Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 840

 

 

 

 

 

 

 

2020       09          18                                     2020/ШЦТ/840

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч М.Отгонбаатар,

Өсвөр насны шүүгдэгч Д.М, түүний хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн,

Өсвөр насны шүүгдэгч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч П.Доржлхагва, тэдгээрийн өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн Д.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2009017961054 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв. 

 

1. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 04 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Барилгын политехник коллежийн Барилгын сантехникч мэргэжлийн 2б ангид сурдаг, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: / Д.М,

 

2. Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Барилгын политехник коллежийн Барилгын сантехникч мэргэжлийн 2б ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:/ Д.Бнар нь: 

 

- 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унтаж байсан Б.Мөнгөнхөлөгийн цүнхтэй эд зүйлс болох “ Acer ” маркийн нөүтбүүк, самсунг эс-8, самсунг эс-2 загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Мөнгөнхөлөг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 09 цагт ажлаасаа буугаад Сонгинохайрхан дүүрэгт ажил амжуулж явж байгаад удаан уулзаагүй найз Ганхуягтай таарсан. Найзтайгаа 0.5 литрийн нэг шил архи, нэг нэг лааз пиво уугаад салцгаасан. Тэгээд би майхан толгойн зуслангийн байр руугаа явах гээд автобусанд суугаад 17-ийн автобусны буудал дээр бууж зуслангийн автобус хүлээж байгаагаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн хэлтэс дээр сэрээд эргэн тойрноо харсан чинь нэг цагдаа ирээд “Танай охиныг дуудсан байгаа. Та энд сууж бай гээд үүдэнд суулгасан. Тэгээд удалгүй манай охин ирээд цагдаатай уулзахад” Танай аавыг гудамжинд унтаж байхад нь хоёр хүүхэд ирээд цүнхтэй эд зүйлийг нь авч явж байгаад замын хүмүүст баригдсан. Энэ танай аавын цүнхтэй эд зүйл” гээд манай охинд хүлээлгэж өгсөн. Цүнхэнд “Аcer” маркийн улаан өнгийн нөүтбүүк, самсунг эс-8, самсунг эс-2 загварын гар утас, бичиг баримттай хавтас байсан гэжээ. / хх 8-10 /

Өсвөр насны яллагдагч Д.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17-ийн доод талд байрлах автобусны буудал дээр нэг согтуу ах хэвтэж байсан. Хажуу талд нь ягаан өнгийн хүүхдийн цүнх байхаар нь очоод хартал нөүтбүүк харагдсан. Нөүтбүүкийг аваад зам гараад гүйж байтал урдаас нэг ах гарч ирээд намайг бариад цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн гэжээ. / хх 12-13, 61-62 /

Өсвөр насны яллагдагч Д.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед хамаатны хүүхэд Д.М-гийн хамт Сансар-32 орж найзтайгаа уулзаад буцаад гэртээ очсон. Тэгэхэд Д.М нөгөө уулзсан найзынхаа гэрт гар утсаа мартсан байна гээд найз Цогоогийн гэр рүү очиж утсыг нь аваад буцаад явж байтал замд нэг согтуу хүн таарсан. Тэгэхээр нь бид хоёр тэр ахыг босгох гээд очиход хажууд нь ягаан өнгийн үүргэвч байсан. Б.М тэр цүнхийг аваад цаашаа гүйхээр нь би араас нь гүйгээд 17-н шинэ замын гүүрэн доогуур ороод нөгөө талаар нь гараад зам хөндлөн гарах гэж байтал хүмүүст баригдсан. Тэгээд бид хоёрыг цагдаагийн газар авчирсан гэжээ. / хх 15-16, 65 /

“Дамно” ХХК-ний эд зүйлүүдийг 525.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 42-44 /

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 50-51, 76 /

Өсвөр насны шүүгдэгч Д.М-г 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 61-62 /

Нас тоолсон тухай тэмдэглэл / хх 95-96 /

Өсвөр  насны шүүгдэгч Д.Б-ийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 65-66 /

 

Өсвөр насны шүүгдэгч нарыг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 38-39 / зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Б-ийн хууль ёсны төлөөлөгч П.Доржлхагва шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүүхдийнхээ хийсэн бурууг хэлж ойлгуулсан тул сургуульд нь явах боломж олгож өгнө үү гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.М-гийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цаашид хүүхдэдээ анхаарал сайн хандуулж байна. Сургуульд нь сургах боломж олгож өгнө үү гэв.  

 

Өсвөр насны шүүгдэгч Д.М, Д.Б нар нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унтаж байсан Б.Мөнгөнхөлөгийн цүнхтэй эд зүйлс болох “ Acer ” маркийн нөүтбүүк, самсунг эс-8, самсунг эс-2 загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Найзтайгаа таараад 0.5 литрийн нэг шил архи, нэг нэг лааз пиво уугаад би зуслангийн байр руугаа явах гээд автобусанд суугаад 17-ийн автобусны буудал дээр буугаад зуслангийн автобус хүлээж байгаагаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнгөнхөлөгийн мэдүүлэг / хх 8-10 /, ... Автобусны буудал дээр нэг согтуу ах хэвтэж байхаар нь очоод хартал нөүтбүүк харагдахаар нь аваад зам гараад гүйж байтал нэг ах бариад цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны яллагдагч Д.М-гийн мэдүүлэг / хх 12-13, 61-62 /, ... Нэг согтуу хүн хажууд нь ягаан өнгийн үүргэвч байсан. Д.М тэр цүнхийг аваад цаашаа гүйхээр нь би араас нь гүйгээд хүмүүст баригдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны яллагдагч Д.Б-ийн мэдүүлэг / хх 15-16, 65 /, ... “Дамно” ХХК-ний эд зүйлүүдийг 525.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 42-44 /, ... Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 50-51, 76 / зэрэг болно.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.М, Д.Б нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.М, Д.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь насанд хүрээгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Өсвөр насны шүүгдэгч Д.М, Д.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй, сургуульд суралцдаг тул тэдгээрийн үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан тодорхой үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Мөнгөнхуяг нь алдагдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 8-10 / гэсэн тул төлөх төлбөргүйг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                                                            

1. Шүүгдэгч Д.М, Д.Б нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б, Д.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус бүрийг 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3-д зааснаар Д.М, Д.Б нарт оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.М, Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.М, Д.Б нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Д.М, Д.Б нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэдгээрт энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурьдсугай.

 

7. Д.М, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ