Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 339

 

Н.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж  даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/01408 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Батсайханд холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 20 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Сарангэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Содболд

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Наранцэцэгт мөнгөө өгч, Оросын Холбооны Улсаас 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр акватрон-6 гэх барилгын ус тусгаарлагч бодисыг 800 ширхэг шуудай буюу 20 тн авчируулсан. Би гаалийн татвар 3 000 000 төгрөг, тээврийн хөлсөнд 1 300 000 төгрөг төлсөн. Ингээд уг бодисыг Ш.Батсайханы гараашид хийж хадгалуулсан. Бодис маань зарагдахгүй байсаар 8 сарын сүүлээр хөдөө явсан байхад Ш.Батсайхан, Ш.Эрдэнэчимэг, М.Наранцэцэг нар хуйвалдан цоож эвдлэн орж, 204 ширхэг шуудайтай 5 тн бодисыг хулгайлан авсан.

Би 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 22 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн.

Иймээс Ш.Батсайханаас 204 ширхэг шуудайтай 5 тн акватрон бодисын үнэ                      20 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Ш.Батсайхан шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Сарангэрэлийн нэхэмжилсэн 20 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Батсайхан нь өөрийн эгч Ш.Эрдэнэчимэгт 20 000 000 төгрөгийг зээлдүүлж акватрон гэдэг бодис оруулж ирэхэд нь хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд Ш.Эрдэнэчимэг, М.Наранцэцэг нараас зөвшөөрөл авч өөрийн оруулсан мөнгөний дүн дэх акватрон бодисыг аван “Үйзэн тайж” ХХК-д худалдаж, өөрийн мөнгөө олж авсан. Нэхэмжлэл гаргаад байгаа Н.Сарангэрэл энэ асуудлаар 2013-2014 онд бүх шатны хуулийн байгууллагуудаар шалгуулаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо дахиад гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна.

Н.Сарангэрэл нь надаас биш М.Наранцэцэг, Ш.Эрдэнэчимэг нараас нэхэмжлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Батсайханаас 20 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Сарангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 259 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх замаар шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Ш.Батсайханаас хууль бусаар авч борлуулсан 5 тн акватрон бодисын үнэ 20 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хальж 20 тн акватрон бодисын өмчлөлийн асуудалд дүгнэлт хийж "дундаа өмчлөх хөрөнгө" хэмээн тодорхойлж улмаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Батсайхан акватрон бодисын өмчлөгчийг тогтоолгох талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй зөвхөн нэхэмжлэгч Н.Сарангэрэлийн 100 хувийн хөрөнгөөр 2013.06.11-13-ны өдрийн хооронд хилээр Монголд орж ирсэн 20 тн аквартон 6 бодисыг өөрийн төрсөн эгч болох Ш.Эрдэнэчимэгт 20 000 000 төгрөг зээлдүүлсэн, тус мөнгө нь дээрх акватрон бодисыг оруулж ирэхэд орсон тул 5 тн бодисыг Ш.Эрдэнэчимэгийн зөвшөөрлөөр авч борлуулсан нь хууль зөрчөөгүй гэж маргадаг. Гэтэл Ш.Батсайхан 20 000 000 төгрөгийг 213.03.29-2013.04.02 ны өдрийн хооронд төрсөн эгч Ш.Эрднэчимэгийн дансанд шилжүүлсэн /хх 117-122 хуудас/ баримт, хариуцагч Ш.Батсайхан тус 20 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас авсан гэх зээлийн баримт, тус зээл нь цалингийн зээл байх бөгөөд Барилгын материал авах зориулалтаар 9 300 000 төгрөг, Машин авах зориулалтаар 10 000 000 төгрөгийг тус тус 2013.03.22-ны өдөр авсан тухай баримт /хх 114-115 хуудас/, М.Наранцэцэг, Ш.Эрдэнэчимэг нар нэхэмжлэгч Н.Сарангэрэлийн мөнгөөр 2013 оны 6 сард 20 тн акватрон 6 бодис оруулж ирэхээс өмнө 2 удаагийн явалтаар тус бодисыг оруулж ирж "Үйзэн тайж" ХХК-ийн захирал н.Төмөрчөдөрт худалдан борлуулж байсан тухай гэрчүүдийн мэдүүлэг, төлбөр тооцооны материал зэрэг нотлох баримтууд, 2013 оны 6 сард оруулж ирсэн 20 тн акватрон 6 бодисыг надаас авсан 46 300 000 төгрөгийн 31 460 100 төгрөгөөр оруулж ирсэн болох, тус акватрон 6 бодис 100 хувь миний хөрөнгөөр орж ирсэн миний өмчлөлийн зүйл болохыг тогтоосон Сум дундын 22 дугаар шүүхийн 2014.09.25-ны өдрийн 114 дугаартай хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр /хх 25-29 хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг бодит байдалд нийцүүлэн дүгнээгүйн улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ш.Батсайханы төрсөн эгч Ш.Эрдэнэчимэгт зээлсэн гэх 20 000 000 төгрөг нь миний мөнгөөр 2013.06.11-13-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн 20 тн акватрон 6 бодисын үнэд огт ороогүй, харин М.Наранцэцэг, Ш.Эрдэнэчимэг нарын оруулж ирсэн 2 дахь удаагийн явалтанд орсон тухай гэрчүүдийн болон хариуцагчийн өөрийнх нь тайлбараар нотлогддог. Иймд миний мөнгөөр орж ирсэн акватрон бодисоос зөвшөөрөлгүйгээр 5 тн акватрон бодис дур мэдэн авч борлуулсан үйлдэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан шаардах эрхийн үндэслэл болж байна.

Анхан шатны шүүх Ш.Эрдэнэчимэг, М.Наранцэцэг, Н.Сарангэрэл бидний дунд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Ш.Эрдэнэчимэг яг ямар үйл ажиллагааг нийлүүлж, ямар үүрэг хариуцлага хүлээж хамтран ажилласан тухай үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Миний 20 тн акватрон бодисоос 5 тн-ыг нь хариуцагч Ш.Батсайханд өгөх зөвшөөрөл өгсөн гэх Ш.Эрдэнэчимэгийн хувьд тус бодисыг оруулж ирэх ажиллагаанд хамтран ажиллаагүй юм. Ш.Батсайхан 5 тн бодис авч борлуулах эрх өгсөн гэх Ш.Эрдэнэчимэгт тийм эрх байсан эсэх тал дээр шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Тус бодисыг хилээр орж ирснээс хойш бүтэн 2 жил хадгалж, зөөвөрлөж, зарж борлуулах хүртэлх бүх эрсдэл, хөрөнгө мөнгийг нэхэмжлэгч Н.Сарангэрэл миний бие 100 хувь хариуцсан ба үүнд Ш.Эрдэнэчимэг, М.Наранцэцэг нарын өчүүхэн ч оролцоо хамтын үйл ажиллагаа байгаагүй ба миний бие нийт 81 520 000 төгрөгийн шууд зардал гаргаж бүх эрсдэлийг өөрөө хүлээсэн. Гэтэл шүүх энэ бүх нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэж үзэлгүйгээр шийдвэр гаргаад хариуцагч Ш.Батсайханы хууль бус үйлдлийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт нийцсэн үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.5 дахь хэсэгт хамтран ажиллах гэрээний талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглосон зохицуулалт байх ба анхан шатны шүүхийн дүгнэснээр хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тохиолдолд Ш.Эрдэнэчимэг Ш.Батсайханд 5 тн акватрон зарах эрхийг өгөхдөө зайлшгүй Н.Сарангэрэл надад мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой тухай хуулийн заалттай байна. Тиймээс хариуцагч Ш.Батсайхан миний зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж 5 тн акватрон авсан үйлдэл нь нэхэмжлэгч Н.Сарангэрэл намайг хохироосон үйлдэл болох нь тодорхой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг бус хариуцагч Ш.Батсайханы төрсөн эгч Ш.Эрдэнэчимэг, тэдний бэр эгч М.Наранцэцэг нарын гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх гол нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Учир нь гэрч гэх Ш.Эрдэнэчимэг, М. Наранцэцэг нар нь анхнаасаа намайг хуурч их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр олж авч намайг хохироосон хүмүүс бөгөөд хэргийн талаар үнэн бодитой мэдүүлэг өгөх гэрчүүд биш юм.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж хэрэгт нотлох баримтаар авагдсан Сум дундын 22 дугаар шүүхийн 2014.09.25-ны өдрийн 114 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон 20 тн акватрон бодис Н.Сарангэрэл миний мөнгөөр орж ирсэн болох нэгэнт хөрөнгө оруулсан хүн захиран зарцуулах эрхтэй байх асуудалд дүгнэлт хийж дундын өмчлөлийн хөрөнгө хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас давсан дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй дүгнэлт болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа болон хариуцагчийг өөрөө тодорхойлдог, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэдэг. Хариуцагчаар Ш.Батсайханыг тодорхойлж, түүнд холбогдуулан 20 400 000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх Ш.Эрдэнэчимэг, М.Наранцэцэг бидний хооронд үүссэн харилцаанд дүгнэлт хийж хариуцагч Ш.Батсайханд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01408 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Н.Сарангэрэл нь хариуцагч Ш.Батсайханд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 20 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Сарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 800 шуудай буюу 20 тонн акватрон-6 нэртэй барилгын ус тусгаарлагч бодисын өмчлөгч, уг бодисыг хариуцагчийн чингэлэгт хадгалуулсан бодисоос 5 тонныг Ш.Батсайхан зөвшөөрөлгүй авсан гэж тодорхойлжээ.

Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 114 дүгээр  шийдвэрээр Н.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй М.Наранцэцэгт холбогдох 10 590 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрээр Н.Сарангэрэлийн шилжүүлсэн 31 460 900 төгрөгөөр акватрон 6 гэх барилгын материалыг авчирсан, энэ нь 20 тоннын хэмжээтэй гэсэн үйл баримт тогтоогдсон. Ш.Батсайхан нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш тул түүний хувьд 114 дүгээр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлогдохгүй үйл баримтад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хувийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримт нь маргалдагч талуудын хооронд хамааралтай юм.

Нэхэмжлэгч Н.Сарангэрэл нь хариуцагч Ш.Батсайханы чингэлэгт 20 тонн барилгын бодис хадгалах зөвшөөрлийг Ш.Эрдэнэчимэгээс авсан гэж тайлбарласнаас үзвэл /хх186 дахь талын арын нүүр/ өөрийн өмчлөлийн гэж үзэж буй барилгын бодисыг хадгалах зөвшөөрлийг Ш.Батсайханаас аваагүй, түүнд хүлээлгэж өгөөгүй байна. Иймд Н.Сарангэрэл, Ш.Батсайхан нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй, энэ талаар талууд маргаагүй.

Гэрч М.Наранцэцэг шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “…бараа миний нэр дээр орж ирсэн. 15 тонныг 4000 төгрөгөөр авахаар Эрдэнэчимэг, Сарангэрэл нар тохиролцсон байсан. … Сарангэрэл 15 тонн акватрон авсан” гэж, тэрээр хариуцагчийн “20 тонныг хэн хэнд өгсөн бэ” гэсэн асуултанд “ 15 тонныг Сарангэрэл авч, 5 тонныг Батсайхан авсан” гэж хариулсан, хариуцагчийн өмгөөлөгчийн “20 тонныг оруулж ирээд мөнгөө өгч чадахгүй байсан учраас 15 тонн Сарангэрэлд, 5 тонныг Батсайханд өгсөн гэж ойлгож болох уу” гэсэн асуултад гэрч Ш.Эрдэнэчимэг “тэгж ойлгож болно” гэсэн мэдүүлгүүдээс /хх172-174 дэх тал/ дүгнэвэл 5 тонн барилгын бодисын өмчлөгч нь Ш.Батсайхан байх бөгөөд түүнийг Н.Сарангэрэлийн өмчлөлийн эд хөрөнгийг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд Ш.Батсайхан нь 5 тонн бодисыг үндэслэлгүйгээр олж авч, 20 400 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүх зөв шийдвэрлэжээ. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/01408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Сарангэрэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14

хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА