Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01933

 

Д.П нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/01951 дүгээр шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1729 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.П

         Хариуцагч: П.Т,

         Хариуцагч: Б.М нарт холбогдох

         Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Олимп хотхоны .. дугаар байрны .. тоот орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, хариуцагч П.Тын төлөөлөгч Ц.Г, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний хүү П.Т 2013 онд Б.Мтай гэр бүлээ батлуулсан. 2014 онд тэд  салахаар болж тус тусдаа амьдрах үедээ эд хөрөнгөө хуваасан. Ингэхдээ миний захиалан бариулсан Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Олимп хотхоны D.. дугаар байрны .. тоотод байрлах 50,97 м.кв талбай бүхий орон сууцыг Б.М авч, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны ..-.. тоот 85,65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхээсээ татгалзахаар тохиролцсон. Ингээд Олимп хотхоны 2 өрөө орон сууцны төлбөрийн үлдэгдэл 10 сая төгрөгийг гүйцээн төлж захиалгын гэрээг шилжүүлэн өгөөд Алтай хотхоны 3 өрөө орон сууцыг би өөрийн нэр дээр болгож авсан. Гэтэл Б.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хамтран өмчлөх эрхээсээ татгалзсан 3 өрөө орон сууцаа П.Т, Б.М нарын хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тооцуулж Д.П миний 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг хүчингүй болгосон. Иймд П.Т, Б.М нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Олимп хотхоны D /../ байрны .. тоот, 50.97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.П надад буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Б.М гаргасан хариу тайлбартаа: Б.М, П.Т нар эхнэр, нөхөр бөгөөд 2014-12-03-ны өдөр байгуулсан хэлцэл нь гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваахтай холбоотой байсан боловч эвлэрч гэрлэлт цуцлагдаагүй. Энэхүү орон сууцыг 2013-09- 17-ны өдөр нөхөр П.Тын нэрээр захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг 25 сая төгрөгийн зээл авч төлсөн. 2013-09-13-ны өдрийн зээл болон барьцааны гэрээгээр, дансны гүйлгээ, нөхөр П.Тд мөнгө шилжүүлсэн баримт болон 2013-09-17-ны өдөр урьдчилгаа төлбөрийн 90% 86,658,700 төгрөг, 2014-11-28-ны өдөр үлдэгдэл 10% 1,184,300 төгрөгийг шилжүүлсэн баримтаар нотлогдоно. Харин 2014-03-18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны доорх .., ... тоот авто зогсоол, 2015-02-..-ны өдөр мөн хотхоны ..-.. тоот 3 өрөө орон сууцыг нөхөр П.Т өөрийн төрсөн эцэгтээ хууль зөрчин хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ мөн Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Олимп хотхоны .. дугаар байрны .. тоот орон сууц захиалгаар барих гэрээг шилжүүлсэн байсан. Д.П нь Алтай хотхоны байрыг нэр дээрээ шилжүүлээд авчихсан, мөн Олимп хотхоны байрыг манай нөхөр төлбөрийнх нь 90 хувийг төлөөд байхад шилжүүлээд авчихсан байсан. Уг шилжүүлгийг хийхдээ манай нөхөр болон Д.П нар нь хоёр иргэний үнэмлэхээ хуулбарлаад гараар П.Т нь гадагшаа явах гэж байгаа учраас Олимп хотхоны байрыг Д.Пд шилжүүлж байна гэх хүсэлтийг бичиж өгсөн байсан. Нэр шилжүүлснийг мэдээгүй байж байгаад сүүлд мэдээд буцаж надад шилжүүлэгдсэн. Захиалгын гэрээг хууль бусаар 5 сарын хугацаанд өөртөө байлгаж байснаас үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ бол гэр бүлийн дундын өмч бөгөөд боломжтой, цалинтай бололцоотой хүмүүс өөрсдөө худалдаж авсан гэдэг нь бүх баримтаар нотлогдож байна. Алтай хотхоны байрыг хууль бусаар шилжүүлж аваад би энэ асуудлаар 2 жил 6 сар шүүхээр явж байж шийдвэрлүүлж авсан. Тухайн маргааны явцад тус Олимп хотхоны байрны асуудал байнга яригдаж байсан. Уг байрыг өөрсдийн мөнгөөр авсан, гэр бүлийн дундын өмчлөл гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан. Баянзүрх дүүргийн Олимп хотхоны байрны төлбөрийн 90 хувийн төлөлтийг бид төлөөд дараа нь 10 хувийн төлөлтийг хийсэн. Тэр төлбөрийн баримт дээрх төлбөрийн утга гэх хэсэгт Олимп хотхоны байрны төлбөр гэж бичээгүй, энэ нь тухайн байрны төлбөр гэдгийг нотлохгүй, зүгээр байрны захиалгын төлбөр гэж бичсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч П.Т хариу тайлбартаа: 3 өрөө байрнаас нэрээ хасаад, 2 өрөө байрны захиалгын гэрээг шилжүүлж, төлбөрийг 100 хувь хийлгэж, шилжүүлж авсан. Үүнийгээ ч өмнөх хэрэгт болзол тавьж хийсэн хэлцэл гэж шүүхэд хандаж байсан. 2 өрөө байр нь Б.Мын өмч байсан бол нотариатаар гэрээ хийгээд тухайн байрыг авах боломжтой байсан. Б.М нь уг төлбөрийг бүрэн хийж гүйцээхгүй бол гэрээ хийхгүй гэсэн учир Д.П нь П.Тын данс руу 10 хувийн төлбөрийг хийгээд, П.Т нь цаашаа компанийн данс руу шилжүүлээд, байрны төлбөр 100 хувь төлөгдөж, захиалгын гэрээ нь Б.Мын нэр дээр шилжиж, барилга баригдсаны дараа тухайн байрны улсын бүртгэлийн гэрчилгээ нь Б.Мын нэр дээр гарсан байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/01951 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг .. хороо, Олимп хотхоны ..-7-.. тоот орон сууцыг Д.Пийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг П.Т, Б.М нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 165 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 642 165 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1729 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/01951 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Баянзүрх дүүрэг .. дугаар хороо, Олимп хотхоны ..-7-.. тоот орон сууцыг Д.Пийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг П.Т, Б.М нарт даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Баянзүрх дүүрэг дэх Олимп хотхоны ..-7-.. тоот орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, нэхэмжлэгч шаардах эрхгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нар 2014 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2014-12-03-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, ингэхдээ өмчлөгчөөс хасагдагч Б.М нь Д.Пийн захиалсан Тайгам Алтай ХХК-ийн хараахан ашиглалтад ороогүй байсан Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Олимп хотхоны .. тоот 2 өрөө орон сууцыг үлдэгдэл төлбөрийг бүрэн төлүүлж захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Маргааны зүйл болох орон сууцны захиалгын гэрээ Д.П нэр дээр байсан, үлдэгдэл 10 хувийн төлбөрийг өөрийн хүү П.Тын дансанд шилжүүлж, П.Т цааш Тайгам алтай компанийн дансанд шилжүүлсэн байдаг. Дээрх үйл баримт хэрэгт авагдсан Д.П Тайгам Алтай ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ, нэхэмжлэгчээс П.Тд захиалгын гэрээг шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл, үлдэгдэл төлбөрийг төлсөн баримт, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. П.Т, Б.М нарын гэрлэлт цуцлахтай холбоотой буюу 2014-12-03-ны өдрийн Орон сууцны өмчлөгчөөс хасуулах хэлцэл хэрэгжиж, Алтай хотхоны 3 өрөө орон сууц нэг хүний өмч буюу Түвшинжаргалын, Олимп хотхоны .. тоот 2 өрөө сууц Б.Мын өмчлөлд тус тус бүртгэгдсэн боловч хариуцагч Б.М нь шүүхэд тус хэлцэл болзол тавьсан байсан болзол биелээгүй тул хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр шүүхэд хандаж, тус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэлээр маргасан, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Гурван шатны шүүх дээр дурдсан хасагдах хэлцлийг дүгнэхдээ “...нэхэмжлэгч .. орон сууцны өмчлөгчөөс хасагдаж, .. тоот орон сууцны өмчлөгч болох тухай Орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл нь Иргэний хуулийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл байх бөгөөд уг болзол хэрэгжих боломжгүй болсон нь шүүгчийн 6049 дугаар захирамжаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу болзол хүчин төгөлдөр бус болсон байна. Иймд орон сууцны өмчлөгчөөс нэхэмжлэгч хасагдах, .. тоот орон сууцыг дангаараа өмчлөх тухай гэрлэгчдийн хэлцэл хэрэгжих үндэслэлгүй болсон...” гэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04367 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 519 дүгээр магадлалд “...уг хэлцэл нь хэлцэлд гэр бүл цуцалсан шүүхийн шийдвэрийн хамт хүчин төгөлдөр болох учиртай тул уг хэлцэлд үндэслэн Алтай хотхоны .. 3 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хасагдсан нь Түвшинжаргалын дангаар өмчлөх эд хөрөнгө болсон гэж үзэх үндэслэлгүй юм...” гэх зэргээр дүгнэсэн нь хариуцагч Б.Мын Олимп хотхоны .. тоот орон сууцны өмчлөлийг олж авах үндэслэл болсон хасагдах хэлцэл болзол тавьсан болзол хүчин төгөлдөр бус тул хэрэгжих боломжгүй хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг шат шатны шүүх дүгнээд өөрөөр хэлбэл үйл баримт шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байдаг. Пүрэвдаш нь Түвшинжаргалын хүсэлтээр орон сууц захиалсан захиалгын гэрээг бусдад шилжүүлэх эрхийг 2014-11-27-ны өдөр итгэмжлэл олгож, Түвшинжаргал нь тус итгэмжлэлийн дагуу 2014-12- 03-ны өдөр буюу хасагдах хэлцэл хийгдсэн өдөр Тайгам Алтай ХХК-д гэрээ шилжүүлэх тухай хүсэлтийг тавьж, тус №02-Д-.. тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ Б.Мын нэр дээр шилжсэн байгаа. /Энэ нь хавтас хэрэгт авагдсан итгэмжлэл, хүсэлт, хасагдах хэлцэл, Б.Мтай байгуулсан гэрээ зэргээр нотлогдох болно./ Пүрэвдаш өөрийн захиалгын гэрээг Б.Мад шилжүүлэх гол үндэслэл нь өөрийн хүүгийн хамт Алтай хотхоны .. 3 өрөө орон сууцанд цаашид хамт амьдарна гэх төсөөллөөр, ийм ч учраас өмчлөлийг нь өөртөө шилжүүлсэн авсан байсан боловч өмчлөх эрх хүчингүй болж хариуцагч нарын хооронд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хохирсон байгаа тул эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхээр шүүхэд хандсан болно. Нэгэнт өмчлөх эрх олж авах үндэслэл болсон хасагдах хэлцэл хүчин төгөлдөр бус хөрөнгө олж авсан этгээд болох Б.Мад захиалгын гэрээг шилжүүлсэн Пүрэвдаш нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй. Харин тодорхой үйлдэл хийлгэх тодруулбал салж нийлсэн маргаантай амьдралаа нэг талдаа гаргаж шийднэ гэсэн амлалт тохиролцооны үндсэн дээр Түвшинжаргалд итгэмжлэл олгож, Б.Мад захиалгын гэрээг үлдэгдэл 10 хувийн төлбөрийг бүрэн төлж шилжүүлсэн боловч хариуцагч нарын үйлдэл хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцээгүй тул шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй. Иргэний хуулийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж заасан. Буцаан шаардах эрх гэх ойлголтод хөрөнгийг биет байдлаар, эрхийн хамт шаардахыг хамааруулахаар хуульчилсан. Тухайлбал хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх Иргэний хуулийн 56.5-д заасан зохицуулалтад Иргэний хуулийн 492.1.1-д заасан эрх зүйн хэм хэмжээ агуулагдаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.П нь П.Т, Б.М нарт холбогдуулан 2017-06-14-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Олимп хотхоны D /../ байрны .. тоот, 50.97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг шаарджээ. П.Т нэхэмжлэлийг зөвшөөрч, Б.М эс зөвшөөрсөн байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        П.Т, Б.М нар Алтай хотхоны 20 дугаар байрны .., Олимп хотхоны ..-7-.. тоот орон сууц буюу гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцож байсан ч тэдгээрийн гэрлэлт цуцлагдаагүй нь тогтоогдсон байна.

        Иймд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл  нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй юм.

        Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд байрлах, Олимп хотхоны ..-7-.. тоот орон сууцны төлбөрийг П.Т гэрээгээр захиалан бариулж, төлбөрийг төлсөн баримт хэрэгт авагдсан бөгөөд тэрээр уг эд хөрөнгийг түүний хуваарьт хөрөнгө гэж маргаагүй байна.

        Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1729 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 642,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ