Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1275

 

 

 

 

 

 

 

   2020        07         08                                   2020/ШЦТ/1275

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О-н Д-д холбогдох эрүүгийн 2006 02128 1448 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч О.Д нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр байрны 42 тоотод хохирогч Э.Цэдэндамбаад гар утсаар чинь яриад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Самсунг А10 загварын гар утсыг нь залилан авч 332.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Цэдэндамбаагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 03 дугаар тал/,

Хохирогч Э.Цэдэндамбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргааш орой нь 18 цагийн орчим Дөлгөөнжаргал нь миний утсыг гуйгаад дүүргийн автобусны буудал дээр очиж хүнтэй холбогдож байгаад мөнгө авах гэсэн юм гэж хэлээд авч явсан юм. Тэрнээс хойш 18 цаг 30 минут болохоор нь утас руугаа залгатал тасалсан ба дахин залгатал холбогдох боломжгүй болчихсон юм. Тэгээд би дахин хоноод маргааш өглөө нь ажил дээр нь очиход ажил дээрээ байж байсан ба гар утсаа асуухад өчигдөр автобусны буудал дээр зогсож байгаад хүнтэй таараад нэг газар сууж байгаад ширээн дээр нь тавиад тамхи татчихаад орж ирэхэд чиний гар утас байхгүй болчихсон байсан тэгээд хяналтын камерыг нь шүүлгэж үзэхэд гар утсыг чинь авч явж байгаа бичлэг нь байна лээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа гар утсыг чинь олж өгнө гэж хэлсэн...манай хоёр найз гар утсыг чинь ломбарданд 140.000 төгрөгөөр тавьсан байна өнөөдрийн дотор уг утсыг чинь аваад өгье гэж хэлсэн. Тэгээд итгэсэн боловч миний гар утсыг авчирч өгөлгүй алга болчихсон юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Гэрч Д.Дэлгэрбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би цайгаа уучаад буцаад ажилдаа явах гэж байх үед Дөлгөөнжаргал нь босоод сууж байхдаа Цэдэндамбаагийн гар утсыг бариад сууж байсан. Тэр үедээ хүнээс мөнгө зээлнэ гэсэн зүйл яриад утсыг нь үзээд сууж байсан...Намайг ажилдаа явсанаас хойш 1 цагийн дараа Цэдэмдамбаа манай хүүхдүүдийн гар утсаар над руу залгаад Дөлгөөнөө байдаггүй миний утсыг автобусны буудал дээр хүнтэй уулзаад ирье гээд утсыг минь авч яваад одоо хүртэл ирэхгүй байна. Чамтай холбоо барьсан уу гэж асуусан...Цэдэндамбаагийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дөлгөөнжаргалын ажил руу очиж үзэхэд Дөлгөөнжаргал ажил дээрээ байсан. Тэгээд ажил дээр нь утсаа асуухад утсыг чинь ломбарданд тавьсан...Дөлгөөнжаргал надад Сансарт байдаг ломбарданд 140.000 төгрөгөөр тавьсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-40 дүгээр тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч О.Д-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч О.Д- нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр байрны 42 тоотод хохирогч Э.Цэдэндамбаад гар утсаар чинь яриад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Самсунг А10 загварын гар утсыг нь залилан авч 332.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч О.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Цэдэндамбаагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 03 дугаар тал/,

Хохирогч Э.Цэдэндамбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргааш орой нь 18 цагийн орчим Дөлгөөнжаргал нь миний утсыг гуйгаад дүүргийн автобусны буудал дээр очиж хүнтэй холбогдож байгаад мөнгө авах гэсэн юм гэж хэлээд авч явсан юм. Тэрнээс хойш 18 цаг 30 минут болохоор нь утас руугаа залгатал тасалсан ба дахин залгатал холбогдох боломжгүй болчихсон юм. Тэгээд би дахин хоноод маргааш өглөө нь ажил дээр нь очиход ажил дээрээ байж байсан ба гар утсаа асуухад өчигдөр автобусны буудал дээр зогсож байгаад хүнтэй таараад нэг газар сууж байгаад ширээн дээр нь тавиад тамхи татчихаад орж ирэхэд чиний гар утас байхгүй болчихсон байсан тэгээд хяналтын камерыг нь шүүлгэж үзэхэд гар утсыг чинь авч явж байгаа бичлэг нь байна лээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа гар утсыг чинь олж өгнө гэж хэлсэн...манай хоёр найз гар утсыг чинь ломбарданд 140.000 төгрөгөөр тавьсан байна өнөөдрийн дотор уг утсыг чинь аваад өгье гэж хэлсэн. Тэгээд итгэсэн боловч миний гар утсыг авчирч өгөлгүй алга болчихсон юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Гэрч Д.Дэлгэрбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би цайгаа уучаад буцаад ажилдаа явах гэж байх үед Дөлгөөнжаргал нь босоод сууж байхдаа Цэдэндамбаагийн гар утсыг бариад сууж байсан. Тэр үедээ хүнээс мөнгө зээлнэ гэсэн зүйл яриад утсыг нь үзээд сууж байсан...Намайг ажилдаа явсанаас хойш 1 цагийн дараа Цэдэмдамбаа манай хүүхдүүдийн гар утсаар над руу залгаад Дөлгөөнөө байдаггүй миний утсыг автобусны буудал дээр хүнтэй уулзаад ирье гээд утсыг минь авч яваад одоо хүртэл ирэхгүй байна. Чамтай холбоо барьсан уу гэж асуусан...Цэдэндамбаагийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дөлгөөнжаргалын ажил руу очиж үзэхэд Дөлгөөнжаргал ажил дээрээ байсан. Тэгээд ажил дээр нь утсаа асуухад утсыг чинь ломбарданд тавьсан...Дөлгөөнжаргал надад Сансарт байдаг ломбарданд 140.000 төгрөгөөр тавьсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч О.Д-ын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд О.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Д-ыг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

  Хохирогч Э.Цэдэндамбаа нь гэм хорын хохирол 332.100 төгрөг төлөгдсөн бөгөөд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.Д- нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч О.Д-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Д-ын учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Д-ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт О-н Д-г “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                       

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ