Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/287

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Д.Чимидцэрэн ,

Шүүгдэгч: С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000430097 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,1973 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, Галуут сумын засаг дарга ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд ял шийтгүүлж байгаагүй,  овогт С.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б  нь Баянхонгор аймгийн Галуут сумын Баян хошуу 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх *******ын гэрт болон гадаа нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 19 цагийн үед Б.Б г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                                                                 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

          1.Шүүгдэгч С.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй  гэв.

 

     3. Хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 01 дүгээр 06-ний өдрийн 14 цагийн үед сумын Засаг дарга С.Б тай сумын тамгын газрын коридорт таараад 4 дүгээр багийн иргэдэд өвс авч өгөх ажлаар уулзсан юм. Тэгтэл сумын засаг дарга өвс өгөх боломжгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би 17 цагийн үед 4 дүгээр багийн эмч болох *******гийн гэрт очсон юм. Уг нь ******* бид 2, Баяннуур 4 дүгээр багийн засаг даргын гэрт очиж хүн амын тооллогын маягт цэгцлэх ажлаар очих гэж байсан юм. Багийн эмч ******* хоол идчихээд явъя гэхээр нь би хүлээгээд сууж байсан. Тэгээд би 19 цагийн үед сумын засаг дарга С.Б ы утас руу залгаад шуурхай хурал дээр өвсний талаар ярилцсан уу юу болсон гэж асуухад С.Б  дарга нь танай багт өвс өгөх боломжгүй тэнэг мал минь чи ойлгодоггүй юм уу гэж хэлсэн. Би хариуд нь багийн иргэдээс ирсэн гомдлыг танд хэлсэн юм тэрнээс биш би өвс авахгүй гэж хэлээд С.Б  дарга бид 2 утсаар маргалдсан юм. Тэгээд ******* дарга нь намайг чи согтуу байгаа юм уу чи хаана байна би чамайг байгаа газар чинь ална гэхээр нь би багийн эмчийнхээ гэрт байна гэж утсаар хэлсэн юм. Тэгээд багийн эмч бид 2 хоол идчихээд гэрээс нь гарах гэтэл бид хоёрын өөдөөс сумын засаг дарга С.Б  нь орж ирээд намайг шууд заамдаж аваад миний нүүрэн тус газар луу 1 удаа цохиод *******гийн гэрээс намайг чирч гадаа гаргаад миний дээрээс буюу Цээж, нуруу руу өшиглөж эхэлсэн, С.Б  бид хоёрын араас 4 дүгээр багийн эмч болон нөхөр нь болох Насантогтох 2 гарч ирээд С.Б ыг салгасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 17, 24-26 /,

           

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ... Би эхнэр хүүхэдтэйгээ сууж байтал 17 цагийн үед ******* ах нь манай гэрт ирсэн юм. Манай эхнэр ******* ах 2 Баяннуур 4 дүгээр багийн Засаг даргын гэрт нь очиж хүн амын маягт бөглөх гээд явах гэж байсан ба тухайн үед манай эхнэр хоол хийж байсан тэр 2 хоол идчихээд явах гэж байсан. Тэгтэл Б.Б  ах манай гэрт сууж байгаад утсаар ярьсан ба утсаар ярихдаа өвсний талаар ярьж байгаад утсаар ярьсан хүнтэйгээ маргалдаж эхэлсэн ба утсаар ярьж байсан хүндээ би багийнхаа эмчийн гэрт байна гэж утсаар ярьж байгаад утсаа тасалсан юм. Манай эхнэр ******* ах 2 хоол идчихээд 19 цагийн үед гэрээс гарах гэтэл сумын Засаг дарга ******* нь үг дуугүй манай гэрт орж ирээд ******* ахыг чи юу гэж том том ярьдаг гэнэ гээд манай гэрт ******* ахын нүүр лүү нь цохиж унагаасан юм. Тэгэхээр нь би юу болоод байна болиоч гэж хэлтэл С.Б  дарга битгий хуцаад бай архичингууд гэртээ цуглуулаад гэж хэлээд Б.Б  ахыг гэрээс чирч гарсан юм. Тэгээд гэрээс гарахаар нь манай эхнэр түрүүлээд араас гарсан тэгээд би хувцсаа өмсөөд араас гартал С.Б  дарга Б.Б  ахыг газар газар унагаасан байдалтай дээрээс нь өшиглөж байсан ба эхнэр бид 2 тэр 2-ын дундуур нь ороод би Б.Б  ахыг газраас босгож салгаад гэрийн үүдэнд суулгаад байж байтал С.Б  дарга араас нь дахиж ирээд миний харснаар цээжний хэсэг рүү өшиглөхөөр нь эхнэр бид 2 дахин салгасан ба манай эхнэр ******* даргыг хашааны үүд рүү салгаад явсан ба ******* дарга хашаанаас гарах үедээ муусайн гуйлагчингууд дандаа юм гуйж байх юм чи олон жил дарга хийчхээд одоо болтол айлын хашаанд амьдардаг байх юм гэж Б.Б  ахад хандаж хэлэхээр нь би С.Б  даргыг та одоо болиоч хүн аллаа ш дээ гэж хэлсэн чинь хариуд нь ******* дарга намайг ална шүү гэж хэлсэн ...  гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /,

 

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 01 дүгээр сарын 06-ний 17 цагийн үед манай нөхөр болох Б.Б  нь хүн амны тооллогын материал янзлахаар багийн эмч болох *******гийн гэрт нь очно гээд гэрээсээ гараад явсан юм. Удалгүй манай нөхөр над руу залгаад утсаар ярихдаа багийн эмчийн гэрт хоол идчихээд багийн дарга Үднарангийнд очиж бичиг цаасны ажилтай байгаа гэдгээ утсаар хэлсэн юм. 19 цаг өнгөрч байхад багийн эмчийн нөхөр болох Насантогтох над руу утсаар залгаж ярихдаа Засаг дарга С.Б  ирээд Б.Б  ахыг зодчихоод явчихлаа гэж над руу ярьсан.Тэгэхээр нь би гэрээсээ гараад багийн эмчийн гэрт ортол манай нөхрийн зүүн талын нүдний хэсэг нь хавдсан мөн хацар нь халцарч хамраас нь цус гоожиж байсан ба мөн манай нөхөр амьсгаа авч болохгүй байна хавирга орчмоор өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр би сумын эрүүл мэндийн төв рүү залгаж эмч дуудсан мөн сумын цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй сумын цагдаа Сүхцэрэн сумын их эмч *******а нар ирсэн юм .... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29 /,

 

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр дуудлагад гарч байсан ба тухайн өдрийн 20 цагийн үед намайг гэртээ байхад манай эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч ******* нь над руу залгаж Баяннуур 4 дүгээр багийн эмч *******гийн гэрт зодуулсан хүний дуудлага ирлээ гэж хэлсэн. Тэгээд V би удалгүй *******гийн гэрт нь очиход сумын цагдаа Сүхцэрэн гэрээс нь гарч ирж байсан юм. Тэгээд *******гийн гэрт ороход Баяннуур 4 дүгээр багийн багийн засаг дарга Үднаран, багийн эмч ******* нөхөр нь болох Насантогтох ******* болон ******* ахын эхнэр Ариунжаргал нар байсан юм. ******* ах нь *******гийн гэрийн орон дээр хэвтэж байсан ба би ******* ахын дээлийн нь тайлуулж биед нь үзлэг хийсэн юм...******* ах нь зүүн талын хавиргаар хатгуулж өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд ******* ахын цээжний хэсгийн үзэхэд зүүн доод хавирга нь буюу 8-9 дүгээр хавирга орчимд нь хөндүүртэй байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 30- 32 /,

 

7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 01 дүгээр сарын 06-ний 19 цагийн үед Галуут сумын Баяннуур 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга ******* гэгчийн эхнэр болох Ариунжаргал гэгч утсаар залгаад манай нөхрийг сумын засаг дарга С.Б  гэгч нь зодчихлоо гэсэн утгатай дуудлага өгсөн юм. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч ******* нь чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан байсан. Тэгээд би тус дуудлагын дагуу Баянхошуу 6-р багийн Мянгатын 1- 305 тоот хаягаар очиход тус айл нь Баяннуур 4-р дүгээр багийн эмч *******гийн гэрт болсон асуудал байсан. Намайг гэрт нь ороход ******* , Насантогтох, ******* , Ариунжаргал Үднаран болон тухайн айлын насанд хүрээгүй 2 жоохон хүүхэд байсан. Би дуудлага өгсөн Ариунжаргалын нөхөр болох *******гоос юу болсон талаар асуутал өвс тэжээлээс болж Засаг дарга *******тай маргалдсан юм тэгтэл намайг хаана байна гэхээр нь би *******гийн гэрт байна гэж хэлсэн чинь намайг *******гийн гэрт байхад ирээд зодчихоод явсан гэж хэлсэн юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /

 

8. Шинжээч эмч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Баянхонгор аймгийн прокурорын газраас ирүүлсэн 04 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу дүгнэлт гаргасан юм. Хохирогч Б.Б гийн бие дэх цээжний зүүн талын 7,8,9-р дүгээр хавирганууд урд төгсгөл хэсгээр бороолж байгаа хугарал гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд гарсан шинэ гэмтэл байсан. Харин цээжний баруун талын 11, зүүн талын 7,8 дугаар хавирганууд  нь суганы дунд шугамаар бороолсон гэдэг нь хуучин хугарал байна. Өөрөөр хэлбэл хэрэг гарах цаг хугацаанаас өмнө үүссэн хугарал байна. Зүүн талын 7,8 дугаар хавиргануудын хуучин хугарал нь суганы дунд шугамаар байхад, харин шинэ хугарал нь цээжний урд төгсгөл хэсэгт бороолсон ба хугарсан байна. 2020  оны 02 дугаар сарын 14-ний өдрийн цээжний компьютер томографиг цээжний 7,8,9 дугаар хавирганууд нь бороолж байгаа хугарал гэдэг нь тухайн үед буюу хэрэг гарсан цаг хугацаатай таарч байгааг илтгэж байна. Харин баруун 11, зүүн 7,8 дугаар хавирганууд суганы дунд шугамаар бороолсон хуучин хугарал ба хэрэг гарахаас өмнө хугараад эдгэрсэн байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 160-161/

 

9. Шинжээч эмч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Баянхонгор аймгийн прокурорын газраас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дахин шинжилгээ хийлгэх тухай 04 дугаартай тогтоолын дагуу комиссын бүрэлдэхүүнтэй буюу шинжээч эмч нар болох Т.Амартүвшин, Ж.Ганцэцэг нарын хамт 261 дугаартай дүгнэлт гаргасан юм. Тус дүгнэлтийн 3,4 дүгээр заалт нь буюу хохирогч Б.Б гийн биед учирсан хавирганы хугарал нь гэмтлийн зэргийг хүндэвтэр гэмтэл хамаарч байгаа гэмтэл бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн компьютер томографикийн зургийг уншуулахад цээжний баруун талын 11, зүүн талын 7,8 дугаар хавирганууд нь суганы дунд шугамаар бороолсон хуучин хугаралтай байсан ба хэрэг гарах цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл. Харин зүүн талын 7,8,9 дүгээр хавирганууд нь урд төгсгөл хэсгээр бороолж байгаа шинэ хугаралтай ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна ... гэх дүгнэлт /хх-ийн 163-164/

 

10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн:

              1. Б.Б гийн биед зүүн VI, VII-р хавирганы суганы урд шугамаарх далд хугарал, зүүн нүдний алим, зовхи, хацарт цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

              3. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

              4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэх дүгнэлт /хх-ийн 37/

             

              11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 261 дугаар шинжээчийн

              1. Урд гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 61 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Уг дүгнэлтийг цээжний рентген зургийг үндэслэж гаргасан байна.

              2.5. Б.Б гийн биед учирсан гэх зүүн нүдний алим, зовхи, хацарт цус хуралт, хамарт зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн 7,8,9-р хавирганы хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

              3. Дээрхи зүүн 7,8,9-р хавирганууд урд төгсгөл хэсгээр бороолж байгаа хугарал гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна.

              4. Б.Б гийн биед учирсан баруун 11, зүүн 7,8-р хавирганууд суганы дунд шугамаар бороолсон гэсэн нь хуучин хугарал байна.

              6. Дээрхи гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэх дүгнэлт /хх-ийн 50-51/, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 6-8/, эд мөрийн баримт хураан авах прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-83/, шүүгдэгч С.Б ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73/, хохирогч Б.Б гийн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 95-96/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Б  нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Баян хошуу 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх *******ын гэрт болон гадаа нь Б.Б г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Болд мэдүүлэг, гэрч  *******, А.*******, *******, *******а нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 61 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б  нь эмчилгээний зардал таван сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогчоос гаргаж хавсаргасан эмчилгээний зардлыг үнэлэхэд хоёр зуун наян долоон мянга зургаан зуун / 287.600 / төгрөгийн нотлох баримтыг хавсаргасан байх тул шүүгдэгч С.Б аас 287600 төгрөг гаргуулж хохирогч Б.Б д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин дөрвөн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун / 4.712.400 / төгрөг нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй уг баримтыг мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул 4.712.400 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Б  нь энэ хэргийн улмаас цагдан  хоригдсон  хоноггүй болохыг дурдав.    

Хэрэгт  1 ширхэг рентген зургийг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогч Б.Б д буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч С.Б ы эзэмшлийн 7187 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа эзэмшигч   С.Б д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт С.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч овогт С.Б ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5-д зааснаар ялтан С.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хохирогч Б.Б гийн нэхэмжилсэн таван сая  / 5.000.000 / төгрөгийн нэхэмжлэлээс хоёр зуун наян долоон мянга зургаан / 287.500 / төгрөгийг нэхэмжлэлийг хангаж, уг төгрөгийг шүүгдэгч С.Б аас гаргуулж хохирогч Б.Б д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, дөрвөн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун / 4.712.400 / төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч С.Б  нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар рентген зураг хураан авсан  Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогч Б.Б д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч С.Б ы эзэмшлийн 7187 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эзэмшигч С.Б д хэрэгцээний дагуу  буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                   

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.