| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1458/Э |
| Дугаар | 1481 |
| Огноо | 2020-08-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 1481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Тулга,
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Оюунтуяагийн Мөнгөнхүрдэд холбогдох эрүүгийн 2006 00000 1727 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.М нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Цэлмүүнийг хардалтын улмаас толгойн тус газарт нь алгадаж, цээжин биерүү нь цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтас хэргээс:
Хохирогч Г.Цэлмүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... намайг хардаад захиралруу утсаар яриад хэрүүл хийгээд ажил дээр байхдаа намайг хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд ажилаас дагуулж гараад машиндаа чирч суулгаад гэрлүү явж байх замдаа машинаа зогсоож байгаад миний баруун гар болон цээжрүү гараараа 2-3 удаа цохисон. Гэртээ оруулаад хаалгаа дотроос нь түгжээд толгойруу алгадаж буйданруу унагаагаад араас ирээд дахиад алгадаж байхдаа гар нь хальтраад хамарны зүүн талаас цохисон. Хамарнаас цус гарахаар нь би айгаад орилоод тусламж дуудсан ... миний амыг дараад хойш нь түлхэж унагаад хоолой боож багалзуурдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч М.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Тухайн өдрийн орой 20 цагийн орчим байх Цэлмүүн 89206675 дугаараас та гэрт ороод ир гэж хэлсэн ... гэрт ороход Цэлмүүний хамраас цус гарсан байсан. Манай дүү Мөнгөнхүрд надад хэлэхдээ Цэлмүүн архи уусан тэгээд надруу юм авч шидээд байхаар нь нэг алгадсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Яллагдагч О.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Цэлмүүн нь ажлаа тараад ирэхгүй байсан. 21-22 цагийн үед Цэлмүүний ажил дээр очиход ажил дээрээ 1 эмэгтэй, 2 эрэгтэйтэй хамт пиво уугаад согтсон байдалтай сууж байсан. Би Цэлмүүнтэй маргалдсан. Цэлмүүн нь урьд олон удаа архи дарс ууж гадуур хонож байх үед нь би тэвчиж өнгөрөөдөг байсан. Цэлмүүний ажлаас гараад машинд суулгаад явахад надтай жолоо булаацалдаад буцаж нөгөө хүмүүс дээрээ очно гээд намайг гараараа цохьж зодоод байхаар нь би зүүн гараараа Цэлмүүний баруун мөр, цээж хэсэгрүү түлхэж бариад гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд дахиад хэрэлдэцгээсэн. Цэлмүүнийг гарч явах гээд байхаар нь болиулаад байж байтал нас барсан эцэг эхийг маань доромжлоод байхаар нь би тэвчилгүй баруун гараараа зүүн хацарлуу нь нэг удаа алгадсан. Алгадхад хамарнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7156 дугаартай “Г.ЦЭЛМҮҮН-н тархи доргилт, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хад 20 дугаар гудамжны 314б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Цэлмүүнийг бусадтай хардан нүүрэн тус газарт нь алгадаж, цээжин тус газарт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан О.М-ийн өгсөн “Мөрдөн шалгах ажиллааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч Г.Цэлмүүний “Намайг хардаад захиралруу утсаар яриад хэрүүл хийгээд ажил дээр байхдаа намайг хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд ажлаас дагуулж гараад машиндаа чирч суулгаад гэрлүү явж байх замдаа машинаа зогсоож байгаад миний баруун гар болон цээжрүү гараараа 2-3 удаа цохисон. Гэртээ оруулаад хаалгаа дотроос нь түгжээд толгойруу алгадаж буйданруу унагаагаад араас ирээд дахиад алгадаж байхдаа гар нь хальтраад хамарны зүүн талаас цохисон. Миний амыг дараад хойш нь түлхэж унагаад хоолой боож багалзуурдсан. Урьд нь намайг 2-3 удаа зодож байсан боловч би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, өөрөө надаас уучлал гуйгаад байдаг байсан. Энэ удаа надад гэмтэл учруулсан учир цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-14 дүгээр хуудас/, гэрч М.Алтантуяагийн “Гэрт ороход Цэлмүүний хамраас цус гарсан байсан. Манай дүү Мөнгөнхүрд надад нэг алгадсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч С.Оюунцэцэгийн “Мөнгөнхүрдийн гэрт ороход Цэлмүүний хамраас цус гарсан, хамраа юмаар бөглөсөн байсан. Юу болсон талаар асуухад Цэлмүүн надад би ажил дээрээ байсан чинь Мөнгөнхүрд ирж зодоод аваад явсан тэгээд замдаа зодоод гэрт орж бас зодсон гэж хэлсэн. өвөл Налайх дүүрэг нэг удаа манай хашаанд зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, яллагдагч О.М-ийн “Би зүүн гараараа Цэлмүүний баруун мөр, цээж хэсэгрүү түлхэж бариад гэртээ ирсэн. Тэвчилгүй баруун гараараа зүүн хацарлуу нь нэг удаа алгадсан. Алгадхад хамарнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7156 дугаартай “Г.Цэлмүүний тархи доргилт, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/, хохирол төлбөргүй талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч О.М-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хохирогч Г.Цэлмүүн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 128.000 төгрөг нэхэмжилсэн ба нөхөн төлөгдсөн баримт хэрэгт авагдсан, цаашид гэм хор, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй байх тул О.М-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.М-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.М-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-ийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт О-ийн М-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.М нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ