Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Иргэн А.Б

            Хариуцагч: ОАБӨСОБИНХ-д холбогдох

            “ОАБӨСОБИНХ-ын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаар тогтоол, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нар оролцов.       

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Миний бие А.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс ажиллаж байгаа билээ. ОАБӨСОБИНХ, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан тус тус гаргасан ОАБӨСОБИНХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 04 тоот тогтоол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хангасан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0146 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаар тогтоолоор хэвээр баталсан. Ингээд уг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хэрэгжүүлэхээр Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар 25-ны өдөр Оюут багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зарласан ба энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчиж байгааг тайлбарлахад шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гэдгээр хүлээн аваагүй. 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Оюут багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн хуралдаан болсон ба уг хуралдаанд шүүхийн шийдвэр биелүүлж байгаа нь гэж өмнөх хүчингүй болсон хуралдаанд өрсөлдсөн гэх А.Б миний бие, О.М нарыг оролцуулж өөр оролцох хүсэлттэй хүмүүсийн хүсэлтийг хүлээн аваагүй л хурлыг явуулсан. Ингээд уг хуралдаан эхлэхэд өмнө гарсан алдаа буюу харъяалалгүй хүн оролцсон асуудал үүсч болзошгүй учир бүртгэлийг цахимаар хийх асуудалд үүссэн боловч Хурлын дарга хурлын дэгээ тогтоосон гэдэг байдлаар авч хэлэлцээгүй.

            Санал хураалтын явцад өөр харъяалалтай иргэд оролцож, мөн насанд хүрээгүй хүүхэд санал өгсөн гэх асуудал болж, Хурлын тооллогын комиссын дарга, гишүүд сонгуулийн санал хураалт хууль зөрчсөн гэх үндэслэлээр Тооллогын комиссын дарга, гишүүд хуралдаанаар комиссын тогтоолыг гаргаагүй учир иргэдийн Нийтийн Хурлаас ямар нэгэн тогтоол гараагүй иргэдийн Нийтийн Хурал тарсан. Гэтэл Орхон аймгийн ОБИНХХы Тооллогын комиссын хурлын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоол, ОАБӨСОБИНХ-ын хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоол Орхон аймгийн Баян-Өндөр суманд ирүүлснийг мэдсэн. Оюут багийн иргэдийн Нийтийн Хуралдаан дээр Тооллогын комисс тогтоолоо танилцуулаагүй багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоол танилцуулагдаагүй, уг өдөр гараагүй тогтоолыг Баян-Өндөр сумын Засаг даргад танилцуулагдсан байсан.

            Тухайн сонгуульд харъяалалгүй, насанд хүрээгүй иргэн оролцсон, хууль зөрчсөн гэх үндэслэлээр Тооллогын комиссын дарга болон гишүүд тооллогыг явуулах асуудал үүсч Тооллогын комисс тогтоолоо гаргаагүй хуралдаан дууссан байхад Тооллогын комиссын 2 гишүүн нь Тооллогын комиссын тогтоол гаргаж гарын үсэг зурж, түүнийг баталгаажсан гэж үзэж ОБИНХХы 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02 тогтоолыг гаргасан нь хууль зөрчсөн. Иймд ОАБӨСОБИНХ-ын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаар “Багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах тов тогтоох тухай” тогтоолыг, О овогт М-ыг Оюут багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, сумын Засаг даргад томилуулахаар уламжилсан ОАБӨСОБИНХ-ын хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоот иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тов тогтоох тухай тогтоолыг хууль зөрчсөн гэж үздэг. Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын өмнөх хуралдааны шийдвэрүүд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болсон. Үүнтэй холбоотойгоор хуралдаан дахин зарлагдсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлаад хуулийн хугацаанд товыг зарлах асуудал яригдсан. Гэтэл 7 хоногийн дотор тов гаргаад энэ хугацаанд хурал хийхээр болсон. Мөн энд сонгуульд зөвхөн О.М, А.Б нарыг оролцуулна, өөр хүн оролцуулахгүй гэсэн. Бусад зохион байгуулалтад өөрчлөлт орохгүй гэж тогтоол гаргасан. Өмнөх сонгууль хүчингүй болно гэдэг бол бүх шийдвэр бүхэлдээ хүчингүй болно гэж үзэж байгаа. Сонгууль нээлттэй явагдах ёстой талаар А.Будаа дараа хэлсэн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн. Хамгийн гол зүйл товын асуудлыг аль аль нь хэлэлцэлгүй, шууд сонгуулийн үйл ажиллагаа явагдсан.

            Багийн Засаг даргаар О.М-ыг томилуулахаар уламжилсанд гомдоллож байгаа гэж тайлбарладаг. 2 хүн оруулаад хурал явдгаараа явсан. Бусдын эрх ашиг хөндөгдөж байна гэхэд хүлээж аваагүй, хуралдааныг үргэлжлүүлсэн. О.М, А.Б нар дээр санал хураах сонгууль болсон. Энэ сонгуульд өөр багийн харьяалалтай хүмүүс орж ирсэн. А.Б өөрөө тодорхой хугацаагаар ажилласан учраас өөр харьяалалтай хүмүүсийг мэдсэн. Тооллогын комисс тооллого хийсэн боловч тогтоол дээр гарын үсэг зурахгүй гэх маргаан үргэлжилсээр байгаад тооллогын дүнг албан ёсоор зарлаагүй. Гэтэл дараа нь Баян-Өндөр сум дээр тогтоол ирсэн гэж танилцуулсан. Сонгууль болоогүй, дахин болох байх гэж бодож явтал багийн Засаг даргаар О.М-ыг томилуулахаар уламжилсан тогтоол ирсэн гэж хэлсэн. Энэ хурлыг таран тартал  Тооллогын комиссын тогтоол ч гараагүй. Насанд хүрээгүй хүүхдүүд орж ирсэн байсан. Тооллогын комиссын дарга тогтоол дээр гарын үсэг зурах боломжгүй гэж байсан. О.М-ыг уламжлах тогтоол ч гараагүй байсан. Хэрэгт баримтаар харьяалалгүй 13 хүн байгаа. Сонгуульд О.М нэг хүний зөрүүгээр ялсан гэж тогтоол гарсан. Өөр харьяалалтай хүн, насанд хүрээгүй хүн орсон нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг зөрчиж байна. Хэрэгт авагдсан баримтаар насанд хүрээгүй 2 хүүхэд, өөр багт оршин суух харъяалалтай 13 хүн байсан нь иргэдийн Нийтийн Хурлын 02 тоот тогтоол хүчингүй болох үндэслэл гарч ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

            Тов тогтоох тогтоолын хувьд энэ хугацаанд энэ тогтоолтой холбоотой баримтууд хэрэгт ирээгүй учраас тов тогтоосон тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэв.   

            Хариуцагч ОАБӨСОБИНХ-ын дарга Д.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Ж нь ОАБӨСОБИНХ-ын дарга бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлыг даргалж явуулсан. Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдах болсон шалтгаан нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан хурлаас гаргасан багийн иргэдийн Нийтийн Хурлын “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол болон Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсонтой холбоотой байсан. Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах шийдвэрийг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай тогтоол гаргасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулсан. А.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдаагүй. Уг хуралдааныг миний бие даргын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмыг баримтлан явуулсан болно. Өмнө нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан хурлын тогтоол хүчингүй болсон үндэслэл нь тухайн багийн харьяалалгүй иргэд оролцсон асуудал байсан тул үүнд онцгой ач холбогдол өгч бүртгэл хийсэн. Хурал болсон өдөр өөр иргэд багийн Засаг даргад нэр дэвшээгүй болно.

            Иймд Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж гаргасан 02 дугаартай тогтоол хуульд нийцсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.” гэжээ. 

            Гуравдагч этгээд О.М шүүхэд  гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ өөр бусад багийн Засаг даргад нэр дэвшигч нарыг дэвшүүлээгүй гэх агуулга бүхий зүйлийг бичсэн нь худал байна. Учир нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдсан багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдээс нэхэмжлэгч болон надаас өөр дэвшсэн хүн байхгүй байсан ба нэр дэвших хүсэлт гаргасан иргэн байгаагүй. Гэтэл иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах зорилгоор худал зүйлийг бичсэн байна. Мөн уг өдөр иргэдийн Нийтийн хуралдаанаас багийн Засаг даргад санал өгсөн иргэдийн санал, Тооллогын комиссын тогтоолыг үндэслэн 02 тоот тогтоолыг гаргаж батламжилсан болно. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг иргэдээс нууцаар тогтоол гаргасан зүйл огт болоогүй. А.Б нь өөрөө хариуцлагагүй хандаж уг тогтоолыг гаргах үед байхгүй байсан байж болно. А.Б-г байлцуулан тогтоолыг батлана гэх хуулийн зохицуулалт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд байхгүй төдийгүй иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл биш юм.

            Ийнхүү А.Б-гийн ОАБӨСОБИНХ-ын хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.“ гэжээ.

           

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Б “ОАБӨСОБИНХ-ын хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах тов тогтоох тухай” 31 дугаар тогтоол, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагуудыг  гаргасан. 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх явцад ОАБӨСОБИНХ-ын хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах тов тогтоох тухай” 31 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учраас татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            “ОАБӨСОБИНХ-ын хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

              2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн ОБИНХХ болж, багийн Засаг дарга томилуулах сонгууль явагдсан байна. Энэ хуралдаанаар багийн Засаг даргад иргэн О.М, А.Б нар  нэрээ дэвшүүлсэн ба нийт 400 саналын хуудас тараагдаж санал хураахад саналын хайрцгаас 400 саналын хуудас гарснаас 6 хуудас хүчингүй болж, 394 хүчинтэй хуудсанаас О.М  201 буюу 50.2 хувийн санал, А.Б193 буюу 48.2 хувийн санал тус тус авсан байна.

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэж заасан байна.

            Гэтэл Оюут багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тус багт харьяалагддаггүй 9 иргэн, насанд хүрээгүй 2 хүүхэд санал өгсөн болох нь Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1159, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1520 дугаартай албан бичгүүд, тэдгээрийн хавсралтууд болон хуралдаанд оролцсон иргэдийн бүртгэлээр тус тус  нотлогдож байна.

           

            Оюут багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн О.М, А.Б нар нь 8 хүний саналын зөрүүтэйгээр санал хураагдсан ба дээрх харьяаллын бус 9, насанд хүрээгүй 2 хүний санал нь санал хураалтын дүнд илт нөлөөлж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  ОБИНХХы 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу шүүх хуралдааны товыг албан ёсоор хариуцагч Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Ж, гуравдагч этгээд О.М нарт тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

            Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусч хэтэрсэн, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж, хариуцагч Д.Ж, гуравдагч этгээд О.М нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг, нэхэмжлэгч А.Б-гээс олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчиддөө олгосон учраас шүүх татгалзлыг баталсан болохыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Х.Дэжидийг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан учраас гэрчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-гийн “ОБИНХХ-ы 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах тов тогтоох тухай” 31 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                       2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ОАБӨСОБИНХ-ын хуралдааны 2018  оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 02 дугаар  тогтоол”-ыг хүчингүй болгосугай.  

                       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч А.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч  А.Б-д  олгосугай.

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА