Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 342

 

 “МДТОФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01339 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МДТОФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Зоригтод холбогдох,

 

2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж,                491 689 680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Мөнхцогт

Хариуцагч: Н.Зоригт

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Зоригтоос 136004/0145 нэгж талбарын дугаартай газрыг худалдан авахаар болж, урьдчилгаа төлбөрт Форд маркийн суудлын автомашин болон 83.58 м.кв талбай бүхий байр өгч, гэрээгээ 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан.

Манай компанийн эзэмшилд уг газар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шилжин ирэх үед Н.Зоригтын өмч биш болохыг мэдсэн ба хууль зөрчиж талууд гэрээ байгуулсан байсан. Маргаан бүхий газар нь Н.Зоригтын өмчлөлийнх биш байх бөгөөд уг газрыг худалдах эрх түүнд байхгүй байсан байна.

Гэрээний төлбөр болгож түүнд УНХ 95-03 улсын дугаартай Форд маркийн автомашин, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 62 байр, А блокын 807 тоот оффисын талбай болон зарим төлбөрийг бэлнээр төлсөн. Энэ талаар хариуцагч нь маргаагүй ба     250 000 ам.доллараас 13 000 ам.доллар дутуу байгаа гэж хариу тайлбартаа бичжээ.

Иймд талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 237 000 ам.доллар буюу 491 689 680 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээгээр тохирсон 250 000 ам.доллараас одоо 13 000 ам.долларыг нэхэмжлэгч надад өгөх ёстой. “МДТОФ” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын       01-ний өдөр хүртэл газар эзэмших эрхийн дагуу барилга барих бүрэн боломжтой байсаар байхад гэрээний дагуу миний мөнгийг гүйцэд өгөхгүй, хашаагаа бариулахгүй байсаар газар өмчлөх эрхийн хугацаагаа 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгасан.

Одоо газар ээмших хууль зүйн үндэсгүй байж, намайг хашаа барьж өг гэсэн энэ шаардлагыг би хүлээн авах боломжгүй байна.

 Харин би гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш авах ёстой 13 000 ам.доллараа хоног тутам 0,1 хувиар алданги тооцож нэхэмжлэх болно. Хэрвээ 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уг газар Н.Зоригтын өмч биш гэдгийг мэдсэн юм бол тэр өдрөө гэрээгээ цуцлаад надаас машинаа авах бүрэн боломжтой байсан.

Гэтэл 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш оффисын байраа миний нэр дээр 2014 оны 12 дугаар сард шилжүүлж өгсөн, мөн мөнгө төгрөг өгч байсан. Үүнээс үзэхэд уг газар нь Н.Зоригтын дүүгийн компанийн нэр дээр байсан гэдгийг анхнаасаа тэд нар мэдэж байсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д худалдагч Н.Зоригт нь “Хатан цацал” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн хүлээн авах тасгийн баруун талд байрлах, 650 м.кв газрыг “МДТОФ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, холбогдох бичиг баримтыг бүрэн хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж гэрээн дээр заасныг харахад Н.Зоригт нь Хатан цацал компанийн нэр дээр байгаа газрыг “МДТОФ” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн нь харагдаж байна. Үүнээс үзэхэд Н.Зоригтын нэр дээр уг газар байхгүй байгаа гэдгийг “МДТОФ” ХХК анхнаасаа мэдэж байсныг баталж байна.

Уг газар нь Н.Зоригтын өмч гэдэг нь уг газрыг зарахаас өмнө би 2014 оны 02 дугаар 26-ны өдөр газрын төлбөр, газрын анхны дуудлага худалдааны үнэ 10 000 000 гаруй төгрөг төлөх нэхэмжлэлийг газрын албанаас авч байгаагаар батлагдаж байгаа ба уг газрын төлбөрийг Н.Зоригт төлсөн гэдэг төлбөрийн баримтаас тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлийг аваад би газрын албан дээр очиход Баянзүрх дүүргийн Газрын алба хариуцсан н.Баярмагнай гэдэг залуутай уулзахад “МДТОФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Одоо уг газрыг эзэмших хууль зүйн үндэсгүй гэж хэлж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан “МДТОФ” ХХК болон Н.Зоригт нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Н.Зоригтоос 491 689 680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МДТОФ” ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 686 598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Н.Зоригтоос 2 616 398 төгрөг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 70 200 төгрөг тус тус гаргуулан “МДТОФ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анх би "Хатан цацал" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг үзүүлж, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг мөнгөн дүнд оруулж, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж тохирсон. Нэхэмжлэгч тал 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уг газрыг Н.Зоригтын өмч биш болохыг мэдсэн атлаа гэрээг цуцлаагүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авчихаад гэрээний дагуу оффисын байр, мөнгө өгсөн.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4 дэх хэсэгт “хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана” гэж заасан байна. Тэгвэл Н.Зоригт, С.Мөнхцогт нарын хооронд хийсэн гэрээний гол нөхцөл, агуулга нь "Хатан цацал" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "МДТОФ" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх байгаа. Түүнээс биш Н.Зоригт "Хатан цацал" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "МДТОФ" ХХК-ийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн гэрээний гол санаа, гол нөхцөл байхгүй байхад шүүх газар худалдах, худалдан авах гэрээ, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой гэсэн үгнээс Н.Зоригт нь "Хатан цацал" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "МДТОФ" ХХК-ийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн гэрээ хийсэн байна гэж хэт нэг талыг барьж уг хэргийг шийдсэн.

Гэрээнд "Хатан цацал" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "МДТОФ" ХХК-ийн эзэмшилд шилжүүлнэ гэж тодорхой заасан байгаа.

2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1/21 тоотоор НӨХГ-т "Хатан цацал" ХХК-ийн эзэмшлийн БЗД, 14-р хороо, 650 м2 газар эзэмших эрхийг "МДТОФ" ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгнө үү гэсэн албан тоот өгч, газар эзэмших эрхийн гэрчилгээг "МДТОФ" ХХК-д шилжүүлж өгсөн. Энэ нь газрын тухай хуулийн 35.1.4-т зааснаар, мөн газрын тухай хуулийн 38.4 дэх хэсэгт зааснаар хууль зүйн дагуу газар эзэмших эрхийг "МДТОФ" ХХК-д шилжүүлж өгсөн гэж үзэж байна.

650 м.кв газрыг "МДТОФ" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр байгуулсан гэрээ нь газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Өмчлөлд шилжүүлэх гэдэг ганц үгээр энэ гэрээг хийсэн гэж үзэх нь дутагдалтай. Харин эзэмших эрхийг. "МДТОФ" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх гэж гэрээн дээр 2 удаа тодорхой заасан байгаа. Гэтэл шүүх өмчлөлд шилжүүлэх гэсэн үгийг шууд утгаар нь авч үзсэн нь Иргэний хуулийн 198.1, 198.4 заасан үндэслэлийг үгүйсгэж байна.

"МДТОФ" ХХК-ийг төлөөлж С.Мөнхцогт, "Хатан цацал" ХХК-ийг төлөөлж Н.Зоригт гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 66.3 дахь хэсэгт заасан төлөөллийн харилцаа байхгүй гэж үзжээ. Гэрээ хийхдээ С.Мөнхцогт нь "МДТОФ" ХХК-ийг төлөөлөөгүй, тэр үед одоо ч гэсэн "МДТОФ" ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас захиран зарцуулах эрхтэйгээр гэрээнд заасны дагуу машин, оффисын байр, компанийн касснаас бэлэн мөнгө гаргаж өгч байсан. Ийм хүнийг компанийг төлөөлж байна гэж үзэхгүй, харин уг компанийн гүйцэтгэх захирал, захиран зарцуулах эрхтэй хүн гэж үзэж байна. Мөн компанийн тамга тэмдгийг дарж гүйцэтгэх захирал С.Мөнхцогт гэж гэрээ хийж байгаа учраас гэрээ хийх бүрэн эрхтэй гэж үзэж байна. Гэрээ хийхээс өмнө 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Хатан цацал" ХХК-иас "Хатан цацал" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Зоригг нь бусдад худалдах, бэлэглэх гэрээ хийх хэрэгтэй гэж "МДТОФ" ХХК-д өгсөн. Энэ нь Н.Зоригт нь "Хатан цацал" ХХК-ийг төлөөлж гэрээ хийх эрхтэй гэсэн үг юм. Эдгээр тайлбараар шүүгчийн шийдвэрийг хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна.

Уг газар худалдах, худалдан авах гэрээг "МДТОФ" ХХК-ийн хуулийн зөвлөх н.Мөнхбаяр эзэмшил, өмчлөл гэдэг үгийг ойлгохгүй янз янзаар бичсэнийг шүүх хэт нэг талыг барьж шийдлээ гэж үзэж байна. Гэрээний гол нөхцөл, зорилго нь газар эзэмших эрхийн гэрчилгээг "МДТОФ" ХХК-д шилжүүлж өгөх л байгаа. Тэгээд ч үүнийг "МДТОФ" ХХК-хан сайн ойлгож газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авч өөрсдөө газар эзэмших эрхийн дагуу орон сууц барих төлөвлөгөөтэй байсан. "МДТОФ" ХХК 10 гаруй жил барилгын салбарт ажиллаж байгаа компани газар эзэмших эрх, газар өмчлөх 2-ын ялгааг маш сайн мэдэж байгаа. Тэр байтлаа С.Мөнхцогт уг газар орон сууц барих гэж хот төлөвлөлтийн газар эскиз зураг, ажлын зураг хийж барилга эхлүүлэх зөвшөөрөл авах гэж надтай хамт очиж байсан. Энэ бүгдээс газар эзэмших эрхийн гэрчилгээг аваад зориулалтын дагуу орон сууц барих гэж байсан компанийг газар өмчилж авах гэж байсан гэж шүүх яагаад үзээд байгаа юм бэ.

Шүүх гэрээг анх хийхдээ 1 ам.доллар тухайн өдрийн ханшаар 1825,34 төгрөгөөр тооцно гэж бичсэн байхад 1 ам.дорлларыг 2074.64 төгрөгөөр тооцож төлбөрийг буруу гаргасан гэж үзэж байна.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан "МДТОФ" ХХК , Н.Зоригт нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь буруу юм. Учир нь Н.Зоригт нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эмнэлгийн хүлээн авах тасгийн баруун талд байрлах 650 м.кв газрыг "МДТОФ" ХХК-ийн эзэмшилд шилжүүлж холбогдох бичиг баримтыг нь бүрэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлж Н.Зоригт уг газраа "МДТОФ" ХХК-ын эзэмшилд шилжүүлж тус компаний нэр дээр 2016 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000305240 дугаар бүхий гэрчилгээ гарсан.

"МДТОФ" ХХК нь газар эзэмших эрх шилжүүлэн авч байгаагаа гэрээ байгуулах болон газар эзэмших гэрчилгээ гарсан үеэс мэдэж байсан. Тэгээд ч аж ахуйн нэгж байгууллага газар өмчлөх эрх байхгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй талаар заасан байна. Мөн Иргэний хуулийн 196. Дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор заасан байна. Н.Зоригт нь газрыг шилжүүлж өнөөдрийн байдлаар уг газар нь "МДТОФ" ХХК ийн эзэмшилд байгаа.

Иймд Н.Зоригт, "МДТОФ" ХХК нарын хооронд гэрээний гол нөхцөл болох газрыг шилжүүлэхээр тохиролцож газрын эзэмших эрх "МДТОФ” ХХК-д шилжсэн учир энэ гэрээг байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “МДТОФ” ХХК нь хариуцагч Н.Зоригтод холбогдуулж 650 м.кв газрыг тусгаарласан хашаа барихыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчилж талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 237 000 ам доллар буюу 491 689 680 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“МДТОФ” ХХК болон Н.Зоригт нар нь газар худалдах, худалдан авах нэртэй гэрээг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бичгээр байгуулжээ.

Нэхэмжлэгч “МДТОФ” ХХК нь талуудын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний зүйл болох газар нь хариуцагчийн өмчлөл, эзэмшлийнх биш учир хариуцагч худалдах эрхгүй байсан тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан бол хариуцагч Н.Зоригт нь талуудын хооронд газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж тус тус маргасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1 дэх заалтад “… газрыг холбогдох баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шийлжүүлэхтэй холбоотой… харилцааг зохицуулна”, гэрээний 2.1 дэх заалтад “гэрээний нийт үнэ 250 000 ам.доллар байна”, гэрээний 3.1 дэх заалтад “худалдагч тал 2014 оны 06 дугаар сарын 28-ны дотор багтаан газрын худалдан авагчид шилжүүлэн өгнө”, гэрээний 3.2 дахь заалтад “Худалдагч тал газар өмчлөх эрхийн гэрчилгээ болон түүнтэй холбоотой бусад бичиг баримтыг … худалдан авагчийн нэр дээр шилжүүлсний дараа худалдан авагч тал төлбөрийг бүрэн хийж дуусгана”, гэрээний 3.8 дахь заалтад “Худалдагч иргэн Н.Зоригт нь “Хатан цацал” ХХК-ийн нэр эзэмшлийн Баянзүрх дүүрэг 14-р хороо, Халдвартын эмнэлгийн хүлээн авах тасгийн баруун талд байрлах 650 метр квадрат газрыг “МДТОФ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж холбогдох баримтыг нь бүрэн хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж тус тус тохиролцсноос үзвэл гэрээний заалтууд нь хоорондоо зөрчилтэй, гэрээний зүйл нь газар өмчлөх эсхүл эзэмших эрхийн аль нь болох нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4 дэх хэсэгт “Хоорондоо зөрчилтэй буюу олон утга агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана” гэж заажээ.

Худалдах, худалдан авах гэрээ нь нэг талаас гэрээний зүйлийг худалдах санал гаргах, нөгөө тал нь зөвшөөрсөн байх урьчилсан нөхцлийг хангах ёстой. Худалдагч тал болох Н.Зоригт нь “Хатан Цацал” ХХК-ийн нэр дээр эзэмших эрх нь бүртгэгдсэн газрыг худалдахаар санал болгосон, худалдан авагч тал нь хуулийн этгээд байх бөгөөд газрыг зөвхөн Монгол Улсын иргэн өмчлөх эрхтэй байх Үндсэн хуулиар тогтоосон зарчмыг мэдэхгүй буюу мэдэх боломжгүй гэж дүгнэх үндэсгүй тул газар эзэмших эрх худалдан авч буйгаа мэдээгүй буюу мэдэх боломжгүй байх нөхцөл үгүйсгэгдэж байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэг заасан газар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.   

Улмаар дээрх газар нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “МДТОФ” ХХК-ний эзэмшилд шилжсэн нь талуудын тайлбар, Аж ахуйн нэгж, байгуллагын газар эзэмших эрхийн 000305240 тоот гэрчилгээ, уг гэрчилгээнд маргаж буй газрын байршлыг зааж уг газрыг 1.6 жилийн хугацаатай “МДТОФ” ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба газрын төлбөр төлсөн баримтууд зэргээр тогтоогдож байх тул газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр болсон бөгөөд худалдагч гэрээний үүргийг биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Зоригтыг гэрээ байгуулах эрхгүй этгээд гэж маргасан.

Гэрээний 3.8, 4.6 дахь хэсэгт заасан тохиролцооноос дүгнэхэд худалдагч Н.Зоригт нь “Хатан цацал” ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн хүлээн авах тасгийн баруун талд байрлах 650 метр квадрат газрыг “МДТОФ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүрэгтэй талаар заасан байна. Иймд нэхэмжлэгч “МДТОФ” ХХК-ийн эрх бүхий этгээдүүд гэрээ байгуулах үедээ газрын эзэмшигч нь Н.Зоригт байгаагүй гэдгийг мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаагаас гадна нэхэмжлэгч нь уг газар эзэмших эрхийг 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшилд шилжүүлж авахдаа газар эзэмшигч нь “Хатан цацал” ХХК байсныг мэдэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн “Хатан цацал” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг Н.Зоригт нь бусдад зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн гэж маргаагүй, харин ч уг газар эзэмших эрхийг худалдан борлуулах эрх Н.Зоригтод бий гэж албан бичгээр илэрхийлж, бодит үйлдлээр өөрийн компанийн нэр дээрх газар эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн учир нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй юм.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх дүгнэж, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь буруу болсон тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1заасан үндэслэлгүй тул Н.Зоригтод холбогдох 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах” нэртэй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 491 689 680 төгрөг гаргуулах тухай “МДТОФ” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Зоригтоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 616 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД                                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА