Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

 

 

 

 

          Ш.Н, С.М нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Онон,

шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ш.Н, С.М нарт холбогдох 201726021310 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............ овгийн ............гийн ............, 1978 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, ШУТИС-ийн Хөрөнгө оруулалт, хангамжийн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............/,

2. ............ овгийн ............ийн ............, 1977 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............/,

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны орчим Ш.Н нь С.Мийн эрүүн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, С.М нь Ш.Номин-Эрдэнийн чихэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ш.Номин-Эрдэнийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Мийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ............ийн ............т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
заасныг баримтлан шүүгдэгч ............ овогт ............ийн ............ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ............ овогт ............гийн ............ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Номин-Эрдэнийг торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.М бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч /хохирогч/ ............, С.М нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж,

Шүүгдэгч /хохирогч/ Номин-Эрдэнэ, С.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндээрээ хохирсон. Мөн эрүүл мэнд хохирсон учраас гаргасан зардлыг дутуу үнэлж тооцож 7.387.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.” гэв.

Шүүгдэгч С.Мийн өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолоор хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудын тодорхой хэсгийг үнэлээгүй. Тухайлбал 2.310.987 төгрөгийн хохирлыг хангаж шийдвэрлэсэн. Мөн 3.000.959 төгрөгийн хохирлын баримтыг хохирлын баримтад хамааралгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хавтаст хэрэгт баримтаар 22.000.000 төгрөгийн баримтыг хавсаргаж өгсөн. Үүнээс хохиролд төлөгдсөн байсан 3.000.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 19.000.000 төгрөгийг гаргуулж өгөхөөр хүсэлт гаргасан. Давж заалдах гомдолдоо хэрэгт авагдсан 2 зүйлийг дурдсан. Энэ хоёр асуудлаа орхигдуулж байна. Анхан шатны шүүх хохиролтой холбоотой нотлох баримтыг буруу үнэлсэн. Уг үнэлгээг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шатанд нэхэмжилсэн хохирлын баримт үндэслэлгүй байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гэж үзэж байна. С.М өөрөө эхэлж намайг 2 удаа алагдсан. Үүнээс болж зодоон эхэлсэн. Би санаатайгаар гэмтэл учруулаагүй, биеэ хамгаалсан. Хэргийг харсан 3 гэрч байгаа.” гэв.

Шүүгдэгч Ш.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хэрэгт давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжсэн үеэс хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцаж хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдолтой танилцахад гэм буруугийн асуудал яригдаагүй гэж ойлгож байна. Зөвхөн хохирлын талаар анхан шатны шүүх үнэлээгүй талаар гомдол гаргасан байна. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцахад 20.000.000 гаруй төгрөгийн баримтыг жагсаалт гаргаж өгсөн байдаг. Үүнээс анхан шатны шүүх С.Мийн биед учирсан эрүүл мэндийн хохирлоос үүссэн баримтыг тооцож үзээд 2.000.000 төгрөгөөр гэж үзсэн нь үндэслэл бүхий гэж үзсэн. Бусад баримтаас харахад доторын эмнэлэг болох “Буянт ээж” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт, мөн хоол унааны зардал, утасны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр зэрэг нь уг гэмт хэргээс шууд шалтгаалан гарсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй харагддаг. Мөн сар бүрийн банкны зээл төлөлтийн баримтыг хавсаргасан байдаг. Эдгээрээс гадна эрүү хандах мэс заслын ажилбар түүнийг дагаж гарч буй эм тарианы зардлыг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн байдаг. Хавтаст хэргийн 212 дугаар талд Мөнгөнгүүр мэс засал ор хоногийн гээд Мөнгөнгүүр эмнэлгийн эрүү хадсан гэх баримт гэж үнийн дүнг 1.500.000 төгрөг гэсэн баримт хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан. Энэ нь хуулбар баримт байдаг. Хавтаст хэрэгт давхардаж ороод Мөнгөнгүүр эмнэлэгт мэс засалын 1.500.000 төгрөг гэсэн баримтыг мөн өгсөн нь 1 баримт гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хохирлын тооцоо, хохирлын талаарх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй. Бусад нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь хэрэгт тусгагдаагүй, орхигдуулсан гэж гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн 575 дугаар шийтгэх тогтоолд нотлох баримтуудыг дүгнэн үнэлж эрүүл мэндийн даатгал төлсөн, шатахуун хийсэн, ахуйн хэрэглээний зүйл авсан, бөөгийн засал хийлгэсэн, гар утасны төлбөр зэрэгт нийт 3.003.550 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Мөн С.Мийн өмгөөлөгчид төлсөн төлбөртэй холбоотой болон бусад хохирлын үнийн дүнг харагдахгүй, тогтоогдох боломжгүй гэж үзэж, цаашид гарах хохирлыг баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдсан. Иймд С.М, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны орчим шүүгдэгч Ш.Н, С.М нар нь хамт архи ууж, улмаар үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдан харилцан зодолдож, Ш.Н нь С.Мийн эрүүн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, С.М нь Ш.Номин-Эрдэнийн чихэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ш.Номин-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би  хохирогч С.Мийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Би өмнө С.Мийг   таньдаггүй байсан. Тухайн өдөр танилцсан. Хэрэг болох үед С.М намайг цохиж энэ зодоон эхэлсэн. Би хохирогчийн шанаан тус газар нь гараараа цохисон. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2а байрны гадна явж байхад С.М миний зүүн чих орчим цохисон. 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс намайг дуудаад С.М гомдол гаргасан тухай хэлсэн. Тэр үед миний чих шуугиад байхаар нь шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд чих хамар хоолойн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Ингээд би чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд чихний хэнгэрэг цоорсон байна хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь ороогүй. Надад нэхэмжилэх зүйл байхгүй. Мөнхдэлгэрт гомдолтой байна.” /хавтаст хэргийн 216-225 дугаар хуудас/,

шүүгдэгч С.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр           Ш.Нтэй танилцсаны дараа надаас байн байн “Чиний нэр хэн билээ” гэж асуугаад байсан. Ш.Н тэр өдөр эмнэлэгт үзүүлсэн тухай ярьж байсан. Би хохирогч Ш.Номин-Эрдэнийн зүүн чихний ард цохисон. Хохирогч Ш.Номин-Эрдэнийн биед гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ байхад Болор-Эрдэнэ дуудсан. Гараад очиход Оргил, Ганбат, Майдар, Болор-Эрдэнэ 4 байсан. Бид нар Виски уугаад дараа нь Ш.Нтэй уулзсан. Хэрэг гарсны дараа Болор-Эрдэнэ, Майдар 2 намайг гэрт хүргэж өгсөн. Гэртээ ороход эхнэр намайг хараад “эрүү чинь яасан юм бэ” гэж асуусан. Тэр үед 2 шүдний завсраар хэл гараад байхаар нь шүд унасан байна гэж бодсон. Тухайн өдөр би томографикийн зураг авахуулаад, дараа нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. 6 дугаар сарын 5-ны өдөр мэс засалд орсон. Эмнэлгээс гараад Ш.Нтэй уулзахад Ш.Н Майдартай хамт ирсэн. Ш.Н надад хохиролд 10.000.000 төгрөг өгье гэхээр нь би 30.000.000 төгрөг авмаар байна гэж хэлсэн. Гэтэл эмчилгээний зардал бодож байснаас бага гарсан болохоор би 10 сард өгсөн мэдүүлэгтээ 17.540.000 орчим төгрөг нэхэмжилж байгаагаа хэлсэн. Би Ш.Нтэй холбогдох гэж оролдсон боловч утсаа аваагүй. Би эрүүл мэндээрээ хохирсон төлбөр мөнгөө нэхэмжилж байна. Би мэс засалд орсноос хойш 4 долоо хоног хоол идэх боломжгүй зөвхөн шингэн зүйл ууж байсан. 6 дугаар сарын сүүлээр би ухаан алдаж унаад “Буянт ээж” эмнэлэгт үзүүлэхэд тархи зүрх судасны цусан хангамжийн дутагдалд орсон байна гэж хэлсэн биеийн жингээсээ 9 кг жин хассан. Би нийт 22.208.767 төгрөг нэхэмжилснээс 3.000.000 төгрөг хохиролд авсан. Одоо үлдсэн 19.208.767 төгрөгийг нэхэмжилж байна.”  /хавтаст хэргийн 216-225 дугаар хуудас/,

гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр намайг өдөр гэртээ байж байхад Оргил 1 шил виски авч ирээд, Майдар, Оргил бид гурав С.Мтэй утсаар ярихад гэртээ байна гэхээр нь гараад ир гэж хэлээд, гэрийх нь гадна саравчинд сууж уусан. ...Ууж байхад С.Мийн зүүн талын нүд нь хөхөрсөн байхаар нь би наад нүд чинь яасан юм гэж асуухад өчигдөр байрныхантайгаа ууж байгаад барилдаж байгаад ийм болгочихсон гэж хэлж байсан. Тэгээд тал шил вискиг уусан, Ган-Очир гээд манай найз Оргил, бид хоёр руу яриад Чинбаагийнд хүрээд ир, виски амсмаар байна, Чинбаа, Ш.Н бид гурав байна гэхээр нь С.Мийг орхиод явах гэхэд би хамт явъя гээд гуйгаад байхаар нь дагуулаад явсан. С.М гэрээсээ орж 1 шил хятад архи аваад гарч ирээд, хамт явсан. Чинбаагийн ороход Ган-Очир, Ш.Н гурав архи уугаад сууж байсан. Тэгээд Чинбаагийн ороход Ш.Н, С.М хоёр танилцсан. Тэгээд ууж байхад Ш.Н С.Мийг “ахын дүү” гэж дуудахад Мөнхдэлгэр би залуу харагдаж байна гээд инээгээд юм яриад сууж байсан. Тэгээд тал шил виски, хятад архитай уучихаад бид нар явж караокед орж дуулъя гэж ярилцаад Чинбаагийн гэрээс Ш.Н, Ганбаа, Оргил, С.М, Майдар бид 6 гараад явж байхад би Оргил, Майдар хоёртой хамгийн урд, бид нарын ард Ш.Н, С.М хоёр, ард талд нь Ганбаа явж байсан санагдаж байна. Тэгээд С.М Ш.Номин-Эрдэнийг “чи намайг бацаан гэж хэлдэг хэн бэ” гээд өөд өөдөөсөө харчихсан маргалдаж зогсож байхаар нь эргэж харахад С.М Ш.Номин-Эрдэнийг зүүн шанаа руу баруун гараараа алгадсан чинь Номин зөрүүлээд 1 удаа баруун гараараа зүүн шанаа руу нь цохиход С.М бөгсөөрөө газар суучихаар нь би С.Мийг татаж босгоод гэрт нь хүргэж өгнө гээд цааш аваад явахад Оргил Номинг аваад салаад хоёр тийш явцгаасан.” /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

гэрч М.Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр надад 1 литрийн виски байсныг би найзуудтайгаа хувааж уухаар болоод Майдар, Болор-Эрдэнэ нартай утсаар холбогдоод гэрт нь очсон. Тэгэхэд Майдар, Болор-Эрдэнэ нар гадаа гоё байна, гадаа гарч сууя гээд бид нар хорооллын С.Мийн байрны гадна очиж саравчинд суусан. Тэгээд сууж байхад Ганбаа ирээд С.Мийг Майдар дуудаад бид 5 нийлж сууж вискигээ уугаад тал болгоод байж байтал Ганаа гээд манай найз над руу залгаад “Чинбатынд Ш.Н бид гурав архи ууж байна, хүрээд ир” гэж дуудахаар нь бид 5 яваад очсон. Тэгээд Чинбаагийн 2 дугаар байранд байх гэрт нь яваад ороход Чинбаа, Ганаа, Ш.Н гурав нэг шил архи талд нь оруулчихсан сууж байсан. Тэгээд бид хэд нийлж хамт уусан. Ороход Ш.Н С.М хоёр танилцаад сууж байхад С.М Ш.Нэс оныг нь асуучихаад дараа нь “чи надаас бацаан юм байна шүү дээ” гэж хэлсэн чинь Ш.Н “чи намайг бацаан гээд байхдаа яадаг юм” гээд маргалдмар аядаад л өнгөрсөн. Тэгээд архиа ууж дуусчихаад караоке орж дуулъя гээд Чинбаагийнхаас Ганбаа, Майдар, Болор-Эрдэнэ, С.М, Ш.Н бид 6 гараад, урд Ш.Н, С.М хоёроос бусад нь урд талд алхаад хойд талд тэр хоёр алхаж явсан. Тэгтэл Ш.Н, С.М хоёрын дуу ширүүсээд ирэхээр нь хойш эргээд харахад С.М Ш.Номин-Эрдэнийг зүүн шанаа руу нь цохих шиг болоход Ш.Н шууд зөрүүлээд 1 удаа цохихоор бид нар очиж салгасан.” /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

Гэрч Д.Майдарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Болор-Эрдэнэтэй хамт байж байтал Оргил над руу залгаад “нөгөө вискигээ уух уу” гэхээр нь Болор-Эрдэнэ бид хоёр байрны гадаа байна, хүрээд гэж дуудсан. Тэгээд Оргил өдөр 13-14 цагийн үед ирсэн. Ирээд бид С.Мийн амьдардаг байрны саравчинд очиж суусан. Сууж байхдаа Болор-Эрдэнэ бид хоёр С.Мийг дуудъя гээд утас руу нь залгаж С.Мийг дуудсан. С.М гарч ирээд бид дөрөв саравчинд уугаад байж байтал Ганбат хүрч ирээд тавуулаа болоод юм яриад сууж байхдаа бид хэд С.Мээс наад нүд чинь яачихсан юм бэ гэж асуухад урд өдөр нь хуучин байрныхаа хүмүүстэй уулзаж ууж байгаад барилдаж байхдаа мөргөлдөж хөхөрсөн юм гэж бид нарт тайлбарласан. Удаагүй байж байтал Оргил руу Ш.Н ярьсан шиг санагдаж байна, “та хэд яачихав, нөгөө вискигээ аваад ирээч” гээд дуудхаар нь бид тав хороололд Чинбатын гэр рүү явахаар болсон. Тэгсэн чинь С.М би яаж найзууд дээрээ хоосон очих вэ гээд гэртээ ороод 1 шил хятад архи авч гарч ирээд бид нар хороололд Чинбатын очиход Чинбат, Ш.Н, Ган-Очир гурав нилээн согтуу унтаж байсан. Тэгээд ууж байсан вискигээ, хятад архитайгаа ууж дуусаад дахиж 0.5 граммын 1 шил архи авч ирээд тэрийгээ ууж дуусгачихаад караокед сууцгаая гээд бид нар Чинбатын гэрээс 17 цагийн үед Болор-Эрдэнэ, Ганбат, С.М, Оргил, Ш.Н бид зургаа гарсан. Гараад бид нар хоёр хоёроороо хуваагдчихсан алхаж явтал хойно маргалдах чимээ гарахаар нь С.М Ш.Номин-Эрдэнийг хүчтэй 2 удаа алгадсан чинь Ш.Н зөрүүлээд 1 удаа баруун гараараа шанаа орчим руу нь цохиж харагдсан. Тэгэхэд С.М нуруугаараа хойшоо унаад, өөрөө эргэж босч ирээд “чи муу яаж байна” гээд Ш.Н рүү дайрхаар нь бид нар очиж салгаад Ш.Номин-Эрдэнийг Оргил аваад явсан.” /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,

гэрч Ж.Бүрэнтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ш.Н бага зэрэг уучихсан орой 21 цагийн үед л ирсэн санагдаж байна. Орж ирээд “миний чих шуугиад юм сонсохгүй, бүдэг сонсогдоод байна” гээд хэлж байхаар нь “яасан юм” гэж асуухад Оргил 1 ширхэг виски авч ирж задлаад тэрийг уухаар Чинбатын гэрт очсон. Тэгэхэд нэг залуу танихгүй хамт байж байхаар нь тэр залуутай танилцаж юм уучихаад Чинбатын гэрээс гараад явж байхад юм уу орцны үүдэнд гэл үү намайг цохичихсон юм. Тэгэхээр нь гайхаад тэр залууг би цохисон гэж надад хэлж байсан. Тэгээд тэр залуутай маргалдчихлаа гэж байсан. Чиний чих яаж байна гэж Ш.Нэс асуухад миний чих шуугиад байна гэхээр нь чи эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж хэлж байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлж амжаагүй байж байгаад эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгэхэд зүүн чихний хэнгэрэг нь цоорсон гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

гэрч В.Г.Ранжиловын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ш.Н гэж хүн бүртгэлээр үзүүлсэн байна. ...чихнийх нь зургийг авахад зүүн чихнийх нь хэнгэрэг цоорхой байсан. ...уг гэмтлийн зургийг харахад эргэн тойрон улаалттай, цоорхойны эргэн тойрон арзгар, мөн түүний хэлж байгаагаар онош гардаг. Ш.Нд учирсан гэмтэл нь үзлэгээс өмнө 7 хоног, цаад тал нь 10 хоногт үүссэн байж болно.” /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Мийн биед 2 нүдний ухархайн доод ханын хугарал, эрүүний төв хэсгийн болон зүүн салаан хугарал, баруун хоншоорын хөндийн ханын хугарал, эрүүний баруун зүүн хэсгийн зөөлөн эдэд хаван хий тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх 71895 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 71895 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ирүүлсэн материал болон шинжилгээний хариунд бөөрний дутагдлын шинж илрэхгүй байна. С.Мийн биед баруун, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, эрүүний төв хэсгийн болон зүүн салааны хугарал, баруун хоншоорын хөндийн хугарал, эрүүний баруун зүүн хэсгийн зөөлөн эдэд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 836 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

“...Ш.Номин-Эрдэнийн биед хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт зулгаралт, зүүн чихний хэнгэрэгийн цооролт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө.” гэх 7472 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

“...Шинжээч эмчийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 7472 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.Номин-Эрдэнийн биед учирсан зүүн чихний хэнгэргийн цооролт гэмтэл нь шинэ буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Нэг удаагийн алгадалт цохилтоос үүснэ.” гэх 1074 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 125 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ш.Н, С.М нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгч Ш.Н, С.М нарын хоорондоо зодолдож хэн хэнийхээ бие махбодид гэмтэл учруулсан энэхүү гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн бөгөөд уг хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус тодорхой заасан тул анхан шатны шүүх С.Мийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж улмаар уг хуулийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий болжээ.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримтлавал зохих хуулийн заалтыг баримтлаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулахаар тогтов.  

Мөн шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарын гаргасан “...хохирол төлбөрийг зөв тооцуулах” тухай давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Мийн гаргасан зардлын баримтуудыг дутуу тооцсон байх бөгөөд үүнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд “Бусдын ...эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Хуулийн дээрх нарийвчилсан зохицуулалтаас үзэхэд хохирогч С.Мийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл, үүний улмаас мэс засал хийлгэсэн болон, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эм тариа хэрэглэсэн, асарч сувилуулсан зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг гэм буруутай шүүгдэгч Ш.Нэр төлүүлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Рентгэн зураг авахуулсан төлбөр 20.000 төгрөг, Мөнгөн Гүүр эмнэлгийн баримт 150.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний төлбөрийн баримт 3.000 төгрөг, Зогсоолын төлбөрийн баримт 500 төгрөг, “IT” лабораторийн шинжилгээний баримт 8.000 төгрөг, 64.500 төгрөг, Монос Эмийн сангийн эм авсан баримт 54.000 төгрөг, АШУҮИС-н үзлэгийн төлбөрийн баримт 20.000 төгрөг, Эм Би Эм Мед ХХК-ийн үзлэгийн төлбөрийн баримт 30.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгийн үзлэгийн төлбөрийн баримт 25.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгийн цээжний зураг авсан төлбөрийн баримт 25.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгийн хэвлийн ЭХО төлбөрийн баримт 25.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгийн шээсний шинжилгээний төлбөрийн баримт 10.000 төгрөг, Монос Эмийн сангаас эм тариа авсан төлбөрийн баримт 79.200 төгрөг, Монос Эмийн сангаас эм тариа авсан төлбөрийн баримт 5.600 төгрөг, Номин Их дэлгүүрийн орны даавуу авсан баримт 52.000 төгрөг,  Номин Их дэлгүүрийн алчуур авсан баримт 20.210 төгрөг, Номин Их дэлгүүрийн углааш, угаалгын шингэн авсан баримт 35.502 төгрөг, “Дулаан Хайрхан Трейд”-ээс эм авсан баримт 2.800 төгрөг, Скай их дэлгүүрийн баримт 51.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгийн эмчийн үзлэгийн төлбөрийн баримт 20.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгийн физик эмчилгээний төлбөрийн баримт 3.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн Эрүү хадсан төлбөрийн баримт 1.500.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгийн ор хоногийн төлбөрийн баримт 420.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгийн шинжилгээний төлбөр 10.000 төгрөг, Хүнсний дэлгүүрээс хүнс авсан баримт 144.310 төгрөг, Монос Эмийн сангаас цай авсан төлбөрийн баримт 53.850 төгрөг, Номун эмнэлэгийн баримт 95.000 төгрөг, Монос Эмийн сангаас эм тариа авсан төлбөрийн баримт 21.000 төгрөг, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөрийн баримт 850.000 төгрөг, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөрийн баримт 575.000 төгрөг, Эм Би Эм Мед ХХК-ийн баримт 26.000 төгрөг, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөрийн баримт 800.000 төгрөг, Монос Эмийн сангаас эм тариа авсан төлбөр 13.487 төгрөг, Буянт-Ээж ХХК-д хэвтэн эмчлүүлсэн төлбөрийн баримт 675.000 төгрөг, Эрүүний ялтас авах хагалгааны төлбөрийн баримт 1.350.000 төгрөг зэрэг баримтуудыг үнэлж, хохирол төлбөрт тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Өндөр овогт Сэнгидийн Мөнхдэлгэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Өндөр овогт Сэнгидийн Мөнхдэлгэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж,  

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Шүүгдэгч /хохирогч/ Номин-Эрдэнэ, С.М нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нэс 7.240.149 төгрөг гаргуулж хохирогч С.Мт олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ц. ОЧ