Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0346

 

 

 

 

                         Н.А, Б.С, Н.Г нарын

      нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, З.М,

Нэхэмжлэгч: Н.А, Б.С, Н.Г нар,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/597 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, мөн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/600 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Э-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, З.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2021/0741/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А, Б.С, Н.Г нар нь Нийслэлийн Засаг даргад холбогдууланНийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/597 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамж, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/600 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А, Б.С, Н.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/597 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/600 дугаар захирамжуудыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, З.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга 2012 оны А/40, 2016 оны А/565 дугаар захирамжуудыг гаргахдаа “Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн” гэж үзсэн учраас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс үзэхдээ “... Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газрыг хот, тосгон, бусад суурин газарт газар эзэмшүүлэхдээ тухайн хот, тосгон бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуульд заасан журмаар эзэмшүүлэхээр байна” гэж зөв дүгнэж, зөвхөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/53 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөгөөр төлөвлөгөөнд туссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөө нь урт хугацааны төлөвлөгөөнүүд бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь нэг жилийн хугацаанд хэрэгжих богино хугацааны төлөвлөгөө тул урт хугацааны төлөвлөгөөнд нийцсэн байх ёстой. Тиймээс анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэсэн.

3.2. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлж бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзсэн. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2021 оны А/597, А/600 дугаар захирамжийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсгийг зөрчиж, газар эзэмших эрх олгосон байгааг тогтоосны үндсэн дээр дээрх захирамжуудыг гаргасан тул захиргааны акт гаргахаас өмнө 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийгдсэн байхад шүүхээс уг ажиллагааг хийгдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

3.3. Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны А/597, A/600 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Н.А, Б.С, Н.Г нар нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/597 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, мөн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/600 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           3.2. Маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 744 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6000 м.кв газрыг иргэн Ц.Сд үйлчилгээ, орон сууцны зориулалтаар олгосон, мөн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх  тухай” А/565 дугаар захирамжаар иргэн Б.Сд 3000 м.кв, Н.Ад 1000 м.кв газрыг шилжүүлсэн, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/745 дугаар захирамжаар Б.С, Н.А нарын газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” А/1196 дугаар захирамжаар Б.Сгийн эзэмшиж байсан 3000 м.кв газрыг Б.С, Н.Г нарын нэр дээр өөрчилж, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” болгон өөрчилж, 15 жилийн хугацаатай сунгасан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.С, Н.А нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулсан, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

            3.3. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/597 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/745 дугаар захирамжаар Н.Ад газар эзэмшүүлэхдээ, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/600 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1196 дугаар захирамжаар иргэн Б.С, Н.Г нарт газар эзэмшүүлэхдээ тус тус “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзээд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

            3.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, 24.2-т зааснаар бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий захирамжуудаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо дээрх зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрхтэй боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь Ц.Сэс газар эзэмших эрхийг шилжүүлж авсан бөгөөд хэрэв тухайн үед Ц.Сд анхнаасаа газар эзэмших эрхийг хууль журмын дагуу олгоогүй гэж үзвэл газар эзэмших эрхийг шилжүүлэх, газрын зориулалтыг өөрчлөх, газар эзэмших эрхийн хугацааг сунгах зэргээр тухай бүрт хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд “... Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөө нь урт хугацааны төлөвлөгөөнүүд бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь нэг жилийн хугацаанд хэрэгжих богино хугацааны төлөвлөгөө тул урт хугацааны төлөвлөгөөнд нийцсэн байх ёстой” гэх тайлбараар хариуцагчийг зөвтгөх боломжгүй.

            3.5. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг нэг бүрчлэн нэрлэн заасан бөгөөд эдгээр үндэслэлд хариуцагчийн тайлбарлаж буй “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд заагаагүй” гэх үндэслэл хамаарахгүй, энэхүү үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй байна.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, З.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН      

      ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

      ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН