| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1439/Э |
| Дугаар | 1462 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 1462
2020 08 07 2020/ШЦТ/1463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиргис овогт Гантулгын Чинзоригт холбогдох эрүүгийн 2006 00000 1916 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санто хотхоны 112 дугаар байрны 1301 тоотод хохирогч Д.Билгүүнтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дөрвөн шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, доод уруул, зүүн шанаа, зүүн хацар, хүзүү, цээжинд цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санто хотхоны 112 дугаар байрны 1301 тоотод хохирогч Д.Билгүүнтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дөрвөн шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, доод уруул, зүүн шанаа, зүүн хацар, хүзүү, цээжинд цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:
Шүүгдэгч Г.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
Хохирогч Д.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Чинзориг таньд дээрэлхүүлж ханасан гэж хэлээд баруун гараараа 2 удаа миний нүүрэн тус газар цохиод, зүүн гараараа 1 удаа нүүрэн тус газарлуу нийт 3 удаа цохисон ... Чинзориг намайг дахиад нүүрлүү баруун зүүн гараараа ээлжлэн 5-6 удаа цохьсон... Тэгтэл Чинзориг үргэлжлүүлэн надруу дайраад миний нүүрэн тус газар баруун зүүн гараараа ээлжлэн 10 удаа цохиж байхдаа хавсарч унагаагаад миний нуруу, хүзүү, толгой хэсэгт 5 удаа дэвссэн....миний үүдэн 4 шүд хөдөлгөөнд орсон унахад бэлэн болчихсон байна, 1 араа шүд хөдөлгөөнд орчихсон, нийт 5 шүд уналаа” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7208 дугаартай “Д.Билгүүний биед тархи доргилт, дөрвөн шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, доод уруул, зүүн шанаа, зүүн хацар, хүзүү, цээжинд цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална” гэсэн дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тэгтэл Чинзориг нь Билгүүнээ ахын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Би Билгүүнээ ах, Чинзориг 2-г салгаад Чинзориг, Хулан бид гурав Билгүүнээ ахын гэрээс нь гараад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Г.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “ ... би зөрүүлээд баруун гараараа Билгүүнээ ахын нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Ч-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Г.Ч-ийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Г.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Ч-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Д.Билгүүний зүгээс шүүгдэгч Г.Ч-той эвлэрсэн, годмол саналгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Г.Ч-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Г.Ч нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ч-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ч-т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Г-н Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ч-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Ч-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Г.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ