Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч С.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2000 онд *******тай гэр бүл болж 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр охин Б.*******, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Маргад-Эрдэнийг тус тус төрүүлсэн. С.******* нь 2010 оноос архи ууж, үе үезодож танхайрах болсон. Сүүлийн 3 жилд гэр бүлээс гадуурах харилцаатай болж удаа дараа зодож танхайран хүнд хөнгөн гэмтээж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нүүрэн тус газар олон удаа мөргөж зэрлэгээр зодож гэмтээсэн. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй болоод байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.*******гийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Үл ойлголцох байдлаас болж гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан байна. Эвлэрэх гэж нэг сарын хугацаанд ярилцаж үзлээ, ямар ч үр дүнд хүрсэнгүй. Иймд тэр хүний нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх, үүргийн хэмжээнд хоёр хүүхдээ харж хандаж явна.” гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, эвлэрэх хүсэл алга. Гэр бүлээ цуцлуулаад, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох 3 агуулга бүхий шаардлагатай байгаа.” гэжээ.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг нь би эвлэрье гэж их бодсон. Боломжгүй гээд намайг гарцгүй болгож байгаа учраас одоо салахаас яахав. Уг нь эвлэрэх хугацаа өгвөл би алдаагаа засаад сайхан амьдаръя гэж бодсон. Яагаад ч болохгүй гэж бодож байгаа бол хоёр хүүхдээ бодоод салахаас яахав дээ.” гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******, Б.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч С.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч С.******* нар нь 2000 онд гэр бүл болж, 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний  дундаас 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр охин Б.*******, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.******* нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч С.*******  нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд С.*******гаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.*******, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.******* нарт тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******, хариуцагч С.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овгийн ******* ******* /РД:*******/-аас 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.*******, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.******* нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.С.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Н.*******, С.******* нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас 46,860 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР