Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/319

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: А.Н , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000354 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан системийн инженер мэргэжилтэй, Өндөр хүчдэл түгээх төвд монтёрчин ажилтай, ам бүл 5, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт А.Н

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч А.Н  нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Их цагаан сайр” гэх газар 46-33 УБО улсын дугаартай Тоyota prius 20 (Тоёота приус 20) маркийн авто машиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж авто машинд зорчиж явсан Б.Б ын амь насыг хохироож, А.Э ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                  

   ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

          1. Шүүгдэгч А.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...  Улаанбаатар хотоос өөрийнхөө эзэмшлийн 46-33 УБО улсын дугаартай “приус 20” маркийн тээврийн хэрэгслээр эхнэр ******* 3 хүүхдийн хамт Баянхонгор аймагт 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ирсэн юм. Баянхонгор аймагт ирчхээд маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 13-ны оройдоо Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд байх эхнэрийн талын хамаатан болох ******* гэх айлд очсон юм. тэнд 2 хоноод 3 дахь хоногийн өглөө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу 12 цагийн орчимд гарсан юм. Тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод хажууд эхнэр ******* өвөртөө бага хүүхэд Итгэлийг аваад суугаад хойно талийгаач, манай том хүү ******* охин Өнө-Ивээл, эхнэрийн талын хамаатнууд болох Долзодмаа, Оюунтуяа нар сууж явсан юм. Тэгээд тэндээс хөдлөөд 30 орчим км явсан байх уул руу өгсөж гараад уруудаад явж байхад машины хойд талын дугуй буруу тал руу шарваад хазайхаар нь нөгөө тийшээгээ дарсан чинь тэнцвэрээ алдаад машин унасан. Тухайн үед бороо орсон байсан ба газар шалбаагтай байсан учир шарвалт үүсээд үүний улмаас осол гарсан юм. Өөр хөндлөнгийн нөлөөлсөн зүйл бол байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 120 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н   мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            3. Хохирогч М.Б ы  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 03-нд ******* хуримаа хийсэн. Тэгээд ах дүү нар нь бөөнөөр цугласан дээр гээд бид нар ах дүү нараараа 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд аялсан. Аялахад эхнэр бид хоёр ажилтай байсан учир хүүхдүүдээ өгөөд явуулаад маргааш нь Булган аймгийн Тэшиг сумын хөдөө очсон. Тэнд байж байгаад Хөвсгөл байгаад 2020 оны 08 дугаар сарын 11-нээс 2020 оны 08 дугаар сарын 12-нд шилжих шөнө А.Н  эхнэр хүүхдүүд, дүү нарын хамт Баянхонгор аймаг явахаар болоод манай хүүхдийг авч явсан. А.Н  приус-20 маркийн машинаа унаад талийгаа хүү Б.Б  нар цуг явсан. Учир нь тэдний хүүхэд манай хүүхэд нэг үеийн байгаа юм. Тэгээд Баянхонгор аймагт рашаанд орчхоод 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу гараад шороон замаар зам товчлох гэж яваад осолд орсон гэж надад намайг Хэнтий аймагт байхад хэлээд хүү чинь муу байна ир гэж дуудсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 16-ны өглөө Баянхонгор аймагт ирээд тэр өдрөө хот руу хүүхдээ 14 цаг өнгөрөөгөөд хүүхдээ аваад эмчийн хамт эмнэлгийн машинтай хөдөлсөн. Тэгээд хотод ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд ер нь найдваргүй тархины хүнд гэмтэл авсан байна гэдгийг хэлсэн. Тэр өдрийн 23 цагийн үед хотод ирээд 00 цаг өнгөрөөгөөд нас барсан. Ямар ч ухаан байхгүй хариу үйлдэл байхгүй амьсгаагаа аппаратаар авсан их хүнд байдалтай байсан. Хот руу авч явах хүртэл тэр хэвээр ирсэн. Эмч нар бол сайн асарч ирсэн. Ер нь найдваргүй болсон байсан. Би хараад л ойлгосон. Манайд талийгаачийн ажил явдал болох үеэр ирээд надад хэлэхдээ дугуй буудсан ахыгаа уучлаарай гээд өөр зүйл хэлж яриагүй. Би ч ярьж харьцахыг хүсээгүй одоо ч тэр хэвээрээ байгаа. Намдагдамбаатай худ ургийн холбоотой адилхан амьдралтай зам тээврийн осол зориуд гаргаагүй юм чинь одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /

 

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..... 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хөдөөгөөс хот руу гарч явсан манай машины жолоочоор А.Н  гээд манай хүргэн ах явсан. Тэгээд явж байсан би унтаад өгсөн нэг сэртэл машин унасан байсан. Би яг машин яаж унасныг сайн санахгүй байна. Ямар ч байсан эргэлдэх шиг болсон. Тэгэнгүүт би сэрсэн. Тэгээд нэг мэдэхэд машин 4 дугуйн дээрээ буусан байсан. Тэгээд эмнэлэг явсан. Би машины арын суудал дээр талийгаач миний хажуу талд суусан байсан. Шороон замаар явсан. Хурдтай явсныг би сайн санахгүй байна ... гэх мэдүүлэг  / хх-ийн 32 /

 

5. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 480 дугаартай шинжээчийн:

1. А.Э ийн биед зүүн гарын шуу болон богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 49/

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1706 дугаартай шинжээчийн:

1. Талийгаачид хуйх болон гавлын оройн шар хальсанд цус хуралт, баруун зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн чамархай, дагзны тархины эдийн няцрал, баруун зүүн хажуу болон 3.4-р ховдлын цус харвалт, зүүн мөчрийн эдийн няцрал, гавлын урд хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн мөчрийн эдийн няцрал, гавлын урд хонхор болон суурь ясны шугаман хугарлууд, дух, хамрын мөгөөрс, баруун хацарт олон тооны зулгаралтууд, баруун шуу, нуруунд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гавал тархины гэмтлүүд амь насанд аюултай.

3. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж, дарагдаж амьсгал зүрх судасны төвүүд дарангуйлагдаж нас баржээ.

5. ГССҮТ-н евчний түүхэнд дурдсанаар талийгаач нь 2020.08.17-ны 00:24 минутад нас барсан.

6. ГССҮТ-н хийгдсэн шинжилгээгээр В/3/ бүлгийн цустай байна.

7. Эрчимт эмчилгээ хийгдсэн тул согтууруулах мансууруулах бодис шинжлэх шинжилгээг хийгээгүй болно ... гэх дүгнэлт / хх-ийн 55-62 /

 

7. Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч техникийн шинжээч Б.Содномдаржаагийн 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай:

Хариулт: 1. Тухайн зам тээврийн осол болоход 46-33 УБО улсын дугаартай Тоёота “приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* овогтой Намдагдамбаа нь /РД:ФД86080611/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна.

Хариулт: 2. Тухайн зам тээврийн осол нь 46-33 УБО улсын дугаартай Тоёота “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* овогтой Намдагдамбаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дугаар заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хариулт: 3. Зам тээврийн осол гарахад тухайн зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

Хариулт: 4. ******* овогтой Намдагдамбаа нь 2005 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр В ангиллын 404627 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна … гэх дүгнэлт / хх-ийн 66-67 /, эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-08/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 09/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 11-15/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

        Шүүхээс  шүүгдэгч А.Н  нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Их цагаан сайр” гэх газар 46-33 УБО улсын дугаартай Тоyota prius 20 (Тоёота приус 20) маркийн авто машиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас авто машинаа онхолдуулж зам тээврийн осол гаргаж авто машинд зорчиж явсан 06 настай Б.Б ын амь насыг хохироож, А.Э ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч М.Б , болон гэрч ******* нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 480 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1706 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч А.Н г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж,  хүний амь насыг хохироосон гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг  агуулсан тул шүүгдэгч А.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Н  нь 06 настай Б.Б ын амь насыг хохироож, А.Э ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтад Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай мангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөв байна гэж шүүх үзлээ.

Учир нь иргэн А.Э ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан боловч Б.Б ын амь нас хохироосон нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж байгаа тул түүнд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх хэсгээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

Харин шүүгдэгч А.Н гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Н  нь оршин суух газраа өөрчлөн нүүж суухдаа энэ талаар Нийслэл дэхь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээж уг үүрэгт хяналт тавихыг Нийслэл дэхь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт   шүүгдэгч А.Н гийн  тээврийн хэрэгсэл жолоодох 996721 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Н д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч А.Н  нь   цагдан  хоригдсон  хоноггүй,  бусдад  төлөх  төлбөргүй болохыг дурдаж хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.      

    Шүүгдэгч А.Н  нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт А.Н г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас хүний амь насыг хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч овогт А.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 2 / жилийн хугацаагаар хасаж,  нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Н г оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Н  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч А.Н  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт  тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 2 / жилийн хугацаагаар эрх хасах  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.                                          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Н  404627 дугаартай жолоочийн үнэмлэх, 01610660 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг ЦЕГ-т хүргүүлэхээр  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 -д зааснаар шүүгдэгч А.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.