Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1557

 

 

 

 

 

 

 

   2020         08           26                                    2020/ШЦТ/1557

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч М.Батзаяа,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Н-н Э-д холбогдох эрүүгийн 2006 03172 2145 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 07 сарын 11-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 239А тоот хашаандаа орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Г.Ганпүрэвийн эрүүл мэндэд зүүн сарвууны ядам хурууны хумстай үзүүрийн шивнүүр үений бүрэн тасрал, эдийн дутагдал бүхий шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 07 сарын 11-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 239А тоот хашаандаа орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Г.Ганпүрэвийн эрүүл мэндэд зүүн сарвууны ядам хурууны хумстай үзүүрийн шивнүүр үений бүрэн тасрал, эдийн дутагдал бүхий шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Э-н үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

Шүүгдэгч Н.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хохирогч Г.Ганпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цагт би 7 настай охины хамт гэрээсээ гараад явж байтал гудамжны буланд байх айлын хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд уг айлын хашаанд байсан нохой онгорхой дайрсан тэгээд би цаг айлын хашааны хаалгийг хаасан тэгтэл миний зүүн гарын ядам хурууны нэг үеийг уг айлын нохой хазаад тасалчихсан ... тэр орой нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж тарилга хийлгэсэн ... хашааны хаалга нь онгорхой байсан бөгөөд дотор нь нохой нь сул байсан ... тухайн хүн гарч ирээд өөрсдийн чинь буруу хохино гэж хэлчихээд буцаад орчихсон юм  ... Миний зүүн гарын ядам хурууны эхний үе нь тасарчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч М.Мөнгөнчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “ ... хашааны буланд байх 3 нохойтой айлын нохой дайрах гэхээр нь хаалгийг нь хаахад зүүн гарын долоовор хурууг нь уг айлын нохой хазсан байсан ... нөхөр гэртээ орж ирэхээр нь болсон зүйлийг нь асуухад нохойд хазуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8602 дугаартай “Г.Ганпүрэвийн биед зүүн сарвууны ядам хурууны хумстай үзүүрийн шивнүүр үений бүрэн тасрал, эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Н.Э-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Н.Э-н зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Энхтүвшинлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Э-г “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Г.Ганпүрэв нь хохирол төлбөрөө авсан цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.Энхтүвшинлхагвыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Э нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял  оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Э-н хохирол төлбөрөө төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э-н цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт Н-н Э-г “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Н.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ