Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 471

 

Б.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01617 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Энхжаргалд холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 072 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Цолмон, П.Болортуяа

Хариуцагч: С.Энхжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Ганцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батбаяр нь 2014 оны 8 сард өөрийн хөрш С.Энхжаргалтай харилцан тохиролцож, өөрийнхөө газар дээр 10 x16 м.кв хэмжээтэй хаус барихаар болсон. С.Энхжаргалтай эхлээд ажлын хөлсийг 5 000 000 төгрөг, хоол, ойр зуурын хэрэгцээнд хүү бид хоёрт сар болгон 200 000 төгрөг авахаар тохирсон. Би С.Энхжаргалд итгээд гэрээ байгуулалгүй, амаар тохиролцоод ажлаа 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн. Ажил эхлээд 1 сар болсны дараа ажлын нөхцөл хүнд, голчлон ганцаараа ажиллаж байсан учир 1 сар ажилласан хөлсөө аваад больё гэхэд С.Энхжаргал нь ажлын хөлсийг чинь нэмж 7 000 000 төгрөг болгоё, дуусгаад өгчих гэж гуйсан учир ажлаа үргэлжлүүлсэн. Би 7 настай хүүтэйгээ 2-лаа амьдардаг, хүү бид 2-т ойр зуур мөнгө хэрэгтэй болно гээд, 200 000 төгрөг сар бүр авахаар ярьсан ч, Энхжаргал “Би та 2-ын хэрэгцээнд цалин дээрээсээ сар бүр 100 000 төгрөг, хоол ундны зүйлсийг байшингаа зарах хүртэл өөрөө авч өгөөд явъя” гэж хэлээд энэ байдлаар 2014 оны 12 сар хүртэл ажиллаж, миний хийхээр тохирсон ажил ч дууссан.

Үүний дараагаас буюу 2014 оны 12 сараас эхлэн С.Энхжаргал нь ойр зуурын хэрэгцээний 100 000 төгрөгөө цалин дээрээсээ өгч, харин хоолны мөнгө огт өгөөгүй.

Байшингийн дотоод заслын ажил эхэлж 2015 оны 6 сард дууссан. Энэ хугацаанд би дотоод заслын ажилд туслахын хажуугаар, байшинг нь эргэж тойрч, бүрэн бүтэн байдлыг нь харж байсан. Энэ хугацаанд 1 удаа байшинг хаалгыг нь эвдэж согтуу хүмүүс орох гэж байсныг би цагдаа дуудаж, бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадсан. Байшин зарагдах хүртэл энэ байдлаар ажилласан тул надад өөр ажил эрхлэх боломж байгаагүй.

Байшинг 47 000 000 төгрөгөөр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлын хөлсөө авахаар С.Энхжаргалын ажил дээр очиход өгөөгүй. Тиймээс цагдаагийн байгууллагад хандана гэхэд надад 4 000 000 төгрөг л байгаа гээд надад 4 000 000 төгрөг данснаасаа авч өгсөн.

Энэ байшинтай ижил байшинг барих зах зээлийн ханш бол 20,0-30,0 сая төгрөг байдаг. С.Энхжаргал нь анх хэлэлцэж, тохиролцсоноос буцаж миний ажлын хөлсний үлдэгдэл 3 000 000 төгрөгийг өгөөгүй. Үүнээс гадна байшин зарагдах хүртэл хэрэглээний мөнгө 100 000 төгрөг, хоолны зүйлсийг сар бүр авч өгч байна гэсэн боловч 2014 оны 12 сараас 2015 оны 10 сар хүртэл хоолны мөнгө өгөөгүй. Хүү бид хоёрын 1 сарын хоолны материалын үнэ 100 000 орчим төгрөг болдог. Энэ хугацааны хоолны мөнгө 10 сар х 100 000= 1 000 000 төгрөг.

Мөн би өөрийн гүйцэтгэх ёстой ажлыг дуусгасны дараагаас эхлэн 2015 оны 6 сар хүртэл барилгын дотоод заслын ажилд ямар ч хөлс мөнгөгүйгээр тусалж, үүнээс гадна байшингийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж 10 сар харуулын ажлыг хийсэн. Энэ 2 ажлыг зах зээлийн үнэлгээнээс багаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үнэлэхэд барилгын туслах ажил 192 000 х 6 сар = 1 152 000 төгрөг, харуул, хамгаалалтын ажлын хөлс 192 000 х 10 сар = 1 920 000 болж, нийтдээ 3 072 000 төгрөг байна. Нийт гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 3 000 000 төгрөг, хоолны мөнгө 1 000 000 төгрөг, барилгын дотоод заслын туслах, харуул хамгаалалтын ажлын хөлс 3 072 000 төгрөг, нийлээд 7 072 000 төгрөгийг С.Энхжаргалаас гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газартаа байшин барихаар шийдэн Б.Батбаяр, н.Өлзийтогтох хоёрыг туслалцахыг гуйсан. Бид ажлын нийт хөлсийг хүн тус бүр 5 000 000 төгрөг байхаар, хөлсийг байшинг барьж дуусаад, худалдсаны дараа өгөлцөж, авалцахаар харилцан тохироод барилгын ажлыг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эхлүүлсэн. Барилгын ажил эхлээд явж байхад Б.Батбаяр нь хүүхдээ сургуульд хүргэж өгнө, авна гээд явдаг, ажил хийхээсээ хийхгүй цаг хугацаа нь их байсан. Би заримдаа барилгын материал, зээл хөөцөлдөх зэрэг ажлаар гадуур явах үед Б.Батбаяр нь н.Өлзийтогтохтой хамт ажиллахгүй гээд ажил хийдэггүй байсан. Ингээд Б.Батбаяр нь ажил хийхээсээ хийхгүй нь их, шаардлага тавихаар урдаас хэрэлддэг зэргээс нь төвөгшөөгөөд хоёр сар ажиллуулаад чи ажил төрлөө боддоо гэж хэлээд байшин барьж дууссаны дараа байшингаа худалдчихаад өгөхөөр тохирсон байсан 5 000 000 төгрөгөө өгнө гэдгээ хэлээд түүнийг ажиллуулахаа больсон.

Б.Батбаяр нь байшин барьж дуустал ажиллаагүй бөгөөд ердөө 2 сарын хугацаатай л ажилласан юм. Б.Батбаярыг явснаас хойш н.Өлзийтогтох зарим үед өөрийн найз нарыг авчран туслуулдаг байсан. Би ажиллаж байх хугацаанд нь сар бүр 200 000 төгрөг өгнө гэж амласнаа өгсөн. Би Б.Батбаярт 5 400 000 төгрөг өгөх ёстой байснаас 10 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөг буюу 1 000 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг ажил дууссаны дараа, 200 000 төгрөгийг хүүхдийн сургууль эхлэхээс өмнө мөнгө хэрэгтэй байна гэж гуйсны дагуу сар бүр амласнаараа 2 сар ажилласан хугацаанд нь бодож 400 000 төгрөг буюу нийт        5 600 000 төгрөг өгөөд байна.

Байшингийн дотор заслын ажлыг өөр хүмүүсээр хийлгүүлсэн бөгөөд Б.Батбаяр нь нэг удаа ч будаг түрхээгүй юм. Бид хоёрын хооронд барилгын дотор заслын ажлын талаар болон ажлын хөлсний талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй. Харин н.Өлзийтогтох барилгын дотор засал, сантехникийн ажлыг хийж, байшинг бүрэн дуусгалцаж байсан.

Байшин зарагдтал би 10 сарын хугацаанд цалингаасаа сар бүр 100 000 төгрөг буюу 1 000 000 төгрөг өгсөн. 4 000 000 төгрөгийг байшин зарагдсаны дараа өгсөн бөгөөд амласан ажлын нийт хөлс болох 5 000 000 төгрөгийг бүгдийг өгсөн болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Энхжаргалаас 1 880 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128 101 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхжаргалаас 45 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Энхжаргал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх "...байшин барих ажлыг нэхэмжлэгч бүрэн гүйцэтгээгүй ч хариуцагч 5 000 000 төгрөгийн хөлсийг бүрэн төлсөн гэсэн нь байшин барих ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзнэ...." гэж хуулийн дурьдсан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөнд гомдолтой байна. Шүүх С.Энхжаргал нь 5 000 000 төгрөгийн хөлснөөс 1 000 000 төгрөгийг дутуу төлсөн байна гэх дүгнэлтийг хийхдээ тус үйл баримтыг нотлох зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн заалтыг ноцтой зөрчсөн. Шүүх дээр дурдсанчлан "...хариуцагч cap бүр хоолны болон ойр зуурын хэрэгцээнд байшин барьж эхэлснээс хойш сард 200 000 төгрөгөөр тооцон 400 000 төгрөг, 10 сарын хугацаанд 1 000 000 төгрөг төлсөнд талууд маргахгүй байна." гэж дүгнэсэн атлаа, хариуцагчийн нэхэмжлэгчид ажилласан хугацаанд нь хоол, хэрэглээний мөнгө өгнө гэж тохирсноороо өгсөн 400 000 төгрөгийг, байшин зарагдтал ажлын нийт хөлснөөс cap бүр 100 000 төгрөг өгөхөөр тохирон мөнгийг шилжүүлж байсан үйлдэл, талуудын тайлбар, түүний үндэслэлийг нотолсон баримтуудыг үнэлээгүй бөгөөд энэ нь хэт нэг талыг барьсан, нотлох баримт үнэлэх журам, зарчмыг ноцтой зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байна.

Мөн "...байшинг зарагдах хүртэл харж хамгаалж байх үеийн хоол болон бусад хэрэгцээнд зориулж төлөхөөр тохиролцсон хөлснөөс 880 000 төгрөг дутуу төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна..." гэсэн атлаа "...байшингийн бүрэн бүтэн байдлыг нь хамгаалж 10 cap харуулын ажил хийх тохиролцоо хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.." гэж дүгнэсэн нь огт ойлгомжгүй. Шүүх дээр дурдсанаар зөвхөн " 100 000" төгрөг шилжүүлж байсан гэх баримтыг үндэслэн "...байшин зарагдах хүртэл хэрэглээний мөнгө, хоол хүнсний мөнгө өгнө гэж тохиролцоогүй гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна ..." хэмээн дүгнэхдээ талуудын тайлбар, түүний үндэслэлийг нотолсон баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмаар үнэлээгүй бөгөөд энэ нь хэт нэг талыг барьсан, нотлох баримт үнэлэх журам, зарчмыг ноцтой зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо мөнгөн дүнг тодорхой бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцэхгүй байгааг залруулах боломжтой гэж үзлээ

 

Нэхэмжлэгч Б.Батбаяр хариуцагч С.Энхжаргалд холбогдуулан ажил гүйцэтгэх  гэрээний үүрэгт 7 072 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сард хувийн сууц барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаангүй, шүүх уг харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тогтоосон.

 

Нэхэмжлэгч уг гэрээний ажлын хөлс 7 000 000 төгрөг болон сар бүр хэрэглээнд 200 000 төгрөг авах, уг төлбөрийг төлөх хугацааг 10 сар гэж тайлбарласан бол хариуцагч сар бүр хэрэглээнд нь 200 000 төгрөг төлөх талаар маргаагүй, харин ажлын хөлс 5 000 000 төгрөгөөр тохирч нэхэмжлэгч 2 сарын хугацаагаар ажилласан тул хэрэглээний мөнгийг энэ хугацаанд төлнө гэж маргажээ.

 

Иймд нэхэмжлэгч ажлын хөлс 7 000 000 төгрөгөөр тохирсныг нотлоогүй тул хариуцагчийн тайлбарт дурдсан 5 000 000 төгрөгөөр ажлын хөлсийг тохирсон үйл баримтыг талууд маргаагүй гэж үзэх тул энэ хэмжээгээр ажлын хөлсийг шүүх тодорхойлсон нь зөв байна.

 

Харин нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн аудио бичлэгт талууд ажлын хөлсийг 7 000 000 төгрөгөөр тохирсон талаар мэдээлэл тусгагдаагүй байна 

 

Иймд хариуцагч ажлын хөлсөнд төлөх байсан 5 000 000 төгрөгөөс төлсөн 4 000 000 төгрөгийг хасч тооцвол түүний үүргийг Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1 дэх хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгөөр шүүх тодорхойлсон нь зөв болжээ.

 

Түүнчлэн сар бүр нэхэмжлэгчийн хэрэгцээнд 200 000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар хариуцагч маргаагүй боловч уг мөнгийг төлөх хугацааг талууд өөр өөрөөр тодорхойлсон.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг 2 сар ажилласан гэх боловч тэрээр 10 сарын хугацаанд /2014 оны 12 сараас 2015 оны 10 сар хүртэл/ сар бүр 100 000 төгрөг шилжүүлж байсан, нэхэмжлэгч уг хувийн сууцыг худалдагдах хүртэл харж хамгаалж байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул хариуцагч нь сар бүр 200 000 төгрөгийг уг хувийн сууц худалдагдах хүртэл хугацаатай төлөх үүрэгтэй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч 10 сарын хугацаанд 2 000 000 төгрөг төлөхөөс 1 000 000 төгрөгийг төлсөн, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 120 000 төгрөгийг төлбөрт нь оруулан тооцож, үүргийг 880 000 төгрөг гэж шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Талуудын хооронд хувийн сууцны барилгын дотор ажил, харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх талаар тохиролцоогүй, энэ талаар баримтгүй тул хөлс төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт нэхэмжлэлээс 5 192 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01617 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “...үлдэх...” гэснийг “...5 192 000 төгрөг гаргуулах...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Энхжаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД                                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                              Э.ЗОЛЗАЯА