Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.Н, Ц.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                    Б.Батсайхан

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                     Г.Энхбаяр, В.Удвал

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                       Ц.Б

Хохирогчийн өмгөөлөгч                                           М.Алтанчимэг Б.Отгонжаргал,              

                                                                                  Ц.Батзаяа, Г.Баттогтох,

            Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч        С.Н

            Иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч        Б.Наранцэцэг, Б.Алтанчимэг

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н, иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Батсайханы эсэргүүцэл зэргийг үндэслэн, Д.Н, Ц.О нарт холбогдох 201703000192 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  Архангай аймгийн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, эмээ нарын хамт Архангай аймгийн ,,гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн О,  

 

Монгол улсын иргэн,  Архангай аймгийн  суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Д-гийн Н

 

Ц.О нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн ,, гэх газарт оршин суух Д.Нийн гэрт Тоз-8 маркийн калибр бууг оролдож байхдаа буу алдаж, улмаар Б.Лын баруун хацарт буудаж түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, шүүгдэгч Д.Н нь өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн калибр бууг хайхрамжгүй хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Нт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1-т зааснаар, Ц.От холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор:

Насанд хүрээгүй шүүгдэгч Б овогт Ц-гийн О-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Д-гийн Н-ийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосноос бусад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т  заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Ц.От 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Цэндэд даалгаж,

 Шүүгдэгч Д.Н, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Н нь 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.О нь 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган төгрөг/ хохирогч Б.Лд тус тус төлсөн болохыг дурдаж;

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тоз-8 маркийн гол төмөр 33317, замаг 33317 дугаартай калибр маркийн бууг Архангай аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 498 дугаар зүйлийн 498.1, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хохирогч Б.Лын нэхэмжилсэн 1.844535 /нэг сая найман зуун дөчин дөрвөн мянга таван зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 8.769.715 / найман сая долоон зуун жаран есөн мянга долоон зуун арван тав/ төгрөг нөхөн төлбөрт 21.504.000 / хорин нэгэн таван зуун дөрвөн мянга/ төгрөгийг “Г Т” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс тус тус гаргуулан хохирогч Б.Лд олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Н, Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Нийн гаргасан давж заалдах гомдолд:

“Ц.О, Д.Н нарт холбогдох 201703000192 тоот эрүүгийн хэрэгт “Г Т” мэргэжил сургалт үйлдвэрийн төв нь иргэний хариуцагчаар татагдан оролцсон бөгөөд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 28-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолд:

1. Насанд хүрээгүй хохирогч Б.Л нь “Г Т” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, сургуулийн захиргааны шийдвэрээр дадлага хийж байхдаа гэмтсэн бөгөөд тухайн сургуулийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь хуульд нийцсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд мөн гэж үзнэ гэж дүгнэжээ. /17 дугаар тал/

Ц.О нь “Г Т" мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, тухайн үед дадлага хийхээр гэрч Д.Амгаланбаатарынд очсон байсан нь үнэн боловч энэ хэргийн шүүгдэгч Ц.О, Д.Н нарт холбогдох хэргийн хувьд

а/. Гурвантамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь шүүхээс гэм буруутайд тооцогдоогүй.

б/. Энэ хэрэг нь “Г Т”мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дадлагын обьект болох малчин Д.Амгаланбаатарын хотонд дадлагын ажил гүйцэтгэх явцад үйлдэгдээгүй, тухайн сурагч чөлөөт цагаараа дадлага хийх газраасаа өөр газар байх үед үйлдэгдсэн, өөрөөр хэлбэл энэ хэрэг үйлдвэрлэлийн осол биш, бусдын биед болгоомжгуй хүнд гэмтэл учруулсан хэрэг гэж зүйлчлэгдсэн, үүнийг шүүх зөв гэж дүгнэсэн билээ.

в/. Ц.Оын айлд очиж галт зэвсгээр оролдож бусдын биед хүнд гэмтэл учруулсан нь дадлагын удирдамжинд заасан үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл Ц.Оын үйлдэл, сургуулийн дадлагын ажил хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй юм. / буу зэвсэг ашиглаж хийдэг дадлага биш/

2. Шийтгэх тогтоолын 17 дугаар хуудсанд, “Г Т” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Мэргэжпийн боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж , байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүний улмаас насанд хүрээгүй хүүхэд гэмтсэн асуудалд тухайн байгууллагыг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

Шүүх дээрх дүгнэлтэнд үндэслэл болгосон Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж гэдгийг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт, 50-аас дээш ажилтантай байхаар заасан тул “Г Т “ мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв энэ заалтад хамаарахгүй юм. Иймд дээрх хуулийн заалтыг шүүх буруу хэрэглэж, “Г Т“ мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг хариуцагчаар татах үндэслэлтэй гэж дүгнэсэнийг эс зөвшөөрч байна.

3. Шийтгэх топгоолын 17 дугаар талд ...2009 оны 07 сарын 09-ний өдрийн хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар ”... эрүүл мэндээрээ хохирсон иргэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн хүнд зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 112 дахин өсгөж, олгох...”-оор заасан хуулийн зохицуулалтыг үндэслэн хүнд гэмтэл учруулсаны нөхөн төлбөрт 21 504 000 төгрөгийг иргэний хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв гэжээ. Шүүхийн энэ дүгнэлт болон тогтоох хэсэгт хэрэглэсэн хуулиас харвал “ Г Т” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь хүний биед хүнд гэмтэл учруулсан, бас 2008 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод болсон үймээний хохирлыг хариуцах ёстой ч юм уу эсвэл тэр үймээний оролцогч бололтой юм. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 498 дугаар зүйлийн 498.1, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хохирогч Б.Лын нэхэмжилсэн 1 844 535 / нэг сая найман зуун дөчин дөрвөн мянга таван зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 8 769 715 / найман сая долоон зуун жаран есөн мянга долоон зуун арван тав/ төгрөг, нөхөн төлбөрт 21 504 000 / хорин нэгэн таван зуун дөрвөн мянга-энэ тайлалыг буруу бичсэн/ төгрөгийг “Гурвантамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс тус тус гаргуулан хохирогч Б.Лд олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай гэжээ. /18 дахь тал/

Энэ дүгнэлтийг мөн эс зөвшөөрч байна. Учир нь:

а/. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... гэж заасан байх ба шийтгэх тогтоолоор Г Т’’ мэргэжил сургалт үйлдвэрийн төв биш, шүүгдэгч Ц.О , Д.Н нар гэм буруутайд тооцогдсон билээ.

б/. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн /Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл/ 497.1 дэх хэсэгт, ..Бусдын эрх, амь, нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан боловч “ Г Т" мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьд үйлдэл эс үйлдэхүйн аль ч хэлбэрээр энэ хэрэгт хамаарахгүй байгаа болно.

в/. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл / эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх ба “ Г Т” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаа нь шүүгдэгч Ц.О , хохирогч Б.Л нарын алинтай ч хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгоогүй билээ.

Шүүх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон 2 хүн буюу шүүгдэгч Ц.Оаас хохирогчид 2 450 000 төгрөг, Д.Нээс 4 400 000 төгрөг гаргуулж, “Г Т” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс хохирогчийн эмчилгээний зардалд 8 769 715, нөхөн төлбөрт 21 504 000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгуулан, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжпэх эрхтэйг нь дурьдаж шийдвэрлэхдээ манай байгууллагыг үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар татаж, хаа хамаагүй хууль, хуулийн заалтууд хэрэглэж, буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5. Шүүгч, шийтгэх тогтоолыг шүүх хуралдаанд уншиж сонсгохдоо нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгийг гаргуулах гэж уншсан атлаа нөхөн төлбөрийн дүнг шууд 21 504 000 гэж заасан байна.

Үүний үндэслэл тооцоог хэрхэн хийсэн байж болох талаар миний бие хууль номоос эрж  хайвал мөнөөх шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт дурдсанчлан 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагч /цаашид ”төрийн тусгай албан хаагч” гэх /, хуулийн этгээдэд нөхөх олговор олгохоор УИХ-аас баталсан “ Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дугаар зүйлд байх хүснэгтийн 1 дүгээрт  бичигдсэн гэмтлийн хүнд зэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчингүй болсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгийг 112 дахин үржүүлэхэд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт заасан 21504000 төгрөг болжээ.

Эндээс дүгнэж үзвэл шүүгч,

а/ Шүүх хуралдаан дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин гэж:

б/ шийтгэх тогтоолд 112 дахин гэж:

в/ 2017 оны 04 дугээр сард үйлдэгдсэн хэргийг шийдвэрлэж байгаа атлаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 000  төгрөг буюу хүчингүй болсон хэмжээг баримталсан гэхчлэнгээр хуний хувь заяанд маш хайнга, дур зоргоор хандаж, жирийн иргэнийг дорд үзэж, хууль завхруулж, дураараа аашилж байгаа нь туйлын хариуцлагагүй, ёс зүйгүй, хандсанд харамсаж байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг хянуулахаар давж заалдах гомдол гаргав.” гэжээ.

 

Иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд:

 “Ц.О, Д.Н нарт холбогдох 201703000192 тоот Эрүүгийн хэргийн иргэний хариуцагч С.Нийн өмгөөлөгч миний бие 153 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх 153 тоот шийтгэх тогтоолдоо “Г Т” мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийг иргэний хариуцагчаар татсан нь хуульд нийцсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд мөн гэж үзнэ хэмээн эмчилгээний зардал 8.769.715, нөхөн төлбөрт 21.504.000 төгрөг бүгд 30.263.715 төгрөгийг “Г Т" мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ. Энэ шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Тухайн дадлагыг удирдаж байсан багш Х.Золзаяа, малчин Д.Амгаланбаатар нарын гэм буруугийн асуудлыг орхигдуулж гэм хорыг хамтран хариуцах үүргээс чөлөөлж шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Хавтаст хэргийн 15-р хуудсанд багш Л.Золзаяа гэрээ байгуулж, удирдамж гаргасан, надад хөдөлмөрийн аюулгуй байдлыг ханган ажиллах талаар амаар зааварчилгаа өгсөн. 45-р хуудсанд Сурагчийн аюулгүй байдлыг би хариуцах үүрэгтэй, сургалтаас гадуур үйл ажиллагаа явуулж болохгүй, гэрээгээр аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байсан гэх зэргээр мэдүүлдэг бөгөөд малчин Д.Амгаланбаатар ч хамтран ажиллах гэрээний 2.26, малчин дадлагын оюутнуудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангана гэсэн үүрэгтэй мөртлөө хохирогч охиныг дадлагын газраас мотициклоор дүүгийнхээ хүүхдийг харуулахаар өөрөө авч явсан нь өөрийнх нь мэдүүлэг болон гэрч Ц.Нямсамбуугийн мэдүүлгээр тогтоогддог юм. Эцэст нь багш Х.Золзаяа нь дадлагын удирдамжийг хамтран боловсруулж тухайн удирдамжинд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, хөдөлмөр хамгааллын шаардлагыг хангаж ажиллана  гэсэн заалттай танилцаж, гарын үсгээ зурсан нотлох баримт хавтаст хэрэгт байдаг юм. /Хавтаст хэргийн 135-р хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Л нь дадлагын обьектод биш өөр газарт ахуйн осолд орсон асуудлыг нарийвчлан шалгаж хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж буруутай албан тушаалтнуудыг тогтоож, гэм хорын асуудлыг ярих ёстой байсан болов уу гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх бодит хохирлыг тооцолгүйгээр хохирогчид нөхөн олговор олгох тухай 2009 оны 7 сарын 09-ний өдрийн хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 112 дахин өсгөж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байна.

Энэ нь тухайн хуулийн үйлчлэх хүрээ, тухайн мөнгийг гаргах заалттай тохирохгүй хууль бус дүгнэлтээр хохирлыг шийдвэрлэжээ. Иймд хэргийн бодит байдлыг шалгаж тогтоолгүй “Г Т” Мэргэжил сургалтын төвийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэрвээ энэ осол нь үйлдвэрлэлийн осол мөн юм бол хамтран хариуцах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шалгаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 1.1, 1.2-т заасны дагуу 53 тоот шийтгэх тогтоолын зарим заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр “Баартын Их өвөлжөө” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт Тоз-8 маркийн калибр бууг оролдож байхдаа буу алдаж, улмаар Б.Лын баруун хацарт буудаж, түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, шүүгдэгч Д.Н нь өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн калибр бууг хайхрамжгүй хадгалж, Ц.От ашиглах боломж олгосноос Ц.О нь буу алдаж, улмаар Б.Лын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тус прокурорын газраас Ц.От 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт, Д.Нт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 83/а дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Оыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69 .1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй Ц.От 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нөхөн төлбөрт 21.504.000 төгрөгийг Гурвантамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоол нь бүхий болж чадаагүй байна. Учир нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тогтоосон атлаа тодорхойлох хэсэгт 2 дахь заалтын талаар дүгнэж, хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.4 дэх заалтыг зөрчжээ. Уг тогтоолын тодорхойлох хэсэгт 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Хохирогчид нөхөн олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “...эрүүл мэндээрээ хохирсон иргэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн зэргийг нь харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дор дурдсан хэмжээгээр өсгөж олгох...” оор заасан хуулийн зохицуулалтыг үндэслэн хүнд гэмтэл учруулсны нөхөн төлбөрт 21.504.000 төгрөгийг иргэний хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв гэжээ. Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль нь зорилтын хувьд “...2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагч /цаашид “төрийн тусгай албан хаагч” гэх/, хуулийн этгээдэд нөхөх олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.“Энэ хууль нь мөн хуулийн 1 дүгээр зүйлд заасан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, төрийн тусгай албан хаагч, хуулийн этгээд /цаашид“хохирогч” гэх/-д хамаарна.” гэж заасан зэргээс үзэхэд уг хуулийг хэрэглэн иргэний хариуцагчаас төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

 “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5-т заасныг тус тус удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 187 дугаар зүйлийн 187.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.О, Д.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр “Баартын Их өвөлжөө” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт Тоз-8 маркийн калибр бууг оролдож байхдаа буу алдаж, улмаар Б.Лын баруун хацарт буудаж, түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, шүүгдэгч Д.Н нь өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн калибр бууг хайхрамжгүй хадгалж, Ц.От ашиглах боломж олгосны улмаас Ц.О буу алдаж улмаар Б.Лын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогдсон байна. Уг хэргийг прокурорын газраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс уг шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл байна гэж улсын яллагчийн дүгнэлт бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ үндэслэлтэй боловч холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна. Хэргийн материалд хамаг бичиг баримтуудаа нээлттэй өгсөн байгаа. Эмчийн зүгээс хатуу хэлэхэд амь насны заалттай шүү гэж хэлсэн. Биднийг ингэж хохироосон хүмүүсээс бидний хохирлыг барагдуулж өгөөч гэж хүсч байна. Гадагшаа Есүсийн шугамаар охиноо эмчлүүлэх гэсэн боловч хохироогч нь байгаа болон галт зэвсгийн улмаас үүссэн ийм гэмтэлд манай буяны байгууллага тусалж чадахгүй гэж хэлсэн. Миний охиныг хохироосон энэ хүмүүсээс бидний хохирлыг гаргуулаад өгвөл би охиноо цааш нь эмчлүүлэх боломжтой болох учраас эдгээр хүмүүсээс бидний хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Охин маань нэг талаараа унтдаг, хөдөлж болохгүй, сүүжнээсээ яс авахуулж эрүүндээ тавиулсан учраас доголон болчихсон. Нэг талын хөлөө дарж унтаж болохгүй маш хүндрэлтэй байдалд байгаа. Манай гэрийн амьдрал үнэхээрийн хэцүү, сэтгэл санааны байдал ч хэцүү, амьдрал маань зогсонги байдалд орж байна. Ийм байдалд оруулсан сургуулийн захирал болон буу алдсан шүүгдэгч Ц.О, Золзаяа, Амгаланбаатар, бууны эзэн Д.Н нарын хүмүүст үнэхээр их гомдолтой байна. Гэхдээ би анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хэвээр нь үлдээж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 

“Уг хэргийн хувьд ойлгомжтой хэрэг байгаа юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж, буудсан хүн нь ч тодорхой, дадлага хийлгэсэн хүн нь  ч тодорхой байгаа юм. Гомдол гаргасан иргэний хариуцагчийн гомдол болон улсын яллагчийн эсэргүүцэл өнөөдрийн шүүх хуралдаанаар няцаагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь энэ хуулийн зүйл заалтад заасан үндэслэлээр тогтоолд өөрчлөлт орж, хүчингүй болдог. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүх яаж буруу хэрэглэсэн юм бэ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар заалтыг ямар үндэслэлээр яаж зөрчсөн юм бэ гэдэг зүйл байхгүй. 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 153 гэдэг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг хангасан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7, 39.8-т заасан зөрчлүүд энэ шийтгэх тогтоолоос харагдахгүй байгаа юм. Харин нөхөн олговор олгох тухай хуулийг хэрэглэх эсэх нь шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал учраас үүн дээр хуулийг буруу хэрэглэжээ гэх дүгнэлт хийх боломжгүй юм. Олон шүүх шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүх шийдвэрлэсэн практикыг бид ярьсан. Энэ жишгээр шийдвэрлэж байгаа. Хохирогч Б.Л гээд 17 настай хүүхдийн хувьд амьдрал тэр чигтээ хаагдчихсан байдалтай, тусгаарлагдсан, эрүүл мэндийн хувьд хохирсон, хэзээ ч нөхөж урьдын хэлбэрт орох боломж байхгүй. Энэ бүгдийг үзээд шүүх хохирогчид нөхөн олговор олгох хуулийг хэрэглээд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ хуулийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Харин хэрэглэх ёсгүй хууль гэдэгт Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд л хамаатай асуудал юм. Өнөөдөр гэм хор гэдэг зүйлийг үгээр хэлж илэрхийлэх боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар ярьсан. Энэ байдлыг анхан шатны шүүх үнэлээд дүгнээд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй учраасан иргэний хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдол болон улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Улсын яллагчийн орхигдуулсан сум, арчдас хоёрыг дурдаж давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 

“Хамтарч өмгөөлж байгаа өмгөөлөгч нартай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нуруутай тогтоол гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Лыг оролцуулах хүсэлтийг прокурор амаар хэлж байсан. Тэр хүүхдийн хувьд шүүх хуралдаанд оролцох үнэхээр боломж байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт, нотлох баримтуудыг сайн шинжлэн судалсан. Ээж нь хуралд суугаад үг хэлж чадахгүй уйлж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд бүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, үнэлээд цэгнээд хохирогчид бодит хохирол учирсан байна уу, мөн баримтуудаас аль баримтыг нь үнэлж хохирлыг зөв зүйтэй гаргах вэ гэдгийг ялгаж салгаж шийдвэрлэсэн. Мөн Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хохирлын хэмжээг гаргаж байгаа тохиолдол их явцуу. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тохиолдолд Улсын дээд шүүх нуруутай шийдвэрлэсэн байна гэж хандах байх гэж найдаж байна. Хохирогчийн байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хохирогчийн хувьд 20 гаран сая төгрөг аваад болчих юм биш. Мөнгөтэй болох гээд байгаа асуудал биш. Энд тулгамдаад байгаа цаашид эмчилгээтэй холбоотой зардалд түлхэц оруулах юм. Хохирогч Б.Лын хувьд эрүү ам нь жаажийчихсан ийм хүнтэй ямар хүн суух юм. Насаараа ганц бие амьдарна. Ээж, аав нь өөд болоод өгөхөөр энэ хүн яах болж байна. Энэ бол эд мөнгө, сэтгэл санаагаар хэмжээлшгүй их хохирол гэдгийг энд байгаа хүмүүс ойлгох нь зөв байх. Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлүүлэх гээд байгаа нь шүүхийн шийдвэрийг хурдан гаргуулж хохирлоо хурдан авч цаашдын эмчилгээгээ шуурхай хийлгэх нь бидний хувьд нэн яаралтай асуудал байгаа юм гэдгийг сүүлийн тайлбартаа хэлж байна.” гэв.

 

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарын саналыг сонслоо. Иргэний хариуцагч хуулийн этгээд учраас иргэний хариуцагч байх ёстой гэсэн зүйлийг ярьж байна. Миний санал бол хохирогч Б.Лыг 5 нарийн мэргэжлийн комисс дээр эмнэлэгийн үзлэгээр дүгнэлт гаргуулах ёстой байх гэж үзэж байна. Иргэний хариуцагч байгууллагын хувьд Б.Л тэнд буудуулсан, буудуулаагүй ч дадлагын ажил бол хийгддэг л ажил, 20 жил хийгдсэн ажил юм. 3000 гаруй шавь байгаа. Тэдгээр хүүхдүүд ч дадлагын ажил хийсэн. Дадлагын ажил явагддагаараа л явсан. Үүнд санаатайгаар явуулчихсан, багшлах эрхийн үнэмлэхгүй хүн явуулчихсан юм шиг юм ярьж байна. Энд багш нь өөрөө хичээлээ заасан. Мэргэжлийн боловсролын тухай хууль болон бусад сайдын дүрэм журманд бакалаврын зэрэг эзэмшсэн хүн нэг жилийн дотор багшлах эрхийн үнэмлэхгүй байж болдог. Багшилж болох бөгөөд 1 жилийн дараа багшлах эрхийн сургалтанд суудаг. Миний зүгээс энэ үндэслэлээр буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Сургууль дадлагад гаргасан нь буруутан болоод байгаа нь сонин байна. Би хүүхдүүд буудагдчих байх гээд дадлагад гаргахгүй байх ёстой юм уу. Байх ёстой объектоос үдийн цайныхаа цагаар 5, 6 хүүхдээс би явъя гэж ганцаараа гараа өргөж явсан нь харамсалтай юм. Би явахгүй гэсэн бол тэр хүүхэд байх ёстой газраа байж л байх байсан. Ийм учраас иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна. Энэ бүхний цаана багш нарын цалингийн асуудал яригдаж байна, байгууллагын санхүүгийн асуудал яригдаж байгааг анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 187 дугаар зүйлийн 187.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүн нь байгаа гэм буруутай гэж шүүхээс тогтоосон байтал яагаад иргэний хариуцагчаар татаж оруулаад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас миний бие иргэний хариуцагч биш гэж үзэж байна. Энэ хэрэг гарсан ч байсан, гараагүй ч байсан манай сургуулийн хүүхдүүд дадлагаа хийнэ, хамгаална, сургуулиа төгсөөд явна. Хохирогчийн байдлыг би ойлгож байгаа учраас хохирогчийг буруутгахгүй.” гэв.

 

Иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байна. Хуулийг яаж ойлгож хэрэглэх вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй. Гэм хорын хохирлыг тусгасан хууль бол шал өөр утгатай хууль юм. Хэн нэгэн дураараа төсөөтэй хэрэглэж болохгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Өнөөдөр байгууллага иргэний хариуцагчаар татагдаж болно. Гэхдээ хэн нь ямар зөрчил гаргачихаад иргэний хариуцагчаар татагдаад байгаа юм бэ гэдэг нь тодорхой байх ёстой. Гэрээ байгуулсан Амгаланбаатар, Золзаяа гэдэг хүмүүс татагдаж байж байгууллага иргэний хариуцагч болох ёстой. Ийм процессын зөрчил байгаа. Гэрээгээр үүрэг хүлээчихсэн хүмүүсээ татахгүй ганцхан байгууллагыг татаж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээгээр үүрэг хүлээсэн Амгаланбаатар, Золзаяа нараас энэ хохирлыг төлүүлэх хэрэгтэй. Үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар татсан учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Ном журмаараа ажлаа хийж байгаа гэрээтэй ажилтныг таталгүй шууд сургуулийг иргэний хариуцагчаар татаад байгаа нь буруу юм. Мөн мөрдөн байцаалтын шатанд энэ хэргийг үйлдвэрийн осол юм уу, бааз юм уу гэдгийг тогтоогоогүй. Ийм учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Хэргийн бусад зүйл, зүйлчлэлийн асуудал дээр маргаан байхгүй.” гэв.

 

Иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Г Т” мэргэжил сургалтын төвийг 2002 оны эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйл болон 2015 оны хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ийм учраас иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэрэглэсэн нөхөн олговор олгох тухай хууль нь тухайн үед зориулалт нь өөр, цаг хугацаа нь ч өөр байсан учраас хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох саналтай байна.” гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 Шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Нт холбогдох хэсгийг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй холбоотой нөхөн олговор олгох тухай хуулийг хэрэглэсэн нь буруу байна гэсэн саналтай байгаа. Гомдолд хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль хэрэглэсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр гэж уншчихаад шийтгэх тогтоол дээр 112 гэж бичсэн байна гэдэг асуудлыг дурдсан байсан. Уншихдаа 112 гэж уншсан. Үүнийг иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч буруу сонссон бололтой. Үүнийг яагаад дурдаж байн вэ гэхээр шүүх хуралдааны тэмдэглэл дуу дүрсний бичлэгтэй зөрсөн байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд ороод шийтгэх тогтоол хүчингүй болоод хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэхээр буцаагдах нөхцөл байдал байгаа. Дуу дүрсний бичлэгийг үзэхэд 112 гэж сонсогдох байх. Эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлийг шүүхэд шилжүүлсэн мөртлөө шүүхийн шийдвэрт хэрхэн яаж шийдвэрлэгдсэн нь дурдаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил болохоор байгаа. Гэхдээ хэргийн нөхцөл байдал, хэрэгт хохирсон хохирогч, хэн аль нь хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх нь ач холбогдолтой юм. Хонгио, арчдас бол хэрэгт нэн чухал ач холбогдолтой зүйл биш юм. Тийм учраас шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад шийдвэрлэнэ үү. Магадгүй энэ үндэслэлээр хэргийг буцаавал дахиад л цаг хугацаа алдах, зардал мөнгө гарах нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Энэ шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 Энэ шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Шүүгдэгч Ц.Оын ял шийтгэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулахдаа хууль зөрчөөгүй учраас шийтгэх тогтоолын шүүгдэгч Ц.От холбогдох хэргийг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэл, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н, иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдол зэрэгт дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

            Мөрдөн байцаалтын явцад 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол үйлдэж гол төмөр 33317, замаг 33317 дугаартай ТОЗ-8 загварын 1 ширхэг галт зэвсэг, шинжилгээнд хүргүүлсэн шар өнгийн хонгио 1 ширхэг, 1 ширхэг арчдас зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргажээ.

 

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 83/А дугаартай яллах дүгнэлт түүний хавсралтад эд мөрийн баримтаар шар өнгийн модон хуйтай, гол төмөр 33317, замаг 33317 дугаартай ТОЗ-8 маркийн буу хураагдсан болно гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 маркийн бууг шинжлэн судалсан байна.

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалвал мөрдөн байцаалтын явцад эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан бууг шүүхэд шилжүүлж харин шар өнгийн хонгио 1 ширхэг, 1 ширхэг арчдас зэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, анхан шатны шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй байна. Дээрх эд мөрийн баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхүйц нотлох баримт байхад анхан шатны шүүх анхааралгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2-т энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж хуульчилсан байхад ямар нэгэн эрх олгосон баримтгүйгээр шүүгч Э.Одхүү яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацааг сунгасныг дурдах нь зүйтэй байна.

 

Д.Нт холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хууль хоёрыг хольж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Удвал анхан шатны шүүх эд мөрийн баримтыг шийдвэрлээгүй ч гэсэн давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжтой гэж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болохгүй гэж хуульд заасан тул мөрдөн байцаалтын явцад эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан атлаа анхан шатны шүүхэд ирүүлээгүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, хэлэлцээгүй шар өнгийн хонгио 1 ширхэг, арчдас 1 ширхэг зэргийг  үнэлэх, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжгүй байна.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар прокурорын эсэргүүцэл, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н, иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Ц.О, Д.Н нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдгээрт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 34 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр 1.1-т зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.О, Д.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

 

                                  ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

 

                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ