугацаатай ашиглаж, буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Гэвч зээлдэгч Б.Одгэрэл нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-т тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлжээ. Учир нь хариуцагч Б.Баттогтох зээлийн буцаан төлөх үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй ажээ.

 

Иймд зээлдүүлэгч Б.Одгэрэл нь зээлдэгч Б.Баттогтохоос Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар зээлсэн 240.000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.Баттогтохоос 240.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Одгэрэлд олгож, үлдэх 78.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 7.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Баттогтоход 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр түүний 99169971 дугаарын утсаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баттогтохоос 240.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Одгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч Б.Баттогтохоос тэмдэгтийн хураамж 7.850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Одгэрэлд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ