Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 12

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 1965 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, ам бүл 3, /нөхөр, хүүхдийн хамт/ Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол Жалханц худагт Дамдинбазарын гудамж, 49 дүгээр байрны под-1 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Гоовоо овогт Батсүхийн Баярхүүгийн  хүсэлттэй

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунцэцэг, гэрч Д.Бааваа, Н.Дарьсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч Б.Баярхүү нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.

         Хүсэлт гаргагч Б.Баярхүү нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь1965 онд төрсөн. 1985 оноос 1991 онд Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо би тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч сургуульд ажиллаж байсан жилийг оруулан тооцохгүй байгаа тул 1985 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Баярхүү нь 1985 оноос 1991 онд Ховд аймгийн Үенч сумын 8  жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч сургуульд ажиллаж байсан жилийг нь оруулан тооцохгүй байгаа тул 1985 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэв.

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Харийнхан овогт Дарийн Бааваагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би 1980 онд Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн  сургуульд ахлах тогоочоор орсон. Сургуулийн гал зуух нь 7 ажилтантай түүний нэг нь Б.Баярхүү туслах ажилчинаар ажиллаж байсан. Тухайн үед 180-270 төгрөгийн цалин авч байсан гэх мэдүүлэг,

            Гэрч Пунцаг овогт Намсрайн Дарьсүрэнгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би 8 жилийн сургуульд жижүүрээр ажиллаж байсан. Намайг сургуульд ажиллаж байхад Б.Баярхүү нь гал тогооны туслах ажилчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан  нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь хүсэлт гаргагч Б.Баярхүү нь 1985 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргасан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд :

        -Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №1954 тоот лавлагаа,

       -Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн сургуулийн захирлын 1985 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №33 дугаар тушаал,

       -Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн сургуулийн захирлын 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 дугаар тушаал,

       -Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн сургуулийн захирлын 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №73 дугаар тушаал,

      -Ховд аймгийн  Үенч сумын 8 жилийн сургуулийн аж ахуйн ажилчдын 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 сард ажилласан цагийн тооцоо,

        -Ховд аймгийн  Үенч сумын 8 жилийн сургуулийн аж ахуйн ажилчдын 1985 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 сард ажилласан цагийн тооцоо,

      -Ховд аймгийн  Үенч сумын 8 жилийн сургуулийн аж ахуйн ажилчдын 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 сард ажилласан цагийн тооцоо,

       -1990 онд хамт олонтойгоо авахуулсан зураг

             Б.Баярхүү нь 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж ажиллаж байсан байдлыг гэрч нарын мэдүүлэг, архивын лавлагаа, ажилд орсон тушаал, ажлаас  чөлөөлөгдсөн  тушаал,  нэхэмжлэгчийн  тайлбар  зэрэг  хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн  133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон      

ТОГТООХ  нь:

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гоовоо овогт Батсүхийн Баярхүүг Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн сургуульд 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан  шатны  шүүхийн   шийдвэрийг   гардан   авснаас  хойш 14  хоногийн  дотор  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.