Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/317

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга:  Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000351 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт Г.Б ,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 2020 оны 08 дугаар сарын 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ иргэн Д.О ыг зодож улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зовхи, чамархай, хацар, цээж, дагз, зулай, бугалганд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Г.Б ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            .... Би уг зүйл хэсгийг ойлголоо. Хэргийн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй. Монгол хэл бичиг үсэг мэднэ. 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас Баянхонгор аймгийн төв орж хадам Баяраагийн гэрт очсон. Манай баз ******* тухайн үед гэрт байсан би Д.О  базыгаа дагуулж Баянхонгор аймгийн Баян-Овоо сумд байх Өргөөтийн рашаанаар орж буцаж аймагт ирсэн. Тэр хугацаанд базтайгаа хоёр пиво хувааж уусан. Тэгээд гэрт хүргэж өгсөн. Намайг явах гэхэд Д.О  би хамт явна гэж хэлээд миний машинд орж ирээд сууж бид хоёр хамтдаа Баянхонгор сумын 4 дүгээр баг амьчуулын тойргийн харалдаа гудамжинд байх лам *******ынд очсон. *******, ******* бид гурав нэг шил архи уутал Д.О  ах нэлээд муудаж айлын орон дээр гарч унтсан. ******* бид хоёр үлдсэн архийг уугаад би тасарсан байсан. Юу болсон талаар мэдэхгүй. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өглөө Д.О  байхгүй байхаар би юу болсон талаар асуухад лам ******* “та хоёр хүүхдээсээ болж маргалдаад” намайг ******* ахыг хоёр удаа цохисон. Тэгтэл тэр ах гараад явсан талаар хэлсэн ийм зүйл болсон ... гэх мэдүүлэг / хх-ийн 35 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 

  1. Хохирогч Д.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 1 цагийн орчим болж байсан байх би дүүгийнхээ гэрт амрах гэж байхад Г.Б  гэх залуу согтуу орж ирээд намайг архи ууя гэж хэлээд гэрээс дагуулж гарсан. Г.Б  машинтайгаа манай нэг найзын гэрт очъё гэж хэлээд намайг машинд суулгаж явсан. Лам хүн гэсэн халзан толгойтой ламын гэрт очиж архи нэхсэн. Архи олдохгүй байсан тэгж байхад Г.Б  нэг шил архи бариад ирсэн. Тэр архийг лам Г.Б  бид гурав хувааж уугаад “Би унтлаа” гэж хэлээд хэвтсэн. Тэгтэл Г.Б  шууд намайг цохиж зодсон. Чамайг алсан ч яадаг юм гэж хэлээд өшиглөж дэвсэж зодсон. Нэг мэдсэн би гудамжинд явж байсан. Тэгээд Улаанбаатарт байгаа эхнэртэйгээ утсаар ярьж эхнэрийн ах дүү нартай уулзсан ийм зүйл болсон. Г.Б  лам бид гурав байсан. Намайг амрахаар хэвтэж байхад “Апна хядна, алсан ч яадаг юм” гэж хэлээд толгой руу цохиж хавирга орчим өшиглөж дэвссэн. Г.Б  бол архи уучихсан байсан. Ламын гэрт бид хоёр жижиг архи уусан. Би унтлаа гэж хэлээд амарч байсан. Би согтолт багатай байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 /

 

  1. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            .... Гэрч *******ийн “2020 оны 08 дугаар сарын 22-ноос 2020 оны 08 дугаар сарын 23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд манай бага дүүгийн нөхөр болох Г.Б  согтуу орж ирээд манай нөхөр болох Д.О ыг гэрээс дагуулж гарч архи уулгаж айлд аваачиж зодсон байна. Надад миний нөхөр 2020 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн орчим “Ирээд аваадах би зодуулчихлаа Баянбүрд гэх дэлгүүрт байна” гэж ярьсан. Би Баянбүрд дэлгүүрийн гадаа очиход манай нөхөр босож чадахгүй нүүр нүд хөхөрч хавдсан шанаа орчим хэсгээс цус гарчихсан байдалтай байсан. Би нөхөр Д.О аас юу болсон талаар асуухад /Мулуу/ Г.Б  цохиж зодсон гэж хэлсэн. Г.Б  гадуур архи уугаад явж байгаа сурагтай байсан. Г.Б  нь манай дүүгээс салаад 3 сар болж байна. Би Г.Б ийг Улаанбаатар авч очоод ажил төрөл хийлгэх бодолтой байсан юм тэгтэл миний нөхрийг дагуулж яваад зодож цохисон байна ...  гэх мэдүүлэг / хх-ийн 13 /

 

            5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 444 дугаартай шинжээчийн:

            1. Д.О ын биед тархи доргилт, зовхи, чамархай, хацар, цээж, дагз, зулай, бугалгад зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 21-22/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 5-7/, яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 2020 оны 08 дугаар сарын 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ иргэн Д.О ыг зодож улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зовхи, чамархай, хацар, цээж, дагз, зулай, бугалгад зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.О , гэрч ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 444 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б  нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Б ий эзэмшлийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 218 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Б д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг

дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон

 

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Г.Б ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Г.Б ийг  дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Г.Б  нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Б ий эзэмшлийн самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг самсунг маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Г.Б д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.