Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 312

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: А.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003780346 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, овогт А.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь 2020 оны 08 дугаар сарын 04-нөөс 2020 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт архидан согтуурсан үедээ иргэн Ч.У ыг зодож улмаар түүний эрүүл мэндэд баруун нүдний алимны салст болон зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч А.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би уг зүйл хэсгийг ойлголоо. Хэргийн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй. Монгол хэл бичиг үсэг мэднэ. 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдөр би Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Хатавч” гэх газар зусаж байсан. Тэгээд би Ч.У  гэх айлд орой 00 цагийн орчим очиход гэрийн эзэн Ч.У  байхгүй байсан. Гэрт нь хадам ээж болон Ууганболдын эхнэр хүүхдүүд байсан. Тэгээд Ууганболдын эхнэр 1 шил монгол архи өгсөн тэрийг уучхаад урд айл болох хадам ээжийндээ ороод байж байгаад эргээд ороход Ууганболд гэртээ ирээд унтсан байсан. Тэгээд би хаалгыг нь цохиод уулзах хэрэг байна гээд нүдээд байж байтал хаалгаа тайлсан. Би ороод намайг Бандихүү ахынд хүргээд өгчих гэсэн чинь Ууганболдын эхнэр Энхжаргал одоо шөнө болсон байна айлын хүмүүс унтсан байгаа тэгсэн ч чи хүнтэй явж байгаа биз дээ гэж хэлээд Ууганболдыг дагуулаад гарсан. Тэгээд би Ууганболдын нүд рүү нь нэг удаа цохисон. Ууганболд гэр лүүгээ яваад орсон. Тэгэхээр нь би араас ороод чирээд гаргаж ирээд ахиад зууралдаж байхад Энхжаргал гарч ирээд та 2 чинь юу болоод байгаа юм бэ гээд салгах гээд байхаар нь хүүхэд чинь уйлаад байна гээд ор гээд бөгс рүү 2 удаа өшиглөсөн. Тэгвэл би эгчдээ хэлнэ гээд байхаар нь 1 удаа алгадсан. Тэгээд удаагүй байж байтал Энхжаргалын эгч Алтанчимэг охинтойгоо хүрээд ирсэн. Тэгээд та нар чинь юу болоод байгаа юм бэ гэж асуусан. Би энэ Ууганболдыг юм асуухаар дуугардаггүй юм тэгээд бас дээр намайг байхгүй хойгуур манайд ирээд манайд байсан хадам ээжийг аваад явсан байна гэхэд Алтанчимэг чамд буруу зөрүү юм ярьж чиний дургүйг хүргэж байхаар ер нь чимээгүй байсан дээр ш дээ гэж хэлсэн. Тэгээд чамайг цагдаад хэлнэ гэсэн. Тэгэхээр нь би цагдаа шүүхээр яах юм бэ гээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирээд Ууганболдоос шил архиа гаргаад ир гэж хэлэхэд Алтанчимэг эгч одоо чи архиар ядаг юм харь гэж хэлсэн. Тэгээд би шууд явсан. Би хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар ойлголоо. Хялбаршуулж шийдмээр байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 79 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 

  1. Хохирогч Ч.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр наадам болж байсан. Тэр өдөр манай бага хүүхэд ханиад хүрээд халуураад эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон. Тэгээд би Түвдэнжамцынд очиж өөрийн төрсөн эгч болох Урнааг түр мал хараад байж байгаач манай хүүхэд ханиад хүрээд халуураад байна гээд авч ирээд хонин дээрээ үлдээгээд эхнэр Энхжаргал бид 2 хүүхдээ аваад Жаргалант сум руу ирж хүүхдээ үзүүлчхээд өдөртөө буцаж очоод эгч Урнааг гэр рүү нь явуулсан. Тэгээд хэд хоноод 08 дугаар сарын 04-ны өдөр голоо дагаад нүүж буусан. Тэр өдөр бас миний төрсөн эгч Урнаагийнх манай хажууд буусан. Тэгээд гэр орноо бариад орой болсон. Тэгээд тугалаа уячхаад би хуучин буйр руугаа явж нохойгоо авчрах гээд явсан хойгуур Түвдэнжамц манайд ирээд хажуу айлд орсон байсан. Тэгээд намайг ирээд амарч байтал Түвдэнжамц хаалга цохиод хаалгаа онгойлго уулзаадахъя гээд байсан. Тэгээд би хаалгаа тайлсан. Түвдэнжамц орж ирээд намайг Бандихүү ахынд машинаараа хүргээд өгчих гэсэн. Тэгтэл манай эхнэр одоо хүмүүс унтсан байгаа тэгсэн ч чи хүнтэй хамт явж байгаа биз дээ гэж хэлэхэд Түвдэнжамц намайг гараад уулзаадахъя гэж хэлэхээр нь би араас нь гартал миний баруун талын нүд рүү цохисон. Тэгээд гэр лүгээ орж ирэхэд араас чирээд ахиж гаргаад намайг зодсон. Тэгээд манай эхнэр гарч ирээд та 2 чинь яагаад байгаа юм гээд салгах гэхэд манай эхнэрийг бас зодсон. Хүүхэд уйлаад байхаар би ороод хүүхдээ хуурч байтал Түвдэнжамц намайг ус аваад ир гээд байхаар ус хийж авчирч өгөөд байж байтал манай эхнэрийн төрсөн эгч болох Алтанчимэг охинтойгоо ирсэн. Тэгээд Алтаа “Та нар юу болоод байгаа юм” гэхэд Бороо “Энэ муу намайг юм асуухаар дугардаггүй юм. Бас намайг эзэнгүй хойгуур манайд байсан хадам ээжийг аваад явсан байна лээ” гэсэн. Тэгсэн чинь Алтаа эгч янз бүрийн буруу юм ярьж чиний дургүйг хүргэж байхаар чимээгүй байсан дээр ш дээ гэж хэлсэн. Тэгээд Алтаа эгч цагдаад хэлнэ гэхэд “Тэр цагдаагаа дууд айхгүй байна” гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй буцаж орж ирээд “Намайг уучлаарай гэхдээ цагдаад хэлвэл үр удмаар занана шүү” гэж хэлээд явсан. Манайх хөдөө явахдаа уул даваагаар явдаг. Зам харгуй явахад хүндрэлтэй зам байдаг. Би нааш цааш нийлээд 8 удаа явсан. Эм тарианы мөнгө эмнэлэгт үзүүлсэн мөнгө бас аймаг руу эмнэлэгт үзүүлэх гэж 2 удаа явсан. Энэ зардлаа нөхөн төлүүлмээр байна. Энэ зардлаа нөхөн төлүүлчихвэл надад гомдол санал байхгүй ээ ... гэх мэдүүлэг / хх-ийн 45-46, 49 /

 

  1. Гэрч Н.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....  2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай бага хүүхэд ханиад хүрээд халуураад эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон. Манай нөхөр Түвдэнжамцынд очиж өөрийн төрсөн эгч болох Урнааг түр малаа харуулахаар аваад ирсэн. Тэгээд нөхөр бид 2 хүүхдээ аваад Жаргалант сум руу ирж хүүхдээ үзүүлээд өдөртөө буцаж очоод эгч Урнааг гэр рүү нь явуулсан. Тэгээд хэд хоноод 08 дугаар сарын 04-ны өдөр голоо дагаад нүүж буусан. Тэгээд гэр орноо бариад орой болсон. Тэгээд тугалаа уячхаад манай нөхөр хуучин буйр руугаа явж нохойгоо авчрах гээд явсан хойгуур Түвдэнжамц манайд ирээд “Ууганболд хаашаа явсан” гэж асуугаад архи гуйгаад байхаар нь 0.5 грамм савтай монгол архи өгсөн. Тэгээд хажуу айлд орсон байсан. Тэгээд манай нөхөр ирсэн. Орой болж байсан болохоор шууд амарсан. Тэгээд байж байтал Түвдэнжамц хаалга цохиод хаалгаа онгойлго уулзаадахъя гээд байсан. Тэгээд манай нөхөр хаалгаа тайлсан. Түвдэнжамц орж ирээд намайг Бандихүү ахынд машинаараа хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би одоо айлын хүмүүс унтсан байгаа. Тэгсэн ч чи хүнтэй хамт явж байгаа биз дээ гэж хэлэхэд Түвдэнжамц манай нөхрийг гараад уулзаадахъя гэж хэлээд дагуулж гараад удаагүй Ууганболд миний нүд рүү цохчихлоо гээд ороод ирсэн. Тэгээд араас нь Түвдэнжамц орж ирээд ахиж гаргаад зодоод байгаа юм шиг байхаар нь би араас нь гараад “та 2 чинь яагаад байгаа юм” гээд салгах гэхэд намайг бас зодсон. Тэгээд би айгаад гол руу зугтаагаад гол руу гүйхэд Түвдэнжамц араас хөөгөөд гүйцээд ирсэн. Тэгэхээр нь би “Чи сая намайг зодчихоод ахиад зодох гээд байгаа юм уу” гэхэд Түвдэнжамц “Зодсон ч яадаг юм” гээд байсан. Тэгээд би хүүхэд уйлж байгаа гээд шууд гэр лүүгээ ирэхэд миний төрсөн эгч та нар чинь юу болоод байгаа юм бэ гэхэд Түвдэнжамц энэ муу Ууганболд юм асуухаар дуугардаггүй юм. Бас дээр намайг эзэнгүй хойгуур манай хадам ээжийг аваад явсан байна лээ гэсэн. Тэгсэн чинь Алтаа эгч янз бүрийн буруу юм ярьж чиний дургүйг хүргэж байхаар чимээгүй байсан дээр ш дээ гэж хэлсэн. Тэгээд Алтаа эгч цагдаад хэлнэ гэхэд тэр цагдаагаа дууд айхгүй байна гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй буцаж орж ирээд намайг уучлаарай гэхдээ цадаад хэлвэл үр удмаар занана шүү гэж хэлээд явсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 51 /

 

  1. Гэрч С.Одонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн үед Ууганболд ахын 2 хүүхэд ирээд Бороо ирсэн. Аав ээжийг зодоод байна гэхээр нь ээж бид босоод очиход Бороо гэх залуу гадаа суусан. Ууганболд ах гар нь дээр нь ус хийж өгөөд байж байсан. Тэгээд би гэрт ороод байж байтал гаднаас Ууганболд, Бороо манай ээж тэд нар гаднаас орж ирэхээр нь би Бороод та яахаар нэг гэр бүлийн хүмүүсийг ингэж гар хүрдэг билээ ямар санаа зорилготой юм гэхэд Бороо гэх залуу “Би Ууганболдод олон жилийн өс хонзон санаж байна. Бас саяхан наадмын үеэр намайг эзэнгүй байх хойгуур хадам ээж аваад явсан байсан.” гэж хэлсэн. Тэгээд Ууганболд ахыг хэл амаар доромжилсон. Их дарамталсан байдалтай чиний хүүхдүүд миний хүүхдүүд үлдэнэ ш дээ тэгээд сайн бодно биз дээ гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй орж ирээд за уучлаарай гэж хэлснээ Ууганболдоо нөгөө архиа гаргаад ир гэхэд манай ээж одоо чамд юу гэж архи өгөх вэ одоо яв гэж хэлсэн. Тэгээд сууж байгаад босож ирээд Ууганболд ахыг гараа атгаад шилэн хүзүүн дээр нь 1 удаа цохиод хүн хэлсэндээ байдаг юм 1 шил архи байгаа гэсэн яасан бэ гээд гараад явсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 54-55 /

 

  1. Гэрч Н.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 04-нөөс 2020 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө 02 цагийн үед гаднаас манай дүүгийн 2 хүүхэд Бороо ах ирсэн. Манай аав ээжийг зодоод байна гэсэн. Тэгээд би бага охиноо дагуулаад ирэхэд Бороо гадаа суусан Ууганболд гар нь дээр нь ус хийж өгөөд байж байсан. Тэгээд та нар чинь юу болоод байгаа юм гэхэд Бороо гэх залуу би энэ Ууганболдод юм асуухаар надад юм хэлдэггүй ер нь дуугүй байгаад байхаар нь миний уур хүрээд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр би чамд юм ярьж чиний дургүйг хүргэж байхаар дуугүй байсан дээр ш дээ гэж хэлсэн. Тэгээд Бороо гэх залуу наадмын үеэр манай хадам ээжийг байхгүй хойгуур аваад явсан байна лээ тэрэнд нь миний уур хүрээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Удаа ч үгүй эргэж орж ирээд Ууганболдоос архи нэхээд байхаар нь одоо больж үз яв гэж би хэлсэн. Тэгээд би цагдаад хэлнэ гэсэн чинь тэр цагдаагаас чинь айгаад байх юм алга гэсэн. Намайг зодож цохисон зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 58 /

 

  1. Гэрч Б.Өрнөхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 08 дугаар сарын 04-ны орой 23 цагийн үед би гэртээ унтаж байхад Түвдэнжамц орж ирээд хоёулаа айлд очоод ирье гээд бид 2 хамт Ууганболдынд очсон. Очиход Ууганболд гэртээ байхгүй байсан. Хуучин буйраасаа нохойгоо авчрах гээд явсан байсан. Тэгээд Түвдэнжамц Энхжаргалаас савтай монгол архи гаргаж өгөөд Түвдэнжамц ганцаараа уугаад байж байтал Ууганболд гадаа ирээд машин дээрээ мотоцикл ачиж авчирсан байсныг би хамт буулгалцсан. Тэгээд гэрт нь ороход Ууганболд байхгүй байсан. Тэгээд бид 2 гараад хадам ээжийнх рүү нь хамт ороод 1.25 граммын савтай архи ууж дуусаад эргээд Ууганболдынд орох гэхэд хаалга түгжсэн унтсан байсан. Тэгээд хаалгыг цохиод ороод жаахан сууж байгаад Ууганболдыг машинаараа айлд хүргээд өг гэхэд Энхжаргал одоо айл унтсан байгаа одоо яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд Түвдэнжамц явлаа Ууганболдоо чи намайг мордуулаад өг гэхэд Ууганболд гарч ирэхэд Түвдэнжамц Ууганболдыг шанаа руу нь 1 удаа цохисон. Тэгээд Ууганболд гэр лүүгээ орсон. Тэгж байгаад Түвдэнжамц араас нь ороод заамдаад чирээд гараад ирсэн. Гарч ирээд Түвдэнжамц Ууганболд суга хэсэг рүү нь хий 2 удаа өшиглөсөн. Тэгээд Энхжаргалыг ор гэж гэр лүү нь оруулсан. Энхжаргал гэртээ ороод 2 хүүхдээ сэрээгээд Алтанчимэг гуай руу явуулсан байсан. Тэгээд өөрөө бага хүүхдээ тэврээд гараад ирсэн байхад Түвдэнжамц Энхжаргалыг 1 удаа нүүр лүү нь алгадсан хөл рүү нь өшиглөж байсан харагдсан. Тэгээд бид нар Ууганболдынд орсон. Тэгэхэд бага хүүхэд нь уйлаад байсан. Ууганболд өөрөө хүүхдээ авсан. Тэгээд байж байтал Энхжаргал гараад гүйхэд Түвдэнжамц араас нь хөөгөөд гүйсэн. Шөнө байсан болохоор би юу болсныг мэдэхгүй. Тэгээд гаднаас бид 2 хамт орж ирээд Түвдэнжамц Ууганболд 2 гараад явсан. Удалгүй Ууганболд орж ирээд шанагаар ус аваад гарсан. Тэгэхээр нь би араас гарахад Түвдэнжамц бөөлжөөд байж байтал Алтанчимэг гуай охинтой хамт ирсэн байсан. Юу болоод байгаа юм гэж Алтанчимэг, С.Одонцэцэг,  гуайг асуухад Түвдэнжамц Ууганболдыг 1 удаа цохисон. Энхжаргалыг алгадсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал Алтанчимэг гуай цагдаагийн байгууллагад хэлнэ гэж хэлэхэд Түвдэнжамц тэгвэл хэлдэг газраа хэл гэж байхад Түвдэнжамц Ууганболдынд орчхоод гараад ирсэн. Тэгээд би 2 шууд явсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 60-62 /

         

 

                  8. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 424 дугаартай шинжээчийн:

            1. Ч.У ын биед баруун нүдний алимны салст болон зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй ... гэх  дүгнэлт /хх-ийн 18-19 /,  эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 105/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Т нь 2020 оны 08 дугаар сарын 04-нөөс 2020 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт архидан согтуурсан үедээ иргэн Ч.У ыг зодож улмаар түүний эрүүл мэндэд баруун нүдний алимны салст болон зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ч.У , гэрч Б.Өрнөхбаяр, Н.Алтанчимэг, Н.Энхжаргал, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 424 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.Т ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч А.Т ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч А.Т ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Т нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт шүүгдэгч А.Т ын эзэмшлийн ж-мобайл маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн  тогтоолыг хүчингүй болгож, гар утас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.Т ад хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг

дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Т нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон

 

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт А.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт А.Т ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Т ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч А.Т нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч А.Т ын эзэмшлийн жи-мобайл маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг жи-мобайл маркийн гар утас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч А.Т ад буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Т ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Т ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.