Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 0061

 

 

 

 

 

 

 

 

              Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг 14-2-24 тоотод оршин суух иргэн Их мянган овогт Бямбаагийн Алтанчимэг /РД:МФ69111523/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг, 2-54 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Оюуны өмч улсын бүртгэлийн нэгжийн улсын бүртгэгч ажилтай, Боржигон овогт Болдбаатарын Чинбаяр /РД:ТГ87111015/-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн Y-1310001886 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж өөрийн нэр дээр бүртгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Б.Чинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэнд-Аюуш нар  оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Энх-Амгалан гэгч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг Дөмбөн хороололд 85.4 мкв хувийн орон сууц 40.000.000 төгрөгөөр барьж өгнө гэж тохиролцон 2013 оны 10 сараас 2014 оны 10 сар хүртэл хугацаанд надаас 21.000.000 сая төгрөг авч 2015 оны 09 сарын 30-нд барилгыг дуусгаж хүлээлгэж өгөөд үлдэгдэл 19.000.000 төгрөгийг авна гэж амаар тохиролцсон юм. Гэтэл дээрх орон сууцыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн 17 дугаар хороолол 9-26 тоотод оршин суух Д.Болормаа гэгчид зарж намайг залилан мэхэлсэн байна. Энэ хэргийг би Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасагт өргөдөл гаргаж шалгуулсан боловч Н.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож шалгаж байгаад Өршөөлийн хуулинд хамруулж хэрэгсэхгүй болгосон юм. Н.Энх-Амгалан нь барилга барьж байна тийм ч юм хэрэгтэй, тэдэн төгрөг өг гэхэд нь би бүгдийг нь гаргаж өгдөг, улмаар өөрөөсөө зардал гаргаж дотор засал зэрэг зарим ажлуудыг хийж гүйцэтгэж орон сууцаа аль болох хурдан дуусгахын хүслэн болж явах үед буюу 2015.07.28-ны өдөр надад хэлэлгүйгээр “Хувийн орон сууц худалдан авах гэрээ” хийж улмаар улсын бүртгэлийн гэрчилгээг 2015.07.31-ны өдөр Д.Болормаагийн нэр дээр гаргуулаад орон сууцыг түүнд шилжүүлж өгсөнийг би сүүлд барилгаа дуусгуулж авахаар шаардаж байх үедээ мэдсэн юм. Анхнаасаа надтай тохиролцож уг орон сууцыг 2013.10 дугаар сараас эхлэн барьж байгаад 70 хувийн гүйцэтгэлтэй болгосны дараа 2015.7.31-ний өдөр Д.Болормаад уг орон сууцны барилгыг өр зээлэндээ тооцож шилжүүлж өгсөн байх бөгөөд барилгын ажил эхэлсэнээс хойш явцын дунд 2014.01.27-ны өдөр эхнэр Р.Буджаргал нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Н.Энх-Амгалан 2015.08.25-ны өдөр “ Хамтран ажиллах гэрээ” байгуулж 2015.09.30-ны дотор барьж дуусгана гэж харилцан тохиролцсон юм. Н.Энх-Амгалан нь надад хувийн орон сууц барьж өгнө гэж ярьж тохиролцоод байрны үнийн 50 хувийг авчихаад надад хэлэлгүйгээр миний итгэлийг эвдэж, хуурч мэхлэн уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Болормаагийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.Чинбаяраар гаргуулсан нь анхнаасаа хууль бус үйлдэл байх тул энэ асуудлыг шалгуулж хууль бусаар Д.Болормаагийн өмчлөлд шилжсэн хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү1310001886 тоот гэрчилгээг хүчингүй болгуулж өмчлөх эрхийг өөр дээрээ шилжүүлж авах, улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Алтанчимэг шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлах 84,5 мкв талбайтай, 0.7 га бүхий газартай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Y-1310001886 улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж, миний нэр дээр шилжүүлж өгнө үү? гэж хүсч байна. Энх-Амгалан гэдэг хүн барилга барьж өгье. Барилгын ажил дууссаны дараа бичиг баримт, түлхүүрээ өгнө гээд гэрээ хийсэн. Тэгээд барилгаа барьж дуусаагүй байж өөр хүний нэр дээр бичиг баримт гаргаад шилжүүлчихсэн байсан. Байшин баригдаж байхад урьдчилгаа болгож 21 000 000 төгрөгийг өгсөн. Энэ орон сууцыг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулж өгөхөөр тохирсон. Үүнээс хойш барилга байгууламжийг 1 сарын дотор ашиглалтанд оруулж өгнө гэсэн гэрээ бас хийсэн. Одоо хүртэл ашиглалтанд оруулж өгөөгүй. Барилгын ажил тавин хувьтай тэр хэвээрээ байгаа гэв.

Хариуцагч Б.Чинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Р.Буджаргал нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасалбар бүрдүүлэлт гаргасан байдаг. Энэ хүн мэдүүлэхдээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дүмбэн хорооллын орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах тухай мэдүүлэг гаргаж 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Сүхбаатарын Жавзандуламаар бүртгүүлсэн байдаг. Манай эд хөрөнгийн улсын бүртгэлийн нэгж 2016 оны 12 дугаар сараас эхлэн Сайхан сумд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 2015 оны 7 сард иргэн Буджаргал Болормаа нарын худалдах худалдан авах гэрээ бүртгэгдэж ирсэн. Бид энэ бичиг баримтуудыг хянаж үзээд нотлох баримтуудаа нэмж бүрдүүлэхийг шаардсан. Иргэн Буджаргалын худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой 4 обьектийн нэрийг улсын бүртгэлийн  Y-1310001773 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ, иргэн Буджаргал Болормаа нарын өмчлөх эрх шилжүүлэх өргөдлийг хүлээж авсан байгаа. Татварын албанаас үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны орлогын тайлан авсан байдаг. Мөн эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13.5 дахь заалтыг үндэслэн уг бүртгэлийг бүртгэсэн. Бүртгэх явцад иргэн Алтанчимэгтэй Энх-Амгалан нь ийм гэрээ хийсэн гэж хэлээгүй. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Болормаагийн нэр дээр  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байрлах 84.5 мкв талбайтай улсын бүртгэлийн Y-1310001886 дугаартай гэрчилгээг олгосон. Алтанчимэгийн гаргасан нэхэмжлэлийн хувьд энэ хүнтэй өмнө нь ийм гэрээ хийснийг мэдсэн, гэрээгээ тэмдэглүүлсэн байсан бол гэрчилгээ авах хүсэлтийг хүлээж авахгүй байсан гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн: Б.Алтанчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний нотратиатаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /Р.Буджаргал, Б.Алтанчимэг нарын/, мөнгө шилжүүлсэн баримт, Л.Буджаргалын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1310001773 тоот гэрчилгээний нотратиатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Болормаагийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1310001886 тоот гэрчилгээний нотратиатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран ажиллах гэрээ, хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, /Р.Буджаргал, Д.Болормаа нарын/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /Б.Отгонсүрэнгийн/ эрүүгийн хэрэг үүсгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай тогтоол, Н.Энх-Амгаланг сэжигтэнээр байцаасан мэдүүлэг, Р.Буджаргалыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, Г.Рэнцэнлхамыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, Б.Отгонсүрэнг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, Д.Болормааг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын  2016 оны 10 сарын 21-ны өдрийн 5/77 дугаар тогтоол, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээ,

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан хариуцагч талаас ирүүлсэн: Б.Чинбаярын хариу тайлбар, эд хөрөнгө өмчлөх өрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төрийн банкны орлогын мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан иргэний орлогын албан татварын тайлан, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тасагт гаргасан Р.Буджаргалын өргөдөл, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тасагт гаргасан Д.Болормаагийн өргөдөл, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ,  Р.Буджаргал, Д.Болормаан нарын иргэний үнэмлэхний хуулбар,  Л.Буджаргалын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1310001773 тоот гэрчилгээний хуулбар, Д.Болормаагийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1310001886 тоот гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн  нотлох баримтуудыг уншин сонсгож, шинжлэн хэлэлцэв.

                                                     ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь үл хөдлөх эд хөрөнгийн Y-1310001886 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж өөрийн нэр дээр бүртгүүлэхийг даалгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Оюуны өмч улсын бүртгэлийн нэгжийн улсын бүртгэгч ажилтай, Б.Чинбаяр нь үл хөдлөх эд хөрөнгийн Y-1310001886 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон  гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзхэд:

            Иргэн Д.Алтанчимэг нь  2014 оны  01-р сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн  нутаг Овоот хороололын урд байрлах талбайд баригдаж буй 10м урт, 8.53м өргөнтэй мансарт бүхий 3 өрөө тасалгаатай 85.4м2  ашигтай талбайтай, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдсон 3-р байрыг 0.07 га газартай амины орон сууцыг худалдан авахаар иргэн Р.Буджаргалтай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /х.х-ийн 7-рт/

            Дээрх 85.4м2  талбай бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй /баригдаж дуусаагүй/ орон сууцны байшинг  иргэн Р.Буджаргал өмчлөгч болохоо  бүртгүүлэн 2014 оны 01-р сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн Y-1310001773 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /х.х-ийн 9-рт/

Улмаар Р.Буджаргал дээрх өөрийн өмчлөлийн 85.4м2  талбай бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны байшинг  2015 оны 07-р сарын 28-ны өдөр хувийн сууц худалдах худалдан авах гэрээгээр/х.х-ийн 38-рт/  иргэн Д.Болормаад шилжүүлэн 2015 оны 07-р сарын 31-ны өдөр  Д.Болормаагийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1310001886 тоот гэрчилгээ гарчээ. /х.х-ийн 10-рт/
            Нэхэмжлэгч  Д.Алтанчимэг нь  2014 оны  01-р сарын 27-ны өдөр  85.4м2   амины орон сууцыг худалдан авахаар иргэн Р.Буджаргалтай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж /х.х-ийн 7-рт/ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Оюуны өмч улсын бүртгэлийн нэгжийн улсын бүртгэгч Б.Чинбаяр нь худалдагч Р.Буджаргал худалдан авагч Д.Болормаа 2015 оны 07-р сарын 28-ны өдөр хувийн сууц худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  гэрээний талуудын мэдүүлэг  зэргийг хуулийн дагуу хүлээн авч эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д зааснаар бүртгэн Д.Болормаагийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1310001886 тоот гэрчилгээ олгосон нь  эд хөрөнгө өмчлөх өрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төрийн банкны орлогын мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан иргэний орлогын албан татварын тайлан, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тасагт гаргасан Р.Буджаргалын өргөдөл, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тасагт гаргасан Д.Болормаагийн өргөдөл, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ,  Р.Буджаргал, Д.Болормаа нарын иргэний үнэмлэхний хуулбар,  Л.Буджаргалын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1310001773 тоот гэрчилгээний хуулбар, Д.Болормаагийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1310001886 тоот гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдсон ба улсын бүртгэгч хууль зөрчөөгүй байна.  

 Нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь Иргэний хуулийн  хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасан дагуу  үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учраас  өмчлөх эрх үүсээгүй байх тул Д. Алтанчимэгийг маргаж буй 85.4м2  талбай бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй /баригдаж дуусаагүй/ орон сууцны байшингийн өмчлөгч гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Оюуны өмч улсын бүртгэлийн нэгжийн улсын бүртгэгч Б.Чинбаярыг хууль зөрчсөн гэж үзэн иргэн Д.Болормаагийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн Y-1310001886 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож Д.Алтанчимэгийн нэр дээр  бүртгүүлэхийг улсын бүртгэгчид даалгах  хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5-д  заасныг удирдлага болгон

 ТОГТООХ  нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-д  зааснаар  Б.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Оюуны өмч улсын бүртгэлийн нэгжийн улсын бүртгэгч Б.Чинбаярт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн Y-1310001886 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж өөрийн нэр дээр бүртгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА