| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0289/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/296 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/296
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Д.Чимидцэрэн,
Хохирогч: С.М , Б.Т
Шүүгдэгч: С.М , Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000330 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, талбайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Б.Т
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овогт С.М , /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мазаалай паркийн хашаан дотор 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим Б.Т ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мазаалай паркийн хашаан дотор 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим С.М ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
.... С.М ирж намайг шууд миний хамар руу мөргөсөн тэгээд бид хоёр маргалдсан С.М надтай хэрүүл хийсэн. Тэгээд С.М намайг миний уруул орчимд цохих үед би С.М ийг хавсарч унагаахад намайг заамдаж хоолой шахаж бариад баруун талын шанаа орчим цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Шүүгдэгч С.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Мазаалай парк дотор явж байгаад Б.Т ын найз охинтой урьд өмнө нь би үерхдэг байсан тэрнээс болж бид хоёр маргалдаж Б.Т тай зодоон хийсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5. Хохирогч С.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагаас оройн 20 цагийн хооронд Түйн голын захад Г.Мягмарсүрэн, Мөнхтулга бид гурав 0.5 литрийн хэмжээтэй 2 шил соёрхол нэртэй архи, 0.5 литрийн хэмжээтэй боргио нэртэй 17 лааз пиво уучхаад 20 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг Мазаалай парк дээр ирсэн. Тэгтэл манай нутгийн Б.Т гэж залуу найз охинтойгоо явж байсан. Түүний найз охинтой би урьд нь үерхдэг байсан бөгөөд түүнээс болж Б.Т бид хоёр маргалдаад тэрээр миний хамар луу 2 удаа цохисон чинь надтай хамт явсан найз нар маань салгасан. Тэгээд миний хамраас цус гоожоод би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,
6. Хохирогч С.М ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирол гомдол санал байхгүй гэв.
7. Хохирогч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг Мазаалай парк дотор явж байхад С.М болон түүний 3 найзтай таарсан. Тэгтэл С.М надтай хэрүүл хийсэн. Урьд өмнө манай найз охин С.М тэй үерхдэг байсан тэр талаар хэрүүл маргаан хийж миний уруул орчимд цохиж хавсарч унагааж зүүн талын нүдэнд хоёр удаа гараараа цохисон. Мөн заамдаж хоолой шахаж бариад баруун талын шанаа орчимд цохих үед би мөн адил С.М ийг харилцан цохисон тэгээд бид нар салцгааж би гэртээ харихаар явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,
8. Хохирогч Б.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирол гомдол санал байхгүй гэв.
9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн:
1. Б.Т ын биед зүүн нүдний зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой ... гэх дүгнэлт / хх-ийн 43-44 /,
10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 419 дугаартай шинжээчийн:
1. С.М ийн биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 40-41/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 08/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16, 17-21/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-75/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Т нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мазаалай паркийн хашаан С.М ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч С.М нь 2020 оны дугаар сарын 05-ний өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мазаалай паркийн хашаан дотор Б.Т ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч Б.Т , С.М , шүүгдэгч С.М , Б.Т нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 419, 420 дугаартай дүгнэлтүүд шүүгдэгч болон хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлдэгт өсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т , С.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.М , Б.Т нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.М , Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.М , Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.М , Б.Т нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.М , Б.Т нарыг эзэмшлийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гар утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.М , Б.Т нарт тус тус хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг
дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.М , Б.Т нар нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.Т , Намнан овогт С.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Б.Т , Намнан овогт С.М нарыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Т , С.М нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т , С.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Т , С.М нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Т , С.М нарын эзэмшлийн гар утаснуудыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг гар утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Т , С.М нарт тус тус буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Т , С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т , С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.