Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/305

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Ё.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003660342  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар /2002 оны/ 03 жил 01 сарын хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар /2002 оны/ гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар /2002 оны/ хэрэгсэхгүй болж байсан, овогт Ё.Г ,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.Г нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Алтан Ус” гэх газар иргэн Г.Б ийг зодож улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, хамар, зүүн чихэнд зулгаралт, дух, чамархай, зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Ё.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш манай ээж Чимгээгийн хамт Г.Б  нь манай гэрт ирээд манай аавынхаас хоол авна гэхээр нь би хонь хяргахдаа муу хяргасан байсан. Залуу хүн байж сэтгэлээсээ хандаад хийгээд өгчихгүй яасан юм авах болохоороо өөрийн юм шиг ирээд авч байна даа гээд уурандаа пизда гээд хэлчихсэн чинь над руу дайраад гэрээс гарахад намайг цохисон. Тэгээд зөрүүлээд хоёр удаа цохиж хавирч унагаад гэртээ орчихсон. Гэрийн гадаа хэсэг орилж байгаад мотоциклоо асаагаад явахаар нь араас нь дуудтал чигээрээ явсан. Би Г.Б ийг гараараа шанаа руу нь хоёр удаа цохиж, хавирч унагаасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 33 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Г ийн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 

  1. Хохирогч Г.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн “Алтан Ус” гэх газарт байх Ёндонжамц гэх хүнээс хонь хяргасны хөлс болгож хонь авахаар гэрт нь очиход түүний эхнэр Чимгээ байсан. Тэгээд хонь хяргасны хөлс болох хонио авахаар ирлээ гэтэл аан за өгье гээд манай хүүхдийнд очъё гэсэн. Тэгээд хамт очтол түүний хүүхэд болох Ганаа нь энэ муу новшид хонь өгөхгүй гэхээр нь би хонь хяргасан хөлсөө авъя гэтэл намайг гараад ир гэхээр нь гараад иртэл миний толгой руу олон удаа цохихоор нь боль гэтэл чамайг ална гэж дайраад машин дээрээ гараад юм хайгаад байх шиг байсан. Би тэр үеэр толгой эргээд юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд би хэсэг байж байгаад мотоциклоо унаад Баянхонгор аймаг руу явсан. Ганаа миний толгой руу гараараа цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 57 /

  1. Гэрч А.Алиманцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр Баян-Овоо сумын иргэн Ёндонжамцаас хонь хяргасан хөлсөө авахаар явсан. Тэгсэн 19 цагийн үед манай нөхөр гэртээ зодуулсан байдалтай ирсэн. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр гэртээ орж ирээд юм хэлээгүй. Бие нэг л зовуурьтай харагдахаар нь юу болсон талаар асуутал Ганаа гэгчид зодуулсан гэхээр нь дуудлага өгсөн. Ноднин зун Баянхонгор аймагт Ганаа гэгч нь манайд согтуу орж ирээд хэл амаар өдөж байгаад манай нөхрийг гурван удаа цохиж байсан. Би тухайн үед салгаад явуулж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 05 /

                       5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн:

            1. Г.Б ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, зүүн чихэнд зулгаралт, дух, чамархай, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 10-11/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-17/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, эвлэрлийн /хх-ийн 74/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ё.Г нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Алтан Ус” гэх газар иргэн Г.Б ийг зодож улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, хамар, зүүн чихэнд зулгаралт, дух, чамархай, зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Б , гэрч А.Алиманцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 414 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ё.Г ийг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ё.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ё.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ё.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ё.Г нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ё.Г ийн эзэмшлийн самсунг гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 196 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ё.Г эд хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь   улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг

дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ё.Г нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон

 

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Ё.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Ё.Г ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ё.Г эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ё.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Ё.Г нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ё.Г ийн эзэмшлийн самсунг маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг самсунг маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ё.Г эд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ё.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ё.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.