| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0817/Э |
| Дугаар | 844 |
| Огноо | 2020-09-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 844
2020 09 18 2020/ШЦТ/844
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч З.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Д-д холбогдох эрүүгийн 1909033130947 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, 2 дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: / З.Д нь:
- 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36а байрны 03 дугаар орцны лифтэнд насанд хүрээгүй Ц.Анужингийн Самсунг Эс-4 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 100.000 төгрөгийн хохирол,
- 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 63А байрны 7 дугаар давхрын цахилгаан шатанд хохирогч А.Эрхэсийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 295.200 төгрөгийн хохирол,
- 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 77 дугаар байрны 9 давхрын лифтэнд насанд хүрээгүй хохирогч Б.Чингүүнтамирыг "...Утсаа өг пизданууд минь. Өгөхгүй бол ална шүү" гэж хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон Айфоне 5 эс загварын гар утсыг авч, 120.000 төгрөгийн хохирол,
- 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 80 дугаар байрны 3 давхарт насанд хүрээгүй хохирогч Д.Анарыг “ Гар утас мөнгөө өг “ гэж цүнхийг нь ухаж, хүч хэрэглэхээр заналхийлж, эд хөрөнгийг авахаар довтолж, түүнд 1700 төгрөгийн хохирол,
- 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 6 давхарт иргэн Б.Цэнгүүнийг “ Ална шүү “ гэж гараа атган заналхийлж, хоолойг нь боон газарт унагаж, "Самсунг А5" маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 239.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 755.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Ц.Анужин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Дөрвөн давхарт лифт зогсож, хаалга нь нээгдэхэд тэр ах миний нүдийг дараад “утсаа өг” гэж хэлсэн. Миний утсыг аваад доошоо шатаар уруудаад гүйчихсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 117 /
Насанд хүрээгүй хохирогч А.Эрхэс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Цахилгаан шат дээшээ явж байхад тэр ах 7 давхар дээр дараад цахилгаан шатыг зогсоогоод миний гар утсыг гарнаас булааж аваад шууд шатаар буугаад зугтаасан гэжээ. / 1 дүгээр хавтас 190-191 /
“Бадуба” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээний хуулбар / 1 дүгээр хавтас 179 /
Насанд хүрээгүй хохирогч Б.Чингүүнтамир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэр ах 9 давхарт хаалга хааж зогсоод бид хоёрыг нэг буланд шахаад “ Утсаа өгчих. Нэг ярьчихъя” гэхээр нь байхгүй гэхэд “ Зүгээр нэг хүүхэд л дуудна. Өгчих “ гэсэн. Би утас байсан газраа гараа тавьтал “ Утсаа гаргаж өгөхгүй бол дээрэмдчих юм уу “ гэхээр нь би утсаа өгтөл код тайлуулж утсан дээрээ тэмдэглэж авсан. “ Хүнд хэлэх юм бол ална шүү. Би энэ хавиар явдаг шүү “ гээд явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 22 /
Насанд хүрээгүй гэрч Б.Хүслэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... “Утсаа өг пизданууд минь. Өгөхгүй бол ална шүү” гэхэд дүү маань Айфоне 5 эс загварын гар утсаа гаргаад өгсөн гэжээ. / 1 дүгээр хавтас 23 /
Гэрч Б.Эрдэнэчулуун мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Зоригтбаатар овогтой З.Д Айфоне 5 эс загварын цагаан өнгийн гар утас барьцаанд тавьсан. Ганцаараа явж байсан. Бичиг баримтаа үзүүлээд гар утасны нууц кодоо хэлээд манайд барьцаанд тавьсан. Хугацаа нь өнгөрсөн учир уг утсыг барьцаанд тавьсан үнээр зарсан гэжээ. / 1 дүгээр хавтас 27 /
Насанд хүрээгүй хохирогч Д.Анар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би тэр ахад хандаж “ Дээшээгээ явж байна. Та буцахад нь суучих “ гэж хэлэхэд лифт хаалгахгүй биеэрээ хааж зогсоод “ Утас, мөнгөө гаргаад ир “ гэж хэлсэн. Би айсандаа болоод халаасандаа байсан 1700 төгрөгөө өгсөн. Намайг утсаа өг гэхээр нь “ Би сургуулийн сурагч учраас гар утас авч явдаггүй “ гэж хэлсэн. Тэрээр “ Битгий худлаа яриад бай “ гээд миний цүнхэн доторхыг гараараа шалгасан. Би “ Хүн байна уу “ гэж чанга дуугаар орилсон чинь тэр ах гараараа миний амыг дараад цаашаагаа хүн ирж байна уу гээд харах гээд явахад нь би лифтний хаалгыг онгойлгосон. Намайг муухай харж байгаад дээшээгээ явуул гэж хэлсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 151 /
Насанд хүрээгүй хохирогч Б.Цэнгүүн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 6 давхар дээр буух гэж байхад нөгөө хүн урдаас “ Ална шүү “ гээд гараа атгаад цохих гээд байсан. Дараа нь миний хоолойг нэг гараараа боож байгаад цахилган шатнаас буулгаж газарт унагаасан. Халаасанд байсан самсунг А5 загварын гар утсыг ухаж аваад явган хүний шатаар гүйгээд явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 248 /
“Дамно” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №СБ1-19-1206 тоот үнэлгээний тайлан / 2 дугаар хавтас 05-06 /
“Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-719/217 тоот үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 121-123 /
“Дамно” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №СБ1-19-1171 тоот үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 206-207 /
“Дамно” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №СБ1-19-902 тоот үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 31-32 /
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 3-4, 93-94, 135-136, 171-174, 229-232 /
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 177-178 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд / 1 дүгээр хавтас 97, 138 /
Шүүгдэгч З.Д-ыг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 58-59, 128-130, 156-157, 161-162, 196-197, 2 дугаар хавтас 112-115 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 83 / зэрэг болно.
Шүүгдэгч З.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр хүүхдийн хоолойг боогоогүй, утсыг нь булаагаад зугтаасан. Бусад үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Хойд аавтайгаа таардаггүй учир гэртээ очдоггүй. Мөнгө хэрэгтээ болсон тул хүүхдүүдийн гар утаснуудыг зарж, мөнгөө өөртөө хэрэглэсэн. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хохирлоо төлж, хохирогч нараас уучлалт гуймаар байна. Надад ганц удаа боломж олгож өгнө үү гэв.
Шүүгдэгч З.Д нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36а байрны 03 дугаар орцны лифтэнд насанд хүрээгүй Ц.Анужингийн Самсунг Эс-4 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 100.000 төгрөгийн хохирол,
- 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 63А байрны 7 дугаар давхрын цахилгаан шатанд хохирогч А.Эрхэсийн Самсунг Эс-10 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 295.200 төгрөгийн хохирол,
- 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 77 дугаар байрны 9 давхрын лифтэнд насанд хүрээгүй хохирогч Б.Чингүүнтамирт "...утсаа өг пизданууд минь өгөхгүй бол ална шүү" гэж хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон Айфоне 5 эс загварын гар утсыг авч 120.000 төгрөгийн хохирол,
- 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 3 давхарт насанд хүрээгүй хохирогч Д.Анарын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, түүнд 1700 төгрөгийн хохирол,
- 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 6 давхарт иргэн Б.Цэнгүүний хоолойг гараараа боож, газарт унагаан, "Самсунг А5" маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 239.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 755.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Дөрвөн давхарт лифт зогсож хаалга нь нээгдэхэд тэр ах миний нүдийг дараад “утсаа өг” гэж хэлсэн. Миний утсыг аваад доошоо шатаар уруудаад гүйчихсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Ц.Анужингийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 117 /, ....Цахилгаан шат дээшээ явж байхад тэр ах 7 давхар дээр дараад цахилгаан шатыг зогсоогоод миний гар утсыг гарнаас булааж аваад шууд шатаар буугаад зугтаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч А.Эрхэсийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 190-191 /, ...Тэр ах 9 давхарт хаалга хааж зогсоод бид хоёрыг нэг буланд шахаад “ Утсаа өгчих нэг ярьчихъя” гэхээр нь байхгүй гэхэд “ Зүгээр нэг хүүхэд л дуудна. Өгчих “ гэсэн. Би утас байсан газраа гараа тавьтал “ Утсаа гаргаж өгөхгүй бол дээрэмдчих юм уу” гэхээр нь өгтөл кодыг тайлуулж аваад “Хүнд хэлэх юм бол ална шүү. Би энэ хавиар явдаг шүү “ гээд явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.Чингүүнтамир / 1 дүгээр хавтас 22 /, ...” Утсаа өг пизданууд минь. Өгөхгүй бол ална шүү ” гэхэд дүү маань Айфоне 5 эс загварын гар утсаа гаргаад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Хүслэнгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 23 / , ...Зоригтбаатар овогтой З.Д Айфоне 5 эс загварын цагаан өнгийн гар утас барьцаанд тавьсан. Ганцаараа явж байсан. Бичиг баримтаа үзүүлээд гар утасны нууц кодоо хэлээд манайд барьцаанд тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Эрдэнэчулууны мэдүүлэг / 1 дүгээр хавтас 27 /, ...Тэр ах гараараа миний амыг дараад цаашаагаа хүн ирж байна уу харах гээд явахад нь би лифтний хаалгыг онгойлгосон. Намайг муухай харж байгаад дээшээгээ явуул гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Д.Анарын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 151 /, ...Халаасанд байсан самсунг А5 загварын гар утсыг ухаж аваад явган хүний шатаар гүйгээд явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.Цэнгүүний мэдүүлэг / 1 дүгээр хавтас 248 /, ... "Самсунг А5" маркийн гар утсыг 239.000 төгрөгөөр үнэлсэн ”Дамно” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №СБ1-19-1206 тоот үнэлгээний тайлан / 2 дугаар хавтас 05-06 /, ... Самсунг Эс-4 загварын гар утсыг 100.000 төгрөгөөр үнэлсэн ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-719/217 тоот үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 121-123 /, ... Самсунг Эс-10 загварын гар утсыг 295.200 төгрөгөөр үнэлсэн ”Дамно” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №СБ1-19-1171 тоот үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 206-207 /, ... Айфоне 5 эс загварын гар утсыг 120.000 төгрөгөөр үнэлсэн ”Дамно” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №СБ1-19-902 тоот үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 31-32 /, ...Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 3-4, 93-94, 135-136, 171-174, 229-232 /, ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 177-178 /, ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 97, 138 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч З.Дыг бусдын хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч З.Дд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Дын гэм буруут үйлдлийн улмаас 755.900 төгрөгний хохирол учирсан байна. Эдгээрээс насанд хүрээгүй хохирогч А.Эрхэсийн Самсунг Эс-10 загварын 295.200 төгрөгөөр үнэлсэн гар утсыг З.Д нь ломбарданд тавьсныг “ Бадуба “ барьцаалан зээлдүүлэх газраас хураан авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэнд хүлээлгэн өгсөн / 1 дүгээр хавтас 177-178 / тул түүний төлөх хохирлоос хасаж, шүүгдэгч З.Даас 642.600 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “ Бадуба “ ХХК-д / Ц.Дуламсүрэнд / 183.600 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ц.Анужингийн хууль ёсны төлөөлөгч Э.Цэвээнцэрэнд 100.000 төгрөг, Б.Цэнгүүний хууль ёсны төлөөлөгч Г.Батбаярт 239.000 төгрөг, Б.Чингүүнтамирын хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрцэцэгт 120.000 төгрөг тус тус олгож, хохирогч Д.Анарын хууль ёсны төлөөлөгч С.Цэрэндүг нь хохирлоо нэхэмжлэхгүй / 1 дүгээр хавтас 153 / гэснийг дурьдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч З.Дын цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Д нь насанд хүрээгүй хохирогч Б.Цэнгүүнийг боогоогүй гэж мэдүүлснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:
1.Хохирогч Б.Цэнгүүн нь мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...6 давхар дээр буух гэж байхад нөгөө хүн урдаас “ Ална шүү “ гээд гараа атгаад цохих гээд байсан. Дараа нь миний хоолойг нэг гараараа боож байгаад цахилган шатнаас буулгаж газарт унагаасан гэжээ. / 1 дүгээр хавтас 248 /
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би ажил руугаа яваад 10 минут болоогүй байтал эхнэр араас утасдахаар нь гэртээ буцаад очтол манай хүүхдийн хүзүү улайсан байсан. Манай хүүхэд орилохоор эхнэр гэрээс гараад тэр дээрэм хийсэн хүүхдийг харсан юм байна. Тэгээд араас нь гүйгээд амжаагүй юм байна лээ / 1 дүгээр хавтас 250 / гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч З.Д-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангах зорилгоор түүний ар гэрийнхэнд мэдэгдсэн боловч шүүхэд ирээгүй, З.Д нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Д-ыг бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч З.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Д-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар З.Д-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар З.Д-аас 642.600 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “ Бадуба “ ХХК-д / Ц.Дуламсүрэнд / 183.600 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ц.Анужингийн хууль ёсны төлөөлөгч Э.Цэвээнцэрэнд 100.000 төгрөг, Б.Цэнгүүний хууль ёсны төлөөлөгч Г.Батбаярт 239.000 төгрөг, Б.Чингүүнтамирын хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрцэцэгт 120.000 төгрөг тус тус олгож, хохирогч Д.Анарын хууль ёсны төлөөлөгч С.Цэрэндүг нь хохирлоо нэхэмжлэхгүй / 1 дүгээр хавтас 153 / гэснийг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Д-ын цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
8. З.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ