Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ж.Г

            Хариуцагч: ОАЗД Д.Б-д холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” А/678 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2018/0037/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ОАЗД-ын 2016 оны А/281 тоот захирамжийг үндэслэн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Манлайбаатартай 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7-р хороололд байрлах 750 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар Ж.Г би 15 жилийн хугацаатай эзэмшиж, ашиглаж байгаа. Миний бие 2016 оноос хойш газрын төлбөрийг гэрээний дагуу байнга төлдөг. Тухайн газрын хөрсний бүтцийг тогтоолгохоор “Эко тех проект” ХХК-иар 3000000 төгрөгөөр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан. Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, дүгнэлтийг хийлгэсэн. Ерөнхий үнэлгээ, дүгнэлтээр “Төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой” гэсэн дүгнэлт гарсны дагуу барилга байгууламжийн ажил эхлэх шатандаа явагдаж байгаа бөгөөд тухайн газарт хөрөнгө оруулалт хийгдсэн, уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзнэ.

Гэтэл ОАЗД 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/678 тоот захирамжаар ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших эрх хүчингүй болгох тухай албан мэдэгдэлд хариу тайлбар ирүүлээгүй... гэх үндэслэлээр миний эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороололд байрлах 750 м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Ж.Г миний газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох тухай надад огт /ямар нэгэн байдлаар/ мэдэгдээгүй, эзэмшиж, ашиглаж байсан газартаа хөрөнгө оруулалт хийсэн байхад энэ талаар холбогдох байгууллага нь судалж үзэлгүйгээр Засаг дарга А/678 дугаартай захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд ОАЗД ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/678 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, Ж.Г би газар эзэзмших, ашиглах эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна” гэжээ. 

            Хариуцагч ОАЗД  Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ОАЗД-ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар Баян-Өндөр сумын Цаганчулуут баг, 7 дугаар хороололд байрлах 750 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Ж.Г-д газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэвч Ж.Г нь газар эзэзмших гэрээ байгуулснаас хойш гэрээгээ дүгнүүлээгүй, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил гаргасан тул “Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. Газар эзэзмших эрхийн гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчиж газрын төлбөрийг хугацаандаа төлдөггүй өртэй байгааг мэдэгдсэн.

            Ж.Г-ын дурдсан хийгдсэн ажлууд нотлогдохгүй шаардлага хангахгүй байсан тул энэ талаар утсаар мэдэгдэж нотлох баримт ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй байна. Иймд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/678 дугаартай захирамжаар “Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй” болгож Ж.Г-д хуулийн дагуу мэдэгдэж хүргүүлсэн. ОАЗД-ын 2018 оны А/678 дугаар захирамж шийдвэр нь холбогдох хууль, журмын дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н овгийн Ж-ийн Г нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутагт байрлах 750 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 2016 оноос эхлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж ашиглаж эхэлсэн. Тухайн газрын хувьд  5 давхар буудлын зориулалтаар ашиглахаар тендерт оролцож, төсөл төлөвлөгөөгөө танилцуулж авсан байдаг. Тэгээд энэ барилгаа барихын тулд газрын үнэлгээ, дүгнэлт гаргуулж, барилга барих технологийн хөрсний бүтцийн талаар дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авах болсон. Үүнийгээ 2 жилийн хугацаанд хөөцөлдөж байгаа талаараа Орхон аймгийн Газрын албаны газрын мэргэжилтэнд тайлбараа амаар гаргаж танилцуулж байсан гэсэн. Гэтэл 2018 онд Засаг дарга А/678 дугаартай захирамжаар тухайн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, албан мэдэгдэлд хариу өгөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Ж.Г-ын хувьд надад энэ газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдэл ирээгүй гэдэг. Газар дээрээ барилга барьж үйл ажиллагаа эрхлэхийн тулд Байгаль орчин, аялал жуулчлалын газраас геологийн дүгнэлт гаргуулж байсан. Тодорхой хэмжээний зардал гаргасан байдаг. Эдгээр дүгнэлтүүд нь 2018 оны сүүлээр гарсан байхад газар ашиглаагүй, эзэмшээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан эрхийг нь зөрчсөн нь үндэслэлгүй байх тул ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/678 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайхаас 2016 онд газар авсан иргэдийн судалгааг гаргаад бүх газар эзэмшигч нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох гэж байгаа талаараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн байдаг. Гэхдээ иргэн Ж.Г-д хүргүүлээгүй орхигдуулсан байсан. Газар эзэмшигч нь жил бүр гэрээгээ дүгнүүлэх ёстой.  Ж.Г манайд нэг ч удаа гэрээгээ дүгнүүлж байгаагүй. Мөн инженер, шугам сүлжээ, барилга барьлаа гэж нэг ч удаа уулзаж байгаагүй. Шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжиж байна” гэв.

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Г нь ОАЗД Д.Б-д холбогдуулан “ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” А/678 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба энэхүү өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-гээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргаан бүхий захиргааны акт болох ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн  А/678 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа талаар тайлбарласан ба шүүх тухайн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

            ОАЗД-ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/281 тоот захирамжийн хавсралтын 5 дахь хэсэгт иргэн Ж.Г-д Цагаанчулуут багийн Орон сууцны 7 дугаар хороололд 750 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж[1], газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай байгуулжээ[2].

            Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу 2016 оны  3, 4 дүгээр улирлын газрын төлбөр болох 75.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 1-4 дүгээр улирлын төлбөр 150.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 1-3 дугаар улирлын төлбөр 112500 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус төлсөн[3] болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

            Иргэн Ж.Г нь ОАЗД-ын дэргэдэх Байгаль, орчин, аялал жуулчлалын газарт “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” хийлгэх хүсэлт гаргасны дагуу тус газраас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №147 тоот албан бичгээр “Ерөнхий үнэлгээний дүнгээр тус төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэв” гэсэн хариуг өгчээ.

            Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7 дугаар хороололд баригдах /иргэн Ж.Г-ын/ 5 давхар “Зочид буудал”-ын зориулалттай барилгын талбайн Инженер-Геологийн судалгааны дүгнэлтийг Барилгын Инженер-Хайгуулын “Эко Тех Проект” ХХК-иар 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргуулсан[4] байх бөгөөд үүнийг маргаан бүхий эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшихээр бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байсан гэж үзэж, Ж.Г-ыг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн ОАЗД  маргаан бүхий захирамжийг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг нягталж шалгалгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заасныг баримтласан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг  тус тус зөрчиж захирамж /шийдвэр/ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс хариуцагч байгууллага болон Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт  “...иргэн Ж.Г-д газар эзэмшихдээ гаргасан зөрчлийн талаар хэрхэн мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулсан талаарх нотлох баримтуудыг ирүүлэх...”[5] талаар шаардсан боловч “...Ж.Г-д гаргасан зөрчлийн талаар мэдэгдсэн баримт байхгүй...”[6],  “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг иргэн Ж.Г-д албан ёсоор хүргүүлээгүй орхигдуулсан байна...”[7], гэх албан бичгийг ирүүлсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд “...Ж.Г-д утсаар мэдэгдэхээр залгасан боловч утсаа авдаггүй, эсхүл холбогддоггүй байсан...” гэх тайлбараас үзэхэд хариуцагч болох захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо түүнд мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй болох нь нотлогдож байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн  26 дугаар зүйлийн 26.1  “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно“, 27 дугаар зүйлийн 27.1   “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2.1 “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”,  27.4.2 “саналыг бичгээр авах”, 27.4.3 “биечлэн уулзах”,  27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Газар эзэмшигч нь жил бүр гэрээгээ дүгнүүлэх ёстой.  Ж.Г манайд нэг ч удаа гэрээгээ дүгнүүлж байгаагүй...” гэх тайлбарыг гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан “Монгол улсын иргэн /Ж.Г/-д газар эзэмшүүлэх гэрээ[8]”-ний  Гурав. 3.10, Дөрөв. 4.4-т тус тус зааснаар газар эзэмшигч болон газар эзэмшүүлэгчийн хэн алинынх нь үүрэг байх тул дан ганц газар эзэмшигчийг газар эзэмшүүлэх  гэрээг дүгнүүлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлээр хууль бус захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэж зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн чиг үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий “ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” А/678 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” А/678 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ОАЗД-ын Тамгын газрын санхүүгээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г-д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ

                                   

 

 


[1] ХХ-ийн 46 дугаар тал, арын нүүрт

[2] ХХ-ийн 5, 43 дугаар тал

[3] ХХ-ийн 8-10 дугаар талд

[4] Хавтаст хэрэгт авагдсан Инженер-Геологийн  судалгааны дүгнэлтийн 7 дугаар хуудаст буй

[5] ХХ-ийн 63, 64 дүгээр тал

[6] ХХ-ийн 47 дугаар тал

[7] ХХ-ийн 73 дугаар тал

[8] ХХ-ийн 5, 6 дугаарт