| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1392/Э |
| Дугаар | 1421 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 1421
2020 08 03 2020/ШЦТ/1421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б Г холбогдох эрүүгийн 2006 02305 1927 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд Н.Амармэнд нь ачаа зөөх зориулалттай ПО загварын механизмийн сэрээн дээр сууж байгаад арагшаа толгой хэсгээрээ унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Г- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1/Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд Н.Амармэнд нь ачаа зөөх зориулалттай ПО загварын механизмийн сэрээн дээр сууж байгаад арагшаа толгой хэсгээрээ унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:
Шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Амармэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим шиг санагдаж байна ажлын газар ачаа буулгах гэж байгаад залхуураад тухайн үед ажиллаж байсан Батзаяагийн ПО-ны сэрээн дээр нь суусан. Дээшээ өргүүлж байгаад ачаатай гарах гэж байгаад машин руу ойртох гэхэд ухас хийгсэн чинь ПО-ны ар хэсэг рүү толгой хэсгээрээ уначихсан юм. По-гоор дамжих үйлдлийг хэн нэгэн санал болгоогүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Амармэнд, Гэрэлт-Од нар шалаанзны ачаа руу гарах гэж По-ны өргөгч сэрээн дээр суусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 7795 дугаартай “Н.Амармэндийн биед хүзүүний 4, 5 дугаар нугалам хоорондын жийргэвчийн урагдал, харалдаах нугас дарагдал, няцрал, 4 мөчний саа, саажилт, хүзүүний 4,5-р нугалам хоорондын диск чөлөөлөх мэс засал /2020.05.11/, хуйханд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ХАБ-23/20 дугаартай “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Нарны буман гэрэл ХХК-ний талбай дээр уг осол гарсан байна. Нарны буман гэрэл ХХК нь Н.Амармэндтэй нь амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгүүлж байсан бөгөөд захирал Б.Г- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. / гэж заасныг зөрчиж байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Нарны буман гэрэл ХХК-ний захирал Б.Г- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна. /гэж заасан үүргээ биелүүлээгүйгээс осол болсон гэж үзлээ ” гэх дүгнэлт /хх-ийн 57-60 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын явцад яллагдч Б.Г-ын “...Яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах ёстой байсан юм. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарсан учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Г-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Б.Г-ын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Б.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Н.Амармэнд хохирол төлбөрөө хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Г-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Г- нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Галмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г-ын хохирол төлбөрөө төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт дист 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б-н Г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
5. Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ