| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0269/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/264 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/264
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Хохирогч Ж.Э ,
Шүүгдэгч: Б.Н , түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000280 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч,Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,малчин, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Б.Н ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Ар өнц” гэх газарт Ж.Э ийг зодож эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
.... Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ойлголоо. Би хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
Хохирогч Ж.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... би 2020 оны 06 дугаар сарын 19-ний гэртээ байж байхад манай саахалтын Б.Мөнхбат нь 17 цагийн үед ирсэн ... бид 3 дээрх архийг нь хувааж уугаад нэлээн согтсон, архиа ууж дуусгаад Б.Мөнхбат бид 2 явахаар болоод гадаа гараад би за манай хүү ирж байгаа байх гээд хэлтэл Б.Н нь хүүтэй хүн сайхан юм гээд уурлаад байсан. Тэгээд бид 2 барилцаж аваад намайг түлхчихээр нь би арагшаа саваад очсон тэгээд би газраас шороо аваад цацсан чинь Б.Н над дээр ирээд намайг дараад авсан тэгээд Б.Н баруун гараараа миний баруун нүд рүү 3 удаа цохисон би тэрийг нь мэдэж байгаа тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна нэг мэдэхэд аймгийн эмнэлэг дээр ирсэн байсан ... Нэг мэдэхэд газар хэвтэж байсан би тухайн үед ганцаараа байсан хэр удсаныг бүү мэд. Тэгээд хэний машиныг нь мэдэхгүй жийп машины арын суудал дээр Б.Мөнхбаттай хамт суугаад явж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э мэдүүлэхдээ: Би Б.Н ын гэрт жаахан архи уучихаад очсон. Тэгээд энэ нохой хорьж өгөх гээд гарсан. Би явах гээд банди ирсэн байгаа харья гэсэн. Тэгсэн бандитай хүн сайхан юм гээд бид хоёр маргалдаад намайг цохьсон гэв.
Гэрч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19-20 цагийн үед манай саахалт Ж.Э гийнд очсон ... бид хоёр тэднийхээс гараад Б.Н ынд очсон. Памбага гэртээ үлдсэн Б.Н ынд бид хоёрыг ороход 1 шил 0.75 литрийн болор архи гаргасан. Тэгээд бид 3 архийг хувааж уусан. Архиа хувааж уучхаад явахаар болоод Б.Н эхнэртэйгээ нохой хорьж өгнө гэж гарахад Ж.Э араас нь гарсан ... гадаа гартал Б.Н ганцаараа зогсож байсан. Ж.Э мотоциклынхоо урд талдаа хэвтэж байсан. Би Ж.Э яагаад газар хэвтэж байгаа юм гэхэд Б.Н юм яриагүй, Би Б.Н аар түшүүлж явж бие засчихаад жаахан юм яриад байж байхад Б.Н ын аав Бямбацэвэг ах ланд-80 машинаар ирэхэд, хаанаас ч юм Б.Н ын эхнэр хүрч ирээд Ж.Э ийг өргөлцөөд Бямбацэвэг ахын машинд суулгаж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/
Гэрч Э.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би ойр орчмын айлуудаа аавыгаа хайгаад саахалт Балжир ахынх руу явахдаа замдаа Б.Н ахын аав Бямбацэвэг гуайтай таарсан. Бямбацэвэг өөрийнхөө ланд-80 машинаа уначихсан явж байсан. Би аавыгаа асуухад Балжирынд буулгачихлаа машин дотор агсам тавиад явахгүй байна гээд хөдлөөд явсан ... Би аавыг дуудахад аав ямар нэг хариу үзүүлээгүй юу ч дуугарахгүй байсан, аавыг шууд машиндаа суулгаад Б.Мөнхбат ахтай хамт гэр рүүгээ явсан. Гэртээ очоод аавыг өргөж буулгаад гэртээ үлдээчхээд сүлжээн дээр гарч ээжид аавын талаар хэлэхэд, наанаасаа сум руу унаа олоод явуул гээд хэлсэн ... Баруун нүд нь цохиулсан бололтой хавдаад тагласан байсан. Нүүр нь тэр чигтээ цус болсон байсан. Би гэртээ ирээд сум орох замдаа ухаан алдсан байдалтай явж байгаад замдаа 2 удаа таталт өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/
Гэрч Д.Намжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тэр өдөр 21 цаг өнгөрч байхад манай саахалт айлын Б.Мөнхбат, Ж.Э хоёр мотоциклтой ирсэн ... манай нөхөр Б.Мөнхбат, Ж.Э гурав 0,75 литрийн архи хувааж уугаад талд нь орж байхад нь би та согтоод байна. Манайх малынхаа гэр рүү явлаа та хоёр наад архиа өвөртлөөд яв гэж хэлэхэд уучхаад явна гээд, дээрх архи уучхаад явахаар болсон. Манай нөхөр Б.Н бид хоёр нохойгоо хорьж өгөхөөр гарахад Ж.Э ийг нөхөр Б.Н мотоциклоо асаа Б.Мөнхбат ахыг араар чинь суулгаад явж чадах уу гэхэд, мотоциклоо асаахгүй байсан. Ж.Э манай нөхрийг чамайг аймаг сумд нэртэй байхыг чинь мэдэхгүй юм байна. Би чиний нэрийг хамгаалж байгаа шүү пизда минь гээд манай нөхөр рүү дайраад байсан. Ж.Э нь миний банди чамд гайхуулна, хараарай гээд дайраад байсан. Манай нөхөр та юу яриад байгаа юм гэхэд, Ж.Э нь газраас шороо аваад манай нөхрийн нүүр рүү цацаад, араас нь очоод манай нөхрийг заамдаад авсан. Тэгээд зууралдаад манай нөхөр чамайг хаана чинь цохидог юм, муу тураал минь гээд барьцыг нь тавиулахад, арагшаа гуйвж явж байгаад мотоциклынхоо ачааг мөргөөд унасан. Би нөхрийгөө гэр рүүгээ орж гэж загнаад нөхөр гэр рүүгээ алхаж явсан. Ж.Э газраас атга дүүрэн чулуу аваад манай нөхрийн араас далайгаад алхахад нь би чулууг нь авах гэтэл гараа саваад чулуутай гараараа миний доод уруул, шүд рүү цохисон. Би яая гээд орилоход манай нөхөр гэрийн үүднээс буцаж ирээд Ж.Э заамдаад эргэтэл Ж.Э доор нь ороод манай нөхөр Б.Н дээр нь гарсан байдалтай газар хоёулаа өнхрөөд унасан ... тэгээд удалгүй хадам аав Бямбацэвэг өөрийнхөө машинтай ирээд би Ж.Э , Б.Мөнхбат ах нарыг аавын машинд суулгаж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 407 дугаартай шинжээчийн:
1. Ж.Э гийн биед баруун нүдний ухархайн дотор хана, хамрын таславчийн өмнөд хэсгийн хугарал, мурийлт, зовхи, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй .... гэх дүгнэлт /хх-ийн 40-41/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 42-43/, компьютер томографийн оношлогоо /хх-ийн 44-46/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-73/, эд хөрөнгөд битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-89/, шүүгдэгч Б.Н ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 91 дугаар тодорхойлолт /хх-ийн 83-84/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 80/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/, эвлэрлийн /хх-ийн 90/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Ар өнц” гэх газарт иргэн Ж.Э ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ж.Э , гэрч Э.Банзрагч, Б.Мөнхбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 354 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Н ын эзэмшлийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Н ад хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг
дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Б.Н ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Н ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Н ын эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Н ад буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.