Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
Хэргийн индекс | 159/2018/0031/З |
Дугаар | 159/ШШ2019/0005 |
Огноо | 2019-02-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 159/ШШ2019/0005
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох,
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Гуравдагч этгээд: *******
Гэрч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 14 дэх жилдээ ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/58 тоот захирамжаар үүрэгт ажлаасаа гэнэт чөлөөлөгдлөө. ******* би ажлаасаа чөлөөлөгдөх, өөрийн биеэр гарах хүсэлтээ гаргаагүй тул ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргалаа.
Би улсад 38 жил амжилттай ажиллаад 2019 онд тэтгэвэрт гарахаар төсвийн төсөлд саналаа өгсөн. Гэтэл хэдхэн сарын өмнө хөөж байгаа мэтээр амьдралын миний төгсгөлд хатуу хандсанд, хийж бүтээсэн бүхнийг минь үгүйсгэж ажлаас минь гаргасанд их гомдож байна. Миний бие Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд тухайн байгууллагын шийдвэрлэх асуудалд хамаарахгүй гэсэн хариуг авсан.
Мөн 2016 оны 06 сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга ******* уламжлан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Оргил даргад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа 2018 онд 55 нас хүрч энэ оныг дуусгавар болгон өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж уламжилсаныг хүлээн авалгүйгээр 2018 оны 07 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирамж гаргасанд гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн ******* нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:
1. Аймгийн Төрийн аудитын газраас 2018.04.20-ны өдөр ...2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд нь санал дүгнэлт өгөхөөс татгалзсан Хушаат сумын бүрэн дунд сургуулийн захирал *******д холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох тухай СЭА-05/82-СТА-ТЕЗ тоот албан шаардлагыг аймгийн Засаг дарга Ш.Оргил миний нэр дээр ирүүлсэн. Энэ шаардлагаар бол тус сургуулийн захирал *******д Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулахаар байсан. ******* нь ийнхүү халагдах нөхцөл байдлаа мэдээд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хушаат сумын Засаг дарга Б.Атартулгаар уламжлан аймгийн Засаг дарга Ш.Оргил миний нэр дээр ...2018 онд 55 нас хүрч энэ оныг дуусгавар болгон тэтгэвэр тогтоолгох тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Хүсэлт гаргасан ******* хэмээн чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн.
2. Мөн ******* нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар уламжлан аймгийн Засаг дарга Ш.Оргил миний нэр дээр ...******* би өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул Боловсролын тухай хуулийн дагуу олгодог тэтгэмжийг олгож өгнө үү хэмээн хүсэлт гаргасан. Дээрх нөхцөл байдлуудыг судалж, тодруулахаар аймгийн Засаг даргын 2018.06.14-ний өдрийн 1/408 тоотоор Хушаат сумын Засаг дарга Б.Атартулгад хандахад, 2018.06.19-ний өдрийн 136 тоотоор ...******* нь 1 удаагийн мөнгөн тэтгэмжээ аваад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан тул хариуцлага тооцуулахаар санал өгөх боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд ажлаас халагдсан тохиолдолд тэтгэмж авах эрх үүсэхгүй тул ******* өөрийн удаа дараагийн хүсэлтийг хүндэтгэж үзээд ажпаас халахгүйгээр чөлөөлсөн.
3. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018.06.19-ний өдрийн Санал хүргүүлэх тухай 222 дугаар тоотоор ...захирал ******* нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн, санхүүгийн сахилга бат сул, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байх тул Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтын дагуу чөлөөлөх саналыг ирүүлсэн байдаг.
Ийнхүү Хушаат сумын Засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга болон ******* өөрийнх нь удаа дараа гаргасан хүсэлтүүдийг хүндэтгэн үзсэний үндсэн дээр аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 тоот захирамжаар *******г сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэлд дурдагдсан үүрэгт ажлаасаа гэнэт чөлөөлөгдлөө. ******* би ажлаасаа чөлөөлөгдөх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаагүй гэдэг нь огт үндэслэлгүйгээр гүтгэсэн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Гуравдагч этгээдийн шүүхэд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энхбат овогтой Ариунаа миний бие нь 2018.09.01-ний өдрөөс Хушаат сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Уг сургуулийн захирлаар ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн оршин суугч Лувсандамбын Оюун нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018.07.16-ны өдрийн Б/58 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь ажиллах хугацаанд ажлын хариуцлага алдаж байсан нь баримт нотолгоогоор батлагдаж хамт олныг удирдах манлайлал нь алдагдаж байгууллагын үйл ажиллагааг доголдуулж зөрчлийн байдал нь удаа дараа тогтоогдсон тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгтээ: Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын Хушаат сумын сургуулийн захирал ******* нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гарсан нэхэмжлэлд Боловсрол, соёл, урлагийн газрын нягтлан бодогч намайг ******* тэтгэвэр тэтгэмжийн олголтын талаар тайлбар авахуулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийн шүүх хуралд гэрчээр оролцож байна. ******* захирал 28 жил ажилласан бөгөөд боловсролын салбарт 15 жил ажилласан байдаг. Гэхдээ манай салбарын хуулиар 25 жил ажилласнаар нь хүрэхгүй байгаа, энэ талаар ******* захиралд тайлбарлаж хэлж байсан. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д зааснаар хөдөө орон нутгийн салбарт ажилласан хүн 25 жил буюу түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр настны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэсэн байдаг. Ямар ч байсан улсад 28 жил ажилласныг тооцож 20,000,000/ хорин/ сая төгрөг төлөвлөөд саналаа явуулсан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаартай захирамжаар Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал *******г сургуулийн захирлын үүрэгт ажлаас Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 50 дугаар зүйлийн 50.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн төрийн албанаас чөлөөлжээ. Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай үндсэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасантайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахүндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны актад дурдсанаар нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон холбогдох нотлох баримтуудаас үзэхэд *******г өөрийнх нь хүсэлт гэж өргөдлийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь: Нэхэмжлэгч ******* нь Хушаат сумын Засаг даргаар уламжлан Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичгээр гаргасан /ХХ-ийн 26-р хуудас/ байх бөгөөд энэхүү өргөдөлдөө 2018 онд 55 нас хүрч энэ оныг дуусгавар болгон өндөр насны тэтгэвэр тогтоолгох тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Маргаан бүхий актын үндэслэл болсон дээрх хуулиуд нь нэхэмжлэгчийг ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2018 оныг дуусгавар болтол ажиллан өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Уг хүсэлтийг шууд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж ойлгон эрх зүйн акт гаргасан нь учир дутагдалтай болсон байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг судалвал:
Захиргааны актын материаллаг болон формаль шаардлагыг хангаагүй, баримтлах ёстой хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байна. Маргаан бүхий актын үндэслэл болсон заалтууд нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 Буцалтгүй тусламж, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 Хэд хэдэн ажил үүрэг зэрэг гүйцэтгэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 ажилтан санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэнээс ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 Нэмэгдэл хөлс, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Өндөр насны тэтгэвэр авах эрх зэрэг харилцааг тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үйл баримтад нийцээгүй. Хариуцагч нь хэрэглэх хуулийг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь ******* эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаартай тушаалын 1 дэх хэсэгт ...үүрэгт ажлаас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй гэж ажил хүлээлгэн өгөх, тооцоо хийх хугацаа олгохгүйгээр өнгөрсөн цаг хугацааны үйл баримтыг буюу нөхөн зохицуулсан алдаатай байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заажээ. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан үеийн цалингийн тооцоонд үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ... гэж, мөн журмын 7-ийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр... тодорхойлохоор заасны дагуу тооцоолон нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1167144 төгрөгөөр бодож, нэг сарын ажиллавал зохих ажлын хоногийг дунджаар 20 хоногоор тооцож, нэг өдрийн ажлын цалин 55578 /тавин таван мянга таван зуун далан найман/ төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх ажиллавал зохих ажлын 144 хоногоор тоолж, дундаж цалинтай тэнцэх олговор нийт 7927124 /долоон сая есөн зуун хорин долоон мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******г өмнө нь ажиллаж байсан албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсугай.
2. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******д 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу ажлын 144 хоногийн цалин 7927124 /долоон сая есөн зуун хорин долоон мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргаас гаргуулан олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА