| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0640/Э |
| Дугаар | 665 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 665
2020 08 13 2020/ШЦТ/665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Т.С,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000784 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 1, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1095В тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой Т.С
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Т.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.С нь согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20-1095В тоотод гэртээ хохирогч П.Ганбаатарыг “авч ирсэн архиа авч явах гэлээ” гэх шалтгаанаар нүүр лүү нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, эрүү, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт, баруун хацар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Насанжаргал хагас шил Хараа архи аваад ороод ирсэн. Тэгээд бид хоёр юм яриад сууж байтал Насанжаргалын нөхөр Ганбаатар гаднаас ирээд бид 3 хамт 500 граммын архиа хувааж уугаад арай дуусаагүй байтал Ганбаатар нь Насанжаргалын авч ирсэн хагас шил архийг авч явах гэхээр нь уур хүрээд нүүр лүү нь 2-3 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
- хохирогч П.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би Насанжаргалыг босоод ир хөгшөөн явъя, авч ирсэн архи авчих гээд өөрөө 0.75 граммын архи өвөртлөөд боссон чинь Сүхбаатар гэнэт босож ирээд миний нүүр лүү 5-6 удаа цохиод авсан. Насанжаргал Сүхбаатарыг надаас салгах гээд дийлэхгүй нэлээн зууралдаж салгаад би гэрлүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,
- гэрч Д.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүхбаатарын гэрлүү ороод дөнгөж сууж байтал Ганбаатар ороод ирсэн. Тэгээд Сүхбаатар өөрөө нэг шил 0.5 граммын архи задлаад бид 3 хувааж уугаад сууж байтал манай нөхөр Ганбаатар явъя би архи аваад явлаа гээд архиа өвөртлөөд гарах гэсэн чинь Сүхбаатар чи авч ирсэн архиа авч яваад байхдаа яадаг юм. Ямар юм үзээгүй гар вэ гээд босож ирээд Ганбаатарын нүүр лүү 2-3 удаа цохиод авахаар нь би очоод салгах гэж зууралдаж байгаад Ганбаатарыг авч гарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12х/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8488 дугаартай “...П.Ганбаатарын биед тархи доргилт, эрүү, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт, баруун хацар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 19-20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Сыг шууд санаатайгаар үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Т.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сыг 470 нэгж буюу 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Сыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ