| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0816/Э |
| Дугаар | 823 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 823
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1909040081059 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, хүүхдийн хамт ... оршин суух бүртгэлтэй боловч одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: / Н.Б нь:
- 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны Дамбадаржаа дахь тооцооны төв дээр иргэн Д.Осгоноос хохирогч С.Дамдинсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны картыг өөрийн эзэмшлийн Хаан банкны картаар сольж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 5639016317 дугаарын данснаас 761.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Дамдинсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай эхнэр Д.Осгон нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Хаан” банкны 5639016317 дугаарын миний данснаас мөнгө авах гэж байх үедээ АТМ-с мөнгө авч байсан танихгүй эмэгтэйд залилуулсан. Миний залилуулсан банкны картанд 762.000 төгрөг байсан гэжээ. / хх 10-12 /
Гэрч Д.Осгон мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Дамбадаржаад байрлах Хаан банкны АТМ-с нөхрийн эзэмшлийн картнаас 50.000 төгрөг авах гэж байсан. Би банкны карт ашиглахдаа муу учир миний ард зогсож байсан ногоон цамцтай 30 орчим насны охиноос “Эгчдээ мөнгө аваад өгөөч” гэж гуйгаад нөхрийн картыг өгсөн. Тэр охин “Алив эгчээ би аваад өгье” гэхэд би картны нууц кодыг хэлж өгсөн. Тэгээд надад 50.000 төгрөг авч өгөөд нэг виза карт өгсөн. Дансанд 765.823 төгрөг үлдсэн. Би яараад дугуй засвар руу явж байх замд миний 98800853 дугаар утсанд олон удаа мессеж ирсэн. Данснаас 762.000 төгрөгийг авсан байсан гэжээ. / хх 15-16 /
Яллагдагч Н.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-д үйлчлүүлж байсан үл таних хүнд картнаас нь мөнгө авч өгсөн. Түүний картыг өгөхдөө өөрийнхөө Хаан банкны картыг сольж өгсөн. Би тухайн картнаас 760.000 төгрөг авч, хувьдаа хэрэглэсэн гэжээ. / хх 20-21 /
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл / хх 24 /
Эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл / хх 26 /
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 48 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 51-54 /
Шүүгдэгч Н.Бг 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 57-58 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 76 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн данснаас 5000 төгрөг аваад явж байтал нэг эмээ тааралдаж надад картаа өгөөд “50.000 төгрөг аваад өгөөч” гэхэд авч өгсөн. Би картыг нь өгөхдөө өөрийн картаа сольж өгсөн. Тухайн данснаас 762.000 төгрөг авч эмчилгээ болон байрны мөнгөө төлсөн. Уг хохирлыг хохирогчид төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны Дамбадаржаа дахь тооцооны төв дээр иргэн Д.Осгоноос хохирогч С.Дамдинсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны картыг өөрийн эзэмшлийн Хаан банкны картаар сольж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 5639016317 дугаарын данснаас 761.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Манай эхнэр Д.Осгон нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Хаан” банкны 5639016317 дугаарын миний данснаас мөнгө авах гэж байх үедээ АТМ-с мөнгө авч байсан танихгүй эмэгтэйд залилуулсан. Миний банкны картыг өгч 762.000 төгрөг байсанг тэр авсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Дамдинсүрэнгийн мэдүүлэг / хх 10-12 /, ... Би ард зогсож байсан ногоон цамцтай 30 орчим насны охиноос “эгчдээ мөнгө аваад өгөөч” гэж гуйгаад нөхрийн картыг өгсөн. Тэр охин надад 50.000 төгрөг авч өгөөд нэг виза карт өгсөн. Данснаас 762.000 төгрөгийг авсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Осгоны мэдүүлэг / хх 15-16 /, ... Би Хаан банкны АТМ-д үйлчлүүлж байсан үл таних хүнд картнаас нь мөнгө авч өгөөд. Түүний картыг өгөхдөө өөрийнхөө Хаан банкны картыг нь сольж өгсөн. Би тухайн картнаас 760.000 төгрөг авч хувьдаа хэрэглэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Бгийн мэдүүлэг / хх 20-21 /, ... Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл / хх 24 /, ... Эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл / хх 26 /, ... Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 48 /, ... Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 51-54 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Н.Б нь 1 сартай хүүхэдтэй гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Н.Бгийн “9496188195014738” дугаарын виза картыг буцаан олгож, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Дамдинсүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн / хх 45 / тул түүнийг төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Онги овогт Намгүрийн Н.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Намгүрийн Н.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, “9496188195014738” дугаарын виза картыг шүүгдэгч Н.Бд буцаан олгож, Н.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг дурьдсугай.
5. Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ