| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0284/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/286 |
| Огноо | 2020-08-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/286
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга:Д.Чимидцэрэн ,
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002700286 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн нутаг Цагаан дэрс гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг 186м2 буюу 0.02 га газарт явуулж байгаль орчинд 164 901 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
.... 2020 оны 04 дүгээр сарын 06-ний орой 19 цагийн үед Шинэжинст сум руу буцаж явж байгаад буюу замдаа хуучин дээр үед ухагдаж байсан Цагаан дэрс гэх газар трактороо буулгаад трактораараа хэд хэдэн газар шанагаараа татаж үзээд болиод трактораа машиндаа ачаад сум руу 7-8 км орчим явж байтал сумын хэсгийн төлөөлөгч ирээд юу хийж явж байгаа гэхээр нь Цагаан дэрс гэх газар трактораараа татаж үзээд явж байна гэж хэлэхэд тухайн газар чинь очиж үзье гээд буцаад Цагаан дэрс гэх газар очоод тухайн газрыг үзэж байтал манай найз ******* ******* нар хүрээд ирсэн юм тэгээд та 2-ыг цуг явж байна гэж хэсгийн төлөөлөгч хэлсэн та 2 цуг явж байгаа гэж хэлээрэй гэж хэлсэн. Миний хууль бусаар ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулсан Цагаан дэрс гэх газар өмнө ухагдаж сүйтгэгдсэн газар байгаа юм. Тухайн газарт ашигт малтмал хайх зорилгоор тракторын шанагаар хэд хэдэн удаа хутгасан юм...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 114 дүгээр тал/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Цагаан дэрс нь Шинэжинст сумаас баруун урд зүгт 7 орчим км байдаг. Энэ жилийн хувьд 6 удаа шалгалт явуулсан. 1 сард нэг явдаг юм, ер нь бол иргэдээс ирсэн мэдээллийн дагуу явж шалгалт хийдэг, Баасандашийн ухаж байх үер сумын хэсгийн төлөөлөгч шалгалтаар явж байгаад авчирсан юм тэр үеэр би байгаагүй юм ухсан газар нь хуучин хүмүүсийн ухаж байсан газар гэсэн. Нэхэмжлэх зүйл гэвэл шинжээчийн дүгнэлтэд заасан хохирлын үнэлгээ 164 901 төгрөг.нөхөн сэргээлт зардал болох 207 665 төгрөг мөн сумаас ирж мэдүүлэг өгсөн болон буцсан зардлыг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 27 /,
4. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна. Д.Б манай суманд ирээд миний жижиг трактор болон ачааны машин сэгсрэгч төхөөрөмжийг ирж үзээд би чиний машин болон сэгсрэгч төхөөрөмж болон жижиг тракторыг чинь зээлээр авъя ажиллаж байгаад мөнгийг чинь өгье гэж хэлэхээр нь би жижиг трактор болон ачааны машин сэгсрэгч төхөөрөмжөө 30 000 000 төгрөгөөр үнэлсэн юм, мөнгийг нь одоо болтол өгөөгүй байгаа мөнгөө авъя гэж хэлэхээр цагдаад баригдсан шалгагдаж байгаа мөнгө өгөх боломжгүй байна гэж хэлээд байгаа юм. Миний хувьд одоо техник хэрэгслүүдээ эргүүлж авна ... гэх мэдүүлэг /х-ийн 34 /,
5. Гэрч П.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө *******гийн машинаар сумын төв явж байтал Цагаан дэрс гэх газар Баасандаш мөн сумын хэсгийн төлөөлөгч зогсож байхаар нь юу болсон бол гэж бодоод очтол сумын хэсгийн төлөөлөгч сумын төв рүү дагаад яв гэхээр нь дагаж яваад Цагдаагийн байран дээр очсон … гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 /,
6. Шинжээч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Эд зүйлийн үнэлгээг тогтоохдоо үндсэн гурван арга хандлага байдаг
эдгээр нь 1 дүгээрт зах зээлийн хандлагын арга, 2 дугаарт өртгийн хандлагын
арга, 3 дугаарт орлогын хандлагын арга гэсэн аргууд байдаг. Ихэвчлэн үнэлгээчид зах зээлийн буюу өртгийн хандлагын аргыг ашигладаг бөгөөд зах зээлийн хандлагын арга нь яадаг вэ гэхээр тухайн үнэлж байгаа объекттой ижил шинж чанартай 3 буюу түүнээс дээш объектын зарагдсан бодит мэдээллийг олоод тухайн үнэлж байгаа хөрөнгө рүүгээ тохируулга хийх замаар зах зээлийн дундаж үнийг тодорхойлно. Өртгийн хандлагын арга нь тухайн объектын нөхөн орлуулах өртгөөс ашигласан хугацааны элэгдлийг хасаж үлдэгдэл өртгөөр үнэлэхийг хэлнэ. Ашиглалтын хугацаа дууссан боловч одоо ашиглаж буй хөрөнгийг үлдэх хөрөнгөөр нь үнэлнэ. Миний зүгээс дээрх хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 16-ны 322 дугаартай үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд тухайн эд зүйлүүдийг 2020 оны 06 дугаар сарын байдлаар Баянхонгор аймагт тухайн үнэлж буй эд зүйлтэй ижил шинж чанартай 3 буюу түүнээс дээш автомашин болон трактор зарагдсан зах зээлийн баттай эх сурвалж олдоогүй учир өртгийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээг тогтоосон. Өртгийн хандлагын аргыг ашиглахдаа Монгол улсын зөвлөх инженер С.Батдоржийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны 12, 13 тоот автомашин, тракторын одоогийн ашиглалтын байдалд хийсэн дүгнэлтийг үндэслэн өртгийн хандлагыг ашиглан үнэлсэн. Тухайн эд зүйлс хоёулаа ашиглалтын хугацаа дууссан учир үлдэх өртгөөр нь үнэлсэн. Миний зүгээс Аудитор, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, Монгол улсын мэргэшсэн үнэлгээчний гэрчилгээ нийт гурван хуудас, автын Монгол улсын зөвлөх инженерийн оношилгооны дүгнэлт 2 хуудас бүгд 5 хуудас хуулбар хувийг гаргаж өгч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 189-191/
7. Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн ...Ачааны машин, трактор, сэгсрэгч төхөөрөмжийг бүгдийг нь 2019 оны 12 сард Баянговь сумын иргэн Батчимэгээс 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгийг нь өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 48-51 /,
8. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-н 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/22 дугаартай:
... Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад цолтой Э.Оюунболдын 2020 оны 04 сарын 13-ны өдрийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолд үндэслэн, гомдол, мэдээллийн 268/1317 дугаартай хэрэгт хамаарах Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2-р багийн нутаг, Цагаан дэрс гэх газарт иргэн Баасандашийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав.
Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцсон болно.
Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 164 901 төгрөг, мөн тус талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 207 665 төгрөг болж байна ....гэх дүгнэлт /хх-ийн 61-81/
9. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаартай шинжээчийн: ... шүүгдэгч Д.Б ийн эзэмшлийн авто машины зах зээлийн үнэ 4.500.000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 105/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106/
10. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн: ... шүүгдэгч Д.Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан
- Dooson 55 маркийн бага оврын трактор 3,000,000 төгрөг
- сэгсрэгч төхөөрөмж 200,000 төгрөг
- Авто төхөөрөмж 1,700,000 төгрөг нийт 4,900,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 95/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 96/, болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19, 20-22/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 99-102, 183-185/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115/, эвлэрлийн гэрээ /хх-йн 165-166/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг 186м2 буюу 0.02 га газарт явуулж байгаль орчинд 164 901 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь *******, ******* нарын мэдүүлэг, гэрч П.*******, шинжээч Л.Наранцэцэгийн мэдүүлэг, Нуман алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Энх-Нахиа ХХК-ийн 322, 378 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Б ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна. Д.Б манай суманд ирээд миний жижиг трактор болон ачааны машин сэгсрэгч төхөөрөмжийг ирж үзээд би чиний машин болон сэгсрэгч төхөөрөмж болон жижиг тракторыг чинь зээлээр авъя ажиллаж байгаад мөнгийг чинь өгье гэж хэлэхээр нь би жижиг трактор болон ачааны машин сэгсрэгч төхөөрөмжөө 30 000 000 төгрөгөөр үнэлсэн юм, мөнгийг нь одоо болтол өгөөгүй байгаа мөнгөө авъя гэж хэлэхээр цагдаад баригдсан шалгагдаж байгаа мөнгө өгөх боломжгүй байна гэж хэлээд байгаа юм...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Б.Бурмааг байлцуулан гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Ачааны машин, трактор, сэгсрэгч төхөөрөмжийг бүгдийг нь 2019 оны 12 сард Баянговь сумын иргэн Батчимэгээс 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгийг нь өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд бага оврын “Доосан” маркийн трактор, сэгсрэгч төхөөрөмж, 6376 Өвр улсын дугаартай Хино маркийн авто машин зэрэг нь шүүгдэгч Д.Б ийн өмчлөлд шилжсэн болох нь нотлогдож байна гэж шүүх үзэж шүүгдэгч Д.Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосан” маркийн бага оврын трактор нэг ширхэг, 6376 Өвр улсын дугаартай Хино маркийн авто машин зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 10, 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг “Доосон” бага оврын трактор, 6376 ӨВР улсын дугаартай авто машин зэргийг хураан авч хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Харин дээрх техник төхөөрөмж, трактор, авто машины зэргийг худалдсан гэх иргэний нэхэмжлэгч *******т үнэлгээний Энх-нахиа ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 322 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон “Доосон” тракторын үнэ 3.000.0000 төгрөг, сэгсрэгч төхөөрөмжийн үнэ 200.000 төгрөг, 6376 ӨВР улсын дугаартай авто машины үнэ 1.700.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б аас гаргуулж иргэний нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй гэж гэж шийдвэрлэв.
Мөн хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сэгсрэгч төхөөрөмжийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сэгсрэгч төхөөрөмжийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн хэрэгт “Доосан” бага оврын тракторын 01951729 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 6376 ӨВР авто машины 0317346 дугаартай гэрчилгээ зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг трактор болон авто машины хамт төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 164901 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 207665 төгрөг зэргийг нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт шүүгдэгч Д.Б ийн эзэмшлийн 2250 УНГ улсын дугаартай ланд-80 маркийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг эзэмшигч ******* хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Д.Б ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Д.Б ийг таван мянга дөрвөн зуун / 5400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Б ид зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Д.Б аас бага оврын тракторын үнэ 3.000.000 төгрөг, сэгсрэгч төхөөрөмжийн үнэ 200.000 төгрөг, Авто машины үнэ 1,700,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Д.Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бага оврын “Доосон” трактор, hino RANGER маркийн 63-76 ӨВР улсын дугаартай авто машин тус бүрийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 10, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрүүдийн тогтоолыг хүчингүй болгож, уг трактор болон hino RANGER маркийн 63-76 ӨВР улсын дугаартай авто машиныг улсын орлого болгож, хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар сэгсрэгч төхөөрөмжийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Б ийн эзэмшлийн Лан-80 маркийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг эзэмшигч ******* хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар бага оврын тракторын 01951729 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, 63-76 ӨВР улсын дугаартай авто машины 0317346 дугаартай гэрчилгээ нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураасан прокурорын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгон дээрх гэрчилгээнүүдийг трактор, авто машины хамт зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.