| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2017/00327/и |
| Дугаар | 742 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 742
2017 оны 03 сарын 15 өдөр Дугаар 181/ШШ2017/00742 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Хөгжил хотхон 25-3, 1-606 тоотод оршин суух, Өндөр Самдан овогт Төмөрбаатарын Өлзийсайхан /РД:ЧЙ82040203/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжинд байрлах, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр Урлалын Политехник Коллеж /РД:9085629/-д холбогдох,
Ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болорчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Т.Өлзийсайхан нь тус байгууллагад 2002 онд арьсан урлалын багшаар орсон. Тэрээр ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа, алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Тус сургуульд нийт 15 дахь жилдээ арьсан урлалын багшаар ажиллаж байгаа.
2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ажлаа хийж байтал сургалтын албаны дарга Г.Баярхүү, Сургалтын албаны арга зүйч Н.Цэцэгмаа хоёр ангид нь орж ирээд “энэ ангид хичээл тавигдсан, чиний анги биш, чи одоо яв” гэсэн. Т.Өлзийсайханаас “өнөөдөртөө түр аргалах боломж байна уу? орой юмаа авъя гэхэд одоо гар” гээд нярав н.Баясгалан ангийг хүлээж авсан.
Ингээд Т.Өлзийсайханыг ажилгүй болгосон бөгөөд ажлаас халсан тушаалаа авья гэхэд тушаал гараагүй өөрөө өргөдлөө өг гэсэн. Т.Өлзийсайхан нь 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 4 өдөр ажилдаа очсон боловч ажиллуулахгүй байсан. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, үндэслэлгүйгээр ажлаас халж, тушаал шийдвэр өгөхгүй хохироож байгаад гомдолтой байгаа тул тус дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Ажлаас халсан тушаал гаргаагүй ч ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй тул шүүхэд хандсан. Цагийн зохицуулалт хийж өгөөгүй тул хийх ажилгүй болсон. Сургалтын алба анги дүүргэлт хариуцдаг тул ажил олгогчийг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Иймд Т.Өлзийсайханыг урьд эрхэлж байсан Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр Урлалын Политехник Коллежийн арьсан урлалын багшийн ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажиллаагүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,534,456 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Арьсан урлалын ангид 2016 оны 9 сард 6 сурагч элссэний 3 нь сургуулиа орхиж явсан, 3 нь өөр ангид шилжсэн. Үүний улмаас Т.Өлзийсайханы заах хичээл, дааж авах анги байхгүй болсон. Иймд Т.Өлзийсайхан сургалтын албанд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сургалтын цагийг зохицуулж өгөөч гэсэн хүсэлт өгснийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцсэн. Хурлаас боломжгүй гэсэн шийдвэр гарч, уг асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандсан. Ажил олгогч нь орон тоо хасагдсан үндэслэлээр мэдэгдэл өгөх зэрэг хуулиар хүлээсэн ажиллагаа хийх гэсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас ажиллагаа явуулах боломжгүй болсон. Манайх нэхэмжлэгчид 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нь бодож олгосон бөгөөд ажиллуулахгүй байсан зүйл байхгүй.
Ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Өлзийсайхан нь хариуцагч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр Урлалын Политехник Коллежид холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,534,456 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Т.Өлзийсайхан нь Үйлдвэр Урлалын Политехник Коллежид Арьсан урлалын багшийн албан тушаалд ажилладаг байсан бөгөөд 2016 оноос 2017 оны хичээлийн жилд арьсан урлалын ангид 6 сурагч элсэн орсноос 2016 оны 10, 11, 12 дугаар сард 3 сурагч суралцаж, улмаар хичээлийн 2 дугаар улиралд тухайн 3 сурагчийн 2 нь “Үнэт эдлэл, дархан”-ы ангид, 1 нь “Үйлдвэрийн график дизайн”-ы ангид тус тус шилжиж суралцсаны улмаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нь дааж авах анги, заах хичээлгүй болсон үйл баримт талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь энэ байдлын улмаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сургалтын албанд хандаж дүрслэх урлагийн мэргэжлийн хичээлийн цагийн фондод зохицуулалт хийж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан ба сургалтын албаны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 07/2016-2017 хурлаар уг асуудлыг хэлэлцэж, Т.Өлзийсайханыг ажиллуулах ямар ч боломжгүй гэдгийг санал нэгтэйгээр шийдвэрлэж, уг асуудлыг Захиргааны зөвлөлийн хуралд уламжилж хэлэлцүүлэхээр болсон ч ажил олгогчийн эцсийн шийдвэр гараагүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс энэ хурлын шийдвэр гарахаас өмнө 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд хандаж ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна.
Ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн тушаалыг бичгээр гаргаагүй, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 9 хоногийн цалинд 238,486 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан Т.Өлзийсайханд олгосон, Т.Өлзийсайханы зүгээс суралцагч байхгүйн улмаас арьсан урлалын багшийн ажлыг гүйцэтгэх, хичээл заах боломжгүй байгаа талаараа сургалтын албанд хандан ажлаар хангах агуулга бүхий өргөдөл гаргаж байсан зэрэг үйл баримтаас үзвэл ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас халсан, эсхүл ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тушаал бичгээр гараагүй ч ажилтныг ажиллуулахгүй байгаа үйл баримт тогтоогдсон нөхцлийг ажлаас халсан гэж үзэх үндэслэл болдог ч ажил олгогчийн зүгээс ийм үйлдэл, үйл ажиллагаа явуулсан байдал тогтоогдсонгүй.
Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ өөрийн болон ажил олгогчоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон энэ тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажилтныг ажлаар хангах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс энэ үүргээ хэрэгжүүлэх эсэх асуудал нь тодорхойгүй, асуудал хэлэлцэх шатандаа явж байгаа энэ нөхцлийг шүүх ажилтныг ажлаас халсан гэж үзэх үндэслэл болохгүй болно.
Иймд шүүх нэхэмжлэгчийг ажлаас буруу халагдсан гэж үзэх үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,534,456 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр Урлалын Политехник Коллежид даалгах Т.Өлзийсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой гомдлыг нэхэмжлэгч гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,534,456 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр Урлалын Политехник Коллежид даалгах Т.Өлзийсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Өлзийсайханы нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА