Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 793

 

   Ж.Батцогтын нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00073 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Батцогтын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазарт холбогдох       

Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Батцогт

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, Ц.Эрдэнэчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Батцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймгийн Тээвэр, авто замын газрын даргаар тус аймгийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр захирамжаар томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байсан. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 тоот тогтоолын дагуу аймгуудын Тээвэр, авто замын газрыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дахь салбаруудтай нэгтгэн зохион байгуулсан. Энэ тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/147 тоот захирамжаар намайг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ салбарт шилжүүлсэн. Гэтэл намайг шилжин очсоноос хойш ажлын байраар хангаагүй, улмаар Автотээврийн үндэсний төвийн газрын захирлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/120 тоот тушаалаар ажлаас халахдаа Төрийн алба, Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдлөг болголгүй, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын даргын тушаалаар үндэслэлгүй ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд намайг Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин 20 618 532 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 тоот тогтоолын дагуу аймгуудын Тээвэр, авто замын газрыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дахь салбаруудтай нэгтгэн зохион байгуулсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх явцад Сэлэнгэ аймгийн Тээвэр, авто замын газрыг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дахь салбартай нэгтгэн зохион байгуулсан. Манай байгууллага аймгийн Тээвэр, авто замын газрын ажилчдыг тохирох ажлын байранд ажилд авсан боловч 2 байгууллага нэгдэж байгаатай холбоотой 2 дарга, 2 нягтланг зэрэг ажиллуулах боломжгүй. Иймд Ж.Батцогттой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн. Ж.Батцогтын хувьд Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллах болзол нөхцөлийг хангахгүй байсан. Энэ албан тушаалд ажиллах хүн Монгол Улсын MNS 5044:2010 гэсэн стандартад дээрх салбарын дарга нь автын инженер мэргэжилтэй, зөвлөх инженер цолтой, мэргэжлээрээ 5 жил ажилласан байх шаардлага тавьсан байгаа.

Нэхэмжлэгч 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэлээ татан авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс Ж.Батцогт шүүхэд дахин хандах эрхгүй. Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга байсан н.Ариунаа дээрх шаардлагыг хангаагүй тул мэргэжилтэн болж н.Жамбалнямбууг томилсон. Нэхэмжлэгч Ж.Батцогтод ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгч, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Батцогтыг Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 21 684 072 төгрөг гаргуулан Ж.Батцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720 158 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Батцогт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 266 370 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б/260 дугаар тушаалаар Ж.Батцогтыг ажлын байраар хангаж чадахгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг Тээвэр, авто замын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан  Автотээврийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Ж.Батцогт Автотээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд нэг ч өдөр ажиллаагүй. Шүүх Хөдөлмөрийн хуулийг зөрчин өөрт олгогдоогүй эрхийг эдэлж томилгоо хийсэн.

Нэхэмжлэгчийг Автотээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймаг дахь салбарын даргын албан тушаалд томилоход “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг 2013 онд Засгийн газрын 336 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазраас аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж Монгол Улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэр, тээврийн хэрэгслийн бүртгэл, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулахаар чиг үүргийг нь тогтоож өгсөн. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг улсын хэмжээнд эрхлэн явуулдаг бөгөөд аймгийн автотээврийн төвүүд нь техникийн хяналтын төв болдог учраас дарга нь Монгол Улсын MNS 5044:2010 стандартын дагуу инженер механик мэргэжилтэй байхыг шаарддаг. Иймээс шийдвэрийн үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шаардлагад нэхэмжлэгч нийцэхгүй байгаа учраас эрх ашгийг нь зөрчөөгүй. Инженер, механик мэргэжилтэй Ч.Жамбалнямбууг томилж, өөр адил чанарын ажил албан тушаал Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвд байхгүй учраас санал болгох боломжгүй байсан. Автотээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг Тээвэр, авто замын газрын даргын албан тушаалын гүйцэтгэх чиг үүргүүд нь өөр юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүргээ Автотээврийн  үндэсний төв биелүүлсэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын 8-д зааснаар холбогдох сайд нартай хамтран ажиллаж цалин хөлс, холбогдох зардлыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас хариуцаж 2015 оны 01 дүгээр сараас ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл хугацааны цалин хөлсийг олгосон. Ж.Батцогт Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд ажлаагүй учраас цалингийн зөрүү гаргах хуулийн үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 16-нд нэхэмжлэлээ татан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэх бөгөөд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон байхад шүүх хууль зөрчиж хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ талаар 2 удаагийн шүүх хуралдаанд хариуцагчаас хэлсэн боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт ямар дүгнэлт хийсэн талаар тусгасангүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.  

Нэхэмжлэгч Ж.Батцогт нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, автозамын газрыг “Автотээврийн үндэсний төв“ ТӨҮГ-тай нэгтгэн зохион байгуулсан, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр А/147 дугаар захирамжаар, тус аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, автозамын газрыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ салбарт нэгтгэж, тус газрын дарга Ж.Батцогтыг Сэлэнгэ салбарт 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс шилжүүлсэн боловч ажлын байраар хангаагүй, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/135 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Батцогтын оронд Ч.Жамбалнямбууг Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд 6 сарын хугацаагаар түр томилон, нэхэмжлэгч Ж.Батцогтыг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн б/260 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ /хх-5, 6, 34-35, 56/.

Нэхэмжлэгч Ж.Батцогт нь ажлаас үндэслэлгүй халсан, ажлын байраар хангаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 тоот тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазар нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцэх ажлын байраар хангах боломжгүй, тэрээр Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллах болзол нөхцлийг хангаагүй гэх тайлбар нь хуульд нийцэхгүй байна.

Ажил олгогч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар Аймгийн засаг даргын дэргэдэх Тээвэр, автозамын газрын дарга, ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга нарын төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч Ж.Батцогтыг орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аль үндэслэлийг баримталж ажлаас халсан нь ойлгомжгүй энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хоёр байгууллагыг нэгтгэхээс өмнө Сэлэнгэ аймгийн Тээвэр, авто замын газар 7, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГГазрын Сэлэнгэ аймаг дахь салбар 12 орон тоотой ажиллаж байгаад байгууллага нэгтгэгдсэний дараа 22 орон тоотой ажиллаж байгаа нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн б/176 дугаар захирлын тушаал, түүний 16 дугаар хавсралт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар захирлын тушаал, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймаг улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба ийнхүү байгууллага нэгтгэгдэн өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болохгүй байна /44-46, 126-128, 150-151/.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Батцогтын ажиллаж байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21 684 075 төгрөг гаргуулж, 720 158 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” баталсан тушаалтай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно” гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татах хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дурдсан байх тул нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасанаар хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                                                          ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                                                                   Д.БАЙГАЛМАА