| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1248/Э |
| Дугаар | 1324 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 1324
2020 07 20 2020/ШЦТ/1324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Д.Ариунжаргал,
шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Д-н Ш-т холбогдох эрүүгийн 2006 02039 1290 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ш нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажилаагаа явуулдаг Траст Трейд ХХК-нд борлуулалтын жолоочоор ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу бараа материалын төлбөр мөнгийг завшиж 2.080.603 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай Траст трейд ХХК-нд Дугарын Шагдарбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15/01/55 дугаар тушаалаар борлуулалтын жолооч албан тушаал дээр байгууллагын даргын тушаалаар ажиллаж эхэлсэн ... Ингээд ажил хүлээлцэх явцад Амар-Оргил ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 793.950 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 132.600 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 253.500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 550.000 төгрөгийг тухайн байгууллагад бараа авч өгч мөнгийг нь аваад манай байгууллагад тушаагаагүй ... Мөн байгууллагатай хамтран ажилладаг Жи Мобайл ХХК-иас гар утас лизингээр аваад үлдэгдэл 350.553 төгрөгийг төлөөгүй байгаа нь байгууллагад нэхэмжлэх нь ирээд мөн хохироож байгаа ... Шагдарбаатар өөрөө уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Траст Трейд ХХК-ий Д.Ш-ыг борлуулалтын жолоочийн албан тушаалд томилсон тушаал /хх-ийн 07 дугаар тал/,
Траст Трейд ХХК-ий Д.Ш-ыг ажлаас чөлөөлсөн тушаал /хх-ийн 08 дугаар тал/,
Гэрч Ч.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... бид 2012 онд танилцаад 2018 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, дундаасаа 3 хүүхэдтэй ... 2015 оноос Траст трейд ХХК-нд жолоочоор ажиллаж байгаад 2019 онд ажлаасаа гарсан. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо, хүнтэй харилцаа үүсгэж, зөв харилцаж чаддаг, ажилсаг, нийтэч” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,
Д.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр тал/,
Д.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар тал/,
Д.Ш-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23 дугаар тал/,
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг Даргын тодорхойлолт /хх-ийн 25 дугаар тал/,
Д.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Тухайн ажиллаж байх үедээ харилцагч байгууллагад бүтээгдэхүүн болох махыг аваачиж өгдөг байсан, Аморе Оргил ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 793.950 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 132.600 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 253.500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдар 550.000 төгрөг ингээд нийт 1.730.050 төгрөгийн барааг хүргэж өгөөд тухайн байгууллагаас бэлнээр мөнгө аваад Траст трейд ХХК-д хүлээлгэж өгөөгүй. Мөн байгууллагын нэр дээр Самсунг Жи-6 плас маркийн гар утас лизингээр аваад үлдэгдэл 350.553 төгрөгийг төлөөгүй байгаа, ингээд нийт 2.080.603 төгрөгийг байгууллагад өгөх ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалдсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Д.Ш нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажилаагаа явуулдаг Траст Трейд ХХК-нд борлуулалтын жолоочоор ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу бараа материалын төлбөр мөнгийг завшиж 2.080.603 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Сайнбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... манай байгууллагын зүгээс ... Шагдарбаатараас нийт 2.080.603 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,
Гэрч Б.Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай Траст трейд ХХК-нд Дугарын Шагдарбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15/01/55 дугаар тушаалаар борлуулалтын жолооч албан тушаал дээр байгууллагын даргын тушаалаар ажиллаж эхэлсэн ... Ингээд ажил хүлээлцэх явцад Амар-Оргил ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 793.950 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 132.600 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 253.500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 550.000 төгрөгийг тухайн байгууллагад бараа авч өгч мөнгийг нь аваад манай байгууллагад тушаагаагүй ... Мөн байгууллагатай хамтран ажилладаг Жи Мобайл ХХК-иас гар утас лизингээр аваад үлдэгдэл 350.553 төгрөгийг төлөөгүй байгаа нь байгууллагад нэхэмжлэх нь ирээд мөн хохироож байгаа ... Шагдарбаатар өөрөө уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Траст Трейд ХХК-ий Д.Ш-ыг борлуулалтын жолоочийн ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал /хх-ийн 7-8 дугаар тал/,
Амури-Оргил ХХК-ий Бэлэн мөнгөний зарлагын баримтуудын хуулбар /хх-ийн 48 дугаар тал/,
Д.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр тал/,
Д.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Тухайн ажиллаж байх үедээ харилцагч байгууллагад бүтээгдэхүүн болох махыг аваачиж өгдөг байсан, Аморе Оргил ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 793.950 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 132.600 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 253.500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдар 550.000 төгрөг ингээд нийт 1.730.050 төгрөгийн барааг хүргэж өгөөд тухайн байгууллагаас бэлнээр мөнгө аваад Траст трейд ХХК-д хүлээлгэж өгөөгүй. Мөн байгууллагын нэр дээр Самсунг Жи-6 плас маркийн гар утас лизингээр аваад үлдэгдэл 350.553 төгрөгийг төлөөгүй байгаа, ингээд нийт 2.080.603 төгрөгийг байгууллагад өгөх ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Ш-аар гаргаж өгсөн 2 хуудас Траст трейд ХХК-нд мөнгө тушаасан орлогын баримтын тасалбар зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Ш-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Д.Ш нь хохирогч Траст трейд ХХК-нд учруулсан 2.080.603 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс Д.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ш-ын учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Ш нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуулийн зохицуулалтыг тайлбарлавал зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө овогт Д Ш-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ш-т 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ш-т мэдэгдсүгэй.
4. Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ