Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 213

 

                                                            М.М-д холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Буяндэлгэр,                                              

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбатын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр М.М-д холбогдох эрүүгийн 1704000950076 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Цахар овогт М-н М-, 1996 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            М.М- нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мянган Уулс” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа, өсвөр насны Ж.Тэмүүжингийн дэлгүүрт гээгдүүлсэн иргэн Г.Бямбасүрэнгийн Хаан банкны 57501175** дугаарын данстай картаас 554.650 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн Прокурорын газраас М.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гарган хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйл, мөн хуулийн 25.7 дугаар зүйлийн 5, 6.7, 9 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлагыг ноцтой зөрчиж явагдсан тул эдгээр зөрчлийг засуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Прокурор Ж.Бүрэнжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “...гэрэл зураг ... ашиглан таньж олуулж болно” гэж заасан бөгөөд мөрдөгч таньж олуулах ажиллагаа явуулахдаа 8 эмэгтэй хүний зураг дотроос өсвөр насны гэрч Ж.Тэмүүжингээр таниулах ажиллагаа хийхэд 4 гэсэн дугаарт байгаа хүний зургийг буюу М.М-г “карт өгсөн хүн мөн байна, би энэ хүнийг өргөн эрүүгээр таньж байна” гэж түүний нүүрний онцлог шинжээр шууд таньсан бөгөөд уг ажиллагаанд дэлгүүрийн туслах ажилтан буюу гэрч П.Цолмонгийн зургийг таниулсан болно. /хх-ийн 30-31/,

Мөрдөгч зургаар таньж олуулах ажиллагаа явуулах болсон үндэслэл нь хавтаст хэрэгт мөрдөгч, хошууч Г.Цэрэнжамцын “гэрч П.Цолмонгоос дахин мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааг явуулах зорилгоор түүний гар утас руу удаа дараа залгахад холбогдох боломжгүй, мөн түүний оршин суух хаяг дээр очиход гэрт нь хүн байгаагүй” гэсэн тэмдэглэлийг үндэслэн явуулсан.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Бямбасүрэн таньж олуулах ажиллагааны талаар нэмэлт тайлбар хийхдээ “уг ажиллагаанд би хүүтэйгээ цуг оролцсон бөгөөд миний хүү 4 дэх зураг дээр байсан хүнийг заагаад энэ хүн мөн байна, энэ хүнийг би өргөн эрүүгээр таньж байна гэсэн... миний хүү айгаад танихгүй байхаа гэж хэлсэн ч гэсэн худалдагчийг таньж байсан” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн.

М.М- нь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Бямбасүрэн, өсвөр насны гэрч Ж.Тэмүүжин, гэрч Д.Саруул нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон байхад шүүх таньж олуулах ажиллагааг дахин хийх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасны дагуу өсвөр насны гэрч Ж.Тэмүүжингээс 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг авахдаа түүний төрсөн эх Г.Бямбасүрэнг оролцуулан хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан, мөн таньж олуулах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчийг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Өсвөр насны гэрчээс мэдүүлэг авахдаа заавал өмгөөлөгч оролцуулна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу дүрс бичлэгээр бэхжүүлнэ. Тэмдэглэлд гэрч, хохирогч, яллагдагч нарын биеийн байцаалт, таньж олох хүн ... болон бусад бүх ажиллагааг дэс дарааллаар нь үгчлэн бичнэ” гэж заасан шаардлагыг мөрдөгч таньж олуулах ажиллагааг явуулахдаа зөрчөөгүй. /хх-ийн 30-31/,

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 25.7 дугаар зүйлийн 6.7 гэсэн заалт байхгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Б.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.М-гийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчиж явагдаагүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд М.М-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай болжээ.

Хэрэг бүртгэлтийн явцад, насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжингээс 2017 оны 10 дугаар сарын 2, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч /төрсөн эх/ Г.Бямбасүрэнг оролцуулан эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай тэмдэглэлд тусгасан байх бөгөөд Ж.Тэмүүжин нь “...улаан өнгийн хормогч зүүсэн худалдагч эгч надаас виза картыг аваад “нууц дугаар чинь хэд вэ” гэхээр нь “64-54” гэж хэлж өгсөн. Би дэлгүүрээс гарахдаа лангуун дээр нь виза картаа мартсан байх...” гэж гэмт хэрэг гарсан байдлын талаар тогтвортой мэдүүлсэн /хх-ийн 36-37/ байна.

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээс үзэхэд, насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжин нь “дэлгүүрт виза картаа өгч үйлчлүүлсэн худалдагч эмэгтэйг хавтгай жижиг эрүү, хөмсөг зэргээр нь танина” гэж тухайн хүний зүс, царайны онцлог шинжийг урьдчилан тодорхойлсон бөгөөд түүнд гаднах байдлаараа адил төстэй 8 эмэгтэйн гэрэл зургийг үзүүлэхэд “3” гэсэн дугаартай М.М-гийн зургийг таньж “миний виза картаа өгч үйлчлүүлсэн худалдагч эгч мөн байна” гэсэн тайлбарыг өгсөн ба уг ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, ажиллагааны явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн /хх-ийн 30-31/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцжээ.

Дээрх ажиллагаануудыг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой байх тул насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжингээс дахин мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааг дахин явуулах шаардлагагүй.  

Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Г.Бямбасүрэнгийн мэдүүлэг, түүний Хаан банкны 57501175** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн “Мянган-Уулс” хүнсний дэлгүүрийн эзэн Д.Саруул, туслах ажилтан П.Цолмон нарын өгсөн гэрчийн мэдүүлэг, тус дэлгүүрт картаар үйлчлүүлсэн иргэдийн гүйлгээний мэдээлэл зэргийг үндэслэн шүүхээс хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, М.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “мөрдөгч Г.Цэрэнжамцын “гэрч П.Цолмонгоос дахин мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааг явуулах зорилгоор түүний ... гэсэн гар утас руу удаа дараа залгахад холбогдох боломжгүй, мөн түүний ... гэсэн оршин суух хаяг дээр очиход гэрт нь хүн байгаагүй” гэсэн тэмдэглэлийг үндэслэн зургаар таньж олуулах ажиллагааг явуулах болсон” гэх боловч хэргийн материалаас үзэхэд таньж олуулах ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр явуулсан, мөн өдрөө П.Цолмонг гэрчээр байцааж, мэдүүлэг авсан /хх-ийн 30, 40/ болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд “...гэрч Ж.Тэмүүжин нь 4 гэсэн дугаартай зургийг буюу М.М-г “карт өгсөн хүн мөн байна, би энэ хүнийг өргөн эрүүгээр нь таньж байна” гэж нүүрний онцлог шинжээр нь шууд таньсан талаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд байгаа, мөн шүүх хуралдаанд хохирогч Г.Бямбасүрэн таньж олуулах ажиллагааны талаар нэмэлт тайлбар хийхдээ “уг ажиллагаанд би хүүтэйгээ цуг оролцсон бөгөөд миний хүү 4 дэх зураг дээр байсан хүнийг заагаад энэ хүн мөн байна, энэ хүнийг би өргөн эрүүгээр нь таньж байна гэсэн” гэж мэдүүлсэн...” гэх зэргээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тусгагдсанаас өөр байдлаар ташаа бичсэнийг анхааруулах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                                                                   

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                                        ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                Н.БАТСАЙХАН