Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2022/0045/З |
Дугаар | 221/МА2022/0307 |
Огноо | 2022-05-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2022/0307
“ДМШ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: “СХД-ийнТатварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0067022 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 257 дугаар,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Х.Ж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,
Нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2022/0045/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “ДШ” ХХК нь СХД-ийнТатварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0067022 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 41 дүгээр зүйлийн 41.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д заасныг тус тус баримтлан “СХД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0067022 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материалд эрх бүхий албан тушаалтнаас тайлбар авсан тэмдэглэл байх бөгөөд холбогдогчоор Б.Б-г асууж, эрх үүргийг нь тайлбарлаж гарын үсэг зуруулсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... тус компанийн эрх бүхий албан тушаалтан биш” гэж байгаа боловч татварын нэгдсэн системийн хуулийн этгээдийн бүртгэлийн үндсэн бүртгэл, холбоо барих мэдээллийн бүртгэлд захирал Б.Б гээд холбогдох утасны дугаарыг бүртгэсэн ...” гэж дүгнээд нэхэмжлэгч компанийг өдөр тутмын үйл ажиллагаанд төлөөлөх эрхгүй этгээдийг татварын нэгдсэн системийн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн гэх үндэслэлээр компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ талаарх зохицуулалт бүхий Зөрчил шалган шийвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хууль, Компанийн тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
3.2. Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “ ... Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын удирдамж болон үйл ажиллагаа хэрэгжүүлэх арга хэмжээнд оролцох байцаагчийн нэрсийн Баянзүрх дүүрэгт холбогдох хэсэгт татварын улсын байцаагч Э.Ө-ийн нэр байхгүй мөн зөрчил хоёр өөр дүүрэгт үйлдэгдсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заасантай нийцэж байна” гэжээ.
3.3. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын асуудал дээр маргаагүй бөгөөд нэг хуулийн этгээдийн нэг зөрчилд хоёр хариуцлага хүлээлгэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтад “тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол” зөрчлийн хэрэг нээхгүй байхаар зохицуулсныг зөрчсөн байна гэж маргасан.
3.4. Үүнийг анхан шатны шүүх “... мөн зөрчил хоёр өөр дүүрэгт үйлдэгдсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.” гэж заасантай нийцэж байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
3.5. Нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй талаар: Нэхэмжлэгч “ДШ” ХХК-д Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ө-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0066710 дугаар шийтгэлийн хуудсаар “төлбөрийн баримт олгоогүй” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу 11,626 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
3.6. Ингэхдээ өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнг тодорхойлсон байхад анхан шатны шүүх үүнийг зохих ёсоор үнэлээгүй, хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй.
3.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Х.Ж-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Нийслэлийн СХД-ийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх Л.Н-ийг оролцуулсан.
3.8. Гэтэл Л.Н-д 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэлд Улсын байцаагч Х.Ж-ын гарын үсэг байхгүй, нотариатаар гэрчлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар бүрэн эрхийг эдлэх талаар тусгаагүй зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх нөхцлийг хангасаар байтал анхан шатны шүүхийн шүүгч Л.Н-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:
2.1. СХД-ийнТатварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн маргаан бүхий 0067022 дугаар шийтгэлийн хуудсаар “ДШ” ХХК-ийг “үйлчлүүлэгч нарт НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг үндэслэн 15000 нэгжээр торгох шийтгэл ногдуулжээ.
2.2. Гомдол гаргагч “ДМШ” ХХК дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... Уг шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн ... татварын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан захиргааны байгууллагад тооцогддог тул хуульд заасан журмыг баримтлах ёстой байтал нотлох баримт цуглуулах, нөхцөл байдал тогтоох, оролцогчийг сонсох журмыг баримтлаагүй шийдвэр гаргах ажиллагааг зөрчиж шийдвэр гаргасан ... нэг зөрчилд нэг хариуцлага ногдуулах зарчмыг ... хуульчилсан. Гэтэл Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Э.Ө-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0066710 дугаартай шийтгэлийн хуудсаар “төлбөрийн баримт олгоогүй” гэх үндэслэлээр 11626 төгрөгөөр нэхэмжлэгч компанийг торгосон нь маргаан бүхий акт болох шийтгэлийн хуудастай адилхан. Төлбөрийн баримт олгоогүй гэсэн үндэслэлээр торгосон байтал улсын байцаагч ижил үндэслэлээр 15,000,000 төгрөгөөр торгож, нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан ... нь хууль бус ...” гэж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдлыг эс зөвшөөрч “ ... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх шаардлага хамааралгүй, зөрчлийн хэрэг нь зөвхөн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагддаг ... татварын удирдлагын нэгдсэн системд захирлаар бүртгэлтэй Б.Б гэх хүнийг дуудан ирүүлж холбогдогчоор тайлбар авсан ... нэг зөрчилд нэг хариуцлага ногдуулах зарчим зөрчигдсөн гэж маргасан нь үндэслэлгүй, “ДМШ” ХХК нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хоёр салбартай, авто засварын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд салбар тус бүр дээр үйлдэгдсэн зөрчил нь тус тусдаа зөрчилд тооцогдоно. СХД-ийн13-р хороонд үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрын зөрчлийг СХД-ийн татварын хэлтэс шалган шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ... шалгалт хийхээр очиход үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь зураг болон бусад зүйлсээр баталгаажиж байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлын удирдамж”-ийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд СХД-ийннутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Вьетнам авто засварын газруудад хяналт шалгалтыг хийсэн байх бөгөөд “ДМШ” ХХК “үйлчлүүлэгч нарт НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа” гэсэн үндэслэлээр тус компаний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0067022 дугаар шийтгэлийн хуудсаар “ДМШ” ХХК-ийг “үйлчлүүлэгч нарт НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д заасныг үндэслэн 15000 нэгжээр тогтох шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон байна.
2.4. Анхан шатны шүүх “... хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй, ... холбогдогчоор Батааг татсаныг буруутгах боломжгүй ... зөрчил хоёр өөр дүүрэгт үйлдэгдсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна гэж заасантай нийцсэн ... зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ ... “ДМШ” ХХК Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-д бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж заасныг зөрчсөн ...” гэх зэрэг агуулга бүхий дүгнэлтүүдийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
2.5. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, 11.19 дүгээр зүйлийн 8.3-т “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан байна.
2.6. Гомдол гаргагч “ДМШ” ХХК-ийг дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Тухайлбал, гомдол гаргагч “ДМШ” ХХК нь 2021 оны татварын и-баримтыг шивээгүй зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийн үндэслэлийг баримтаар няцааж маргаагүй, татварын шалгалт явагдсанаас хойш буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл 8 ширхэг и-баримтыг татварын нэгдсэн санд шивж оруулсан болох нь хэрэгт авагдсан Татварын удирдлагын нэгдсэн сангийн мэдээллийн баримтаар тогтоогдсон байх тул хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, ... хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн тус компанийг 15000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
2.7. Гомдол гаргагчийн “... нэхэмжлэгч компанийг өдөр тутмын үйл ажиллагаанд төлөөлөх эрхгүй этгээдийг татварын нэгдсэн системийн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн гэсэн үндэслэлээр компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулгаар маргаж, мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч “ДМШ” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдогчоор Д.Б-г тогтоож, түүнээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг авахад “... 2019 оноос автомашинаа засаж эхэлсэн,... нэг ажилтан 700.000-1200.000 төгрөгийн цалин авдаг ... компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй эсэх ...” гэх зэрэг “ДМШ” ХХК-тай холбоотой асуудлаар тайлбар, мэдүүлэг[1] өгсөн байх бөгөөд тухайн үед Б.Б- нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэсэн агуулгаар тайлбар өгөхөөс татгалгалзаагүй, энэ талаар маргаагүй, мөн тус компанийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах Вьетнам авто засварын газарт татварын улсын байцаагч Э.Ө- 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд холбогдогч этгээдээр Б.Батааг татан оролцуулсан[2], улмаар тухайн өдөр түүнээс авсан тайлбар[3]-т “... манай захирал Вьетнам улсын иргэн бөгөөд 9 сард нутаг буцсан. Би захирлын тогтоол, шийдвэр итгэмжлэлийн дагуу компаний үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байгаа ... цаашид халаалт гайгүй болвол тогтмол ажиллаад төлбөрийн баримтаа өгөөд явна” гэх зэрэг тайлбар гаргасан нь тэмдэглэгдсэн, мөн “ДМШ” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/3 дугаар албан бичгээр Б овогтой Б /РД: МЗ77060415/ нь тус компанид менежерээр ажилладаг бөгөөд компанийн татвар торгуультай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд компанийг төлөөлөх бүрэн эрхтэй тул итгэмжлэл олгов” гэх итгэмжлэл[4]-ийг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст гаргасан, татварын нэгдсэн системийн хуулийн этгээдийн бүртгэлийн “үндсэн бүртгэл, холбоо барих мэдээллийн бүртгэл” гэх хэсэгт “Захирал” Б.Б”, утасны дугаар 99918458 гэж бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Татварын удирдлагын нэгдсэн сангийн мэдээлэл[5] гэх баримтаар тогтоогдсон байх тул хариуцагчийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажилллагаанд “ДМШ” ХХК-ийн холбогдох этгээдээр Б.Б-г оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
2.8. Мөн хэрэгт Нийслэлийн СХД-ийнТатварын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/448 дугаар албан бичгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийн холбогдох зүйл заалтыг баримтлан Л.Н, Л.О нарт шүүхэд төлөөлөх итгэмжлэл[6]-ийг олгосон, уг итгэмжлэл байгууллагын албан ёсны хэвлэмэл хуудас дээр хэвлэгдэж, тамга тэмдэг дарагдсан, тус байгуулагын даргын гарын үсэг зурагдсан, СХД-ийнТатварын хэлтсийн даргаас төрийн захиргааны байгууллагын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн харьяа хэлтсийн байцаагч хариуцагч Х.Ж-ыг зөрчлийн хэрэгт төлөөлүүлэхээр хуулийн мэргэжилтнүүдийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон нь аливаа захиргааны байгууллага нь нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ нэгдсэн нэг зорилго чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн “... Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Нийслэлийн Сонгинохайран дүүргийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх Л.Н оролцсон ... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэлд Х.Ж-ын гарын үсэг байхгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдлэх бүрэн эрхийг тусгаагүй ... хүчин төгөлдөр бус байх нөхцлийг хангасаар байтал Л.Н-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж ноцтой алдаа гаргасан ... ” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.9. Түүнчлэн хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ө-ийн “ДМШ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт хяналт шалгалт явуулж шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь тогтоогдсон, уг ажиллагааг гомдол гаргагч “ДМШ” ХХК-ийн СХД-ийннутаг дэвсгэрт байрлах засварын газрын үйл ажиллагаатай холбогдуулан зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй, зөрчил өөр өөр дүүрэгт өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, мөн дүүргийн татварын хэлтсийн байцаагч нар тус бүр өөр цаг хугацаанд өөрийн харьяа нутаг дэвсгэрт хамаарах татвар төлөгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зөрчлийг илрүүлэн шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.8 дугаар зүйлийн 1-т заасантай тус тус нийцсэн байх тул гомдол гаргагчийн “... нэг зөрчилд хоёр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хариуцагчийн шийдвэр үйл ажиллагааг буруутгах хууль зүйн боломжгүй.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ