Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/316

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Д.Чимидцэрэн,

Шүүгдэгч: Р.Б , түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000830311 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1.  Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, овогт Р.Б ,

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Р.Б  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах 1 дүгээр халуун усны байранд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар чулуу тээрэмдэж, ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч  Р.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2019 оны12 дугаар сарын 20-дын үеэр Баян-Овоо сумын нутаг Цагаан цахир гэх газраас 25 шуудайтай чулуу аймгийн төвд авч ирсэн, тэгээд Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байдаг 1 дүгээр халуун усны байрны нэг өрөөг нь би эзэн ******* гэх хүнээс тэр өрөөнд чинь гагнуур хийж байя гэж хэлж гуйж орсон юм. Тэгээд өрөөндөө би өөрийнхөө эзэмшлийн чулууны тээрмийг байрлуулаад авч ирсэн чулуунуудаа тээрмээрээ тээрэмдээд угааж байсан юм. Би ******* гэх хүнд ямар нэгэн хөлс мөнгө төлөөгүй, би тэр хүнд тэр өрөөнд нь чулуу тээрэмдэх гэж байгаа талаараа хэлээгүй ээ. Би 2019 оны 12 дугаар сараас эхлээд л Баян-Овоо сумын нутаг Цагаан цахир гэх газраас 2-3 шуудайгаар нь цөөхөн цөөхнөөр нь зөөж авч ирсээр байгаад нийтдээ 25 шуудай чулуу болсон юм. Би тэр авч ирсэн чулуунуудаа 2020 оны 01 дүгээр сарын 10-дын үеэс эхлээд тэр чулуунуудаа чулууны тээрмээрээ тээрэмдэж эхэлсэн, тэгээд тээрэмдэж үзсэн чулуунаас алт гарахгүй байхаар нь үлдэгдэл 7 шуудай чулууг нь тээрэмдээгүй үлдээсэн байсан юм. Би нийт 25 шуудай чулуунаас 18 шуудайг нь тээрэмдэж үзсэн юм. Би тэр 18 шуудай чулууг тээрэмдээд 3 цэн алт гарсан. Би тэр гарсан 3 цэн алтыг нь бөөнд нь зараагүй бага бага гарсан тэр үед нь цувуулаад Баруун бүсийн худалдааны төв дээр алт авдаг ченж нарт зарсан юм. Би чулуунуудыг тээрэмдэхдээ ганцаараа л тээрэмдсэн юм. Би тэр чулуунуудыг Цагаан цахир гэх газарт байдаг иргэдийн ухсан нүхнүүдийн гадна талд байгаа хаягдал чулуунуудыг түүж авчирсан юм. Тэр чулуунуудыг Цагаан цахираас авчрахдаа би замын унаанд дайгдаж яваад эргэж ирэхдээ нэг юм уу хоёр шуудай чулууг авчирдаг байсан, надад өөрийн гэсэн тэр 25 шуудай чулууг ачиж авчрах машин техник байхгүй ээ. Чулууг тээрэмдэхдээ чулуунуудаа тээрэм рүүгээ хийгээд тээрэм нь тээрэмдээд тосгуураараа нунтаг болоод гарч ирээд алтгүй шороо нь доошоо урсаад явчихдаг юм, тэгээд тосгуурын резин дээр нь алттай шороо нь үлдэхээр нь тэрийг нь түмпэнд хийгээд усаар зайлж байгаад алтыг нь ялгаж авдаг юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б ийн мэдүүлэг:Гэм  буруугаа хүлээж байна. Иймд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Чулууг тээрмээр тээрэмдэж алтыг нь ялгаж авъя байгаа үйлдэл нь ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа мөн..., ...Ашигт малтмал боловсруулах үйл ажиллагааг холбогдох байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг, ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа явуулж болохгүй. Би тухайн чулууг тээрэмдэж ялгаж авсан алтны үнэ болох 1.175.000 төгрөгийг нэхэмжилж байна, үүнийг төлчихвөл надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй ээ ... гэх мэдүүлэг /хх-ийн 49-53 /,

 

4. Гэрч С.*******ын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би *******т уг өрөөг зарж борлуулсан, зээлээр, түрээсээр ашиглуулсан зүйл байхгүй, дугуй засвар, гагнуур хийж хэдэн төгрөгийн орлого хийх гэж байгаа гэхээр нь ашиглуулсан юм. Ямар нэгэн үнэ төлбөр аваагүй. Батсуурийг тухайн байранд уйл ажиллагаа явуулж байхад нь би тухайн газраар очдоггүй байсан, үзэж хараагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 /,

 

5. Гэрч *******ын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 12 дугаар сард ******* ах намайг ирээд жаахан тус болоодохоо гэхээр нь би за гээд 1 дүгээр халуун усны байран дээр ирсэн чинь нэг өрөөнд савачиг мотор, хэдэн уут чулуу зэрэг зүйл байсан тэгээд намайг жаахан туслалцаадах гээд би хамжилцаад 1 дүгээр халуун усны байрны гадаа байсан шуудайтай чулуунуудыг нь зөөлцөж өрөө рүү нь оруулчхаад явсан, би өөр зүйлд оролцоогүй. Би очихдоо 5-6 шуудайтай чулууг л хамжилцаж өргөлцөж байр луу нь оруулж өгчхөөд явсан. Би тэр үедээ юун чулуу болох талаар асуугаагүй, ******* ах ч гэсэн надад юм хэлээгүй ээ ... гэх мэдүүлэг /хх- ийн 60-61 /,

6. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 381 дугаартай шинжээчийн: ... чулуу тээрэмддэг савачиг ажиллуулдаг мотор 420.000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 76/

 

7. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн:

  1. Нарийсгагч резин 64000 төгрөг
  2. Хуванцар шланк 50000 төгрөг
  3. Ремен 4000 төгрөг
  4. Алт 11,52 гр 1.175.0000 төгрөг ... нийт үнэ 1.293.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 79/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Б  нь  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах 1 дүгээр халуун усны байранд тусгай зөвшөөрөлгүй  ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг явуулсан үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч *******, гэрч С.*******, ******* нарын мэдүүлэг,   Энх-Нахиа ХХК-ийн 381, 383 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Р.Б ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Р.Б д  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүх шүүгдэгч Р.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Б  нь ашигт малтмалын боловсруулалт явуулж 3 цэн алт гаргаж авсан бөгөөд түүний үнэ 1.175.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* нь нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б  нь 1.175.000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгсөн тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хураагдсан  шуудайтай шороо 35 ширхэг, 7 шуудай чулуу, жанам 1 ширхэг, хаймар 8 ширхэг, хуванцар 1 ширхэг, цагаан хувин шороо 1 ширхэг, хаймар ремен 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Дээрх эд зүйлс шүүхийн эд мөрийн баримтыг хадгалах өрөөнд овор хэмжээ ихтэй тул биетээр ирээгүй бөгөөд Цагдаагийн газрын эд мөрийн баримтыг хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн СД нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч шүүгдэгч Р.Б ийн эзэмшлийн нэг ширхэг зурагт битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг эзэмшигч Р.Б д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

     

            Шүүгдэгч Р.Б д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Б  нь энэ хэргийн  учир цагдан  хоригдсон  хоноггүй болохыг дурдав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Р.Б  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                       

                                                              

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт Р.Б ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулсан  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч  овогт  Р.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Р.Б т зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах  үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Р.Б  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт  тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай..

            6.  Шүүгдэгч Р.Б  нь  энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шуудайтай шороо 35 ширхэг, 7 шуудай чулуу, жанам 1 ширхэг, хаймар 8 ширхэг, хуванцар 1 ширхэг, цагаан хувин шороо 1 ширхэг, хаймар ремен 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн  1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар СД нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Р.Б ийн эзэмшлийн нэг ширхэг зурагт битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг эзэмшигч Р.Б д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                   

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Р.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.