| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0641/Э |
| Дугаар | 666 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 666
2020 08 13 2020/ШЦТ/666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч О.У,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Буурлынхан овогт О.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000740 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бат-Аривжих ХХК-нд ажилладаг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Ажилчдын 6-48 тоотод оршин хаягтай боловч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын задгайн 19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,эрүүгийн хуулийн 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар 1 жил, 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулж,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 08- ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 2 жил, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сар хорих ялаар шийтгэж, Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уугабатад энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сар хорих ял дээр 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолоор оногдуулаад тэнсэн хянан харгалзсан 2 жил хорих ялыг сэргээж заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 3 сар хорих ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 539 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг /900/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Буурлынхан овогт О.У
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч О.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.У нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Салхитын задгай 19 тоотод хохирогч Д.Буянбаатартай маргалдаж, улмаар биеийн сээрний дунд хэсэг орчимд хутгаар дүрж сээрний дунд хэсгийн баруун хажуугийн шулуун булчинд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч О.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Буянбаатар надад үг хаяж, улмаар хоорондоо маргалдаж, гал тогооны шүүгээн дээр ил байсан хар өнгийн иштэй жижиг хутга байхаар нь би эхэндээ айлгах санаатай авч, сүүлдээ Буянбаатар над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалах гэж Д.Буянбаатарын нуруун тус газар 1 удаа хутгаар хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,
- хохирогч Д.Буянбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 19-р хороо Салхитад байх найз Эрдэнэсүрэнгийн гэрт найз Ууганбат, Эрдэнэсүрэн, Ууганбамбар, Түвшинтөр, Оюунсүрэн, Баттулга бид нар 3 шил 0,750 литрийн “Титэм” нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд Ууганбат бид хоёр согтчихоод хоорондоо маргалдан улмаар гал тогооны шүүгээн дээр ил байсан хар өнгийн иштэй жижиг хутгаар миний нуруун тус газар 1 удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,
- гэрч Т.Оюунсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ууганбат Жак нар хоорондоо гэнэтхэн маргалдаад Ууганбат хутга аваад Жакийн нуруун тус газар нь хутгалчихсан. Сүрэнгийн гал тогооны шүүгээн дээр ил байсан хар өнгийн иштэй жижиг хутга байсныг Ууганбат аваад Жакийн нуруун тус газар нь хутгалчихсан. Тухайн үед цагдаад Жак дуудлага өгч, цагдаа нар ирчихээд хутгыг хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
- гэрч Ц.Ууганбамбарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дараа нь сонсоход О.У, Д.Буянбаатарын нуруун тус газар нь хутгаар хутгалсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 75 дугаартай “...Д.Буянбаатарын биед сээрний дунд хэсгийн баруун хажуугийн шулуун булчинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-27- 28/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч О.Уыг хэсэг бүлгээрээ ахуйн хүрээнд архидан согтуурч байгаад, улмаар үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Буянбаатартай маргалдан, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буурлынхан овогт О.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Уыг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уад оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Уыг шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ