| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1428/Э |
| Дугаар | 1450 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 1450
2020 08 06 2020/ШЦТ/1450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Б.Тулга,
шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Арцат овогт Хишигжаргалын Нэргүйд холбогдох эрүүгийн 2006 0288 01959 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 88Б байрны 79 тоотод хохирогч Э.Нямдаваатай маргалдаж, биед нь тархи доргилт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны өнгөнди зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагаан хуаран хотхоны 88Б байрны 79 тоотод хохироогч Э. Нямдаваатай маргалдаж, үснээс нь зулгааж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны өндгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Н-н үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:
Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шөнө 02 цагийн орчим гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг тогшоод байхаар нь цонх онгойлгоход ахын хүү болон Гантогтох нь эхнэр Сэрчмаа согтуу дүүтэйгээ архи уугаад байна, Нарантуул захын хажуу талын байранд байна хамт яваад эхнэрийг аваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 02 цаг 10 минутын орчим гэрээс гараад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны 88Б байрны 79 тоотод ирэхэд 5-6 хүн байсан ба Сэрчмаа нь жижиг өрөөнд унтаж байсан. Би очоод хөнжлийг нь татаж аваад гарья гэж хэлсэн чинь би сайн мэдэхгүй гэхэд хажуу талаас Сэрчмаагийн дүү эмэгтэй Нэргүй эгчийгээ явуулахгүй гээд Гантогтохтой хэрүүл болоод бид нарыг зайл, хүн унтаж байна гэж орилж хашгираад байсан. Тэгэхэд Нэргүй нь дахин эгчийгээ явуулахгүй гэж үснээс зулгааж эхэлсэн ба миний ам луу нэг удаа гараараа цохиж уруул сэтэлсэн. Хажууд байсан хүүхдүүд салгахаар нь би Гантогтохыг аваад гэрээс гараад явсан. Миний үс сэгсийсэн, уруул сэтэрсэн, хумс хөдөлгөөн орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дүгээр тал/,
Гэрч Д.Мягмаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би найз Нэргүйгийн гэрт хонож байсан. Орой нь эгч Сэрчмаа ирж бид нартай хоносон. Бид нар шөнө 01 цаг хүртэл хөзөр тоглож байгаал унтсан. Шөнө 03 цагийн орчим гэрт Гантогтох болох манай арван жилийн найз эгчийгээ дагуулан ирж эхнэрээ авья, бид нарыг архи уулаа гэх мэтээр хэрүүл маргаан болсон. Энэ үед Нэргүй, Нямдаваа эгч нар Сэрчмаа эгчийг авч явна явахгүй гэж хэрүүл болж байгаад Нэргүй нь Нямдаваа эгчийн үснээс зулгааж зууралдсан. Бид нар хажуу талаас салгах үед хажууд Гантогтох нь аллаа гэх мэтээр орилж хашгираад байсан. Тэгж байгаад Нэргүй, Нямдаваа эгчийн үснээс нь тавихад өөрсдөө гараад явсан. Тэгээд бид нар унтаж амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,
Гэрч Х.Сэрчмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тухайн өдөр манай нөхөр эмнэлэгт хэвтсэн ба маргааш нь би эмнэлэгт үзүүлэх ёстой тул өөрийн төрсөн дүү Нэргүйгийн гэрт очиж хонох гээд явсан. Манай нөхөр маш их хартай тул Нэргүйгийн гэрт байхад байнга залгаад чатаар яриал байсан. Манай дүү Нэргүйтэй хамт найзууд нь болох 3 хүн Цагаан хуаран хотхонд байр түрээслэдэг байсан ба бүгд унтаж амарч байсан. Тэгэхэд манай нөхөр шөнө 04 цагт эгч Нямдаваатай хамт орж ирсэн. Над луу нөхөр гэртээ хоносонгүй, архи уулаа гэх мэтээр хардаж хэрүүл маргаан болсон. Энэ үед хамт ирсэн Нямдаваа эгч намайг харь гээд босгоход хажуу талаас Нэргүй явуулахгүй гэж маргасан ба намайг жижиг өрөөнд оруулсан. Маргаад байсан ба хажуу талаас Энхжаргал болон Мягмаржаргал нар хэрүүл болсон. Тэгж байгаад Нэргүй, Нямдаваа нар хоорондоо маш ширүүн хэрэлдэж Нэргүй нь Нямдаваа эгчийн үснээс зулгаагаад унасан ба хажуу талаас нь Энхжаргал, Мягмаржаргал нар салгах гэхэд салахгүй зууралдаад байсан. Тэгэж байгаад арай гэж салгаад нөхөр Гантогтох нь эгч Нямдаваагаа аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/,
Гэрч Э.Соёл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би найз Нэргүй, түүний эгч Сэрчмаа, Энхжаргал түүний нөхөр, Мягмаржаргал нартай хамт хонож байсан. Бид нар хөзөр тоглоод 01 цаг гэж байхад унтсан ба Сэрчмаа эгчийн нөхөр нь удаа дараа залгаад байсан ба Нэргүй гар утсыг нь булааж авч хэрүүл болгоод салгасан. Унтаж байхад шөнө 03 цагт Сэрчмаа эгчийг бос явья гэсэн яриа гарсан. Сэрчмаа эгчийн нөхөр Гантогтох нь бид нарыг согтуу байна, Сэрчмааг мэдрэл муутай гэх мэтээр доромжилж байсан. Тэгэж байхад Сэрчмаа эгчийг Нямдаваа нь авч явах гээд байсан ба энэ үед Нэргүй, Нямдаваа эгчтэй үсдэлцээд зууралдсан. Бид нар хажуу талаас нь салгасан ба Нямдаваа, Гантогтох нар гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7565 дугаартай “1. Э.Нямдаваагийн биед тархи доргилт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны өндгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Х.Н-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Х.Н-н зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Н-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Э.Нямдаваа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Х.Н-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Х.Н нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Н-гийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Н-гийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Х-н Н-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Н таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Н оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ