Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 181/2018/01127/И |
Дугаар | 001/ХТ2018/01475 |
Огноо | 2018-10-23 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2018/01475
"Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/00652 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1273 дугаар магадлалтай,
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Э” ХХК, Ү-д холбогдох,
Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт оролцох эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганхуяг, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, өмгөөлөгч Ц.Батхүү, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Хэнтий аймгийн Дархан сумын Хажуу улаан гэх газарт 15474 тоот хайгуулын тусгай зөвшөөрлөөр хайгуулын ажлыг эхлүүлж жоншны ордны нөөцийг тогтооход 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын иргэн хүний эмч Ү уг ажлыг сонирхож эхлэн хамтран ажиллах гэрээг байгуулсан. Манай талаас хийсэн хайгуулын ажил, жоншны нөөц тогтоох зэргээр хөрөнгө оруулсан, харин Үйзэнхуан нь шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг гарган манай компани 30, Үйзэнхуан 70 хувиар ашгийг тус тус хуваан авахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо гэрээний хавсралтаар 91.000.000 төгрөгийг хамтран ажиллахад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, зардал гаргасан. Гэвч уг мөнгийг манай компанид зээл байдлаар олгуулсан. Энэ зээлийг төлж чадахгүй байгаа гэх үндэслэлээр манай ашгийг 20 хувь болгон багасгаж, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ү хурдан хөрөнгө оруулж, ашиг хүртэхийн тулд эхнэрийнхээ “Э” ХХК руу тусгай зөвшөөрлөө шилжүүлчих. Би энэ ордыг 100 хувь эзэмшдэг гэсэн баримтыг үндэслэж хятадуудаас хөрөнгө оруулъя гээд байсан. Ингээд Босстон-Интернэшнл ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлээд, ашгаас өдөрт 1.000.000 төгрөг өгнө гэж хэлээд 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэрийг Э ХХК-д шилжүүлэх гэрээг Ү болон Э ХХК-ийн захирал С.Соёл-Эрдэнэтэй байгуулсан. Харин 130.000.000 төгрөгийг үйлдвэр удахгүй ашигтай ажиллана гээд хамтран ажиллах гэрээний урьдчилгаа болгон өгсөн. Э ХХК-д шилжүүлсний дараагаар баяжуулах үйлдвэр ажиллаж, үйлдвэрээс гарсан баяжмалыг гадагшаа гаргаж ашиг олж байсан хирнээ ашгаас огт өгөөгүй. Ингээд ашгаа өгөхийг шаардахад эхлээд өгнө гэж хэлж байснаа сүүлдээ утсаа авахгүй алга болсон.
2012 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд МҮ-016818 дугаартай лицензийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, манай компани 400.000.000 төгрөг авч Э ХХК-ийн өмчлөлд баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эд зэрэг үйлдвэр болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л зүйлийг шилжүүлэхээр тохирсон. Уг гэрээний дагуу “Э” ХХК 40.000.000 төгрөг өгөөд үлдэх төлбөрийг төлөөгүй.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын 15474Х тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх үндэслэлээр талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд шинээр тусгай зөвшөөрөл олгохоор Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоол гарч, ашигт малтмалын газрын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/229 тоот шийдвэрээр уг сонгон шалгаруулалтад “Э” ХХК” оролцоно гэх агуулгатай хариу өгсөн нь манай компанийн эрх ашгийг хөндсөн.
2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь зөвхөн хөрөнгө оруулагч нарт үзүүлж хөрөнгө оруулалт авч үйлдвэрээ явуулах зорилготой гэж итгүүлж зөвхөн хөрөнгө оруулалт татаж үйлдвэрээ ашигтай ажиллуулахын тулд өмнө байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон гэрээ хэлцлийг халхавчилж хийсэн. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг Э ХХК-д шилжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үр дагавар болох Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад орох эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Босстон-Интернэшнл” ХХК нь 2009 онд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан байдаг. Тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Ганхуяг, Г.Амарсайхан нартай Үйзэнхуан нь 2009 оны 5 дугаар сард жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар ярилцсан. Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байрлах хажуу улаан жоншны уурхай байсан. Б.Ганхуяг, Г.Амарсайхан нар уурхайн амыг бид өөрсдөө гаргасан жонштой, хайгуулаар нөөц батлагдсан гэсэн тул тэдгээрийн үгэнд итгэж уурхайд хөрөнгө оруулахаар хамтран ажиллахаар тохиролцсон. Ингээд тэдний хэлсний дагуу уурхайн аманд 6 сарын турш усыг соруулахад жонш байгаагүй. Уурхайгаас соруулсан усны улмаас тогтоол ус үүсэж, хажуугийн уурхайн цооногийг усанд автуулж болзошгүй гээд Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас уурхайн үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өгсөн тул ус соруулах, уурхайг ажиллуулах ажлыг зогсоосон.
Хариуцагч алдагдлаа нөхөх талаар эрэлхийлэл хийж байсан ба хятадын мэргэжилтэн ус ихээр гардаг, жонш олборлох боломжгүй тул ойр хавийн уурхайгаас жонш аваад олборлолт хийж зардлаа нөхөх боломжтой гэж зөвлөсний дагуу “Э” ХХК болон Үйзэнхуан нар их хэмжээний хөрөнгө гаргаж 2011 оны 5 дугаар сараас эхлэн жонш баяжуулах үйлдвэрийг барин 2012 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан. Б.Ганхуяг, Г.Амарсайхан нар уурхайгаас жонш олборлохгүй болохыг тооцоолоод МҮ016818 дугаартай лицензийг 130.000.000 төгрөгөөр Э ХХК болон Үйзэнхуан нарт 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээгээр худалдаж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 110.000.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10.000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус лицензийн үнэд шилжүүлсэн.
2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн болон 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах болон Жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээнүүдэд урьдчилгаа төлбөр төлөхөөр тохироогүй тул 130.000.000 төгрөг нь МҮ016818 дугаартай лицензийг худалдан авсан үнэ. Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь дүр үзүүлэн, хууран мэхлэн хийгээгүй. Тусгай зөвшөөрлийг нэгээс нөгөөд шилжүүлэхэд заавал худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ёстой гээд дээрх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээг талууд өөрсдөө сайн дураараа харилцан тохиролцож байгуулсан. “Босстон-Интернэшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаад хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хүртэл гарсан. Энэ гэрээг байгуулсны дараа 2012 оны 4 дүгээр сард Ашигт малтмалын газар лицензийг шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/00652 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4-т заасныг баримтлан “Босстон-Интернэшнл” ХХК, “Э” ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.4 дүгээр заалтаар сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох шаардлага болон хариуцагч Ү-д холбогдох шаардлагыг бүхэлд тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Э” ХХК-аас 222,950 гаргуулан нэхэмжлэгч “Босстон-Интернэшнл” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1273 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/00652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19 өдрийн 184/ШШ2018/00652 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 30 өдрийн 1273 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Соёл-Эрдэнэ би өөрийн нөхөр Үйзехуантай эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болж 2006 онд анх Эрдэнзт Хун ХХК-ныг байгуулсан бөгөөд компанийн эд хөрөнгө бол манай гэр бүлийн дундын өмч. 2008 онд Ө.Батхүү /Б ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч/ манай нөхрөөр эмчлүүлж байгаад 2009 онд Босстон Интөрнэшнл ХХК-ны захирал Г Амарсайхан Б.Ганхуяг нарыг анх танилцуулж Хэнтий аймгийн Дархан сум гэх нэртэй газарт Хажуу Улаан уурхайн амыг үзүүлж хайгуулын тусгай зөвшөөрөлтэй нөөц нь батлагдсан байгаа тул энд хөрөнгө оруулж хамтран ажиллах санап тавихад бид зөвшөөрч хөрөнгө оруулахаар болж, харин Г.Амарсайхан.Б.Ганхуяг нар өөрийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын зөвшөөрөл болгуулах, түүнтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэхээр тохиролцсон. Харин Ө.Батхүү манай хуулийн зөвлөхөөр ажиллах болсон. 2010 оны 11 сарын 06 өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан Гэтэл гэрээгээр тохиролцсон энэ ажлаа гүйцэтгэх төлбөр байхгүй байсан учир бид хоёроос 91,000,000 төгрөгийг зээл авч дээрх ажлыг гүйцэтгэж Техник эдийн засгийн үндэслэл уулын ажлын төлөвлөгөө байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ,зэрэг хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалт болгохтой холбоотой төлбөрийг авсан. /Хэргийн 1 хавтас 16 хуудас/. Төлбөрийг буцаан төлөхдөө хамтран ажиллах гэрээний 30 хувиар төлнө гэсэн. Учир нь Б ХХК-нд хайгуулын зөвшөөрлөөс өөр ямар ч хөрөнгө байхгүй байсан учир хайгуулын зөвшөөрлөө ашиглалт болгоход шаардлагатай хөрөнгө мөнгө байгаагүй учир өөрсдөө санал тавьж гэрээ байгуулж энэ мөнгийг авч байсан. 2011 оны 07 сарын 20 өдөр Жоншны уурхайд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр Б ХХК-нь жоншны уурхайн ашгийн 20 хувийг, манай нөхөр 80 хувийг эзэмшихээр тохиролцсон. Харин үйлдвэрийг барих хөрөнгө 500,000,000 /Таван зуун сая төгрөг/ бид гаргаж барихаар болсон. Б ХХК-нд хөрөнгө мөнгө байхгүй байсан учраас үйлдвэрийн ажилд оролцохгүй, баяжуулах үйлдвэрийг хэвийн ажилласан нөхцөл өдрийн 1.000,000 төгрөгөнд ногдох ашгийг авахаар тохиролцсон, харин Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон үйлдвэрийг Эрдэнэт Хун ХХК-д шилжүүлэн өгөхөөр гэрээг байгуулсан. Харин 2012 оны 01 сарын 12 өдөр Б ХХК болон Эрдэнэт Хун ХХК-ны хооронд Техникийн мэдээлэл, худалдах худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг байгуулсан. /хэргийн 1 хавтас 33 хуудас/. Энэ гэрээгээр Б ХХК нь ашигт малтмалын техникийн мэдээллийг 130,000,000 төгрөгөөр манай компанид худалдсан. Манай компанид техникийн мэдээллийг худалдах шийдвэрийг Б ХХК нь 2012 оны 01 сарын 12 өдөр 01/09 тоот Хувь нийлүүлэгчдийн хурдын шийдвэрээр шийдвэрлэсэн байсан. /Хэргийн 1 хавтас 91 хуудас/ Б ХХК нь дээрх гэрээгээр тохирсон 130 сая төгрөгөөс 110 сая төгрөгийг 2012 оны 01 сарын 13 өдөр бэлнээр хүлээн авч талууд гарын үсэг зурж компанийн тамга тэмдгээ дарсан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан.Энэ гэрээний дагуу Жоншны үйлдвэрийн ТЭЗҮ-г Б ХХК нь өгсөн. /хэргийн 1-р хавтас 202 хуудас/. Мөн энэхүү гэрээний дагуу техникийн мэдээллийг хүлээлгэн өгч жонш баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г шилжүүлэн өгсөн болох нь Хэргийн 1-р хавтас 57-р хуудсанд авагдсан 2016 оны 09 сарын 09 өдрийн Б ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн шүүхэд гаргасан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтээр нотлогдоно. Үлдэгдэл 20 сая төгрөгийг 2012 оны 05 сарын 15 өдөр, 2012 оны 06 сарын 18 өдөр Б ХХК -нд хүлээлгэн өгч тооцоо дууссан. Б ХХК -тай 2012 оны 01 сарын 12 өдрийн Техникийн мэдээлэл худалдах худалдан авах тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хийсний дараа Эрдэнэт Хун ХХК-ныхаа өмчлөлд байсан Эрдэнэт Хун эмнэлэг сувиллын байрыг 2012 оны 11 сард 800 сая төгрөгөөр зарж энэ мөнгийг үйлдвэрт хөрөнгө оруулсан. Мөн хөрөнгө оруулалт, болон зээлээр барилгад 4 тэрбум 800 сая гаран төгрөгөөр хөрөнгө оруулалт хийн барьж улсын комисст хүлээлгэн өгч 2014 оны 01 сарын 15 өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг авсан./Хэргийн 2 хавтас 158 хуудас/. Гэтэл энэ гэрээгээр талууд эрх үүрэг хүлээж гэрээний төлбөр 130 сая төгрөгийг хүлээн авсан Б ХХК-нь гэрээг хэрэгжүүлж үйлдвэрийн ТЭЗҮ-г хүлээлгэн өгч төлбөрийг бүрэн авсан нь баримтаар бүрэн нотлогдож байна. Ашигт малтмалын газарт өргөдөл гаргаснаар манай компанид шилжүүлэн өгч төлбөрийг авснаар худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Гэтэл 2012 оны 01 сарын 12 өдрийн Техникийн мэдээлэл худалдах худалдан авах тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг үндэслэн Ашигт малтмалын газраас шилжүүлэн өгсөн МҮ016818 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 2013 оны 01 сарын 30 өдрийн Баянгол дүүргийн шүүхийн Шийтгэх тогтоолоор хүчингүй болсон. Одоо ч хүчингүй, цуцлагдсан шийдвэр хүчин төгөлдөр байна. Сонгон шалгаруулалтад хэн ч оролцох эрхтэй байхаар журамласан. Дээрх тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээгээр эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлснээс болж манай гэр бүл, компани хохирч ямар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах боломжгүй хөдөө хээр 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгийг босгож хохирч үлдсэн.
Талуудын хооронд 2012 оны 1 сарын 10-ны өдөр байгуулагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэрийг “Эрдэнэхун" ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ”, 2012 оны 1 сарын 12-ны өдрийн “Техник мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-нүүдийн аль алинаар нь ашигт малтмалын ашиглалтын “МҮ-016818 дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх”-ээр тохиролцсон болох нь нотлогдсон байхад 2 шатны шүүх 2012 оны 1 сарын 10-ны өдрийн гэрээг “халхавчилсан хэлцэл”, 2012 оны 1 сарын 12-ны өдрийн гэрээг “халхавчлуулсан хэлцэл” гэж үзсэн атлаа дээрх хэлцэлүүдийн мөн чанар, үр дагаврын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй юм. Ашигтай ажилласан нөхцөлд ашгаас өдрийн 1,0 сая төгрөгийг өгөх тохиролцооны гол үндэслэл болсон зүйл нь “хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болохыг шүүх анхаараагүй, ашгийн гэх 1,0 сая төгрөгийг нэхэмжлэгч авч байсан, Техник мэдээллийг худалдах худалдан авах... гэрээний үнэ 13,0 сая төгрөгийг нэхэмжлэгч тал өөрөө захиран зарцуулсан, талууд гэрээний үнийн дүнгийн хэмжээний талаар маргаагүй байхад шүүхүүд гэрээний үнийн дүнгийн хэмжээг хийсвэрээр харж “...энэхүү үр дагаврыг бий болгохыг зориогүй..., 13, 000, 000 сая болгон өөрчилсөн агуулгагүй... гэх мэт дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөв гэсэн атлаа, яагаад зөв гэж үзсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.
Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн магадлалын “Бостон Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож өөрчлөн, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Э” ХХК болон Ү-д холбогдуулан Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг, сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3., 56.4. дэх зохицуулалтыг дурджээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Зохигчийн хооронд дараах гэрээнүүд байгуулагджээ. Үүнд:
1.2010 оны 11 дүгээр сарын 7-ний өдрийн Хамтран ажиллах гэрээгээр хариуцагч Ү нь Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Хажуу улаан нэртэй 15447 тоот зөвшөөрөлтэй жоншны талбайд олборлолтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгийг гарган үйл ажиллагаа явуулж, орлогоос 70 хувийн ашиг хүртэх, “Б” ХХК нь үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлөвлөгөө, материалаар ханган, орлогоос 20 хувийн ашиг авахаар харилцан тохирчээ.
2. Талууд 2011 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж, 44.62 гектар талбай бүхий жоншны уурхайд Ү нь 500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж, уурхайн 80 хувийг, “Б” ХХК нь 20 хувийг тус тус эзэмшихээр тохирсон ба нэхэмжлэгч дээрх гэрээнүүдийн талаар шаардлага гаргаагүй байна.
3. “Б” ХХК нь “Э” ХХК-тай 2012 оны 1 дүгээр сарын 10-ний өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэр шилжүүлэх, 2012 оны 1 дүгээр сарын 12-ний өдөр Техникийн мэдээлэл худалдах-худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ /хэргийн 1 дүгээр хавтас 25-37 дугаар тал/.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэр шилжүүлэх гэрээний 2.2.1., 3.2-т зааснаар “Э” ХХК нь баяжуулах үйлдвэр ашигтай хэвийн ажилласан нөхцөлд ашгаас өдрийн 1.000.000 төгрөгийн ногдох хувийг “Б” ХХК-д олгох, үйлдвэр 80 хувиар хэвийн ажилласан тохиолдолд ногдол хувийг ажилласан өдрөөр тооцохоор тохиролцсон, үүнээс үзвэл талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч дээрх гэрээгээр хариуцагчтай хамтран ажиллахаар тохирсноо үгүйсгээгүй, харин тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь энэхүү гэрээг халхавчилсан гэжээ.
Халхавчлагдсан гэж буй Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээнд нэхэмжлэгч нь өөрийн мэдэлд байгаа ашигт малтмал ашиглалтын МҮ016818 тусгай зөвшөөрөл, эзэмшигчийн эрх үүрэг, судалгааны болон хайгуулын ажлын бүх материалыг 13.000.000 төгрөгөөр худалдахаар заасан. Мөн хариуцагч “...лицензийг 130.000.000 төгрөгөөр худалдсан” агуулгатай тайлбар шүүхэд гаргажээ /хэргийн 3 дугаар хавтас 44-46 дугаар тал/.
Жоншны уурхайд хамтран ажиллахаар тохирсон, уг гэрээ хүчинтэй байхад лицензийг худалдах гэрээ байгуулсныг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзжээ.
Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй боловч уг шаардлага нь мөн зүйлийн 56.5-д заасан хэмжээнд хэрэгжих учиртай тул сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хариуцагч “Э” ХХК-д хамааралгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэлээс сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийгдсэн бөгөөд хууль зөрчөөгүй байна.
Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/00652 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1273 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 293.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ