Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ц.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.*******тай 2004 онд танилцан 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү А.*******, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин А.*******, нар төрсөн. Ц.******* сүүлийн үед архи ууж, ааш зан эвдэрч, согтуугаар агсам тавьж, зоддог болсон. Амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч Ц.Ариунбаатраас тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Ц.******* бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбатаа: “2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184 дугаартай гэр бүлийн баталгаагаар батлагдсан эхнэр болох А.*******ийн гэрлэлт цуцлуулах тухай өргөдөлтэй танилцан үүнийг хүлээн зөвшөөрч байна. 2013 оноос өмнө ажил хийж байх үедээ миний бие гэр бүлээ бүрэн бүтэн тэжээж байсан. Төгссөн сургуульгүй, боловсрол мэргэжилгүй миний хувьд 2013 оноос хойш ажил олдохгүй, одоог болтол тогтсон орлогогүй хэцүү байдаг талыг маань харгалзан үзэхийг хүсч байна.” гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2007 оноос гэр бүл болоод амьдарч байгаа, хоёр хүүхэдтэй. Сүүлийн жилүүдэд байнга архи ууж, агсам тавьж зоддог болсноор хоёр хүүхэд бид 3 байнга айдас хүйдэстэй байх болсон. Тэгээд би хоёр хүүхдээ аваад дүүгийнхээ хашаанд тусдаа амьдарч байна. Одоогоор би “SS” компанид тогоочийн ажил хийдэг. Ажилд явсан хойгуур ээж аав хүүхдүүдийг минь хардаг.  Энэ хүнтэй хамт амьдарч байх хугацаандаа байшин, 2 гараж, дугуй засвар зэргийг хамтран босгосон. Эдгээр бүх зүйлээ энэ хүнд би үлдээж өгсөн. Би одоо банкинд 7.000.000 гаруй төгрөгний өртэй, сард 292.000 төгрөг төлдөг. Энэ хүнд хандаж боломжоороо банкны мөнгийг хуваалцаж төлөөсэй гэж хүсмээр байна.” гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоогоор би ажилгүй байгаа, гэхдээ ер нь ажил хийгээд мөнгө олхоороо боломжоороо банкны өрийг хамт төлөлцөөд явна гэж хэлмээр байна. Мөн хүүхдийн тэтгэлэгийг ч бас өгөх болно, өөр хэлэх зүйл алга даа.” гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******ын *******, *******ын ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч А.******* хариуцагч Ц.******* нар нь 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, тэдний  дундаас 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү А.*******, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин А.******* нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Ц.*******  нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд Ц.*******аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.*******, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин А.******* нарт тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ц.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-аас 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.*******, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин А.******* нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Ц.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар А.*******, Ц.******* нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 46,860 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******өд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР