Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэлдаргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

               Нэхэмжлэгч: О.М-ын нэхэмжлэлтэй

               Хариуцагч: ОАБӨСИТХ, БӨСЗД-д тус тус холбогдох

“ОАБӨСИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №175 албан бичиг болон Орхон аймгийн БӨСЗД-аас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг БӨСЗД-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0030/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч ОАБӨСИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, БӨСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдсан иргэдийн Нийтийн Хуралд оролцож тус багийн Засаг даргад нэр дэвшсэн. Оюут багийн иргэдийн Нийтийн Хуралд нийт 429 иргэн бүртгүүлсэн оролцсон. Үүнээс багийн Засаг даргын санал хураалтад 400 иргэн саналын хуудсаар санал өгч оролцсоноос миний бие хүчинтэй саналын хуудсаар 201 иргэний, багийн Засаг даргад нэр дэвшигч А.Бямбасүрэн 193 иргэний санал авсан бөгөөд хүчингүй 6 саналын хуудас гарсан болно. Ийнхүү Оюут багийн иргэдийн Нийтийн хурлын багийн Засаг даргын санал хураалтад би 50.2%-ийн саналаар багийн Засаг даргад сонгогдсон бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор БӨСЗД-д хандан намайг томилуулахаар холбогдох материалыг хүргүүлсэн. Гэтэл Орхон аймгийн БӨСЗД нь БӨСИТХ-аас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай албан бичгийн дагуу таныг томилох асуудлыг түдгэлзүүлсэн гэх хариуг өгч байна.

Дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргын үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмыг зөрчиж миний хуульд заасан сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна.

Иймд ОАБӨСИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай албан бичиг болон Орхон аймгийн БӨСЗД-ын О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг БӨСЗД-д даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хувьд БӨСИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбоотойгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Хурлын бүрэн эрхийн асуудлыг зохицуулсан. Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал бол багийн иргэдийн Нийтийн Хурлаар Засаг даргыг сонгохтой холбоотой аливаа асуудлаар хориг тавих эрх хэмжээ байхгүй.

Уг асуудлыг сумын Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэхээр хуулинд заасан байгаа. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэг үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргаж байгаа албан бичиг О.М гэж нэр заагаагүй боловч томилохгүй байх эс үйлдэхүйг гаргах нөхцлийг Засаг даргад олгож байгаа учраас ингэж шаардаж байгаа. Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтолгох гэсэн шаардлага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар томилох, томилохоос татгалзах гэсэн 2 шийдвэр гаргах ёстой. Аливаа шийдвэр хуульд үндэслэх ёстой байтал хуульд зохицуулаагүй түдгэлзүүлэх гэж өөр зүйл гаргаж ирж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. Нийт иргэдийн 50.2%-ийн санал авсан гэдэг дээр маргаагүй байна гэж үзэж байна гэв.

  Хариуцагч ОАБӨСИТХ-ын дарга /Б.Баасансүрэн/ шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг дарга сонгох багийн иргэдийн Нийтийн Хурал 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан. Тус багийн ИНХ-ын шийдвэрийг эс зөвшөөрч иргэн А.Бямбасүрэн, Б.Оюун нар Баян-Өндөр сумын ИТХ-д өргөдөл, гомдол гаргасан. Иргэдийн өргөдлийн дагуу сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуралдан хэлэлцээд сумын Засаг даргад 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №175 албан бичиг хүргүүлсэн болно. Баян-Өндөр сумын ИТХ-ын №175 тоот албан бичиг нь хуулийн хүрээнд судлан гаргасан болно. Үүнд: 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт Иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх, 22 дугаар зүйлийн 22.1.13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалтуудыг тус тус үндэслэн сумын Засаг даргад чиглэл өгсөн.

2. Иргэн А.Бямбасүрэн, Б.Оюун нарын өргөдөл, гомдол болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №16 тоот хуралдааны тэмдэглэлд үндэслэн Оюут багийн ИНХ-ын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр 1 хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасан зөвхөн тухайн баг, хорооны иргэн багийн ИНХ-д оролцох эрхтэй гэдгийг зөрчсөн байх үндэслэлтэй тул иргэний өргөдөл, гомдлын дагуу хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл тогтоолыг түдгэлзүүлэх тухай шийдвэрлэсэн болно.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон үндэслэлийг нь тодорхой заана, 27.4 Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг уг шийдвэрийг Хурлын дарга хүлээн авснаас хойш хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзсэнд тооцно гэсэн заалтыг тус тус үндэслэн Оюут багийн ИНХ-ын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №02 тогтоолыг түдгэлзүүлэх чиглэл сумын Засаг даргад №175 тоотоор болно. Баян-Өндөр сумын ИТХ-аас иргэн О.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

      Хариуцагч Орхон аймгийн БӨСЗД С.Г 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Оюут багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаантай холбогдуулан иргэний гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №02 тогтоолыг түр түдгэлзүүлэх тухай сумын ИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот албан бичгийг сумын Засаг даргад ирүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсэн заалтыг үндэслэн иргэн О.М-ыг багийн Засаг даргын албан тушаалд томилгоожуулаагүй нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Орхон аймгийн БӨСЗД С.Г 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай байгууллагаас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохоос татгалзсан ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Хуулийн дагуу Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй гэж заасан бөгөөд манай байгууллагад хурлын тогтоол одоог хүртэл ирээгүй байна. О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохоос татгалзах үндэслэл байхгүй болно” гэжээ.

   Орхон аймгийн БӨСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “БӨСИТХ-аас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар албан бичиг ирсэн. Энд заасан чиглэлийн дагуу Засаг дарга нь О.М-ыг Оюут багийн Засаг даргаар батлахгүй, тухайн маргаантай асуудал, гомдлыг шийдэж дуустал хүлээж байгаа” гэв.

Шүүх хэргийн оролцогч болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.М нь ОАБӨСИТХ, БӨСЗД-д холбогдуулан “ОАБӨСИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай албан бичиг болон Орхон аймгийн БӨСЗД-аас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг БӨСЗД-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ОАБӨСИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №175 албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн /50.2%/ саналаар тус багийн Засаг даргад О.М-ын нэрийг дэвшүүлж, түүнийг тус багийн Засаг даргаар томилуулахаар БӨСЗД-д 02 тоот тогтоолыг хүргүүлэхээр уламжилжээ.

Орхон аймгийн БӨСЗД-аас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилсон болон томилохоос татгалзсан ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа боловч, томилохгүй байгаа эс үйлдэхүйгээ БӨСИТХ-аас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №175 албан бичиг ирүүлсэн тул томилоогүй гэж тайлбарлажээ[1].

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” зааснаар иргэн О.М-ын сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр, эс үйлдэхүй гэж дүгнэхээр байна.

ОАБӨСИТХ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасанчлан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэснийг зөрчиж, Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргаа сонгох асуудлыг хэлэлцсэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №02 тоот тогтоолыг түдгэлзүүлэхээр БӨСЗД-д чиглэл өгч, 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №175 тоот албан бичиг хүргүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

Шүүх ОАБӨСИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №175 албан бичиг /захиргааны акт/-ийг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, гадагшаа чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгэж буй захиргааны акт гэж дүгнэсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна; мөн зүйлийн 2 дахь хэсэгт Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно хэмээн тус тус заасан нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуулиар олгосон тусгайлсан чиг үүрэг, эрх хэмжээтэй бөгөөд тухайн бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодит эрхийн чадамжийг хангахын тулд дээд шатны байгууллага тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхгүйгээр зохицуулсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно дэх заалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх, энэхүү эрх нь тухайн байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн аливаа шийдвэр, тогтоолыг бусад байгууллага, албан тушаалтан шууд хүчингүй болгохоос хамгаалсан зохицуулалт юм.

Иймд нэхэмжлэгчийн “ОАБӨСИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №175 албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн Орхон аймгийн БӨСЗД-аас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг БӨСЗД-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд..., 26.4-т зааснаар БӨСЗД нь Оюут багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох, томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах талаар сонгох заалт байгаа учраас шүүхээс О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг шууд даалгах нь захиргааны байгууллагын хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэх, сонгох боломжийг хязгаарласан шийдвэр болно.

Нөгөөтэйгүүр хариуцагч Орхон аймгийн БӨСЗД 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...манай байгууллагад хурлын тогтоол одоог хүртэл ирээгүй байна. О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохоос татгалзах үндэслэл байхгүй... гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд Орхон аймгийн БӨСЗД-ын тус тайлбараас үзэхэд О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахаа илэрхийлсэн гэж дүгнэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн Орхон аймгийн БӨСЗД-аас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг БӨСЗД-д даалгах нэхэмжлэлийг Орхон аймгийн БӨСЗД С.Г-оос Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3,26.4-т заасан үүргээ гүйцэтгэх хугацаа олгож, дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ОАБӨСИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №175 албан бичиг /захиргааны акт/-ийг илт хууль бус болох тогтоосугай.

    2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаарзүйлийн 26.3, 26.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн Орхон аймгийн БӨСЗД-аас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг БӨСЗД-д даалгах нэхэмжлэлийг Орхон аймгийн БӨСЗД /С.Ганцогт/-аас дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныгбаримтлан О.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ОАБӨСИТХ-ын төсвөөс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн БӨСЗД нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол шүүхээс маргаан бүхий Орхон аймгийн БӨСЗД-аас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг БӨСЗД-д даалгах шийдвэр гаргахыг дурдсугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.САРАНГЭРЭЛ