Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1402

 

 

 

 

 

 

   

 2020          07        30                                      2020/ШЦТ/1402

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Хохирогчийн өмгөөлөгч П.Гансүх,

Шүүгдэгч Т.С, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын С, Т овогт М-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2006 00872 1464 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч М.Б, Т.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга нэртэй зочид буудлын орчим иргэн П.Хишигбаярын гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Намайг гэртээ байж байтал Сумбаатар орж ирээд “гарах уу” гэсэн. Тухайн үед би 2 охинтой уулзахаар гарах гэж байсан болохоор Сумбаатартай хамт уулзахаар болсон. Тэгээд Чулуун овоон дээрээс такси бариад Сансарын тунел орсон. Манай 2 найз “Venus” гээд караокед сууж байсан. Тэгээд бид 2 ороод нэг, нэг пиво уусан. Караокеных нь цаг дуустал манай 2 эмэгтэй найз явлаа гэсэн. Тэр 2 охиныг гаргаж өгчихөөд буцаад “Venus” баар луу нь орон. Баарад ороод 5 шил Сэнгүр авч уусан. Баар нь 12 цагт хаах байсан учраас бид хоёр 11 цагийн үед гараад КТМС-рүү алхсан. Алхаад явж байтал урд булган шуба өмсчихсөн 1 согтуу эгч явж байсан. Тэгтэл Сумбаатар намайг “энэ эгч гайгүй юмтай харагдаж байна. Чи цүнхийг нь булаачих” гэсэн. Би нилээн согтуу байсан болохоор нөгөө эгчийн араас нь алхаж байгаад цүнхийг булааж гүйгээд замын эсрэг талын Хаан хуушуурын урд Сумбаатартай уулзсан. Тэгээд түрүүвчийг нь ухтал бэлнээр 10.100 төгрөг байсан. Мөн олон карт байсан. Олон картан дундаас зэс картыг нь бэлэн мөнгөтэй нь аваад үлдсэн юмнуудыг нь контейнерын хажууд хаясан. Зэс картыг АТМ уншуулахаар код нь 4 ижил байдаг гэж Сумбаатар надад хэлсэн. Тэгэхээр нь Шөлөндөө хоолны газрын урд талын АТМ-д пин кодыг нь 8888 гээд хийтэл уншчихсан. Тэгээд 20.000 төгрөг картнаас нь аваад гараад иртэл Сумбаатар намайг “үлдэгдэл мөнгийг нь харсан уу, байгаа бүх мөнгийг нь авчих” гэж хэлсэн. Тэгээд эргээд АТМ орж шалгатал дансанд нь 182.000 төгрөг байхаар нь 180.000 төгрөгийг нь авсан. АТМ-ээс гарч ирээд такси бариад Офицеруудын ордны ойролцоо Генерал гэдэг газар очсон. Тэгтэл Сумбаатар эгчтэйгээ таарсан. Тэгээд бид нар такси бариад оюутны байрын ойролцоох буудалд орсон” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр миний цалин буугаад Баттөгстэй уулзахаар болсон. Тэгээд бид  хоёр караоке ороод ганц, ганц пиво уугаад сууж байтал Баттөгс 2 охин дуудсан. Тэгээд дөрвүүлээ 1 цаг дуулчихаад нөгөө 2 охиныг явуулсан. Тэгээд Баттөгс бид 2 бааранд орж дахиад 1, 1 пиво уугаад гарсан. Тэгээд бид 2 мөнгөгүй болчихсон болохоор яах талаар ярилцтал Баттөгс “байж байгаарай” гээд урд байсан эгчийн цүнхийг нь шүүрээд гүйсэн. Тэгээд Сансар дээр уулзаад кино үйлдвэрийн хажууд байрлах буудал руу явж байтал цайз 16-ын ойролцоо эгчтэйгээ таарсан. Манай эгч бас уучихсан байсан болохоор бид хоёртой хамт буудалд хоносон. Тэгээд өглөө салцгаасан” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Хохирогч П.Хишигбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тайж зочид буудлын урд алхаж явтал миний зүүн талдаа үүрчихсэн байсан цүнхийг маань үл таних залуу шүүрээд зугтаачихсан. Би араас нь гүйсэн бөгөөд гүйцээгүй. Ертөнцийн зүгээр баруун тийшээ зам дагуу зугтаасан ... 25-30 орчим насны залуу байсан ... 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний алдсан бичиг баримтуудыг хүн олсон гэж фейсбүүк халамж хүүхдийн мөнгө гэсэн групп дээр Zultsetsteg Zulaa гэх цахим хаягтай хүн байршуулсан байсан ... миний тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх, манай найзын хүүгийнх нь жолооны үнэмлэх, 3 дэлгүүрийн бонус карт зэрэг олдсон ... маргааш өглөө нь миний гар утсанд миний хаан банкны 5021305173 дугаартай данснаас 20.000 төгрөгөөр, 182.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ гарсан мессеж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 24-25 дугаар хуудас/,

Хохирогч П.Хишигбаярын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-51 дүгээр хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 62, 64 дүгээр хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 63, 65 дугаар хуудас/,

М.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “ ... урд нэг эмэгтэй хүн гар цүнх үүрчихсэн доошоо харчихсан алхаад явж байсан. Цүнхээ баруун талдаа барьчихсан явж байсан. Тэгээд бид хоёр араас нь дагаад алхаад явж байтал Сумбаатар надад хандаж энэ эгчийн цүнх гайгүй юм шиг байна, чи очоод авчихаач гэж хэлсэн. Тэгээд зам дагуу Тайж зочид буудлын урагшаа эргэсэн 2 байшингийн голоор орсон зам байсанба тэр эгч дөнгөж булан эргэмэгц би араас нь гүйж очоод цүнхийг татсан чинь сугарчихсан ... Тэр эгчийн араас алхаад явж байхдаа бид хоёр өмнө нь анх уулзсан газартаа уулзъя гэж тохирсон байсан ... цүнхнээс нь бид хоёр түрүүвчин дотор байсан 10.100 төгрөгийг аваад түрүүвчийг нь хаясан, бас олон картууд байсан ба хамгийн буланд байсан 1 ширхэг шар өнгийн хаан банкны зэс картыг нь авсан, цүнх, түрүүвчийг нь хаясан ... Сумбаатар надад хандаж наад картны чинь нууц үг ижил дөрвөн оронтой. 5555, 4444, 8888, 9999 эд нараас аль нэг нь орно, би ганцаараа АТМ ороод картыг нь авч ороод бэлнээр 20.000 төгрөг авсан ... Сумбаатар чи үлдэгдлийг нь шалгасан юм уу би шалгаагүй гэсэн чинь үлдэгдлийг нь шалгаад мөнгийг нь авчих гэж хэлсэн ... Тэгээд би буцаж АТМ ороод үлдэгдлийг нь шалгаад 180.000 төгрөг нэмж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 102-106 дугаар хуудас/,

Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 125-127 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Б, Т.С нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга зочид буудлын орчим хохирогч П.Хишигбаярын гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 814.280 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Намайг гэртээ байж байтал Сумбаатар орж ирээд “гарах уу” гэсэн. Тухайн үед би 2 охинтой уулзахаар гарах гэж байсан болохоор Сумбаатартай хамт уулзахаар болсон. Тэгээд Чулуун овоон дээрээс такси бариад Сансарын тунел орсон. Манай 2 найз “Venus” гээд караокед сууж байсан. Тэгээд бид 2 ороод нэг, нэг пиво уусан. Караокеных нь цаг дуустал манай 2 эмэгтэй найз явлаа гэсэн. Тэр 2 охиныг гаргаж өгчихөөд буцаад “Venus” баар луу нь орон. Баарад ороод 5 шил Сэнгүр авч уусан. Баар нь 12 цагт хаах байсан учраас бид хоёр 11 цагийн үед гараад КТМС-рүү алхсан. Алхаад явж байтал урд булган шуба өмсчихсөн 1 согтуу эгч явж байсан. Тэгтэл Сумбаатар намайг “энэ эгч гайгүй юмтай харагдаж байна. Чи цүнхийг нь булаачих” гэсэн. Би нилээн согтуу байсан болохоор нөгөө эгчийн араас нь алхаж байгаад цүнхийг булааж гүйгээд замын эсрэг талын Хаан хуушуурын урд Сумбаатартай уулзсан. Тэгээд түрүүвчийг нь ухтал бэлнээр 10.100 төгрөг байсан. Мөн олон карт байсан. Олон картан дундаас зэс картыг нь бэлэн мөнгөтэй нь аваад үлдсэн юмнуудыг нь контейнерын хажууд хаясан. Зэс картыг АТМ уншуулахаар код нь 4 ижил байдаг гэж Сумбаатар надад хэлсэн. Тэгэхээр нь Шөлөндөө хоолны газрын урд талын АТМ-д пин кодыг нь 8888 гээд хийтэл уншчихсан. Тэгээд 20.000 төгрөг картнаас нь аваад гараад иртэл Сумбаатар намайг “үлдэгдэл мөнгийг нь харсан уу, байгаа бүх мөнгийг нь авчих” гэж хэлсэн. Тэгээд эргээд АТМ орж шалгатал дансанд нь 182.000 төгрөг байхаар нь 180.000 төгрөгийг нь авсан. АТМ-ээс гарч ирээд такси бариад Офицеруудын ордны ойролцоо Генерал гэдэг газар очсон. Тэгтэл Сумбаатар эгчтэйгээ таарсан. Тэгээд бид нар такси бариад оюутны байрын ойролцоох буудалд орсон” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр миний цалин буугаад Баттөгстэй уулзахаар болсон. Тэгээд бид  хоёр караоке ороод ганц, ганц пиво уугаад сууж байтал Баттөгс 2 охин дуудсан. Тэгээд дөрвүүлээ 1 цаг дуулчихаад нөгөө 2 охиныг явуулсан. Тэгээд Баттөгс бид 2 бааранд орж дахиад 1, 1 пиво уугаад гарсан. Тэгээд бид 2 мөнгөгүй болчихсон болохоор яах талаар ярилцтал Баттөгс “байж байгаарай” гээд урд байсан эгчийн цүнхийг нь шүүрээд гүйсэн. Тэгээд Сансар дээр уулзаад кино үйлдвэрийн хажууд байрлах буудал руу явж байтал цайз 16-ын ойролцоо эгчтэйгээ таарсан. Манай эгч бас уучихсан байсан болохоор бид хоёртой хамт буудалд хоносон. Тэгээд өглөө салцгаасан” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/, хохирогч П.Хишигбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тайж зочид буудлын урд алхаж явтал миний зүүн талдаа үүрчихсэн байсан цүнхийг маань үл таних залуу шүүрээд зугтаачихсан ... маргааш өглөө нь миний гар утсанд миний хаан банкны 5021305173 дугаартай данснаас 20.000 төгрөгөөр, 182.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ гарсан мессеж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 24-25 дугаар хуудас/, хохирогч П.Хишигбаярын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-51 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 62, 64 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 63, 65 дугаар хуудас/, М.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “ ... Тэгээд бид хоёр араас нь дагаад алхаад явж байтал Сумбаатар надад хандаж энэ эгчийн цүнх гайгүй юм шиг байна, чи очоод авчихаач гэж хэлсэн ... тэр эгч дөнгөж булан эргэмэгц би араас нь гүйж очоод цүнхийг татсан чинь сугарчихсан ... Тэр эгчийн араас алхаад явж байхдаа бид хоёр өмнө нь анх уулзсан газартаа уулзъя гэж тохирсон байсан ... Сумбаатар надад хандаж наад картны чинь нууц үг ижил дөрвөн оронтой, 5555, 4444, 8888, 9999 эд нараас аль нэг нь орно, би ганцаараа АТМ ороод картыг нь авч ороод бэлнээр 20.000 төгрөг авсан ... Сумбаатар чи үлдэгдлийг нь шалгасан юм уу би шалгаагүй гэсэн чинь үлдэгдлийг нь шалгаад мөнгийг нь авчих гэж хэлсэн ... Тэгээд би буцаж АТМ ороод үлдэгдлийг нь шалгаад 180.000 төгрөг нэмж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 102-106 дугаар хуудас/, Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 125-127 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Хохирогч П.Хишигбаярт гэмт хэргийн улмаас учирсан 814.280 төгрөгийн хохирол учирсан ба зарим хохирол нь эд зүйлийг биет байдлаар буцааж өгөх хэлбэрээр төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Б-, Т.С- нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дугаа 314.218 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч П.Хишигбаярт олгохоор шийдвэрлэв.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Б, Т.С нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс М.Б, Т.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг  журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б, Т.С нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.С-ыг шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч А М.Б, Т.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б овогт Т-ын С, Т овогт М-ийн Б нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч М.Б, Т.С нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

 3. Шүүгдэгч М.Б, Т.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.Б, Т.С нарт сануулсугай.

 

          5. Шүүгдэгч Т.С нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног цагдан хоригдсон,  шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Т.С нараас 314.218 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч П.Хишигбаярт олгосугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Б, Т.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                                      ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ