Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 861

 

  2020        09          29                                     2020/ШЦТ/861

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;

улсын яллагч: П.Эрдэнэбаатар;

хохирогч “ЦБОН” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Чулуунбат;

шүүгдэгч: И.Ч, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “ТТ ТООЛС” ХХК-д программист инженерийн ажилтай, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140.400 төгрөгийг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 70.200.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 496 хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялыг биелүүлсэнд тооцсон, И.Ч

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч И.Ч нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “ЦБОН” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд туршилтын ажилтнаар ажиллаж байх явцдаа буюу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгууллагаас итгэмжлэн хариуцуулж өгсөн 14 төрлийн эд хөрөнгөнөөс хар өнгөтэй 4 TF хард диск 1 ширхэг, Dell optiflex процессор 1 ширхэг, i7 7700 CPU 1 ширхэг, i7 7700 ram 8gb 1 ширхэг, AH336 16gb флаш диск 1 ширхэг зэрэг эд зүйлсийг завшиж бусдад нийт 1.572.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Ч мэдүүлэхдээ:  “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбат мэдүүлэхдээ: “...Би энэ компанийн захиргаа санхүү хариуцсан захирал хүн. Манай компанид эд хөрөнгийг тусдаа хариуцдаг хүн байгаа. Манай компанийн эд хөрөнгийг хүний нөөцийн Энхмаа гэх хүн хариуцдаг. Бид нар 2.100.000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Хард дискийг шинээр худалдаж авч өгсөн бөгөөд санхүүгийн баримт үндэслээд үнийн дүнг гаргасан. ...мөрдөгч “гэрээт үнэлгээний байгууллагаар үнэлүүлнэ, та хүлээн зөвшөөрөх үү” гэхэд нь хүлээн зөвшөөрсөн. Үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 1.572.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Байгууллагаас тавьж өгсөн эд хөрөнгийг яллах дүгнэлтэд тодорхой дурдсан байх бөгөөд эд хөрөнгийг И.Ч завшсан. Эд зүйлийн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний газраар үнэлэгдсэн учраас уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөөс төлөгдсөн зүйл байхгүй. Би И.Чт итгэж байсан. Би цагдаад “энэ хэргийг хүндрүүлэхгүй байя, хохирлоо л барагдуулж авбал надад шүүх, цагдаагаар явах шаардлага байхгүй” гэж хэлсэн. Хохирлоо л барагдуулах хүсэлтэй байна. Хохирлоо авсан тохиолдолд өөр гомдол саналгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд “ЦБОН” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсралтууд /хх-ийн 19-37/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-48/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 51/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбатын мэдүүлэг /хх-ийн 54-56, 57-58/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-63/, И.Чийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/, И.Чийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 69-73, 87, 89-93/ болон шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн И.Чийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Ч нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “ЦБОН” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд мэдээлэл технологийн инженер албан тушаалд туршилтын ажилтнаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгууллагаас итгэмжлэн хариуцуулж өгсөн 14 төрлийн эд хөрөнгөөс хар өнгөтэй 4 TF хард диск 1 ширхэг, Dell optiflex процессор 1 ширхэг, i7 7700 CPU 1 ширхэг, i7 7700 ram 8gb 1 ширхэг, AH336 16gb флаш диск 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хувьдаа завшсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбатын /хх-ийн 54-56, 57-58/: “...И.Чт 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Тэди” худалдааны төвд байрлах “Пирст пиксел” ХХК-иас Dell 7050 i7-7700 загварын компьютерийг 16gb рам нэмүүлэн 2 ширхэг wifi хулганы хамт 2.450.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. ...И.Ч нь 7 дугаар сарын 24-нд шалтгаангүйгээр ажил тасалсан. Үүний дараа 8 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд мөн урьдчилж мэдэгдэлгүй ажил тасалсан. ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халах тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Үүний дагуу нягтлан бодогч Г.Золзаяа болон оффис менежер Б.Энхмаа нар эд хөрөнгийн тооллого хийн хураах явцад өмнөх албан бичгийн хавсралтад дурдсан эд хөрөнгүүд дутсан байсан. Бид хяналтын камерын бичлэгээ шүүж үзэхэд өөрийн ашиглаж байсан компьютерыг уулзалтын өрөө рүү зөөж CPU-r авсан нь харагдсан. ...хар өнгөтэй 4 TF хард диск 1 ширхэг, Dell optiflex процессор 1 ширхэг, i7 7700 CPU 1 ширхэг, i7 7700 ram 8gb 1 ширхэг, АНЗЗб 16gb флаш диск 1 ширхэг алдагдсан. Эдгээр эд зүйлсийг тодорхой үнэлж мэдэхгүй байна. ...ямар ч байсан бүгд шинэ байсан. Үнэлгээний компанийн үнэлгээг хүлээн зөвшөөрнө. И.Чт 14 төрлийн 13.230.000 төгрөгийн эд зүйл хариуцуулж хүлээлгэн өгсөн байдаг. Энэ талаарх санхүүгийн бүртгэл байгаа. И.Ч гэнэт алга болсон. Бид араас нь яваад олоогүй. Утас нь холбогдохгүй байсан. Гэрийн хаяг нь тодорхойгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

И.Чийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 68/: “...Би 2018 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “ЦБОН” ХХК-д мэдээлэл технологийн инженер албан тушаалтай туршилтын журмаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “ЦБОН” ХХК-ийн захиралтай уулзаж жинхэлж цалин хөлсөө тохирох гэсэн боловч бид хоёр тохиролцоонд хүрээгүйн улмаас ажлаасаа гарсан. Би ажлаас гарах үедээ өөрийн хариуцаж авсан эд хөрөнгүүдийг хэн нэгэнд хүлээлгэж өгөөгүй хаяж явсан. Үүнээс болж дээрх эд зүйл алдагдсан. Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн барагдуулж өгнө...” гэх мэдүүлэг болон хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-48/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-63/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

               Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, И.Чийг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, байгууллагаас албан ажлын шаардлагын дагуу эд хөрөнгийг шилжүүлж өгсөн болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь гэрчилж мэдүүлсэн,  шүүгдэгч нь ажлаас халагдахдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг бусдад хүлээлгэж өгөлгүй хувьдаа авсан, хяналт шалгалт, тооллогоор байгууллагын эд хөрөнгө дутагдсан болон эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

 Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар И.Ч нь “ЦБОН” ХХК-д мэдээлэл технологийн инженер албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдон ажиллахдаа “ЦБОН” ХХК-ийн дансанд бүртгэлтэй эд хөрөнгө болох хар өнгөтэй 4ТF хард диск 1 ширхэг, Dell optiflex процессор 1 ширхэг, Процессор i7 7700 CPU 1 ширхэг, Процессор i7 7700 ram 8gb 1 ширхэг, АН336 16gb флаш диск 1 ширхэг зэргийг хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүйгээр хувьдаа авсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

               Иймд шүүгдэгч И.Чийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 1.572.000 төгрөгийг шүүгдэгч И.Чоос гаргуулж хохирогч “ЦБОН” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч И.Ч нь дээрх хохирлыг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор нөхөн төлж барагдуулахаа илэрхийлснийг хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч энэ талаар бичгээр баталгаажуулсан болохыг дурдаж байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

И.Ч нь аж ахуй нэгж, байгууллагын өмчлөх эрхийг зөрчиж хохирол учруулах замаар байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, тогтвор суурьшилтай эрхэлсэн ажилтай, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, эвлэрсэн зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, ёс суртахуун, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх байдлаар цээрлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан И.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялыг  оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу “ЦБОН” ХХК-д учирсан 1.572.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.

               

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч И.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Чт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу “ЦБОН” ХХК-д учирсан 1.572.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүгдэгч И.Ч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Чоос 1.572.000 төгрөгийг гаргуулж хохирогч “ЦБОН” ХХК-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

           

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ