Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1448

 

 

 

 

 

 2020          08            06                                    2020/ШЦТ/1448

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хорчин овогт Баяраагийн Уламбаярт холбогдох эрүүгийн 2006 00000 1921 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караокены үүдэнд иргэн Д.Батхишигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, биед нь зүүн хөмсгөнд нь оёдол бүхий шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун зүүн хацар, дух, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.У нь 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караокены үүдэнд иргэн Д.Батхишигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, биед нь зүүн хөмсгөнд нь оёдол бүхий шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун зүүн хацар, дух, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

          Шүүгдэгч Б.У-т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Амархүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах караокенд орсон бөгөөд эхнэртэйгээ хамт нэг шил 0.5 литрийн архи хувааж уугаад хэсэг хугацааны дараа манай эхнэр бие засахаар тухайн газраас гарсан. Орж ирэхгүй байхаар нь гарсан чинь тасраад уначихсан байхаар нь би эхнэрээ шавхайнаас татаж гаргаад такси барихаар зам  дээр зогсож байтал хажуу талаас үл таних махлаг залуу “ чи эмэгтэй хүнийг ингэж авч явдаг юм уу” гэж хэлэн миний зүүн хацар шанаан тус газар нэг удаа цохисон. Миний толгой эргээл газар унасан бөгөөд газраас өндийгөөд босох гэтэл үл таних махлаг залуу дахин зүүн хацар хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн тул би манараад газарт хэвтсэн. Газарт хэвтээд өндийж чадахгүй байсан тул миний толгой руу олон удаа өшиглөсөн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

Гэрч Б.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Хэсэг хугацааны дараа би хоёр найзыгаа хайгаад гадагшаа гартал баарны үүдэнд үл таних 40-50 орчим насны эрэгтэй толгойноос нь цус гарчихсан байдалтай харин хажууд нь манай хоёр найз зогсож байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд бид гурвыг аваад явсан. Уламбаяр үл таних ахыг зодсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,

Гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Караокены урд үл таних 40-50 орчим насны эрэгтэй эхнэрийнхээ гуя, болон бөгс хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан. Уламбаяр үл таних ах дээр очоод “болиоч” гэтэл тэр ах уурлаад “Чамд ямар хамаатай юм” гэж хэлэн Б.У-ын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Уламбаяр уурлаад буцаагаад үл таних ахын зүүн шанаа хэсэгт нэг удаа цохитол тэр ах газарт унасан ба газар хэвтэж байх үед нь толгой хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Би Уламбаярыг холдуулаад байж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай “1. Д.Батхишигийн биед зүүн хөмсгөнд оёдол бүхий шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн доод зовхи, баруун зүүн хацар, дух, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Зүүн хөмсгөнд оёдол бүхий шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус бүр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод зовхи, баруун зүүн хацар, дух, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/  зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.У-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Б.У-ын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Б.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.Батхишигийн хохирол төлбөрөө хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.У-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.У нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У-ын учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У-ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Б-н У “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.У-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ