Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 723

 

  Ё.Жамсумын нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/00271 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ё.Жамсумын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нарт холбогдох

Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, хохирол 20 020 000 төгрөг нийт 95 020 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагч Э.Мөнхчулууны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ё.Жамсум

Хариуцагч Л.Тогтохсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахнаран

Хариуцагч Э.Мөнхчулуун

Хариуцагч Э.Мөнхчулууны өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Жамсум шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нарт 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Их Монгол Улс гудамжны 410 дугаар байрны 175 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг миний нэр дээр шилжүүлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр сүүлийн сарын хүү төлж үндсэн зээлээ төлөөгүй. Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нарын барьцаалсан миний нэр дээр шилжсэн дээрх орон сууцыг чөлөөлж өөрийн өмчлөлд авахаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нар зээлсэн 50 000 000 төгрөг, алданги төлөөгүй тул улсын тендерт ажлын цалин хөлс төлөхийн тулд иргэн Б.Гэрэлмаагаас 60 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлж, хүүнд сар бүр 4 200 000 төгрөг төлж, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлээ төлж барагдуулсан. Иргэн Б.Гэрэлмаад зээлийн хүүнд 20 020 000 төгрөг төлсөн нь Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нар авсан зээлээ төлөхгүй, үүргээ биелүүлээгүйгээс зөвхөн 2015 онд надад учирсан хохирол юм. Иймд гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг, 100 хоногийн алданги 25 000 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 20 020 000 төгрөг нийт 95 020 000 төгрөгийг хариуцагч Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нараас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол Улс гудамжны 410 дугаар байрны 175 тоот хаягт байрлалтай 43.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Л.Тогтохсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахнаран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Жамсумаас 50 000 000 төгрөг зээлж, гэрээний дагуу хүү төлсөн. Одоо үндсэн зээлийн төлбөр 50 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангид 25 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнээс учирсан хохирол 20 020 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Энэ хүн хэнээс ямар зориулалтаар зээл авч, хэдэн төгрөгийн хүү төлсөн нь зээлийн гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Э.Мөнхчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Тогтохсүрэн нь Ё.Жамсум гэх хүнээс ажилчдын цалин тавих зорилгоор 50 000 000 төгрөг зээлэхээр миний байрыг барьцаанд тавиулсан. Би зөвшөөрч гэрээ байгуулж миний бие Л.Тогтохсүрэнтэй хамт гарын үсэг зурсан. Зээлдүүлсэн 50 000 000 төгрөгийг Л.Тогтохсүрэн авсан ба би энэ мөнгөнөөс аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нараас зээлийн гэрээний үүрэг 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг нийт 75 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Жамсумд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 020 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633 050 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нараас улсын тэмдэгтийн хураамжид 532 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Жамсумд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Мөнхчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 45 км зайд байрлах “Оюу толгой” ХХК-д операторийн ажил хийдэг ба 28 хоног ажиллаад 14 хоног амардаг. Шүүх хуралдааны товыг 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн ба энэ үед би ажлаа хийж байсан. Шүүгчийн туслахад хөдөө ажилтай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ хэлсэн боловч намайг оролцуулалгүй хэргийн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг иргэний хэрэгт миний бие нэхэмжилж байгаа мөнгийг Г.Тогтохсүрэн авсан, би нэг ч төгрөг аваагүй гэж тайлбар гаргасан нь Л.Тогтохсүрэнгийн тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нотлогдож байхад зөвхөн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээр уг мөнгөний талыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд заасан шударга ёс, хууль ёсны зарчмыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ё.Жамсум нь хариуцагч Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 20 020 000 төгрөг нийт 95 020 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 50 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогджээ /хх-4/. 

Талууд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр мөн эсэх талаар маргаагүй, хариуцагч Л.Тогтохсүрэн  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээл 50 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Э.Мөнхчулуун нь 50 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлэн өгсөн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан бичгийн хэлцэл хийх шаардлагад нийцсэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчөөгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.         

Хариуцагч Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нар нь зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчид тул Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч нараас үүргийн гүйцэтгэлийг мөн зээлийн үндсэн төлбөр, гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй. Иймд зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан журмын дагуу тооцсон гэж үзнэ.

Хариуцагч Э.Мөнхчулуунд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11.00 цагт зарлагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу анхан шатны шүүх мэдэгдсэн байхад тэрээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхчулууны давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/00271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхчулууны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Мөнхчулуунаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  345 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                 ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                                                        Д.БАЙГАЛМАА