Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: 

        Хариуцагч: 

 

        Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч С.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******ийн *******той 1989 онд гэр бүл болж 1990 онд том хүү Б.*******, 1993 онд бага хүү Б.******* нарыг төрүүлж одоо насанд хүрч өрх тусгаарлан амьдарч байна. С.******* нь 1989 онд танилцан гэр бүл болоход архи уудаг байсан, миний бие 26 жил хамт амьдрахдаа 14 жилийг нь архи уусан, хэрцгий зан авирыг нь тэвчиж ирсэн. Одоо өөрийн биеийн байдал сайнгүй, толгой өвддөг, үе мөч өвддөг болсон. Одоо гэр бүлийн хүчирхийллийг давах чадваргүй болоод байгаа учир гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдрах хүсэлтэй байна. Мөн *******ын эгч, дүү нар нь хэл амаар доромжилж давхар гэр бүлийн хүчирхийлэлд оруулж байгааг дурдах нь зүйтэй бөгөөд дахин хүчирхийлэлд оруулвал хууль хяналтын байгууллагад хандах болно.“ гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбатаа: “Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн иргэн Д.*******тэй ханилан 26 жил хамт амьдраад миний буруугаас болж гэр бүлийн баталгаа салгах өргөдөл гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёрын хувьд 26 жил хамт амьдарсан. Бид хоёр хамтын хөдөлмөрөөрөө хоёр хүүхдээ өсгөж, айл гэр болгосон. Энэ хүний ар гэрийнхэн нь буюу эгч, дүү нар нь хэл амтай сүрхий улсууд байдаг. Би ах дүү садан гээд байдаггүй, би ганцаараа энэ хүний гэр бүлд 26 жил амьдарсан. Одоо намайг гэр бүлийн хүмүүс нь өмч хөрөнгийг нь бараад, бие нь муу болохоор нь хаяаад явлаа гэж цуу яриа гаргаж, миний нэр хүндэд маш их халдаж байгаа. Би өөрөө төрийн албан хаагч хүн, гэтэл миний нэр хүндэд удаа дараа халдаж байгаа. Надтай анх нийлэхдээ энэ хүн өөрийн хувцастайгаа л ирсэн, би харин өөрийн гэсэн орон гэртээ байсан, тэгээд хамт манайд амьдарч хөдөлмөрлөж хамтын хөрөнгөө бий болгож ирсэн. Хадмын зүгээс надад нэг хазаар, хөөрөг хоёр өгсөн байдаг. Хөөрөгнийх нь барааг нь ч би хараагүй, энэ хүн надтай суусан жил согтуу явж байгаад хаясан гэсэн. Хазаар нь одоо ломбарданд байдаг, тэрийг би нэг хүүдээ авч өгнө гэж бодож байгаа. Хадмынхаас ирсэн хөрөнгийг бараагүй гэж хэлэх нь зүйтэй байх. Бид хоёрын хамтын хөдөлмөрөөр бий болгосон гурван тал хашаа, 48 метр квадрат байшин болон гэр орноо бүрэн бүтэн байдлаар нь би С.*******од үлдээнэ гэж бодож байгаа. Бидний гэр бүл салалтанд юу нөлөөлсөн тухайд нэмж ярихад, бид хоёрын амьдралын дотоод асуудалд энэ хүний гэрийхэн болох дүү, эгч нар нь байнга оролцдог.  Намайг дүү ******* нь зодож байсан удаа ч бий. С.******* намайг зодож, элдэв болж байсан боловч энэ хүнийг би хэргийн ширээнд суулгаж, ял шийтгэлд оруулъя гэж бодоогүй. Гэхдээ цаашдаа гэрийнхэн нь намайг үргэлжлэн янз бүрээр ярьж, надад дарамт шахалт үзүүлэх юм бол хэрэг хуучрахгүй гэж би хэлмээр байна. С.*******ын хувьд тийм айхтар харгис хэрцгий, хамт амьдрахын аргагүй хүн биш, ганцхан архи ууж явдаг болохоос биш өөр муу муухай юм байхгүй. Зөвхөн ар гэрийнхэн нь буюу эгч, дүү гээд 5 хүүхэн байдаг. Нэг нь бол иймээ тиймээ асуудалд оролцож хэрүүл хийгээд байдаггүй, бусад нь дандаа буруу эрхлүүлж сэтгэл санаа, ааш занг нь дандаа эвдэж өөрчилдөг. Гэртээ нэг очоод ирэхдээ л зан ааш нь хувираад, санаа сэтгэл нь хувирчихсан байдаг. Ээж нь дандаа архи авч өгдөг, хүүхдийнхээ муу муухай байдал, буруу дутагдалтай зүйлийг нь хэлж өгдөггүй. Бид хоёрыг эвлэрээд хамт амьдрах боломж олгоогүй. Би өөрөө ажилтай энэ хүн ажилгүй учраас би бүх өр зээлээ өөрөө дааж төлнө гэж бодож байгаа, тийм учраас намайг Баяндалай суманд ажиллаж амьдраад өр төлбөрөө дарахад гэрийнхэн нь надад битгий саад болоосой гэж хүсч байна. Би анх С.*******той суухаасаа өмнө 1987 онд Баяндалай суманд томилолтоор очиж ажиллаж эхэлсэн. Тэнд ажиллаж байх хугацаандаа би С.*******той танилцаж гэр бүл болсоноос биш, С.*******ыг би мөнгөтэй хөрөнгөтэй байхад нь очиж суугаагүй. Тийм болохоор би одоо хүртэл хадмынхандаа гомдож явдаг.” гэжээ.

 

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоо нэгэнт гэр бүл салж байгаа учраас надад гэр бүлийн асуудлаар элдэв янзын шаардлага, дарамт шахалт гаргахгүй байгаасай л гэж хүсч байна. Гэхдээ хоёр хүүхдийн эцэг эх болсны хувьд, ач зээ гэж гарчихсан байна, хоёр талаасаа үр хүүхдүүддээ тусалж дэмжих зүйл гарахыг хэлж мэдэхгүй. Өөрийгөө бас юу ч үгүй хоцорч байгаа хүн гэж бодолгүй, цаашдаа сайхан амьдрахын тулд биеэ зөв авч яваарай гэж захимаар байна. Би С.*******тойгоо нэг гэр бүл гэж үздэг байтал гэрийнхэн нь бид нар эхээс долуулаа, бид бол нэг гэр бүл гэж С.*******ыг надаас харамлаж, бид нар дүүгээ авах байсан юм гэж хэлж байсан бичлэг нь хүртэл надад байдаг болохоор би одоо гэр бүлийнхнийг нь энэ хүнийг надаас илүү сайн сайхан авч явах байх гэж бодож байгаа” гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******од холбогдуулж гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч С.******* нар нь 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон нь гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******, хариуцагч У.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Д.*******, С.******* нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

 

3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмэлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР