| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0286/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/295 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/295
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003440320 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1991 оны 05 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнссэн, овогт Л.Б ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр баг 16-7 тоот хашааны үүдэнд иргэн Б.Б г зодож түүний эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Л.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг / Хх-ийн 62-64 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 16-7 тоотод байх гэртээ ирээд байж байтал 20 цагийн үед манай эхнэр “Хашааны үүдэн дээр машинтай хүмүүс ирчихсэн байна. Машины эд зүйл үзэх гээд өдрөөс хойш хүмүүс ирээд байгаа юм.” гэсэн. Тэгээд би хоол идэх гэж сууж байснаа ганцаараа гарсан чинь зүс таних Жаахнаа гэх залуу ирчихсэн байсан бөгөөд тэрээр машины мотор үзээдэх гэхээр нь оруулж үзүүлсэн. Тэгтэл тэрээр “Би моторыг чинь 100.000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэрээр тухайн үед архи уучихсан нэлээн согтуу байхаар нь би түүнд “Би чамтай эрүүл дээр чинь уулзаж ярилцъя” гээд бид хоёр хашаанаас гарсан. Тэгтэл Жаахнаагийн ирсэн машины цаанаас нэг танихгүй залуу ирээд надтай мэндэлж гар бариад миний гарыг мушгиад “Чи намайг танихгүй байгаа юм уу” гэхээр нь би “сайн танихгүй байна” гэхэд тэрээр “Чи яагаад таньдаггүй юм. Намайг ******* гэдэг би чамаар машин янзлуулж байсан биз дээ” гээд хэрүүл нэхэж эхэлсэн. Тэр залуу бас архи уучихсан согтуу байсан. Тэгээд Жаахнаа нь “Баяртай” гээд машин руу эргэхээр нь би ч гэсэн эргээд хашаа руугаа орох гэсэн чинь нөгөө ******* гэх залуу шууд миний нүүр рүү цохисон бөгөөд би хашаа налаад унасан чинь миний толгойн хэсэг рүү гараараа цохиж мөн өшиглөсөн. Тэгтэл Жаахнаа гэж залуу ирээд түүнийг салгахаар нь би босож ирж түүнтэй барилцаж аваад салсан. Тухайн үед манай эхнэр ******* цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Миний зүүн чихний хэнгэрэг цоорсон учраас би Улаанбаатар хот руу явж чих хамар хоолойн хувийн эмнэлэгт үзүүлж, эм тариа авч хэрэглэсэн. Тэгэхэд унаа, эм тарианы зардал гэж ойролцоогоо 1.000.000 орчим төгрөг болсон. Түүнийг би Л.Б ээс нэхэмжилсэн. Тэрээр уг зардлыг надад гаргаж өгнө гэсэн. Тиймээс надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 44-48 /
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Б.Б гийнхээс авто машины эд анги авахаар очсон чинь байхгүй байсан. Тэгээд оройхон Л.Б бид хоёр 2.5 литрийн хэмжээтэй 1 сав пиво хувааж уучхаад би эхнэр Оюунчимэгээр машинаа бариулаад Л.Б бид хоёр Б.Б гийнд 19-20 цагийн үед очоод би ганцаараа Б.Б гийн хамт хашаа руу нь орж машины эд зүйл үзчихээд түүний хамт хашааны үүдэн дээр гараад ирсэн чинь Л.Б машинаас буугаад Б.Б тэй мэндэлчхээд бие биесийгээ таньдаг гэж байсан. Тэгээд машинд манай жоохон хүүхэд уйлахаар нь би машиндаа ороод байж байтал манай эхнэр хүүе нөгөө хоёр чинь зодолдоод байна гэхээр нь машинаас гараад ирсэн чинь тэр хоёр бие биеийн заамдаад барилцаад авчихсан байхаар нь салгаад *******ийг машинд суулгаад явуулсан.Тэгээд удаагүй цагдаагийн алба хаагч нар ирж Б.Б бид хоёрыг авч явсан. Л.Б бид хоёр 2.5 литрийн пиво хувааж уусан болохоор согтолт багатай байсан. Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би яг тэр хоёрыг зодоон цохион хийснийг нь хараагүй, намайг машинаас гарч ирэхэд бие биесийгээ заамдаад авчихсан байхаар нь салгасан. Манай эхнэр надад ярихдаа эхлээд Л.Б нь Б.Б г цохиод авсан чинь тэрээр унасан, босож ирээд бие биесийгээ барилцаад авсан гэж байсан. Тухайн үед тэр хоёрын биеийн ил харагдах хэсэгт гэмтэл шарх гэхээр зүйл мэдэгдээгүй. Б.Б нь миний завьж руу цохчихлоо гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 49-51 /
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2020 оны 07 дугаар сарын 17-нд би гэртээ байж байхад 20 цагийн үед хашааны гадна Жаахнаа гэж дууддаг зүс таньдаг хүн ирэхээр нь гарсан чинь нөхөртэй чинь уулзах гэсэн юм гэхээр нь би нөхөр Баатархүүг дуудаад Баатархүү гараад Жаахнаатай манай нөхөр уулзаж байсан чинь Жаахнаатай хамт ирсэн зүс таних ******* гэдэг залуу машинаас бууж ирсэн. “Өө чи их том болчхож” гэсэн чинь манай нөхөр Баатархүү тэр хүнтэй сайн уу гээд мэндэлсэн чинь тэр эрэгтэй Баатархүүгийн уруул болон нүүр хэсэгт нь нэг удаа цохиод толгой руу нь өшиглөчихсөн. Тэгээд цамцнаас нь бариад дараад унагаачихсан. Тэгээд би цагдаа дуудсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 52-54 /
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаартай шинжээчийн:
1. Б.Б гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд тогтонги нөлөөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 16-17/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-30/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 86-88/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Б нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр баг 16-7 тоот хашааны үүдэнд иргэн Б.Б г зодож түүний эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Б , гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 393 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь эмчилгээний төлбөр нэг сая төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь уг мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Л.Б ээс нэг сая төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Л.Б ийн эзэмшлийн самсунг маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 186 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг самсунг маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л.Б т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг
дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Л.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Л.Б ийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Б т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Л.Б ээс нэг сая / 1.000.000 / төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Л.Б ийн эзэмшлийн самсунг маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг самсунг маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Л.Б т буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.