Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 08

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.У, Я.Д нарын нэхэмжлэлтэй

ОАУБХ-т холбогдох “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл болон улсын бүртгэлийн Y-2101000017 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Б.У, Я.Д нарыг тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр бүртгэхийг ОАУБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0005/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Д, нэхэмжлэгч Б.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Х, хариуцагч ОАУБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээд Ё.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У, Я.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Я.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Я.Д нь нөхөр Ч овгийн Б-тай 1977 оны 11 дүгээр сарын 07-нд гэр бүл болж байсан. Бид гэр бүл болоод 1980 оны 12 дугаар сард Эрдэнэт хотод нүүж ирэн Ардын армийн 219 дүгээр ангид нөхөр Ч.Б нь салаан захирагчаар, Ардын армийн 210 дугаар ангид нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Бид ажиллаж амьдрах хугацаанд 1989 онд Эрдэнэт хотод байсан Ардын армийн ангид нэгтгэж, Зэвсэгт хүчний 186 дугаар анги болон өөрчлөгдсөн. Манай нөхөр Ч.Б нь 1989 онд химийн албаны даргаар томилогдсон. 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дэд хурандаагаар ажиллаж байх хугацаандаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн байр, орон сууц хуваарилах комиссын 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрээр тухайн үеийн илгээлтийн 1 дүгээр байрны 40 тоот буюу одоогийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот орон сууцыг эзэмшиж эхэлсэн билээ. 1998 оноос хойш миний бие Я.Д нь Ч.Б, хүү Б.У, Б.У нар амьдарч байгаад нөхөр маань 2003 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан, хүү Б.У нь гэр бүлийн хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Байгууллагаасаа нөхрийгөө нас барсны дараа асуухад та энэ байранд сууж бай. Та хоёр, хоёулаа л манайд ажиллаж байсан юм чинь, энэ таны байр гэж хэлсэн учраас би өмчилж авах гэж хөөцөлдөж яваагүй, амьдраад өдийг хүрсэн. Одоогийн байдлаар 20 жилийн хугацаанд би болон том хүү Б.У /гэр бүлийн хамт/ нар хамт амьдарч байна. Гэтэл 2018 он гарсанаас хойш шүүхээс зарлан дуудах хуудсаар намайг дуудан миний 20 жил амьдарсан байрыг Ё.Д гэж хүн өөрийн өмчлөлдөө авч, биднийг байрнаас нүүхийг шаардсан нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан байна. Ё.Д нь 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр энэ байрыг худалдаж авсан гэх боловч нэг ч удаа манайд ирж байгаагүй, тухайн үедээ бидний амьдарч байгаа орон сууц Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн өмч буюу төрийн өмч байсан. Ё.Д нь яаж худалдаж авсан нь тодорхойгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ 19 жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээ авсан байна. 20 жил амьдарсан бидний эрх ашгийг зөрчиж байна. Энэ байрыг 1996 онд Дондог хурандаа хувьчлах боломжгүй. Тэр байр анх ашиглалтад ороод Дондог хурандаа албан тушаалын байр гэж байрлаж байгаад 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот руу шилжиж явсан байсан. Дараа нь манай байгууллагын байр хуваарилах комисс хуралдаад манайд хуваарилж өгсөн. Ё.Д гэдэг хүн намайг болон манай нөхрийг таньдаг, нөхөртэй нь уулзаж байсан. Биднийг өрөвдөж харж үзэн байрандаа амьдруулж байсан гэж худлаа хэлж байна. Би анх удаа шүүх хуралдаан дээр ирэхдээ энэ хүнийг харсан. Энэ хүн их гүтгэж байна. 20 жил амьдрахад яагаад над дээр ирээгүй нь их сонин. Энэ хүнийг үнэхээр гайхаж байна. 3 шатны шүүх хурлаар ороод ирэхэд шүүгч нарын урдаас дандаа миний эсрэг худал мэдүүлэг өгсөн. Миний байрыг миний эзэмшилд шилжүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч нар анх 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 186 дугаар ангийн байр, орон сууц хуваарилах комиссын шийдвэрээр уг байранд амьдраад эзэмшээд явж байна. 2018 оны 01 дүгээр сард гуравдагч этгээд Ё.Д гэдэг хүн анх нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу өөр хүний нэр дээр байгаа талаар мэдсэн. Гуравдагч этгээд хаанаас хэрхэн яаж авсныг судлаад үзэхээр 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дондог гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан байдаг. Ингээд Улсын бүртгэлийн газар бүртгүүлэх гэсэн боловч бүртгээгүй байдаг. Гэтэл 20 жилийн дараа буюу 2017 онд гэрчилгээ авсан байдаг. Хамгийн анх тухайн орон сууцыг Б.Д гэдэг хүн 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор хувьчилж авсан байдаг. Улсын дээд шүүхийн 482 дугаартай тогтоолд энэ талаар тодорхой тайлбарласан байна. Үүнээс үзвэл тухайн орон сууцыг тэргүүн ээлжинд нэхэмжлэгч нар өмчлөх эрхтэй буюу шударга эзэмшигч болж байгаа. Тэгэхээр Ё.Д-ийн худалдаж авсан Говилын 48-40 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь анхнаасаа хуулийн дагуу бүртгэгдээгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Гуравдагч этгээд хувьчлагдсан байр худалдаж авсан гэж маргаж байна. Гурван шатны шүүх энэ хувьчлалыг илт хууль бус гэж тогтоосон. Засгийн газрын тогтоолд 186 дугаар ангийн 12 айлын орон сууц хувьчилж үл болох  байрны жагсаалтад орсон. Бын эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 329, Б.Дийн эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 330 гэж байна. Он сарын хувьд сүүлд нь авсан байхад урдах дугаар байна гэж хэлсэн. Байгууллага бүр шинэ он гарахаас албан бичгийн дугаараа нэгээс эхэлж авдаг. Энэ бол өөр өөр онд авсан дугаарууд байгаа” гэв.

 

Хариуцагч ОАУБХ хариу тайлбартаа: “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот орон сууцны өмчлөгчөөр Ё.Д, Ч.Б, Г.Ч, Ч.Н нар бүртгэлтэй байна. Уг орон сууцыг Орон сууц ашиглах эрхийн 1996 оны 04 сарын 29-ний өдрийн 330 тоот гэрчилгээ, өргөдөл, орон сууц хувьчлалын товчооноос олгосон 0007009 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох нотлох баримтыг үндэслэн Б.Д, Б.Дулмаа, Д.Сэлэнгэ, Д.Энхтайван, Д.Мөнхбаатар нарт хувьчилсаныг 1997 оны 07 сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан байна. Б.Д нь 1998 оны 10 сарын 01-ний өдөр №44 дугаартай нотариатч /н.Долгорсүрэн/-ийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Ё.Д, Ч.Б, Г.Ч, Ч.Н нарт худалдсан байна. Дээрх орон сууцны өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулахдаа орон сууц хувьчлах товчооноос ирүүлсэн хувьчлалын холбогдох материалыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй байна” гэжээ.

 

Хариуцагч ОАУБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говил багийн Илгээлтийн 48-40 тоот орон сууц нь өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Ё.Д, Б, Чу, Н гэсэн хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Уг орон сууцыг 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 330 тоот гэрчилгээ, өргөдөл, орон сууц хувьчлах товчооноос олгосон 007009 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох баримтуудыг үндэслэн Дондог, Дулмаа, Сэлэнгэ, Энхбаатар нарт хувьчилсныг 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан байна. Дондог нь 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ё.Д, Б, Ч, Н нарт өмчлөлийг шилжүүлсэн байдаг. Энэ бүртгэлийг хийхдээ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 15, 17 дугаар зүйлд зааснаар бүртгэсэн байдаг. Тухайн орон сууцыг бүртгэх болсон өмчлөх эрхийг баталгаажуулах нотлох баримт нь хууль журмын дагуу явагдаагүй. Улсын дээд шүүхийн тогтоолд тухайн хувьчлал нь хууль журмын дагуу явагдаагүй болох нь тогтоогдсон байгаа. Иймд манай бүртгэл бусад байгууллагын хууль ёсны шийдвэрийн үндсэн дээр хийгддэг учраас энэ хувьчлал нь өөрөө хууль бус болсон тул манай бүртгэл шүүхийн шийдвэрийг үндэслээд хүчингүй болох үндэстэй байгаа. Харин Б.У, Я.Д нарыг тус байрны өмчлөгчөөр тогтоож бүртгэх эрх хэмжээ манайд байхгүй. Эрх бүхий байгууллагын өмчлөх эрхтэй болох тухай баримтыг үндэслэн бүртгэж, гэрчилгээ олгох боломжтой байгаа.

Хамгийн анхны 007009 дугаартай гэрчилгээг Орон сууц хувьчлах товчоо олгож, үүнийг нь улсын бүртгэлийн байгууллага баталгаажуулсан. Үүний дараа Ё.Д-т өөр гэрчилгээ олгосон байх ёстой. Гэтэл манай архивт баримт байхгүй байсан. Тиймээс анхны гэрчилгээний дугаараар зарлуулсан. Тэгээд гээгдүүлсэн гэрчилгээний журмаар 2017 онд манайд хандаад цэнхэр гэрчилгээ солигдоод явсан. Хувийн хэрэгт хэдэн тоот гэрчилгээ бичсэн талаарх тэмдэглэгээ байхгүй. Хувийн хэрэгт “хувьчлагдахгүй байр” гэж бичигдсэн байсан. Хэн ямар үндэслэлээр бичсэн нь тодорхой бус. Тухайн үедээ ажиллаж байгаагүй учраас яагаад ингэж тэмдэглэснийг мэдэхгүй. Тухайн үед гардаж ажиллаж байсан хүмүүс хийсэн байх. Орон сууц хувьчлах тухай хуультай холбогдуулаад шалгаж үзсэн байж болох байх. Хувьчлагдахгүй орон сууцны жагсаалтад байж байгаад тэгж бичсэн байх магадлалтай. 007009 гэх гэрчилгээ манай архивт байхгүй. Тэр үеийн баримтууд руу орсон байх гэж хайгаад олоогүй. Ё.Д гуайн ярьснаар өөрийнх нь гар дээр байсан гэж байна. Тэгэхээр манайх үүнийг үзээд тухайн үед ирэхэд нь энэ хувьчлагдах боломжгүй гэж хэлээд өөрт нь буцаагаад өгсөн байх. Архивын баримтаас хайгаад олоогүй. Энэ гэрчилгээний дугаарыг олохын тулд тухайн үеийн гэрчилгээний бүртгэлийн дэвтэр дээр хүртэл харахаар байхгүй байдаг. Гэрчилгээ бичигдээгүй юм шиг байдаг. Худалдах, худалдан авах гэрээг бүртгэх боломжгүй гэж мэдүүлэгт тэмдэглээд буцаагаад өгсөн байх гэсэн дүгнэлт гарч байна. Гэрчилгээний албан ёсны дугаар байхгүй байсан. Тиймээс анхны гэрчилгээний дугаараар зарлуулаад, гээгдүүлсэн журмаар гэрчилгээ дахин гаргуулж авсан” гэв.

 

Гуравдагч этгээд Ё.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ё.Д болон миний хүүхэд Ч.Б, Ч.Н болон нөхөр агсан Г.Ч нарын нэр дээр олгогдсон Баян-Өндөр сумын 14-р баг, Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот 48 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Б.У, Я.Д нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Энэ орон сууц нь хуулийн ямар нэгэн зөрчилгүйгээр бидний өмчлөлд шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэнийг дараах байдал нотолно. Үүнд: 1. Дээрх орон сууцыг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн офицер Б овогтой Д 1996 оны 04 дүгээр сарын 29-ний 330 тоот эрхийн бичгээр эзэмшсэн байна. Иргэн Б.Д нь Орон сууц хувьчлах тухай 1996 оны 10 дугаар сарын 25-ны хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор хөлслөх гэрээгээр орон сууцыг эзэмшиж байсан тул мөн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар эзэмшиж байгаа орон сууцаа нэг удаа үнэ төлбөргүй хувьчлан авах талаар мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, Орон сууц хувьчлах товчоонд хандсан байна. Орон сууц хувьчлах товчоо Б.Д-ийн хүсэлт, материалыг хянан үзээд 1997 оны 07 дугаар сарын 29-ний хурлаараа хэлэлцээд 03 шийдвэр гаргаж, 007009 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. Ийнхүү уг орон сууц Б.Д, түүний гэр бүлийн өмч болсон байна.

2. Дээрх орон сууцыг Б.Д нь 1998 оны 10 дугаар сарын 01-ний Худалдах, худалдан авах гэрээгээр Ё.Д-т 600000 төгрөгөөр худалдсан ба худалдан авагч Ё.Д нь гэр бүлийн гишүүд болох нөхөр Г.Ч, хүүхэд Ч.Б, Ч.Н, Ч.Д нарын хамт өмчлөгч болон бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. Ё.Д нар нь уг орон сууцандаа орж суугаагүй буюу эзэмшээгүй байсан нь дараах учир шалтгаантай. Өрхийн тэргүүн Г-ийн Ч нь өмчлөх эрхийн гэрчилгээг өөртөө хадгалж, уг байрнаас Б.Д-ийнх нүүсэн учраас Ч.Б-ыг өөрийнх нь гуйлтаар суулгасан юм. Ч.Б-ынх байрны хөлс мөнгөө төлөөд сууж байсан учраас тэднийхийг нүүлгэн гаргахаар яаравчлаагүй байж байтал миний нөхөр Г.Ч 2005 оны 11 дүгээр сарын 10-нд нас барсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээгээ олохгүй болсон.

3. Иргэн Ё.Д миний хувьд хажуу дахь хань унаж, сургуулийн олон хүүхэдтэй орлого цалингүй хэцүүхэн байдалтай байсан ба нэгэнт гэрээ хийж нотариатаар ороод улсын бүртгэлд мэдүүлсэн, гэрчилгээ авсан тэр байр баталгаатай учраас хойш тавьж хэдэн хүүхдээ сургууль соёл төгсгөх гэж зүтгэсэн. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд сургуулиа төгсөж хоолны захад хүрч би сая нэг амьсгаа авахтайгаа болоод Илгээлтийн 48 айлын сууцны 40 тоотдоо очиж байраа суллуулъя гэтэл Б нас барсан эхнэр нь Д гэж хүн өмнөөс загнаж хэрэлдээд байхаар нь нас барсан нөхөрт байсан гэрчилгээгээ зарлуулж, хүчингүй болгуулаад анх гаргасан мэдүүлэг баримтаа хувийн хэргээс шүүлгэж, гэрчилгээ дахин авах мэдүүлэг гаргаад шинээр гэрчилгээ авсан.

4. Гэтэл Зэвсэгт хүчний 186 дугаар анги Б.Д болон худалдан авсан хүмүүсээс лавлаж тодруулалгүй 1998 оны 10 дугаар сарын 14-нд Ч.Б-ыг уг орон сууцанд оруулахаар шийдвэрлэж, улмаар хотын захиргаанаас 329 тоот сар нь засвартай эзэмших эрхийн бичиг авсан байна. Энэхүү эрхийн бичиг нь хууль ёсны өмчлөгчдийн эрхийг зөрчсөн тэдэнд мэдэгдээгүй одоо шүүхийн шатанд гарч ирж байгаа баримт юм. Үндэслэлгүй олж авсан, уг байр хувьчлагдсан, Ё.Д нарт худалдагдсаныг Ч.Б, түүний гэр бүл мэдэж байсан учраас Орон сууц хувьчлах товчоонд материал өгөх, өргөдөл гаргах, улсын бүртгэлд мэдүүлэг гаргах боломжгүй бөгөөд тийм үйлдэл хийгээгүй байна. Энэ орон сууцны улсын бүртгэлийн лавлагаанд Ч.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн тухай ямар ч мэдээлэл байхгүй болно. Иймд Б.У, Я.Д нарын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, бидний эрхийг хамгаална уу” гэжээ.

Гуравдагч этгээд Ё.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч Я.Д намайг танихгүй харж байгаагүй гэж дандаа ярьдаг. Бүх шатны шүүх дээр ингэж хэлж байсан. Манай нөхөр Ч гэж хүн байсан. Тухайн үед би эдийн засагч хийдэг байсан. Манай нөхөр наймаа хийдэг байсан. Тэгээд энэ байрыг Б.Д гэдэг хүнээс худалдаж авсан. 007009 өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилж авсан. Анх би байрнаасаа албадан гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хэргийн шүүхэд өгсөн. Гэтэл энэ хүмүүс намайг танихгүй, мэдэхгүй харж байгаагүй гээд байгаа. Энэ улсын бүртгэлийг хүчингүй болгож бидний нэр дээр болгож өгөөч гэж нэхэмжлэл өгсөн байдаг. Тэгээд үүнээс үүдээд хувьчлалын асуудлаар явсан. Энэ асуудлаар 3 шатны шүүхээр явсан. 1996 оны 10 дугаар сард Орон сууц хувьчлах тухай хууль гарсан. 1997 оны 03 тогтоолоор Орон сууц хувьчлах товчоонд хандаад явсан. Ингэхэд би хувьчлаагүй байрыг аваагүй, хувьчилж авсан. Хүний өмчлөлд байсан байрыг авсан.  Хувьчлагдаагүй байсан бол авахгүй байх байсан.  Тэр үед байр их хямд байсан. Би 600 000 төгрөгөөр худалдаж авсан. Би энэ хүн рүү утасдсан. Би байраа авъя гэж хэлэхэд гөлөг минь чи юу гэж миний байр руу орсон юм бэ? Хаанаас ирсэн, хэн бэ? гэж уурлаж байсан.  Чам шиг гөлөг олж авч чадахгүй шүү. Энэ байрыг чинь надад Батлан хамгаалах яам надад өгсөн юм гэж байсан.  Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хүмүүс энэ хооронд их баримт цуглуулж авч ирсэн байдаг. Зарим баримтыг хууль ёсны гэж үзэхгүй байна. Би тийм хүн гүтгэдэг хүн биш. Өдий наслахдаа худал хэлж үзээгүй. Б.Д гэх хүн худалч хүн биш. Би улсын бүртгэлийн хуурамч гэж боддоггүй. Энэ байраа өмчилсөн болохоор нэгэнт баталгаатай гэж бодсон. Намайг гүтгэж байна гээд байх юм. Харин ч би их гүтгүүлж байна” гэв.

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У, Я.Д нар нь ОАУБХ-т холбогдуулан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл болон улсын бүртгэлийн Y-2101000017 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Б.У, Я.Д нарыг тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр бүртгэхийг ОАУБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Шүүхээс “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл болон улсын бүртгэлийн Y-2101000017 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хангаж, “Б.У, Я.Д нарыг тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр бүртгэхийг ОАУБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н нар хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Б.У, өмгөөлөгч Р.Н нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой талаар хэргийн оролцогчид санал гаргасан болно.

Нэг. “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл болон улсын бүртгэлийн Y-2101000017 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Илгээлтийн 48-р байрны 40 тоот орон сууцыг Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор Б.Д нарт хувьчилахаар шийдвэрлэснийг орон сууц хувьчлалын 0007009 дугаартай гэрчилгээний дагуу өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2101000017 дугаарт бүртгэжээ.

Тухайн орон сууцыг Б.Д нь Ё.Д-т “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжүүлэхээр гэрээ байгуулж, Ё.Д нь 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргасан байх бөгөөд уг мэдүүлэгт “Хувьчлагдахгүй байр” гэсэн тэмдэглэгээ хийсэн байна.

Ё.Д-ийн 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг”-ийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөрчлөгдсөн бүртгэлийг тухайн үед хийж, Ё.Д нарт өмчлөх эрхийн гэрчилгээ шинэчлэн олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Ё.Д нь өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж зарлуулахдаа Б.Д нарын өмчлөх эрхийн 0007009 дугаартай гэрчилгээг гээгдүүлсэн гэж зарлуулсан байх бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/902 дугаартай тушаалаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2101000017 дугаартай 0007009 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Үүнээс дүгнэхэд тухайн үед өмчлөх эрх өөрчлөгдсөн бүртгэл хийж, Ё.Д нарт өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгоогүй гэж дүгнэхээр байна. 

Харин Ё.Д нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ОАУБХ-т эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг “Үрэгдүүлсэн гэрчилгээг шинээр олгох” гэсэн үндэслэлээр гаргаж, түүнд өмчлөх эрхийн 000597783 дугаартай гэрчилгээг шинээр олгосон нь тогтоогдож байна.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Илгээлтийн 48-р байрны 40 тоот орон сууцыг Б.Д нарт хувьчилсан Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоол нь илт хууль бус байсныг тогтоож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 520 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 482 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр болжээ.

ОАУБХ нь Б.Д, Ё.Д нарын орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байгаа ч Б.Д-т орон сууц хувьчилсан эрх бүхий байгууллагын шийдвэр болох Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоол нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр илт хууль бус болох нь тогтоогдсон учраас түүнийг үндэслэн хийсэн Ү-2101000017 дугаартай эрхийн улсын бүртгэл, энэхүү бүртгэлийг үндэслэн Ё.Д-т олгосон өмчлөх эрхийн 000597783 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй.

Дээрх эрхийн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан “Үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх” зарчим, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Эрхийн улсын бүртгэл  үнэн зөв байх ...” зарчимд нийцэхгүй, хууль бус болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү бүртгэлийн улмаас 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 329 дугаартай “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийн дагуу тухайн орон сууцыг эзэмшиж, амьдарч байгаа Ч.Д, Б.У нарын орон сууцыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. “Б.У, Я.Д нарыг тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр бүртгэхийг ОАУБХ-т даалгах” нэхэмжлэлийн тухайд: Б.У, Я.Д нар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Илгээлтийн 48-р байрны 40 тоот орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаж мэдүүлэг гаргаж байгаагүй, орон сууцны өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр болон үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нар нь тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй  этгээд биш байх тул тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр бүртгэхийг ОАУБХ-т даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно. 

Нэхэмжлэгч Б.У, Я.Д нарын эзэмшиж, амьдарч буй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Илгээлтийн 48-р байрны 40 тоот орон сууц нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдлийн албан тушаалын байрны зориулалтаар ашиглагдаж байгаа тул тухайн орон сууцны өмчлөгчөөр Б.У, Я.Д нарыг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан “Үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх” зарчим, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Эрхийн улсын бүртгэл  үнэн зөв байх ...” зарчимд нийцэхгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Б.У, Я.Д нарын ОАУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот орон сууцны Ү-2101000017 дугаартай улсын бүртгэл болон улсын бүртгэлийг үндэслэн Ё.Д-т олгосон өмчлөх эрхийн 000597783 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “Б.У, Я.Д нарыг тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр бүртгэхийг ОАУБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАУБХ-ээс 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.У, Я.Д нарт олгосугай.

          3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.УУГАНЦЭЦЭГ